Хүүхэд, эцэг эх, олон нийтийн түншлэл

Сайн дурын бүлгүүд ба түншлэл

 

Ховд аймгийн Чандмань сумын МУГЖ Д.Сундуйн нэрэмжит 12 жилийн сургууль дээр хэрэгжиж буй Олон нийтийн оролцоот сургууль төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг 2017 оны 1 дүгээр сарын 27-нд сумын соёлын төвд болов. Уулзалтанд сумын нэр бүхий албан байгууллагуудын төлөөлөл, ард иргэд, мөн дотуур байрны сурагчид оролцож, мэдээлэл авахын зэрэгцээ санал бодлоо солилцож, сургуулийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хэрхэн нэвтрүүлэх талаар санал бодлоо солилцож ярилцсаны үр дүнд “Эрүүл ирээдүй”, “Хамтын хүч” гэсэн сайн дурын хоёр бүлэг бий болох нөхцөл бүрдсэн юм.

Оролцогчдын сайн дурын үндсэн дээр үүсэн бий болсон дээрх хоёр бүлэг маань “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ“ гэсэн уриатайгаар, эмблем таних тэмдгээ зохиож, бүлгийн ахлагчдаа сонгон, тус тусын бүлгээс хийх ажлуудаа төлөвлөн гаргасан ба “Эрүүл ирээдүй” бүлгийн ахлагчаар багш Г.Нямтуяа, “Хамтын хүч” бүлгийн ахлагчаар сурагч Б.Мягмарсүрэн нар сонгогдсон юм.

Мөн Засаг даргын тамгын газрын дарга, сургуулийн болон сумын нийгмийн ажилтануудын хүчин туслалцаатайгаар сум орон нутгийн байгууллагуудтай түншлэл тогтоох уулзалтыг сургууль дээр зохион байгуулав.

Энэ үеэр сургуулийн заах аргын нэгдлүүд сумын салбар байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, ойлголцох замаар идэвхтэй харилцаа үүсгэж, улмаар Байгалийн ухааны заах аргын нэгдэл Малчид иргэдтэй, Нийгмийн ухааны заах аргын нэгдэл сумын Төрийн банкны салбартай, Бага ангийн заах аргын нэгдэл сумын Соёлын төвтэй түншлэн ажиллахаар болж, харилцаагаа бататгаж чадсан юм.

 

Эцэг эхийн зөвлөл шинэчлэгдэнэ

 

Олон нийтийн оролцоот сургууль төслийн зорилтот үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө сургуулийн хүрээнд тулгамдаж байгаа ямар асуудал байгааг оновчтой зөв тодорхойлон гаргаж ирэх ёстой. Үүний дагуу сургууль дээр бий болсон сайн дурын болон түншлэлийн бүлгүүдээс төлөөлөл болгон авах замаар гурван ахмад настан, гурван ажилгүй иргэн, хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн байгууллагын нэг төлөөлөл, төрийн бус байгууллагыг төлөөлсөн дөрвөн хүн бас гурван эцэг эх гээд нийт 16 хүнийг сонгон авч тэдгээрийн дунд фокус ярилцлага өрнүүлсэн ба уг ярилцлагын үрд дүнд сургуулийн өмнө тулгамдаж байгаа ямар, ямар асуудал байгааг гаргаж ирсэн юм. Ярилцлагад оролцогчдын тодорхойлсноор

Тус сургууль дээр сурагчдын өөрөө удирдах, сайн дурын олон байгууллагууд ажиллаж байгаа боловч эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийт үүнд оролцож хамтран ажилладаггүй, тэдгээртэй холбоо тогтоогоогүй, сургуулийн эцэг эхийн зөвлөл ор нэр төдий ажилладаг

Сургуулийн жилийн ажлын төлөвлөгөө болон урт богино хугацааны стратеги, зорилтуудад эцэг эх, суралцагчдын санал тусгагддаггүйгээс үйл ажиллагааны зорилгоо бүрэн хангаж чаддаггүй.

Сургуулийн эцэг эхийн хурал тогтмол хийгддэггүй.

Эцэг эхийн хариуцлага сул, анхаарал муугаас сурагчдын дунд хүмүүжлийн доголдолтой зүйлүүд ихээр гарч байгаа.

Эцэг эхчүүдэд сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл байдаггүйгээс сургуультай хамтран ажиллах боломжгүй

Даяарчлагдан хөгжиж буй цахим эринд хүүхдүүдийн мэдээлэл авч буй байдал нь зөвхөн багш нар, сургуулийн орчноос хамаарах нь багассан. /сөрөг мэдээлэл, хориотой бичлэг гэх мэт/

Гэр толгойлон амьдарч буй, эрсдэл өндөртэй хүүхдүүд олон байгаа.

Эцэг эхчүүдийн хувьд сургуулийн дотуур байранд хүүхдээ даатган орхих байдал их ажиглагдаж байгаа

гэсэн асуудлуудад анхаарлаа хандуулж, хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн бөгөөд хоёр дахь шатны хэлэлцүүлгээр сургуулийн заах аргын нэгдлийн ахлагчид, ахмад багш нар, ажилчдын хүрээнд асуудлыг дахин нарийвчлан тодруулах замаар төвлөрөн ажиллах хамгийн чухал асуудлаа сонгож авсан нь “Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг сайжруулж, тогтмолжуулах” асуудал байлаа.

Уг асуудлын хүрээнд сургуульд олон нийтийн оролцоог нэвтрүүлж төслийн зорилгод хүрэхийн тулд .

-Эцэг, эхийг урьж хичээлд суулгах

-Эцэг эх, сурагчдын хамтын бүтээл гаргах

-Эцэг, эхийн нэг өдөр зохиох

-Сургууль сурталчилах өдөрлөг зохион байгуулах

- Хичээл хоцрогдол, таслалтыг багасгах талаар багш, эцэг эх, сургуулийн удирдлагын хооронд гурвалсан гэрээ байгуулж, ажиллах

-Эцэг эхийн зөвлөлийн нэрэмжит үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

Сургуулийн эцэг, эхийн зөвлөлийг есөн гишүүнтэйгээр шинэчлэн байгуулж, зөвлөлийн гишүүдэд ОНОС төслийн үйл ажиллагааг танилцуулсан сургалтыг мөн зохион байгуулсан. Эцэг, эхийн зөвлөлөөс сурагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хамгийн ихээр чухалчилж, хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хичээл хоцрогдол, хичээл таслалтыг багасгах талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргаснаас гадна эцэг эхийн зөвлөлийн зүгээс сумын болон сургуулийн нийгмийн ажилтан, уяачдын холбоо, хүүхэд хамгааллын зөвлөлтэй хамтран ажиллахаар болсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд