Ховд аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдлын талаарх санал зөвлөмж

“Ховдын толь” сонин төрийн бус байгууллага Нээлттэй нийгэм форум сангийн санхүүжилт дэмжлэгээр хэрэгжүүлсэн “Хариуцлагатай төсөв” төслийн хүрээнд 2017-2019 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт мониторинг хийв. Судалгааны дүнг үндэслэн дараах дүгнэлт, санал зөвлөмжийг гаргасан болно. 

Нэг: 2017-2019 онд иргэд, хуулийн этгээдүүдийг хамруулсан болон төсөв зарцуулалтын байдал

1.1. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөрүүдэд 2017-2019 онд нийт 18065, жилд дунджаар 6021 хөдөлмөр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдаж, эдгээрт 3 тэрбум 973, 2 сая төгрөг, жилд дунджаар 1 тэрбум 324,0 сая төгрөгийг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон буюу холбогдох үйл ажиллагаанд зарцуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр, Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Ахмад  мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр гэсэн үндсэн 6 хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг санхүүжүүлэх зориулалтаар, 3 жилийн нийлбэр дүнгээрээ нийт 3 тэрбум 885,5 сая төгрөгний төсөв батлагдаж, 3 тэрбум 293,1 сая төгрөг зарцуулсан ба үүнээс одоогийн байдлаар 413,4 сая төгрөг эргэн төлөгдсөн байна.

1.2. Он тус бүрээр нь авч үзвэл: 2017 онд 5087, 2018 онд 6193, 2019 онд 6785, нийтдээ 18065 иргэн,  жилд дунджаар 6021.66 орчим иргэн, этгээд хамрагдаж, 2017 онд 1,177,819,460 төгрөг, 2018 онд 1,316,014,260 төгрөг, 2019 онд 1,479,375,305 төгрөг, 2017-2019 онуудад нийт 3,973,209,025 төгрөг, жилд дунджаар 132,443,008 төгрөг зарцуулжээ.

1.3. 2017-2019 онд нийтдээ 20279 иргэн этгээдийг хамарч 4,230,203,200 төгрөгний санхүүжилт зарцуулахаар төлөвлөгдсөнөөс 18065 иргэн этгээд уг хөтөлбөрүүдэд хамрагдан, 3,973,209,025 төгрөгний санхүүжилт олгогдсон. Бодит гүйцэтгэл нь төлөвлөгдсөнөөс 2214 иргэн аж ахуйн нэгжээр, мөн санхүүжилтийн хувьд 256,994,175 төгрөгөөр бага байна. Төлөвлөлт, гүйцэтгэлийн харьцааг он тус бүрээр авч үзвэл 2017 онд төлөвлөсөнөөс 2742 хүнээр, 2018 ондоо мөн төлөвлөсөнөөс 1661 хүнээр бага. Тэгэхдээ  2018 онд өмнөх буюу 2017 оноосоо арай олон хүн хамрагдсан нь харагдаж байна. Харин 2019 онд хамруулахаар төлөвлөсөн хүний тооноос нэлээд олон буюу 2189 хүн илүү хамрагдсан байна.

1.4. Санхүүжилтын хувьд оноос, онд өссөн ба 2017 онд (Төлөвлөсөн төсөв: 1,199,099,000 төгрөг, олгогдсон санхүүжилт: 1,177,819,460 Зөрүү нь: 21,279,540), 2018 онд (Төлөвлөсөн төсөв: 1,335,970,200 төгрөг, олгогдсон санхүүжилт: 1,316,014,260 Зөрүү нь: 19,955,940) эдгээр онуудад төлөвлөсөн төсөв олгогдсон санхүүжилт хоёрын хоорондын зөрүү бага байсан боловч 2019 онд (Төлөвлөсөн төсөв: 1,695,134,000 олгогдсон санхүүжилт: 1,479,375,305 Зөрүү: 215,758,695) төлөвлөгдсөн төсвөөс олгогдсон санхүүжилт багагүй зөрүүтэй байсан байна.

            Харин эргэн төлөлтийн хувьд бидний цуглуулсан баримт материал, мэдээллээс харахад 2017-2019 онд нийт 3,885,586,000 төгрөгний төсөв батлагдаж 3,293,117,300 төгрөг зарцуулсан ба үүнээс одоогийн байдлаар 413,446,700 төгрөг эргэн төлөгдсөн байна. Он тус бүрээр нь харуулбал 2017 онд 1,246,655,000 төгрөгний төсөв батлагдаж, 1,146,812,300 төгрөгний санхүүжилт олгогдсон ба эргэн төлөлт нь 293,880,900 төгрөг байсан бол 2018 онд 1,156,601,000 төгрөгний төсөв батлагдаж, 1,136,761,400 төгрөгний санхүүжилт олгогдсон. Эргэн төлөлт нь 118,146,600 төгрөг байгаа юм. Харин 2019 онд 1,482,330,000 төгрөгний төсөв батлагдаж, 1,009,543,600 төгрөгний санхүүжилт олгогдсон ба эргэн төлөлт нь 1,419,200 төгрөг байна.

1.5. ХХҮГ-аас төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгогдож буй санхүүгийн дэмжлэгийн 30 орчим хувь нь 1-2 жилийн хугацаанд, харин 60 орчим хувь нь 3 жилийн хугацаанд, мөн 10 орчим хувь нь 4 жилийн хугацаанд эргэн  төлөгдөх нөхцөлтэйгээр олгогддог байна. Үүнээс үндэслэн тооцож үзэхэд 2017-2019 оны хооронд олгогдсон нийт зээл дэмжлэгийн 50 орчим хувь нь бүрэн төлөгдсөн байх ёстой. Бодит байдал дээр энэ үзүүлэлт 37 хувьтай байна. Эдгээрээс харахад жилийн жилд эргэн төлөлт хангалтгүй байгаа нь харагдаж байна. 

Эргэн төлөлтийн байдал хангалттай бус байгаа бас нэг баримтыг дурьдвал 2019 онд Ховд аймгийн Аудитын газрын шалгалтаар тус байгууллага урьд нь олгогдсон 31 эзэн холбогдогч бүхий 20,6 сая төгрөгийн үнийн дүнтэй эргэн төлөгдөх зээлийн хугацаа хэтэрч шүүхэд шилжүүлэх хугацаанаасаа өнгөрсөн ч шүүхэд шилжүүлээгүй, эзэн холбогдогчид нь тодорхой бус байсан зөрчил илэрсэн асуудал бий. Мөн хөтөлбөрийн зориулалтаар олгогдох ёстой 17.7 сая төгрөгийн эх үүсвэрийг зориулалт бусаар зарцуулсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон байна.

1.6. 2017-2019 онуудад ажилд зуучлуулсан хүний тоо нийт 3424 байсан ба жилд дунджаар 1141,33 хүн ажилд зуучлах хөтөлбөрт хамрагдсан байна. Харин ажилгүйдлийн түвшин 2017 онд 13.5% байснаас 2018 онд 8.4% болж буурсан боловч 2019 онд 9% болон өссөн байна. 

Хоёр: Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим үйл ажиллагааны талаарх дүгнэлт

2.1. Оноос онд санхүүжилт өсөхийн хэрээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдах хүний тоо түүнчлэн өссөн нь сайшаалтай авч, тэдгээрт хяналт тавих, үр дүнг эргэж тооцох талаар зохицуулалт тааруухан гэж үзэхээр байна.

Мөн иргэд аж ахуйн нэгжүүдийн санал болон төслийг  сонгон шалгаруулах арга ажиллагаа нь хангалттай ил тод бус:

  • Тухайн байгууллагын цахим сайт дээр хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй танилцуулга тавигддаггүй
  • Хөтөлбөрүүдийн хүрээн дэх төсөл сонгон шалгаруулалтын тухай зар мэдээллийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр тухай бүр зарладаг тогтмол гэрээтэй ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагууд бий гэж байгаа боловч дурын хэвлэл мэдээллийн байгууллага энэ талаар хамтран ажиллах тухай санал тавихад хүлээж авдаггүй тухайлбал Ховдын толь сонин 2018, 2019 онуудад ийн санал тавьсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн. Зар мэдээллүүд хэвлэл мэдээллээр тухай бүрдээ явагдсан эсэхэд хяналт тавих дотоод хяналтын тогтолцоо байхгүй түүнийг баримтжуулдаггүй
  • Сонгон шалгаруулалтын зарын дагуу ирүүлсэн төслүүдийн тухай мэдээллийг системтэй, цэгцтэйгээр эмхлэн хадгалсан зүйл байхгүй. Мониторингийн хүрээнд энэ мэдээллийг хүсэхэд хариуцсан ажилтнууд гаргаж өгөөгүй.
  • Хөтөлбөр төсөлд хамрагдахыг хүсэж буй иргэд, аж ахуйн нэгжүүд болон хамрагдагчид өөрсдийн хүргүүлсэн төслийн саналын шалгарсан, шалгараагүйн шалтгааны талаар мэдэх боломж муутай. Энэ тухай эргэж хариу өгдөг тогтолцоо байхгүй.

2.2. Төслүүдийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, түүнд тавьсан хяналт, гарч буй үр дүн эргэн төлөлтийн байдал, хугацаа хэтэрсэн хэтрээгүй зэргийг төсөл болон зээлдэгч тус бүрээр харж, хянаж, тооцож байхуйцаар системчилж, бүртгэх талаар учир дутагдалтай. Ихэнх мэдээллүүдийг ерөнхийлсөн, явагдсан үйл ажиллагаануудын тайланг тус, тусад нь тойм байдлаар бичиж хадгалсан шинжтэй бөгөөд бүх үйл явцын мэдээлэл нь төсөл болон зээлдэгч тус бүр дээр тодорхой харагдахуйцаар бүртгэж тайлагнаагүй /Мониторингийн хүрээнд төслийн багаас ийм мэдээллийг хүссэн авч гаргаж өгөөгүй/

Хөтөлбөрүүдийн хүрээнд дэх төслүүдэд олгосон зээлийн, санхүүжилтийн эргэн төлөлт хангалтгүй. хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, дэмжлэг, санхүүжилт авсан иргэд аж ахуйн нэгжүүдийн ажлын явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулсан тайлангаас харахад тэдгээрт нэг бүрчлэн хяналт тавих боломж нь хязгаарлагдмал, үүний улмаас олгогдсон зээл, дэмжлэг бүрээс ямар үр дүн гарч буй талаар бүрэн хэмжээний мэдээлэл цуглуулах бололцоо хомс байдаг нь харагдаж байна.

2.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлд /4.1.2/ хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ адил тэгш, нээлттэй, ил тод байх, /4.1.5/ нийгмийн түншлэлийг дэмжих,  /4.1.6/ олон нийтийн оролцоонд тулгуурлах гэсэн суурь зарчмуудыг хэрэгжүүлэхээр зааж өгсөн ч хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, мэдээллүүдийг ил тод байлгах талаар олон нийт, иргэний нийгэм, төрийн бус сектортой /мэргэшсэн байгууллагууд/ хамтран ажиллах талаар санаачлага дутмаг гэж үзэхээр байна.

2.4. Хөтөлбөр төслүүдийн хэрэгжилт болон үр дүн, эргэн төлөлт зэрэгт хөндлөнгийн хараат бус үнэлгээ мониторинг хийгддэггүй нь мөн харагдаж байна. Санхүүгийн тайлангаас нь үзэхэд хөтөлбөрүүдийн хяналтын зардалд багагүй хэмжээний эх үүсвэр зарцуулагддаг нь тодорхой боловч энэхүү хяналтын үйл ажиллагаагаа олон нийтэд зориулан, тусд нь тайлагнадаг зүйл үгүй бололтой. Тиймээс хяналт мониторингийг хөндлөнгийн, хараат бус, мэргэшсэн баг, байгууллагаар гүйцэтгүүлэх боломжийг судлаж хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж үзэв. Авсан санхүүжилтээ зорилгоосоо зориулалт бусаар зарцуулах, эргээд төлж чадахааргүй нөхцөлд  орох гэх мэт зүйлс мэр сэр байгаа нь ч ажиглагдаж байна.

Гурав: Санал зөвлөмж

Дээрх ажиглалт, судалгааны дүгнэлтийг үндэслэн дараах санал, зөвлөмжийг гаргаж байна.

  • Төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, дэмжлэг санхүүжилт авсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлын явц, үр дүнд хяналт тавих, хяналтын тогтолцоог илүү үр өгөөжтэй болгох талаар, эрх зүйн байдлынхаа хүрээнд хуульд нийцүүлэн, тодорхой арга хэмжээ авах
  • Ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, тухайн байгууллагын цахим сайт дээр хөтөлбөрүүдийн танилцуулга, мэдээлэл, хэрэгжилтийн явц, сонгон шалгаруулалтуудын бүртгэл, үйл явц, хөтөлбөрүүдийн үр дүн, эргэн төлөлтийн талаар  мэдээллүүдийг байршуулж, тогтмол шинэчилж байх
  • Төсөл сонгон шалгаруулалтын зар мэдээллийг аль болох хүртээмжтэй түгээх. Энэ тухайд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн өмнө нээлттэй байх
  • Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хуулийг сахиулахад анхаарах. Хуулийн дагуу мэдээлэл авахаар хандсан иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл гаргаж өгөхөөс цааргалахгүй байж,  мэдээллийг шуурхай гаргаж өгөх нөхцөл бүрдүүлэх.
  • Хөтөлбөрүүдийн хүрээн дэх төсөл сонгон шалгаруулалт, тэдгээрийн гүйцэтгэл, түүнд тавьсан хяналт, гарч буй үр дүн, эргэн төлөлтийн байдал, зээлийн хугацаа хэтэрсэн, хэтрээгүй зэрэг шаардлагатай мэдээллүүдийг төсөл болон зээлдэгч тус бүрээр, бүхий л шат дараалал, үйл явцаар нь харж, хянаж, тооцож байхуйцаар загварчилж бэлтгэх. Хэрэв тийм системтэй мэдээлэл буй бол шаардлагатай байгууллага, газар, олон нийтэд таниулах, гаргаж үзүүлэхээс цааргалахгүй байх.
  • Гарч байгаа үр дүнг бодитоор тооцохын тулд хяналтын зардлынхаа хэмжээнд багтаан, /шаардлагатай тохиолдолд хяналтын зардлаа нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх/ хөндлөнгийн, хараат бус экспертүүдээр хяналт үнэлгээ хийлгэж хэвших.
  • Эргэн төлөлтийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авах
  • Хөтөлбөр төсөлд хамрагдахыг хүсэж буй иргэд, аж ахуйн нэгжүүд болон хамрагдагчид өөрсдийн хүргүүлсэн төслийн саналын шалгарсан, шалгараагүйн шалтгааны талаар бодитой хариугаа олж болохуйц бүртгэл, мэдээлийн онлайн систем, мөн санал, гомдол, хүсэлт тавьсан иргэдийн санал гомдлын хариуг шуурхай, чирэгдэлгүй хүргүүлдэг системтэй болох
  • Ирээдүйд хөрөнгө оруулалт болох шинэ боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэгдсэн сургалт зохион байгуулах талаар санаачилгатай ажиллах. 

 

"ХАРИЦЛАГАТАЙ ТӨСӨВ" ТӨСЛИЙН БАГ

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд