В.Сайнбаяр: Их сургуулийн оролцоо бүс нутгийн хөгжилд чухал үүрэгтэй

‘Higher Education for Tomorrow’ сэдэвт сургалтын оролцогчдын төлөөлөл болон оролцоод ирсэн Баруун бүсийн ууган их сургууль буюу Ховд их сургуулийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу та сайн явж ирсэн үү. Саяхан та бүхэн Хонг Конгийн их сургуульд сургалтанд хамрагдаж, туршлага судлах арга хэмжээнд оролцоод ирсэн. Аяны богц дүүрэн үү. Сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-  Сайн, сайн байна уу. Сайн явж ирлээ. БСШУСЯ энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжил” -ийн жил болгон зарласантай холбоотойгоор олон чухал ажлуудыг зохион байгуулж байна.  Ийнхүү орон нутгийн их дээд сургуулиудын багш нарын хөгжилд анхаарал хандуулан манай сургуулиас дэд захирлууд Г.Амарзаяа, О.Мөнхжаргал нар болон миний бие гээд нийт улсын хэмжээнд 25 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцлоо. Дэлхийн топ их сургуулийн нэг болох Хонг Конгийн их сургуульд “Дээд Боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтын дэмжлэгтэйгээр 6 сарын 5-аас 14 хоног сургалтанд хамрагдлаа. Энэхүү сургалтын сэдэв нь “Дээд боловсролын маргаашийн чиг хандлага” гэсэн агуулгатай байсан. Сургалтын үндсэн илтгэгчид нь Хонг Конгийн их сургуулиудын профессоруудаас гадна Дэлхий Банкны дээд боловсролын шинжээч, судлаачид байсан. Бидний хувьд дээд боловсролын хөгжлийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, бусад орнуудын амжилт ололт, тэргүүн туршлагууд зэргээс ихийг судалж мэдэх томоохон боломж олдсон.

-Таны хувьд магистр, докторын зэргээ хаана ямар, чигэлүүдээр хамгаалсан билээ?  

-Би 2004-2007 онд ОХУ-ын Москва хотноо А.С.Пушкины нэрэмжит институтэд өдрийн аспирантурт суралцан Хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг хамгаалсан, 2012-2015 онуудад Японы Осакагийн их сургууль Антропологи, Боловсрол судлалын чиглэлээр магистрын зэрэг, 2002 онд МУИС-н Ховд дахь салбар сургуульд Хэл шинжлэлийн чиглэлээр магистрын зэрэг, 2001 онд МУИС-н Ховд дахь салбар сургуулийг Орос, Англи хэлний багш мэргэжлээр тус тус төгссөн.

-Дээрх сургалтын хугацаанд олж мэдсэн шинэ зүйлүүд юу байв?  

- Мэдлэгт суурилсан нийгэмд, их сургууль нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх гол хөшүүрэг болж байгаагийн дээр мэдлэгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хэмээн тооцогдож, инновацийн бүтээгдэхүүнүүд дээр онцгойлон анхаарах болсноор их сургууль, төр, бизнесийн гурвалсан холбоо эрчимжиж эхэлснийг онцолж байлаа. Үүний дүнд дэлхийн шилдэг их сургуулиудад судалгааны үйлдвэрлэл, патент, гарааны компани, хөрөнгө оруулалт хариуцсан шинэ нэгжүүд, эндоумент сан үүсч, их сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий бизнес харилцаанд орж амжилттай явж байгаа олон сайхан бодит жишээг ойлгож харлаа. Мөн технологийн дэвшлийн үрээр их сургуулиуд дэлхий даяар нээлттэй онлайн болон цахим хичээлүүдийг түгээж, энэ нь дээд боловсролын хүртээмжийг эрс нэмэгдүүлэн, дээд боловсролыг танхимын бус хэлбэрээр нийгэмд хүргэх хүрээг тэлэх болсон байна. Үүний үр дүнд олон шинэ мэргэжлийн чиглэлүүд бий болохоос гадна багагүй мэргэжил хуучирч хэрэгцээгүй болж байгаа судалгааны үр дүнг танилцуулж байлаа.

- Тэгэхээр судлаачийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг үү?

- Тэгэлгүй яахав. Глобалчлагдаж буй эрин зуунд багш, сурган хүмүүжүүлэгч хүн өдөр, сараар өөрөө хөгжихгүй тохиолдолд их сургуулийн багш зэрэглэлд тавигдах хамгийн доод шаардлагыг хангах боломжгүй болж байна гэсэн үг. Багш зөвхөн хичээлээ заачихаад гараад явдаг байдлыг их сургуулийн багш гэж тодорхойлох боломжгүйгээс гадна ажлын байрны шаардлагуудыг хангахгүйд хүрч байна гэж ойлгож болно. Дэлхийн жишгээс харахад Их сургуульдаа судлаач, профессор гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тухайн судлаачийн судалгааны үр дүн өндөр түвшний мэргэжлийн хэд хэдэн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн, ишлэл авагдсан давтамж, олон улсын төсөл удирдсан байдал гээд өргөн хүрээтэйгээр дүгнэгдэж байгаа нь сайшаалтай, шударга санагдаж байлаа. Мөн их сургуулийн багшид тавигдах анхан шатны соёл буюу хамгийн наад захын шаардлага бол ахисан түвшний англи хэл юм. Тэгж байж бусад өндөр түвшний судлаачдын мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, тэдний туршлага арга барилаас суралцах ач холбогдолтой гэдгийг анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Манай орны хувьд их дээд сургууль нь орон нутаг, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах тал дээр хаа хаанаа хандлага дутмаг байна. Тэгэхээр энэ тал дээр их дээд сургуулиуд өөрсдөө оролцоогоо нэмэгдүүлэхэд хэрхэн яаж оролцох нь зүйтэй гэж та харж байна вэ?

-Миний хувьд тантай санал нэг байна. Асуудал хаа хаанаа байна. Бүс нутаг, үндэсний хэмжээнд тулгарч буй хүн амын эрүүл мэнд, утаа, цөлжилт, ядуурал, ажилгүйдэл, инфляци, гэмт хэрэг, хүчирхийлэл зэрэг асуудлуудад шийдэл хайхад зөвхөн төр, бизнес дангаараа төдийгүй шинжлэх ухааны нэг салбар нэгж хариулт, шийдэл олох боломжгүй. Энэ тохиолдолд хамгийн төгс шийдэл бол их сургуулийн олон салбарын нэгдэл бүхий эрдэмтдийн оролцоог бий болгох юм. Мөн бүс нутгийн гэж хязгаарлах боломжгүй дэлхий нийтийн тулгамдаж буй асуудлуудад бүс нутаг өөрсдийн нөхцөл бололцоогоо дайчлан шийдлийг олж, өөрсдийгөө эрсдлээс аврах хэрэгцээ харагдаж байна. Үүнд: үер ус, цөлжилт, ажилгүйдэл, гэмт хэрэг, инженерчлэл, дэд бүтэц, даяарчлал, аялал жуулчлал, нийгмийн эрүүл мэнд гэх мэт.

Одоогийн бодит байдлыг дүгнэхэд манай судлаачид ч гэсэн өөрсдийнхөө санал санаачилгыг бодит ажил хэрэг болгоход хүчин зүтгэж идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа юм.  Хаана, хэн гэдэг эрдэмтэн, ямар сэдвээр, ямар судалгаа хийх гээд байгаа, юуг хийх боломж байгаа, юу хийгээд байгаа талаараа ч гэсэн төдийлөн мэдээллээ бусаддаа хуваалцдаггүйд бидний сул тал байна. Төр засаг, хувийн хэвшил, бизнесмэнүүд нь ч гэсэн бидэнд ийм судалгаа шинжилгээ хэрэгтэй байна гэж захиалагч хэлбэрээр их сургууль руу хандах нь түгээмэл бус сул холбоо хамааралтай байна гэж дүгнэж байна.  Хонг Конгийн их сургуульд бол судлаачдынхаа судалгааны бүтээлээс практикт нэвтрүүлэн зах зээлд сурталчлан борлуулж түншлэлийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний тод жишээ бол Хонг Конгийн  их сургууль нь нүүр, эрүү амны мэс заслын эмчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүн эгнээнд жагсаж, олон салбар эмнэлгүүдийг амжилттай удирдаж дэлхийн хэмжээнд танигдсан байна.

Ер нь өөрийн сурч байсан сургуулиуд болоод уншиж судалж байх явцад судалгааны их сургуулиуд асуудлуудыг олж, шийдвэрлэж мэдлэгийг үйлдвэрлэдэг цорын ганц байгууллага болохоор тухайн улсын Засгийн газар, бүс нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд судалгааны их сургуульд ихээхэн анхаарал тавьж харилцан ашигтай хамтран ажилладаг. Ингэж байж судалгааны их сургуулийн нөөц, эрдэмтдийн арвин туршлага, мэдлэгийг бүс нутгийн хөгжилд дорвитой бий болгож хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүйтэй. Ингэснээр, таамаглалаасаа илүүтэйгээр эрсдэл бага амсах, төлөвлөснөөсөө илүүтэй ашиг хүртэх гэдгээрээ олон ач холбогдолтой юм.

- Судалгааны үр дүн бодит хувь нэмэр оруулж байгаагийн тод жишээ гэж харж болох уу?

-Тиймээ. Хонг Конгийн сургуулийн нэг салбар болох анагаахын чиглэлийн сургуулийн шүдний тэнхим нь бие даасан 5 эмнэлэг байгуулж ажиллуулж зөвхөн судалгаа явуулахаас гадна сургуулийн хөрөнгө санхүүд дорвитой хувь нэмрээ оруулж байна. Мөн их сургууль нь зөвхөн оюутны төлбөрөөс шууд хамараах бус судлаачдын судалгааны үр дүнгээрээ санхүүгээ бэхжүүлдэг явдал нь чухал санагдсан. Энгийнээр хэлэхэд бүтээгдэхүүнээ цаасан дээр үлдээгээд байх биш, судалгаагаа эргэлтэнд оруулж байгаа тод жишээ энэ байна. Энэ сургалт, туршлагаас улбаалан олон сайхан санаа төрсөн. Өөрөөр хэлбэл, бид баруун бүс нутагт тулгамдаж буй, шийдэл хүлээж буй олон асуудлуудад Ховд Их Сургууль өөрийн оролцоог түлхүү бий болгосноор маш их үр дүнтэй ажлуудыг харилцан ашигтай хийх боломжууд байна. Манай сургуульд олон туршлагатай, мэдлэгтэй судлаачид ажиллаж байна.

- Танай сургуулийн хувьд энэхүү судлаачдын эгнээг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь энэ чиглэл, хандлага руу ороход хэрхэн бэлтгэгдсэн байгаа вэ?

- Манай сургуулийн нийт багш нарын 35 хувь нь /42/ судалгааны ажил бичиж докторын зэргийг хамгаалсан бөгөөд энэ нь 42 асуудлыг шийдвэрлэсэн, олж илрүүлсэн судалгааны үр дүн байна гэсэн санаа. ХИС-н эрдэмтдийн хувьд үндэсний хэмжээний судлаачдаас ялгарах давуу талуудтай. Үүнд: хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын нэртэй олонд танигдсан эрдэмтэн судлаачидтай хамтран Ховд Их Сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлүүд болох ойрад судлал, нийгэм эдийн засгийн судалгаа, угсаатан судлал, мөстлөг, өндөр уулын болон нуурын судалгаа зэрэг олон чиглэлийн судалгаануудыг амжилттай, чадварлаг гүйцэтгэж хамтран гүйцэтгэдэг.

Мөн баруун бүсийн ард түмэн, зан заншил, байгалийн тогтоц, ус, мөсний нөөц зэрэг судалгааны эх сурвалж, объектуудтайгаа ойр байж урт болон богино хугацааны ажиглалт, судалгааг тогтмол хийж байдгаараа энэ бүс нутгийн бүхий л сурвалж зөвхөн манай сургуулийн эрдэмтдэд л байдаг. Одоо бидний хувьд энэ бүс нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн төлөөллүүдтэй хамран ажиллаж оюуны бүтээгдэхүүнүүдийг бий болгох бүрэн боломжтой.   

-Тэгэхээр энэхүү сургалтын хүрээнд олж харсан зүйлсээс тань тоймлоод асуухад дэлхийн жишиг, хөгжлийн зам руу явахад хамгийн гол зүйл нь юу гэж харагдаж байна вэ?

- Орчин үеийн их сургуульд нөлөөлөх гадны нөлөөлөл болох хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын шаардлага, төр засгийн хөгжлийн болон нийгмийн бодлого, их сургуулийн чансааг тодорхойлох үзүүлэлт, даяарчлал, техник технологийн хурдацтай хөгжил зэргүүд нь их сургуулийг хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд тэлэх, нийгэмд илүү ойртох, үйлчилгээгээ нэмэгдүүлэх, чанаржуулах шаардлагатай гэдгийг онцлон хэлэх байна.  

Аяны богцоо задлан олон сонирхолтой мэдээлэл хуваалцсан танд баярлалаа.

Ярилцсан:  С.Ургамал

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд