АМЖИЛТ, ӨГӨӨЖӨӨР БАЯН “ЦАСТ АЛТАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бид дэвшлийг бусдад түгээнэ  

Цаст Алтай сургуулийн хамт олон Монгол Улсын Засгийн Газрын боловсрол, соёлын салбарыг хөгжүүлэх цогц бодлого, боловсролын шинэчлэл, бага,суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэргүүн эгнээнд явж, өөрсдийн үйл ажиллагааны дэвшилттэй зүйлүүдийг бусдад түгээж, харилцан суралцаж, сургалтын таатай орчинг чухалчилсан, чанартай үйлчилгээг эрхэмлэн, хариуцлагын соёлтой, бүтээлч чадамжтай, хүмүүнлэг, төлөвшсөн,чадварлаг иргэдийг бий болгохын төлөө хичээн ажиллаж байна. 

Тус сургууль 80 багш, ажиллагсад, 40 анги бүлэг, 1380 сурагчтай, хичээлийн 2 байранд 2 ээлжээр хичээллэдэг. Мөн Зөвлөх багш 3, тэргүүлэх багш 25, 16 заах аргач багш, 15 магистр багштайгаар сургалт үйлчилгээгээ эрхлэж байна. 2017-2018 оны хичээлийн жил Цаст-Алтай сургуулийн бүх багш нарын 80% нь мэргэжлийн зэрэгтэй болсон нь хамт олны хичээл зүтгэлийн тод илрэл болов.

Амжилтаар жигүүрлэсэн хамт олон

Мэргэжлийн хичээлийн олимпиадад: алт-15, мөнгө-14, хүрэл-16 бүгд 45 медаль хүртэж, аймагт  I байр эзэлсэн ба улсын олимпиадад 10 гаруй багш, сурагч оролцсоноос бага ангийн багш Б.Цоггэрэл хүрэл медаль хүртэв. ХИС-ийн нэрэмжит олимпиадаас: алт-14, мөнгө-19, хүрэл-23 бүгд 56 медалийн эзэн боллоо. Элсэлтийн Ерөнхий шалгалтанд 91 сурагч хамрагдаж 557,9 оноогоор II байр эзлэв. Аймгийн хэмжээнд нийт 10 сурагч 800 оноо авсны 7 нь Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагчид байсан юм. Энэ нь аймгаар зогсохгүй улсын хэмжээнд үнэлэгдэх онцгой амжилт боллоо.

  • “Монголын үндэсний өв соёлыг түгээгч, тээгч” улсын уралдаанд Г.Эрдэнэчимэг багштай 6а, 9а ангийн 70 сурагч, алтан медаль, Б.Цэцэгмаа багштай 8а, 6б ангийн 70 сурагч мөнгө, Б.Баярхүү багштай 7б ангийн 35 сурагч алтан медаль хүртэж, Монгол бичгийн шилдэг сургууль болж, улсад тэргүүлэв.
  • Л.Туул багштай 8-р ангийн 20 сурагч улсын хэмжээнд зохиогдсон физикийн багийн олимпиадаас хүрэл медаль хүртэв.
  • Хүүхдийн спортын бага наадамд тус сургуулийн сурагчид III байр эзэлж, 47 медаль, аймаг, улсын уралдаан, тэмцээнээс сургуулийн багш багш, сурагчид нийтдээ 50 гаруй медаль хүртжээ.
  • Нийгмийн ухааны багш Х.Нямсүрэн, Б.Гэгээнжаргал, П.Оюунжаргал нарын бичсэн “Хичээлээс гадуурх үйл ажиллагааны цагаар хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх боломж” илтгэл аймгаас шалгарч, улсад тусгай байр эзлэв.
  • Бага ангийн багш Б.Ариунаа, Ө.Загдхорлоо, О.Бадам, Д.Цэрэндолгор, М.Цэндсүрэн нарын хамтын хичээл улсын ур чадварын уралдаанд тэргүүлэв.

Түүх нийгмийн ухааны багш Х.Нямсүрэн, бага боловсролын багш Д.Бадамханд, А.Даваажаргал нар Монгол улсын зөвлөх багш болсон бол “Сайн хичээл” сэдэвт улсын зөвлөгөөнд П.Оюунжаргал, М.Цэвэлмаа, Т.Оюунчулуун, Д.Цэрэндулам, Д.Чимэдцэрэн, Д.Цэрэндолгор, Ц.Бямбасүрэн нарын 7 багш оролцож, “Суралцахуйг дэмжсэн хичээл, үйл ажиллагааны төлөвлөлт” номонд шилдэг хөтөлбөрүүд нь багтжээ.

Тус сургуулийн зургаан ани бүлэг “Тэргүүний уншигч хамт олон”-оор тодорсон байна..“Ном” хөтөлбөрийн хүрээнд “Гэгээн үдшийн уншлага” хэмээх хөтөлбөрийг аймгийн нийтийн номын сантай хамтарч, 2 удаа зохион байгуулсан бөгөөд энэ шинэлэг ажлаа БСШУСЯ-аас гаргасан “Хүүхэд бүрийн хөгжил” /туршлага, амжилт, үр дүн/ номонд бичиж, олны хүртээл болгосон юм. Эдгээр ажлуудын үр дүнд тус сургууль аймгийн “Тэргүүний уншигч байгууллага”-аар шалгарчээ.

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд явагдсан “Авьяаслаг сургууль” шалгаруулах уралдаанд тус сургууль 4 төрөлд  I байр, 1 төрөлд II байр эзэлж, “Авьяаслаг сургууль”-аар тодорчээ. Мөн 8 төрлөөр явагдсан Хүүхдийн урлагийн “Яргуй-2017” наадамд тэргүүн байр  эзэлж, “Авьяаслаг сургууль” болсон амжилтаа дахин бататгав.

Сургалтын орчин – оролцоо – хамтын ажиллагаа – үр нөлөө

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хичээлийн А байранд их засвар хийж, мөн Дэлхийн Зөн олон улсын байгууллагын  санхүүжилтээр  бага сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан нь сургалтын таатай орчин бүрдсэн бүтээлч ажил болжээ. Энэ хичээлийн жилд биеийн тамирын танхимын шалыг Японы санхүүжилтээр шинэчлэн сольж, хичээл сургалт, тэмцээн уралдаан явуулах орчин нөхцөл сайжирлаа. Мөн 2 байрныхаа гадна талбайг тохижуулав.

БНКазакстан улс дахь Монгол улсын ЭСЯ-ны урилга, тус улсын Боловсролын Яамтай байгуулсан гэрээний дагуу үсрэнгүй хөгжиж байгаа Казакстан улсад тусгай хөтөлбөрийн дагуу зочилж, математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 75, 70 дугаар сургуулийн  хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцаж, боловсролын салбарын шинэ дэвшилтэт технологи, тэргүүн туршлагаас судалж ирсэн нь “Мянга сонсохоор нэг үз” хэмээх  ардын мэргэн үгийг баталсан үр өгөөжтэй ажил болов.  Казакстаны сургууль бүр өөрийн онцлог, арга зүй, судлагдахуунаа тусгасан ном, гарын авлагатай байсныг өөрийн сургуульд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хичээлийн II байран дотор “Хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулснаар хүүхэд сурч боловсрох, хөгжих, ардын ёс заншлаас суралцах, оюуны тоглоом наадгайгаар тоглож сурах, авьяас чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ая тухтай орчин бүрдлээ. Энэ төвийг бага боловсролын багш А.Даваажаргал, Ц.Мөнхцэцэг нар хариуцан ажиллаж, олон төрлийн сонирхолтой ажлыг зохион байгуулж байгаа юм. Мэргэжлийн хичээлийн олимпиад, Элсэлтийн Ерөнхий шалгалт, ур чадвар, илтгэлийн уралдаанд жил бүр тогтмол I II байр эзэлж, Шилдэг үнэлгээтэй сургууль”-аар шалгарлаа. Улсын олимпиадаас сүүлийн жилүүдэд 170 гаруй медаль хүртээд байна. Багш Х.Нямсүрэн, Д.Баасанжав, Ж.Даваажав, Б.Цэцэгмаа, М.Цэндсүрэн, Б.Цоггэрэл нар  улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

Аймаг, бүс, улс, олон улсын спорт ,урлагийн тэмцээн уралдаанаас багш, сурагчид олон арван медаль хүртэж байгаа бөгөөд спорт урлагийн наадмыг жил бүр өвөрмөц хэлбэрээр зохион байгуулж байна. Тус сургуульд сурагчдын өөрөө Удирдах Зөвлөл, Улаан Загалмайн “Тусч” бүлгэм, Эрүүл мэндийн “ Хүүхдээс хүүхдэд” клуб, Скаутын бүлгэм, “Өсвөрийн сэтгүүлч” бүлгэм, Мэтгэлцээний “Хүрд” клуб зэрэг сурагчдын оролцооны байгууллагууд сайн ажиллаж, аймгийн хүүхдийн оролцооны шилдэг байгууллагуудаар шалгарсан юм. Сургалтын таатай орчин бүрдүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн кабинет байгуулах, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх, ном гарын авлага, зөвлөмж бичих талаар багш нар санаачилгатай ажиллаж байна.

Багш бүрийг 100 хуудас бүхий сургалтын хавтастай болгосон бөгөөд эндээс тухайн багшийн тухай бүрэн мэдээлэл авч болно. Багш сургалтын хавтсаа жил бүр байнга баяжуулдаг бөгөөд тухайн багш хир зэрэг бүтээлч, ажил хэрэгч, амжилт бүтээлтэй болохыг эндээс харж болно.

Цаст Алтай сургуулийн бүтээлч хамт олон“Оюуны их наадам” , “Бэрс” шатрын наадам, “Гэгээн үдшийн уншлага”, “Эцэг эхийн хишиг өдөр”, “Үндэсний бичиг  соёлоо дээдэлье”  зэрэг брэнд болсон хөтөлбөрүүдийг санаачлан, уламжлал болгон зохион байгуулж, олны хүртээл болгон, тэргүүн туршлага, ололт амжилтаа түгээн дэлгэрүүлж байна. Цаст Алтай цогцолбор сургууль Улсын тэргүүний, Шилдэг үнэлгээтэй, “ТОП” , Хотын тэргүүний сургууль зэрэг алдар хүндийг хүртээд байгаа юм. Тус сургуулийн хамт олны ажлын гол амжилт нь хүн бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, үүрэг зорилгоо ухамсарлаж, ажилладагт оршино.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд