ОХУ-ын Горний-Алтайн их сургуулийн багш, оюутны баг Ховд аймагт

2018 оны 5 дугаар сарын 7-оос 11 өдрүүдэд ОХУ-ын АБНУ-ын Горний –Алтай хот дахь Улсын их сургуулийн багш Кольцов Иван Анатольевичаар ахлуулсан багш, оюутны баг Ховд аймгийн Ховд их сургууль болон Ерөнхий боловсролын дунд сургуулиуд дээр ажиллаж, орос хэлний сургалтын арга зүйг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мөн сурагчдад хичээл заах, багш, сурган хүмүүжүүлэгчидтэй туршлага солилцох, тэдний санал бодлыг сонсох зэргээр хамтран ажиллав.

Дээр дурьдсанчилан тэд Ховд их сургууль, аймгийн төвийн 12 жилийн 2 дугаар сургууль, 7 дугаар сургууль, Цаст-Алтай цогцолбор сургууль, Прогресс сургуулиудын 7-9 дүгээр ангийн сурагчдад хичээл заахын зэрэгцээ сурагчдын орос хэлний мэдлэгийн түвшинд ажиглалт  хийснээр, цаашид ямар арга зүйгээр орос хэлний хичээлийн чанар, үр дүнг сайжруулах тухайд багш нар болоод холбогдох хүмүүстэй санал солилцож, зөвлөсөн юм.

Горний Алтайн Улсын их сургууль нь Монгол улс дахь “Оросын шинжлэх ухаан, соёлын төв”-тэй хамтран, “Оросын ертөнц” төвийн санхүүжилтээр 2018 оны хоёрдугаар сараас “Баруун Монгол дахь Орос хэлний хөдөлгөөн – Боловсролын хамтын ажиллагаа” сэдэвт төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд Алтайн Бүгд найрамдах улсын Сэтгүүлчдийн холбоо, Монгол улс дахь баруун бүсийн Ховд их сургууль,  Ховд аймаг дахь “Шинэ эвлэл” Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо,  “Ховдын толь” сонины редакци, орон нутгийн телевизүүд, Баян-Өлгий аймаг дахь ОШУС-ийн төвийн салбар, Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтын “Мир друзей” төв, МСЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, мөн тус аймгуудын Боловсрол соёл, урлагийн газрууд хамтран ажиллаж байгаа.   

“Энэ төслийг хэрэгжүүлснээр Горний Алтайн их сургууль болон Монголын баруун бүс нутгийн сургуулиудын хооронд харилцан өгөөжтэй, хамтран ажиллах цогц тогтолцоог (систем) бий болгох, Монголын сургуулийн багш нартай бүхий л чиглэлээр хамтрахад саад болж буй хийдэл завсарыг нөхөх, Монгол дахь Орос хэлний сургалтын орчинд буй нийтлэг асуудлуудыг олж харж, шийдэх боломжтой хэмээн найдлага тавьж байгаа. Оросын их дээд сургуулиуд, түүнчилэн Горний Алтайн улсын их сургуульд элсэн суралцах хүсэлтэй болоод боломжтой Монгол сурагчдын хэлний суурь бэлтгэлийг сайжруулах нь нэн чухал. Цаашдын хамтын ажиллагааны үүднээс авч үзвэл Орос хэл нь зөвхөн их дээд сургуульд элсэгчдээр хязгаарлахгүй, дээд боловсролын болон бусад чиглэлийн нэр хүндтэй мэргэжилтнүүдийн хувьд ч зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг юм” хэмээн төслийн удирдагч Кольцов Иван Анатольевич ярьсан.  

Цаашилбал эл төслийн хүрээнд зөвхөн Орос хэлээр зогсохгүй ерөнхий боловсролын бусад төрлийн хичээлүүдийн  (математик, физик, хими гэх мэт) заах арга сургалтын чанарыг сайжруулахад хамтран ажиллах явдлыг мөн чухалчилж байгаа ажээ.

 Горний Алтайн улсын их сургуулиас ирсэн багийнхан сурагчдад хичээл заахдаа төрөл бүрийн чөлөөт тоглоом ашиглах, сурагчдын нас сэтгэхүйн түвшинд зохицсон танин мэдэхүйн товч семинар өрнүүлэх аргыг голчлон хэрэглэж, хүүхдүүдэд гадаад багш нартайгаа чөлөөтэй харилцаж, идэвхтэй суралцах боломжийг олгож байсан нь тусгаж авууштай зүйл байлаа.

Төслийн багт багийн ахлагч Иван Анатольевичээс гадна Алтайн их сургуулийн багш Константин, тус сургуулийн оюутан Юилья, Настя нар ажилласан. “Монгол хүүхдүүд орос хэлийг сурах сонирхол ихтэй байгаа нь бидний ажилд урам өгч байна. Хичээлийг аль болох чөлөөтэй хөгжилтэй явуулах нь зохимжтой, ингэснээр хүүхдүүд маань богино хугацаанд бидэнтэй нүүр хагарч, сурах зүйлдээ мэрийлттэй хандаж байгаа нь харагдсан” хэмээн тэд ярьцгаасан.

Мөн төслийн удирдагч Иван Анатольевичийн ярьснаар АБНУ-ын Алтайн их сургуульд одоо Монгол улсаас ердөө 6 оюутан суралцдаг ба үүний нэг нь Ховд аймгаас бусад 5 нь Улаанбаатар хотоос очсон. ОХУ-ын боловсролын салбарын дээд байгууллагууд болон Их дээд сургуулиуд, Монгол улс дахь ОХУ-ын элчин сайдын яам, мөн Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс Монголын хүүхдүүдийг ОХУ-ын их дээд сургуульд элсэн суралцахад нь  бэлтгэж, орос хэлний мэдлэгийн түвшингээ сайжруулахад нь туслах, мөн Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын Орос хэлний сургалтын хөтөлбөрийг чанаржуулж, арга зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Монголоос ОХУ-ын их дээд сургуульд элсэгчдийг тэтгэлэгтэйгээр, төлбөргүй суралцуулах квотыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон арга хэмжээнүүд авч эхлээд байгаагийн нэгээхэн хэсэг нь энэ ажээ.

Төслийн багийнхныг Ховд аймагт ажиллахад Ховд их сургуулийн гадаад харилцаа, сургалтын албаны багш нар, дунд сургуулиудын удирдлага болон орос хэлний багш нар мөн төслийн багт Монгол талын төлөөлөгчөөр ажиллаж буй “Ховдын толь” сонины эрхлэгч, “Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Төрмөнх нар бүх талаар тусалж, хамтран ажилласанд баярлаж байгаагаа Иван Анатольевич болон багийнхан нь илэрхийлж байсан юм.    

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд