Ховд Их Сургуулийн 40 жилийн ойд зориулсан захирлын мэндчилгээ

Их Алтайн нуруу дагасан олон угсаатны бүлгийн нэгдэл, олон соёлын зангилаан дээр орших Ховд хотод байгуулагдан хотоороо овоглон нэрлэгдсэн их сургууль маань 40 насны ойгоо тэмдэглэх түүхэн агшин тохиож байна.

1979 онд Ховд  их сургууль “Ховд дахь УБДС” нэртэйгээр анх байгуулагдах үед байгаль, нийгмийн ухааны тэнхим гэсэн 2 тэнхимтэй, 13 багш, 12 ажилчинтай, 110 оюутантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 29 мэргэжлээр бакалаврын, 13 мэргэжлээр магистрын, 6 мэргэжлээр докторын сургалт явуулдаг 150 орчим багштай,  үүний 44 хувь нь эрдмийн зэрэг цолтой, 70 орчим ажилтантай, 2400 гаруй суралцагчтай өнөр өтгөн хамт олон болжээ. Өнөөгийн дөчин жилийн өндөрлөгөөс эргэн харахад Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр 12800 орчим мэргэжилтэн гаргаж төгсөгчид маань сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөн ажиллаж буйг эхлэн дурдахад таатай байна. Төгсөгчдийн дотроос бүс, аймаг, улсын мэргэжлийн болон ур чадварын олимпиадын аварга багш нар, эрдэмтэн доктор профессорууд, төр нийгэм, боловсролын салбарын тэргүүний ажилтнууд, төрийн захиргааны удирдах ажилтнууд, бизнесийн салбарын захирлууд зэрэг олон арван шилдгүүд төрөн гарч “Ховдын багшийн дээдийн төгсөгч чанартай” гэдэг үнэлэмжийг нийгэмд бий болгон хүлээн зөвшөөрүүлж чадсан нь үе үеийн төгсөгчдийн маань сургуульдаа барьж буй хамгийн том бэлэг гэж үнэлэхээс аргагүй.   

Манай сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын нөр их ажлын хажуугаар байгаль, нийгэм, түүх соёлын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгааны ажил гүйцэтгэн олон арван судалгааны бүтээл нийтлүүлснээс гадна эл судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг, судлаачид уулзан ярилцаж цаашдын ажлаа төлөвлөдөг  “Баруун монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, соёл”, “Ойрад судлал”, “Хэл соёл, соёл хоорондын харилцаа” зэрэг олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг тогтмол зохион байгуулж оролцогчдын цар хүрээ нэмэгдсээр ирсэн нь бидний эрдэм судлалын хүрээнд бий болгосон нэг том амжилт мөн. 

Ховд их сургуулийн бахархахгүй байхын аргагүй баатарлаг түүх, монголын түүхэнд оруулсан их хувь нэмэр бол 1989 оны 12 дугаар сарын 07-ны үйл явц билээ. Энэ үйл явцыг Монгол улсын түүхийн ботид “Монгол орныг дэвшил хөгжлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөн байгуулалтыг эргэлт буцалтгүй болгож, Монгол орноо зогсонги байдлаас гаргаж, ардчилсан нийгэмд урган орох явцыг түргэтгэсэн ялгуусан том алхам байсан бөгөөд XX зууны Монголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл явц болох 1911-1912 он, 1921 оны үйл явдалтай эн зэрэгцэхүйц түүхэн ач холбогдолтой юм» гэж үнэлсэн байдаг билээ.

Эдүгээ Ховд их сургууль нь багш бэлтгэж ирсэн олон жилийн баялаг туршлагадаа тулгуурлан үндэсний болон баруун бүс нутгийн хөгжлийн урт, дунд хугацааны хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан тасралтгүй хөгжих чадвартай, төлөвшсөн инженер техникийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх үүднээс бакалавр, магистр, докторын түвшний шинэ хөтөлбөрүүдийг нээж амжилттай эхлүүлээд байна. Төрөлх сургуулийнхаа 40 жилийн ойг угтаж, сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх, сургуулиа судалгааны их сургууль болгон хөгжүүлэх, сургалт судалгааны орчин нөхцлөө сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ой угтсан бүтээлч арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна.

 Төрөлх сургууль байгуулагдсаны 40 жилийн ойгоо тус сургуулийн профессор багш нар, ажилтан, ажилчид, оюутан, магистрант, докторантууд сурлага хөдөлмөрийн өрнүүн амжилтаар угтаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ойн бэлтгэл ажлын хүрээнд БСШУСЯ-ны 43 сая төгрөгийн санхүүжилтээр Хэвлэлийн цех, Ирасмус төслийн 41 сая төгрөгийн санхүүжилтээр “Ахисан түвшний сургалт судалгааны лаборатори”, Ховд аймгийн ЗДТГ-ын 11 сая төгрөгийн санхүүжилтээр “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”, “Хөшөөт хөгжил” сангийн санхүүжилтээр Ахлах лицей  сургуульд 70 сая төгрөгийн их засвар, хичээлийн болон оюутны байрууддаа 20,0 сая төгрөгийн урсгал засвар, хичээлийн I байрны зарим хэсгийн сантехник, дээврийн 10,0 сая төгрөгийн засвар, БНХАУ-ын Шинжианы ажил мэргэжлийн сургуулийн 55 сая төгрөгийн хандиваар урлагийн заалны сандлыг бүрэн шинэчлэн сургуулийн сургалт судалгааны орчинг сайжруулах ажлууд хийгдснээс гадна багш, оюутны урлагийн анхдугаар наадам, “Эрдэмтний цаг” “Ахмад багш нарын сургалт-эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн” цуврал нэвтрүүлэг хийх, үе үеийн төгсөгчид болон (Ховд аймгийн 16 сум, Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг газруудад), ХИС-д ажиллаж байсан багш, ажилчдын уулзалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.

Хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр багш нарын мэргэжлийн зэргийг ахиулах, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх, залуу багш нарыг эрдэмтэн профессорыг дагуулан сургах, профессор Д.Батчулуун, Б.Цэрэнжав, Б.Даваадорж, М.Ганболд, С.Дорж нарын сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулах, “Хөдөөгийн ууган их сургууль-40 жилд”, “Манай эрдэмтэд”, “ХИС-ийн үе үеийн захирлуудыын дурсамж”, “Манай хамт олон-мөнхийн дурсамж, “Дурсамж дүүрэн-40 жил” зургийн цомог, “Ховд аймгийн атлас” зэрэг олон бүтээлүүдийг эрдэмтэн багш нарын хүчээр хэвлүүлэн нийтийн хүртээл болгоод байна..

Эрдэм шинжилгээний чиглэлээр ГХСС-иас “Хэл соёл соёл хоорондын харилцаа” сэдэвт хурал, БШТС-иас “Бүс нутгийн судалгаа, технологи” сэдэвт хурал, НХУС-иас “Ойрад судлал”-ын цуврал олон улсын эрдэм шинжилгээний бага хурлуудыг тус тус зохион байгуулж, бүрэлдэхүүний сургууль бүр эрдэм шинжилгээний бичгээ олон улсын жишигт нийцүүлэн хэвлүүлэхийг зорьж байна.

Бид Ховд их сургуулийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, эрдэмтэн профессор, багш ажилтан, албан хаагчид болон улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээлч хөдөлмөрөөрөө сургуулийнхаа нэрийг алдаршуулж байдаг мянга мянган төгсөгчдөөрөө бахархаж байдаг.

Ойг тэмдэглэх торгон агшинд биднийг дэмжиж, бидэнтэй байнга хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгж, ажил олгогчид, үе үеийн эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан, магистрант, докторант, төгсөгчид, бидэнтэй хамтран ажилладаг бүхий л  хүмүүст талархал илэрхийлэн төрөлх сургуулийн 40 жилийн түүхт ойн баярын халуун мэндийг дэвшүүлж, ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.          Баруун бүс нутгийн эрдмийн уурхай болсон Ховд их сургуулийн хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллацгаая.

Номын үйл дэлгэрэх болтугай.

                                                               ХОВД ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ДОКТОР, ПРОФ. Б.НЯМДОРЖ

 

             

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд