Г.Гантуяа: "Сурч, мэдсэн бол түүнийгээ төрөлх нутаг орондоо зориулна"

Хонконгийн Хотын их сургуульд ахлах судлаачаар ажиллж буй Цаг уурч, доктор Г.Гантуяатай ярилцлаа. Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Ус цаг уурын Улсын их сургуульд цаг уурч мэргэжлээр сурч бакалавр, магистраа төгсч, түүнийхээ дараа нь БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Ингээд түүнтэй судалгаа болон мэргэжлийнх нь карьерийн тухай өрнүүлсэн сонирхолтой яриаг хүргэж байна.   

Улаанбаатарын агаарын бохирдлын цаг агаар талын нөхцлийг судалж байна, одоо Монголдоо очно   

-Сайн байна уу. Ярилцлагын урилга хүлээн авсанд баярлалаа. Таны судалгааны ажлуудаас яриагаа эхлүүлье гэж бодож байна. Нэлээд олон судалгааны ажлаа томоохон сэтгүүлүүдэд нийтлүүлж, мөн илтгэл тавьж байсан юм билээ. Судалгааны ажлууд дундаас нь хамгийн үр дүнд хүрсэн нь ямар чиглэлд хийсэн судалгаа байв. Улаанбаатар хотын агаар мандалтай холбоотой судалгаа хийсэн гэсэн үү?       

-Аливаа судалгааг хийнэ гэдэг шинэ мэдлэг үйлдвэрлэж байгаа, өмнө байсныг илүү сайжруулж байгаа гэдэг утгаараа бусдад танилцуулах, санаа оноо сонсох асуудал их чухал байдаг. Өөрийн мэргэжлийн чиглэлийн олон улсын томоохон хурлуудад оролцож байсан. Докторын судалгаагаа хийж байхдаа 2012 онд Ирландад болсон Хотын уур амьсгалын олон улсын хурлын шилдэг илтгэл, 2014 онд Америкийн Цаг уурын нийгэмлэгийн 94 дүгээр хуралд мөн шилдэг илтгэлийн шагнал авч байсан. Тухайн чиглэлийн мэргэжлийн хурлуудад оролцсоноор өөрийн ажлаа танилцуулахаас гадна гаднын судлаачдын хийж буй судалгаатай богино хугацаанд танилцах, харилцаа холбоо тогтоох боломж олддог. Ямар ч судалгааны ажил хийсэн, тэр ажлаа олон улсын сэтгүүлд хэвлүүлэх ажил чухалд тооцогддог. Шүүмжлэгчдийн санаа онооноос их зүйл суралцдаг юм.   

Агаар мандлын хязгаарын үе давхарга гэж нэрлэгдэх бидний оршиж буй агаар мандлын хэсгийг, голчлон тоон загварын аргаар судалдаг. Тоон загвар гэдэг нь агаар мандалд явагдах физик процессыг томъёо тэгшитгэлээр илэрхийлж, компьютерийн програм болгон буулгадаг. Үүнийг програмистууд биш цаг уурчид өөрсдөө хийдэг.   

Улаанбаатар хоттой холбоотой судалгаанууд гэвэл хотжилтоос үүдэлтэй агаарын циркуляци уулзүйн нөлөөгөөр үүсэх салхи, тэдгээр нь хоорондоо хэрхэн харилцан үйлчлэлцэхийг математик аналитик болон тоон загварын гэсэн хоёр аргаар судалсан. Тэр харилцан үйлчлэлд ямар, ямар параметрууд хэрхэн нөлөөлж буй болон өвөл, зуны улирлын агаарын циркуляцийг мөн судалсан байгаа. Хөдөөнөөс хот руу ороод ирэхэд салхигүй, бүгчим халуун мэдрэгддэг шүү дээ. Энэ нь хүний үйл ажиллагаа, хотжилттой холбоотойгоор агаар мандал өөрчлөгдөж буй  жишээ юм.

Түүнчлэн, миний хувьд сонирхолтой үр дүнд хүрсэн судалгаа гэвэл, уул давж ирсэн уулын хүйтэн салхи, хотын бриз салхитай мөргөлдөхөд хоорондоо тодорхой хугацаанд холилдохгүй дээшээ ойдог юм билээ. Өмнө нь хэвлэгдсэн нэг судалгааны өгүүлэл уншиж байхад ингэж ойж болно гэдгийг дурдсан байсан ч туршилт болон хэмжилтээр батлаагүй байсан нь сонирхолтой санагдсан. Олон туршилт хийсний үр дүнд үүнийг баталсан. Манай Улаанбаатар хот уулсын хөндийд байрлалтай болохоор агаарын бохирдолд газарзүйн байрлал их нөлөөлдөг. Өвөлдөө их даралтын орны нөлөөнд уулархаг газарт тогтуун салхитай үед температурын инверс үүсдэг. Газрын гадарга орчим хүйтэн байж, агаар дээшлэх тусам дулаан болохыг температурын инверс гэдэг. Агаар солилцоонд орохгүй, бохирдуулагч үүсвэр буюу бүх төрлийн яндангаас гарсан утаа хотын дээр хөндийдөө тогтчихдог. Харин зуны улиралд температурын инверсгүйгээс, салхитайгаас агаар сэлгэгдэж утаагүй байдаг. Улаанбаатарын агаарын бохирдлын цаг агаар талын нөхцөлийг судалсан гэж хэлж болно.  

Яг одоо хийж байгаа ажил гэвэл хотын агаарын бохирдолд газар орчмын болон өөр газраас зөөгдсөн бохирдуулагчийн харьцааны өндрийн тархалтыг судалж байна. Түрүүнд хэлсэнчлэн тоон загварын аргаар судалж байгаа.  

Монголд утаа өвлийн ой санамж болж хувирсан

-Уур амьсгалын өөрчлөлтөд агаарын бохирдол нэлээд өндөр нөлөөлөл үзүүлдэг байх. Улаанбаатар яг энэ цаг үед утааны асуудал газар авч, тулгамдсан асуудал болдог. Таны хувьд мэргэжлийн хүн, утааг бууруулах ямар шийдэл байна, үүнд ямар байр суурьтай явдаг вэ. Бодлогын төвшинд ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх нь зүйтэй вэ?  

-Улаанбаатарын агаарын бохирдлын талаар тоо баримт дурдах хэрэггүй болов уу гэж бодож байна. Хүн бүр энэ асуудлыг сайн мэддэг хэрнээ, өвөлдөө л давтан, давтан ярьдаг, өвлийн гурван сарын хугацааны ой санамжтай болчихсон. Бодлого гаргагчид эрхийнхээ хугацаанд л давтан давтан ярьдаг жилийн ой санамжтай болчихсон. Хөдөөнөөс шилжин ирэгсэд нутагтаа эрхлэх ажилтай, цалин сайтай бол хотод орж ирэхгүй, хотын гэр хорооллынхон боломжийн орлоготой бол орон сууцанд орохыг эрмэлзэнэ. Зуух, түлш, цахилгаан, халаалт, маск зэрэг нь богино хугацааны арга хэмжээ. Богино хугацааны арга хэмжээнээс гадна дунд, урт хугацааны арга хэмжээг бодитоор авах хэрэгтэй. Үүнд урт хугацааны ой санамж тууштай ажиллаж байх ёстой.  

Манай иргэд уулаа нүхэлж туннель гаргая, даваа сэтэлж нураая, уулсын оройд салхин сэнс, утааны голомтот бүсэд утаа соруулах төхөөрөмж байрлуулъя гэх зэрэг санаа нэлээд ярьж, зуух тараадаг. Иргэд утаагүй болъё гэж шийдэл хайж байгаа нь сайшаалтай. Гэвч цаг уурч хүний нүдээр харахад энэ мэт геоинженерчлэлийн санаанууд манай хотын хувьд тохиромжгүй, онолын хувьд боломжгүй юм.  

-Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтний өөрсдийн буруутай үйлдэл их нөлөөлдөг байх. Судлаач, мэргэжлийн хүнийх нь хувьд үүнд сэтгэл эмзэглэж явдаг болов уу. Дэлхий нийтээр цаг уурын өөрчлөлтөд хэрхэн анхаарал хандуулах хэрэгтэй вэ?  

-Энэ хэмжээний дулаарал манай дэлхийд өмнө нь тохиолдож байсан уу гэвэл байсан, үүнээс ч дулаан байсан үе бий. Палео уур амьсгалын талаас харвал бид нэг мөстлөгийн үеэс дараагийн мөстлөгийн үе рүүгээ дөхөж байгаа. Гэвч хүн төрөлхтний үйл ажиллагаатай холбоотойгоор, тухайлбал хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээс жамаараа дулаарах явцыг асар хурдлуулж байгааг онцлох хэрэгтэй болов уу. Олон мянган жилийн хугацаанд гарах өөрчлөлт асар богино хугацаанд, аж үйлдвэржилтээс хойш ганцхан зуун жилийн дотор, тэр дундаа сүүлийн 20-30-хан жилийн дотор маш эрчтэй болж байна. Бид одоогоор дэлхийгээс хаашаа ч явж чадахгүй учир богино хугацаанд гарсан уур амьсгалын огцом өөрчлөлтийн үр дагаврыг бодитоор ойлгох хэрэгтэй. Тухайлбал, хур тунадасны горим, цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамж өөрчлөгдөх, цөлжилт, усны асуудал хамарсан байгаль-нийгэм-эдийн засгийн асуудал гэх мэт.  

2015 онд Парисийн хэлэлцээрт дэлхийн 195 орон гарын үсэг зурж, дэлхийн дулаарлыг сааруулахад оруулах хувь нэмэр гэж тус тусын үүрэг амлалт авсан. Манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулна гэж амласан. Хугацаа ойрхон, арваадхан жилийн дараа хийчихсэн байх ёстой амлалт ажлууд багагүй бий. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлж, нийт эрчим хүчний 30 хувьд хүргэх, замын түгжрэлийг 30-40 хувь бууруулах гэх зэргээр амлалт өгсөн, хийсэн байх ёстой ажлууд нэлээдгүй байгаа.   

Дэлхий даяар судлаачдын 97 хувь дэлхийн дулааралтай санал нэгддэг. Харин үлдсэн 3 хувьд багтах хүмүүс бодлого боловсруулах эгнээнд очсоноор үзэл бодлын улмаас шинжлэх ухаанч бус үйлдэл их хийж байгааг харахад харамсалтай байдаг. 

-Сүүлийн 20, 30 жилд байгаагүй хүйтэрч, халж байна гэж цаг уурчид ярьдаг. Энэ өөрчлөлт юутай холбоотой вэ?  

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө газар бүрт адилгүй, нэгэн жигд бус. Богино хугацаанд тухайн газар нутагт олон жилийн дунджаас хүйтэн болж болно, энэ нь цаг агаар, синоптик процесстой холбоотой. Тухайлбал, “бөмбөгдөгч” циклонтой холбоотойгоор хэдхэн хоногийн өмнө Америкт нэлээд хугацаанд үргэлжилсэн хүйтнийг нэрлэж болно. Харин хүн төрөлхтөн байнгын стандарт хэмжилт хийж эхэлснээс хойшхи олон жилийн явцыг харахад дулаарал явагдаж байгаа нь илт. Дулаарлын улмаас хүйтэн өдрийн тоо буурч, халуун өдрийн тоо ихсэх, дараалсан халуун өдрүүдийн тоо нэмэгдэж байгаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд