“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын Санаачилага”-ын тухай

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага нь Байгалийн нөөц ашиглалтын асуудлыг боловсронгуй, үр өгөөжтэй болгох, хүн төрөлхтний хожмын сайн сайханд чиглүүлэхэд үйл ажиллагаагаа зориулдаг, дэлхийн олон орныг гишүүнчлэлдээ багтаасан томоохон эвсэл юм. Монгол улс 2006 оноос энэхүү санаачлагын гишүүнээр элсэж, үүрэг хүлээн ажиллаж эхэлсэн.

Тэрбээр Монгол улс дахь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын эрхэм зорилго гэвэл “эрдсийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд нөлөөлөх явдал юм.

ОҮИТБС-ын хүрээнд юуг ил тод болгох ёстой вэ?

  • Тусгай зөвшөөрөл
  • Гэрээ
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт
  • Улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж
  • Орлогын хуваарилалт, зарцуулалт
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хандив, дэмжлэг /CSR/
  • Байгаль хамгаалахад зарцуулсан зардал, урьдчилгаа барьцаа төлбөр
  • Төрийн өмчит компаниудын ил тод байдал

ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн цаашид хүрэх үр дүн

Олон улсын стандарт шалгуурын тухай 

2009 оны эцэст Монгол Улс дахь ОҮИТБС-ын хэрэгжилтийн үнэлгээг Их Британийн Коффэ Интернэйшнл болон Монголын Далайван аудит ХХК-ийн хамтарсан консорциум хийж, тайланг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн дэмжиж, 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Үндэсний зөвлөлд танилцуулан батлав. 
Олон Улсын Удирдах хороо (ОУУХ) нь тайлантай танилцаж Монгол Улсыг “Шаардлагыг хангахад ойртсон орон”-оор тодорхойлж 6 сарын хугацаанд зарим шалгууруудыг бүрэн хангасан байх зөвлөмжийг өгсөн. Уг зөвлөмжийн дагуу Монгол Улс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч 2010 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ОУУХ-ны ээлжит хурлаар Монгол Улсыг “Шаардлагыг бүрэн хангасан орон”-оор хүлээн зөвшөөрч Дэлхий нийтэд зарласан

2016 оны 2 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Перус улсын Лима хотноо ОҮИТБС-ын Олон Улсын 7 дугаар бага хурал зохион байгуулагдаж, тус хурлын үеэр Олон улсын Удирдах хорооноос шинэчлэн найруулсан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандарт 2016"-г танилцуулсан. 

Энэхүү стандарт нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй тулгуур баримт бичиг юм.

Ашиг хүртэгч эздийн ил тод байдал

ОҮИТБС-ын стандарт 2016 онд шинэчлэгдсэнээр санаачилгад нэгдэн орсон улс орнууд 2020 он гэхэд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийнхээ “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн мэдээллийг ил тод болгох үүргийг хүлээх болсон.

Ашиг хүртэгч жинхэнэ эздийн ил тод болгох асуудлыг 2.5-д дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг. Монгол улс дахь олон талт ажлын хэсгээс энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 2016 оны 4-р сарын 22-нд ажлын дэд хэсгийг дараах байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан юм.

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Татварын ерөнхий газар
  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Үндэсний статистикийн хороо
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Санхүүгийн зохицуулах хороо
  • Монгол банк
  • Нээлттэй нийгэм форум
  • Хил хязгааргүй алхам ТББ
  • Хөвсгөл далайн эзэд ТББ
  • Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн
  • Эрдэнэс Монгол ХХК
  • Энержи ресурс ХХК
  • Бороо гоулд ХХК

Замын зураг

Тус дэд хэсгээс Ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох Замын зургийн төслийг боловсруулж Үндэсний зөвлөлийн 2016 оны 12-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, 2017 оны 12-р сарын 21-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. 

Замын зурагт 2020 он хүртэл хэрэгжүүлэх 32 үйл ажиллагааг 7 зорилтын хүрээнд төлөвлөсөн.

Үүнд: 2017 оны зорилт

  • Зорилт 1: Бенефициар өмчлөгчийн ил тод байдлыг үндэсний бодлоготой уялдуулах. Тухайлбал, Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн уулзалт зохион байгуулах, УИХ-ын холбогдох байнгын хороонд төлөвлөсөн ажлаа танилцуулах, сонсгол зохион байгуулах.
  • Зорилт 2: Бенефициар өмчлөгчийн ил тод байдлын талаарх институтийн хүрээг тодорхойлно. Тухайлбал, төрийн байгууллагуудад семинар зохион байгуулж, хуулийн ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулиудад болон Засгийн Газрын 222 тоот тогтоол, ОҮИТБС-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.
  • Зорилт 3: Нэр томьёо, тодорхойлолт, материаллаг босго, тайлагналын хугацаа, үечлэлийг тогтооно. Тухайлбал, судалгаа хийж, ОТАХ-т цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний зөвлөлийн хуралдаанд үр дүнг танилцуулна.
  • Зорилт 4: Бенефициар өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангах үүднээс ОҮ-ийн компани нь улс төрд нөлөө бүхий этгээдийн эзэмшилд байгаа эсэх мэдээллийг бүрэн тайлагнана. Тухайлбал, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн маягтыг шинэчилнэ.
  • Зорилт 5: Компаниудын дунд хэлэлцүүлэг, иргэний нийгмийн байгууллага, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сургалт, урамшууллын тогтолцоо, хэлэлцүүлэг гэх мэт нөлөөллийн ажил зохион байгуулна.

2018 оны зорилт

  • Зорилт 6: Бенефициар өмчлөгчийн мэдээллийг туршилтаар цуглуулах, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах зорилгоор төрийн байгууллага, агентлагуудын мэдээллийн системд холбогдох, мэдээлэл солилцох тухай холбогдох журам маягтыг шинэчлэх.

2019 оны зорилт

  • Зорилт 7: Бенефициар өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэлийн тайланд тайлагнаж олон нийтэд нээлттэй хүргэх.

Ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгох арга замыг бий болгохын төлөө идэвхийлэн ажиллаж байгаа байгууллага эвслүүд бол “ТАН” Төлсөн авсанаа нийтэл эвсэл мөн Нээлттэй нийгэм форум төрийн бус байгууллагууд юм. Нээлттэй нийгэм форум ТББ-аас  Ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгох арга замыг тодорхойлоход чиглэгдсэн судалгаа хийгдсэн ба уг судалгааны тайланг ОҮИТБС-ийн цахим хуудсанд байршуулсан байгаа тул тэндээс уншиж танилцаж болно. Судалгаагаар өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж болон аж ахуйн нэгж, хөрөнгө, эрхийн бүртгэлийн тогтолцоонд үнэлгээ хийж эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн бүртгэл мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, ил тод болгоход авч хэрэгжүүлэх арга хэмжээний Зөвлөмжийг боловсруулсан байна.

Ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг тайлагнаж буй байдал 

Монгол Улсын хувьд 2013 оноос эхлэн ОҮИТБС-ын тайлангийн тулган баталгаажуулалтад хамрагдаж буй компаниудын ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгон мэдээлэхээр ажилласан.

2013 оны нэгтгэл тайланд нийт 250 компаниас тухайн компаний 5 болон түүнээс дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн мэдээллээ ил тод болгохыг хүссэнээс 215 нь мэдээллээ өгсөн. Мэдээллийн дэлгэрэнгүйг мөн ОҮИТБС-ийн цахим хуудсан дах “Ашиг хүртэгч эздийн ил тод байдал” цэснээс үзэх боломжтой.  

2014 оны нэгтгэл тайланд хамрагдсан компаниудаас бенефициар өмчлөгчийн мэдээллээ ил тод болгохыг хүсч, ОҮИТБС-ын олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас гаргасан загвар маягтын дагуу мэдээлэл цуглуулсан. Гурван түвшинд авч үзсэн энэхүү асуумжын хариуд нийт 236 компаниас 30 компани хувьцаа эзэмшигчдийн мэдээллээ ирүүлж, 6 компанийн эцсийн өмчлөгч ил тод болсон байдаг. 2015 оны нэгтгэл тайланд хамрагдсан 202 компаниас 51 компани мэдээллээ ирүүлсэн.  ОҮИТБС-ын санаачлалын цахим хуудаснаас 2017 он хүртэлх тайлангийн мэдээллүүдийг үзэх боломжтой байгаа ба тулган баталгаажуулалт, мэдээллийн үнэн бодитой эсэхийг нягтлах гээд нарийн чимхлүүр ажил ихтэйн улмаас тайлангийн нэгтгэл ихээхэн сунжруу, удаашралтай явагдаж, оны тайланг тухайн онд нь байршуулж амжихгүй байгаа ажээ.

Ашиг хүртэгч эздийг ил тод болгох асуудлаарх

улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хандлага

Ашиг хүртэгч эздийг ил тод болгох асуудлаар ТАН эвсэл болон түүний гишүүн байгууллагууд шаргуу ажиллаж ирсэний нэг нь 2018 онд улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд  бенефициар өмчлөлөө ил тод болгохыг хүсэж нээлттэй захидал илгээн,  хариу шаардсан. Уг захидлыг төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд нээлттэй захидлаар 05 сарын 17-ны өдөр хүргүүлж, хүлээн авсан эсэхийг нь магадлан баталгаажуулсан.

Эдгээр 175 хүнээс 37 нь хариугаа ирүүлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд ирүүлсэн 31 хүн, хугацаа өнгөрөөж 2-5 удаа утсаар шаардуулж хариу өгсөн зургаа, огт хариу өгөөгүй 138 албан тушаалтан байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. 

УИХ-ын 76 гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан гэсэн 4 гишүүн албан ёсоор хариу ирүүлсэн бол  нээлттэй захидалтай танилцсан хэрнээ хариу ирүүлээгүй 43, /56 хувь/   албан захидал хүлээж аваад хариу өгөх шаардлагагүй гэж туслахаараа дамжуулан мэдэгдсэн дөрвөн  гишүүн, үлдсэн 25 гишүүн буюу 32,8 хувь нь  ямар нэг хариу өгсөнгүй. /туслахаараа дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэдий ч албан хариу бичгээр ирүүлээгүй гишүүд мөн байгаа/

 Аймаг, нийслэлийн нийт 62 удирдлага албан тушаалтанд захидал илгээснээс 12 засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан ёсоор бичгээр хариу ирүүлжээ.  Эдгээрээс Сэлэнгэ  аймгийн ИТХ дарга өөрөө бус харин хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ “Уран Сэлэнгэ “ХХК-ны хувьцааны 50 хувийг эзэмшдэг, тус компанийн хөрөнгө оруулалтын 50 хувийг оруулсан гэж мэдүүлсэн бол бусад 24 удирдлага олборлох салбарт бенефициар өмчлөгч биш гэсэн байна.

Засгийн газрын гишүүд, газар, агентлагын  32 албан тушаалтанд захидал хүргүүлснээс зургаан албан тушаалтан л хариу ирүүлсэн байна.

ОҮИТБС-ын Стандарт шаардлагын 2.5(b)-д зааснаар эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл болон авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үздэг. Тийм ч учраас Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт “бенефициар өмчлөгч”-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл явцыг дэмжиж, “Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”,[1]Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө[2]-нд тодорхой арга хэмжээ тусгасан. Эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгосноор татварын суурийг багасгаж буй гол хүчин зүйл болох ашиг зувчуулах (BEPS) явдлын эсрэг нэгдсэн дэлхийн бусад улс орнуудтай “бенефициар өмчлөгч”-ийнхөө мэдээллийг харилцан солилцох боломж нээгдэх ёстой.

Гэвч улс төрд нөлөө бүхий этгээдүүд бодит байдал дээрээ олборлох салбар дахь “Ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэдгээ ил болгохыг хүсэхгүй байгааг харахад эдгээр эрх мэдэлтнүүд маань гадна талдаа сайн засаглалыг бий болгоно, авлигыг бууруулна, шийдвэрийг иргэдийн оролцоонд үндэслэж гаргана гэдэг нь худал дүр эсгэлт болж таарч байна.

Олборлох салбар дахь “Ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийг нээлттэй, ил тод болгохгүйгээр авилга ашиг сонирхолыг хянах боломжгүй, татварт авах мөнгийг хууль бусаар гувчуулдаг, оффшор бүсэд данс эзэмшигдэг улс төрчид улам бүр нэмэгдсээр, тогтвортой хөгжлийг бий болгох тухай тунхаг, амлалтууд нь хоосон хуурамч зүйл болж үлдэх аюулын дохиог үзүүлж байгаа юм.  

Ховд аймаг дахь ОҮИТБС-ийг хэрэгжүүлэх

 дэд зөвлөлийн талаарх мэдээлэл

Ховд аймагт анх аймгийн Засаг даргын 2013 оны 05 сарын 31-ны өдрийн захирамжаар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөл байгуулсан бол 2015, 2017 онуудад дэд зөвлөлийг шинэчлэн байгуулжээ.

Одоо Ховд аймагт аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 19-ны өдрийн А/216 дугаар захирамжаар байгуулагдсан дэд зөвлөл үйл ажиллагаа явуулж байна.

Дэд зөвлөлийн бүтцийн онцлог нь төр захиргаа, иргэний  нийгэм буюу төрийн бус байгууллага, хувийн хэвшил ба компаний төлөөллийн тэгш оролцоотой байх

Үйл ажиллагааны онцлог нь дээрх гурван тал ямар ч асуудлыг хэлэлцэх, хуралдах, санал оруулах , шийдэл, шийдвэр гаргахад харилцан нэгнээ хүндэтгэж, саналын тэгш эрхтэй, эн тэнцүү эрхтэй оролцох явдал байдаг. 

            Энэхүү дэд зөвлөл нь Үндэсний зөвлөлийн 2013 оны 12 сарын 23-ны хуралдаанаар батлагдсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх дэд зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийн хүрээнд дагуу ажилладаг.

           Ховд аймаг дахь дэд зөвлөл нь 2018 онд дараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллажээ.

           Үүнд: 

  • Дэд зөвлөлийг бүрдүүлж буй оролцогч талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын үйл ажиллагаагаа баталгаажуулах
  • Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын орд газрууд, тусгай зөвшөөрөлтэй ордууд болон эзэмшигч хуулийн этгээдүүдийн жагсаалтыг гаргаж, тусгай санд хадгалах, өөрчлөлт гарч буй тухай бүрд нь уг мэдээллийг жагсаалтад тусгаж байх
  • Ховд аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа болон хайгуул, олборлолт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлан гаргавал зохих хуулийн этгээд, компаниудын бүртгэлийг хөтлөх,
  • Аймгийн нутаг дэвсгэрт олборлох үйлдвэрлэл эрхлэж буй хуулийн этгээд, компаний орон нутагтай аймаг, сумын Засаг захиргаатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг тайлагнах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулан, тайланг хэвлэн нийтлэх, хэвлэл мэдээллээр сурталчилах
  • Дэд зөвлөлийн үйл ажиллагаа болон Ховд аймаг дахь ил тод байдлын санаачлагын үйл ажиллагааг орон нутгийн сонин, цахим сайт, ХМ-ийн бусад хэрэгслээр сурталчилах
  • Ховд аймаг дахь ил тод байдлын санаачлагын үндсэн зарчмууд, үйл ажиллагаа түүний ач холбогдлын талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх оролцоог хангах зорилгоор тухайн чиглэлийн мэдээллийн төвийг бий болгож, олон сувгаар мэдээлэл түгээх
  • Зорилтот бүсийн сум, баг мөн зорилтот иргэд, хуулийн этгээдүүдэд мэдээлэл өгөх, тулгамдсан асуудлыг хэлэлцэх сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Шаардлагатай хуулийн этгээд компаниудын үйл ажиллагаа явуулж буй талбарт, газар дээр нь очиж ажиллах

                                      Ховд аймаг дахь  тусгай зөвшөөрлийн тухай мэдээлэл

2014 оны байдлаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт 550.0 га талбайд олгогдсон ашиглалтын буюу  А тусгай зөвшөөрөл 19, хайгуулын буюу Х тусгай зөвшөөрөл 53 байсан бол

2016 оны байдлаар 502.0 га талбайд ашиглалтын буюу  А тусгай зөвшөөрөл 28, хайгуулын буюу Х тусгай зөвшөөрөл 105 болж, шинээр 43,479 га талбайд 22 хайгуулын тусгай зөвшөөрөл, 3,600,19 га талбайд 4 ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэмж олгосон.

2017 оны байдлаар 452.412.88 га талбайд ашигт малтмалын, 2,798,555,25 га талбайд  газрын тосны нийтдээ 105 компани 140 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.  Тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн 5,95 хувийг эзлэж байна.   

Ховд аймаг дахь уул уурхайн орон

нутгийн гэрээний тухай мэдээлэл

Ховд аймагт тусгай зөвшөөрөл эзэмшин, хайгуул олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай холбоотой 11 гэрээ бүртгэлтэй байгаа нь бүгдээрээ МоЭнКо компаниас Ховд аймгийн Дарви сум, Ховд аймгийн ЗДТГ, Хүйсийн говь Цэцэг нуурын сав газрын захиргаатай байгуулсан газар ашиглах, ус ашиглах, мөн хамтран ажиллах гэрээнүүд байна. Өөрөөр тус аймгийн нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа дээрх 105 компаниас Ховд аймаг дахь ямар нэг хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан зүйл бүртгэгдээгүй байна.

 Ховд аймаг дахь бүртгэгдсэн гэрээнүүдийн тухай товч мэдээлэл

Ховд аймаг дахь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилага

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд