Ардын багш Х.Бадамсэдийн нэрэмжит Ховд аймгийн Булган сумын 12 жилийн 1-р бүрэн дунд сургууль - Сургалтанд эцэг эхийн хувь нэмэр

- Манай сургуульд “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төсөл хэрэгжсэнээр сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, сургуулийн өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдийн санал санаачлага нэмэгдэж байна. Сумын бусад байгууллага болон олон нийттэй түншлэж, хамтран ажиллах эхлэлийг тавьснаар нэн ялангуяа сургуулийн орчинд хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд зөвхөн багш нар сургуулийнхан гэлтгүй бүх нийтийн үйл хэрэг байх нь зүйтэй юм гэсэн сэтгэхүйтэй болцгоож байгааг бид маш чухал гэж харж байгаа юм хэмээн Булган сумын нэгдүгээр сургуулийн захирал С.Баярсайхан ярив.

Сургуулийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүд санаачлагатай оролцох болсон гэж та ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу гэхэд захирал

Тухайлбал манай эцэг эхчүүд сургуулийн сургалтын үйл явцад хяналт тавиад зогсохгүй үнэлгээ хийж ажиллаж байна

Сургалтанд эцэг эхчүүд үнэлгээ хийнэ гэхээр нэг л санаанд буухгүй байх чинь ийм ажлыг мэргэжлийн арга зүйчид болоод туршлагатай багш нар л хийх ёстой биш гэж үү гэхэд

Багшийн заах арга зүй, сэдвийн багтаамж, олгож буй мэдлэгийн чанар, үр өгөөж гэх мэт нарийн зүйлүүдийг бол тэгэлгүй яахав. Түүнээс гадна сургалтын үр дүнд нөлөөлдөг энгийн хүчин зүйлүүд ч олон байдаг. Жишээлэхэд багшийн ёс зүй, харилцаа, цаг ашиглалт, сурагч нэг бүртэй тэгш харьцаж, тулж ажиллах чадамж, сурагчдын хандлагад нөлөөлөх хүчин зүйлүүд, хичээл таслах, хийдүүлэх, эсвэл хичээл дээр байнга дэггүйтэж бусдыгаа уруу татах гэх мэт саар нөлөөнд автах, тэрчлэн сургалт явуулахад тохиромжтой орчинг бүрдүүлээгүй, анги танхим байнгын гэрэл гэгээ муутай, эсвэл өвөл хүйтэн, агааржуулагч тааруу байх гэх ч юм уу янз бүрийн хүчин зүйлсээс болоод сургалтанд саар нөлөө тусаж байдаг боловч түүндээ дасаад анзаарахгүй болчих явдал бий. Тиймээс энэ бүхнийг эцэг эхчүүд ажиглаж хяналт тавьж үнэлгээ өгөх нь илүү үр өгөөжтэй юм байна.

Нээрээ л тэр бүр анзаармааргүй зүйлүүд байх чинь. Тэхдээ үнэлгээ хийхтэй холбоотой бүх зүйлийг эцэг эхчүүд өөрсдөө зохицуулах уу, эсвэл

Үнэлгээний шалгуур асуултуудыг багш нар мэргэжилтнүүд эцэг эхчүүдтэй хамтарч бэлтгэнэ. Тэгээд хяналт үнэлгээ хийх ажлаа эцэг эхийн идэвхжиж дадлагажисан бүлгийнхэн дагнан гүйцэтгэнэ хэмээн хариулав.

Эднийх ийнхүү эцэг эхийн чадваржсан бүлгийг бий болгож, сургалын үйл явцад хяналт тавьж, зарим хүчин зүйлийг үнэлдэг шинэ арга барилыг бий болгох болсон гол шалтгаан нь сургуулийн үйл ажиллагаанд хүлээгдэж буй зүйлүүдийг олж харж тодорхойлсноос үүдэлтэй ажээ.

Тус сургуулийн хүрээнд анхлан байгуулагдсан “Олон нийтийн оролцоот сургууль” төслийн 8 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан гарааны сургалтанд хамрагдаж ирсэнийхээ дараа сургуулийнхаа багш, ажилчид, эцэг эхчүүд, орон нутгийн байгууллагуудын удирдлага болон төлөөллүүдэд сургалт зохион байгуулж, сургалтаас сурч мэдсэн стандарт аргачиллын дагуу сургуулийнхаа өнөөгийн байдалд хамтран үнэлгээ хийсэн бөгөөд үүгээр сургалтын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо, хамтын ажиллагааг бий болгох асуудал хамгийн ихээр үгүйлэгдэж байна хэмээн тодорхойлжээ.

Тэрбээр сургуулийн 31 багшийг таван баг болгон тулгамдаж асуудлыг тодорхойлуулахад дөрөв баг нь эцэг эхийн оролцоо тулгамдаж байна гэж гаргасан, мөн 25 ажилчдыг таван баг болгож тухайн асуудлыг үнэлүүлэхэд хоёр баг нь, 23 эцэг эхийн бүрэлдэхүүн бүхий таван багийн гурав нь, орон нутгийн 38 байгууллагуудын төлөөлөлүүдээс бүрдсэн зургаан баг зургуулаа дээрх асуудлыг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гэж гаргаж ирсэн болохоор эцэг эхчүүдийн оролцоо энэ сургуульд аргагүй л хэрэгтэй байгаа нь тодорхой болсон байна.

Хамтарсан багийнхан асуудлыг цааш нь нарийвчилж, эцэг эхчүүд сургуулийн ямар үйл ажиллагаанд оролцож ажиллах явдал ихээр дутагдаж байгааг тодруулахад хичээлийн үйл явцад сууж ажиглах, хяналт тавих ажил огт хийдэггүй нь илэрчээ.

Ингээд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө сургууль, багш нартай харилцаатай байдаг, боломжийн мэдээлэлтэй, идэвхтэй эцэг эхчүүдийг нэгтгэн эцэг эхийн идэвхжсэн бүлэг үүсгэж, улмаар дадлагажуулан, тодорхой чадвартай болгосноор багш нар болон холбогдох хүмүүстэй хамтарч сургалтанд хяналт тавих төлөвлөлт, арга зүйгээ боловсруулан, хяналт үнэлгээ хийж эхэлснээр барахгүй, эдгээр чадвар, дадал бүхий идэвхтэй бүлгээр дамжуулж, идэвх султай дийлэнх хэсгийг татан оролцуулах ажил ч зэрэгцэн өрнөж эхэлсэн байна. Сургалтын үйл ажиллагаанд хяналт тавихад эцэг эхчүүдийг оролцуулах ажил эхлээд 15 хүний бүрэлдэхүүнтэй идэвхтэй эцэг эхчүүдээр эхэлж байсан бол одоо 50 эцэг эх энэ ажилд тогтмол оролцдог болжээ. Мөн төрийн албан хаагчид, холбогдох ажил хариуцсан хүмүүс ээлж, ээлжээр ирж 20 удаагийн хичээлд сууснаар харилцан ойлголцол зузаарч, сургуульд зайлшгүй анхаарал хандуулах олон зүйл байгааг ажигласнаа, тэдгээрийг шийдвэрлэх чин эрмэлзлэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн нь ч бий. Сумын ЗДТГ-ын албаны хүмүүс гэхэд л сургуулийн номын сангийн орчин нөхцлийг сайжруулах 1.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлэхээр яриа хэлцэл үүсгэж эхлэв.

Үйл ажиллагааны явцад зөвхөн эцэг эх, төрийн албаныхан гэлтгүй түншлэгчид, олон нийтийг өргөнөөр оролцуулах нь өгөөжтэй гэдгийг анзаарсны үндсэн дээр сургалтын үйл явцад иргэд, олон нийтийн хяналт оролцоог сайжруулах боломжит хувилбарыг боловсруулан туршиж, судлан сайжруулж ажиллахаар шийдвэрлэцгээжээ.

Тэдний өмнөө тавьж ажилласан гол зорилтууд гэвэл

Сургалтын үйл явцад иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургуулийн удирдлагын зүгээс хяналт үнэлгээ хийх зааварчилгаа боловсруулах, туршин сайжруулах

Иргэдийн хяналтын бүлгээр дамжуулан, нийгмийн идэвх сул иргэд, төрийн байгууллагын төлөөллийг сургалтын үйл явцад зааварчилгааны дагуу оролцуулан хяналт үнэлгээ хийлгэх

Хяналт үнэлгээний дүнг сургуулийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлж, сайн туршлага үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх явдал байв.

Эдгээр үйл ажиллагааг өрнүүлсний үр дүнд бий болж байгаа бас нэг олзуурхууштай зүйл нь сургуульд итгэх эцэг эхчүүдийн итгэл сайжирч, хаа, хаанаа эерэг сайн хандлага харилцаатай болж буй явдал, басхүү нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж чаддаг эцэг эх, сурагчдын сайн дурын бүлгүүд нэмэгдсэн явдал гэдгийг захирал болон сургуулийн төслийн багийнхан, эцэг эхчүүд онцлохыг хүсэж байна.

Эдгээр үйл ажиллагааны явцад сурагч, багш, эцэг эх, олон нийтийн холбоо харилцаа өдрөөс өдөрт баяжиж байгаа нь анзаарагдах болов. Эцэг эхчүүдээс ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүдийн ахлагч Б.Оюундэлгэр, мөн Б.Сарантуяа, Х.Нарантуяа, Т.Баянцэцэг, Г.Лхагвасүрэн, Ж.Мөнхбилэг нар ахлах ангид танин мэдэхүйн ач холбогдолтой амьдралын ухаанд сургах сургалт, арга хэмжээнүүдийг санаачлан явуулах болов. Мөн дунд ангийн эцэг эхийн төлөөллийн ахлагч О.Мягмар, З.Ариунжаргал, Т.Цогням, Д.Оюунхүү, Н.Халиуна нар сурагчдын дүрэмт хувцас өмсөх байдалд хяналт тавих, ахмад настантай зөв мэндлэх, хүндлэх талаар яриа таниулга хийсний үр дүнд сурагчид дүрэмт хувцас өмсөж сургуульд ирэх явдал жигдэрч байгаа нь илт мэдрэгдэж байх жишээтэй. Ялангуяа бага ангид бүр сайн хэрэгжиж байгаа аж.

Цаашид сургуулийнхан маань сайн дурын бүлгийн гишүүдийг чадваржуулж, үйл ажиллагаагаа жишиг болгох, түншлэгчдийн цар хүрээг тэлж, олон талт харилцааг улам эричмжүүлэх, эдгээрийг өргөн олон нийтэд мэдээлж, сурталчилах тэрчлэн сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, бусдын туршлагыг судлах, сайн дурын бүлгүүдийг улам өргөжүүлж тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болгохын төлөө ажиллаж олонд жишиг болохуйц олон нийтийн оролцоот сургуулийг бий болгохоор итгэл дүүрэн ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд