Тувад болсон наадмаас Ховдын хөөмэйчид дөрвөн шагнал хүртжээ

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызылд энэ сарын 14-17-ны өдрүүдэд олон улсын “Төв Азийн хөөмэй” наадам болжээ. Энэ наадамд Монгол,Япон, Норвеги, Хятад, Итали, Финлянд, Турк, АНУ, Энэтхэг, Веатнам,  улс болон Оросын зургаан бүсийн 211 хамтлаг оролцжээ. Монголоос оролцсон арав гаруй хөөмийчийн найм нь Ховд аймгаас очиж оролцсон байна.

Уг наадмын хамтлагийн төрөлд Монголын Ховд аймгаас очсон Жангар хамтлаг дэд байр, өсвөрийн хөөмэйчдийн төрөлд Мөн аймгийн Чандмань сумын хөөмэйч Б.Алтаншагай дэд байр, уламжлалт хөөмэйн төрөлд Ховд аймгийн ХДТ-ын хөгжимчин, хөөмэйч Ч.Баатарсүрэн гутгаар байр, уламжлалт хөөмэйн эмэгтэй төрөлд мөн Ховдын ХДТ-ын хөөмэйч Д.Золзаяа гутгаар байрын шагналыг тус тус хүртэж сайхан амжилт үзүүлжээ.

“Тува улс нь ардын язгуур урлаг түүний дотор хөөмэйн урлагийг хамгаалах, хөгжүүлэх талаар их анхаарал тавьдаг орон юм. Кызыл хотод Тувагийн алдарт хөөмэйч Конгар оол Ондарын хөшөөг босгосны нээлтийн арга хэмжээг энэхүү наадмын үеэр зохион байгуулсан нь үүний бас нэг тод илэрхийлэл болов. Монголоос маань дэлхийн хөөмэйн холбооны тэргүүн, Транс Монголия хамтлагийн ахлагч нэрт хөөмэйч Д.Хосбаяр урилгаар оролцсон ба түүнийг Тува улсын Ерөнхийлөгчийн болон төрийн дээд хурлын шагналаар шагнасан нь сайхан хэрэг байлаа. Мөн манай хөөмэйч, туульч Ууганбилэгийг Конгар оол Ондарын нэрэмжит шагналаар шагнасан нь ихээхэн хүндэтгэлтэй хэрэг болсон” хэмээн хөөмэйч Ч.Баатарсүрэн, Д.Золзаяа нар ярьсан юм.             

“Хөөмэй бол ардын өвөрмөц урлаг. Бид энэ наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Нөгөө талаар хөөмэйг шинжлэх ухааны үүднээс судлах хэрэгтэй. Энэ наадам зүгээр нэг концерт төдий болоод өнгөрхгүй байгаасай гэж хүсч байна. Үүний үр дүнд хөөмэйг дэмжих, түгээл болгох талаар олон улсын төсөл хэрэгжиж эхлээсэй гэж хүсч байна” хэмээн Тувагийн ерөнхийлөгч Шолбан Кара-оол наадамд оролцохоор ирсэн хүндэт зочдын өмнө хэлжээ. 

Мөн түүний хэлсэнчилэн энэ наадмын дараа Тувад Хөөмэйн академи байгуулах юм байна.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд