Ангийн эцэг эхийн зөвлөл оролцооны тулгуур

Ховд аймгийн Манхан сумын ахлах сургуулийнхан Олон нийтийн оролцоот сургууль төслийн хүрээнд “Ангийн эцэг эхийн зөвлөл” хэмээх жишиг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ангийн эцэг эхийн зөвлөлийг бий болгохын учир нь эцэг эхчүүдийн санал бодлыг зангидан илэрхийлж, аливаа үйл ажиллагаанд бүх эцэг эхчүүд оролцох боломжгүй нөхцөлд анги бүрээс тэдгээрийн төлөөллийг хангах, сургуулийн хүрээн дэх бодлогын төлөвлөлт, хэрэгжүүлэлт зэрэгт аль ч ангийн эцэг эхийн төлөөллийг орхигдуулахгүйгээр оролцуулж, тэгш оролцоонд тулгуурласан, үр өгөөжтэй үйл ажиллагааг бий болгож хэвшүүлэхэд чиглэгдсэн юм” хэмээн сургуулийн захирал болон төслийн багийнхан тайлбарлаж байна.

Ийн зорилгодоо хүрэхийн тулд тэд Олон нийтийн оролцоот сургууль төслийг хэрэгжүүлж буй бусад сургуулиудын адил багш, сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлүүдийг хамруулан, гарааны сургалтыг зохион байгуулж, оролцсон бүх төлөөллүүдийн санал бодолд тулгуурлан тулгамдсан асуудлаа нарийвчилж, түүнийг шийдвэрлэхэд чиглэгдсэн эхний алхамаа гаргаж ирсэн байна. Энэ нь бага, дунд, ахлах анги гэсэн гурван ангиллаар тухайн ангилалд хамрах ангиудын эцэг эхийн зөвлөлтэй хамтарсан сурагчид, эцэг эхчүүдийн шинэлэг эрчимтэй харилцааг дэмжих ажлуудыг өрнүүлэх явдал байв.

Тухайлбал нэгээс тавдугаар ангийн бүх бүлгүүдийн дунд “Тоглох өдөр” нэртэй ажлыг зохион байгуулсан бөгөөд багш нар эцэг эхчүүдтэй хамтран сурагчдын тоглох хэрэглэгдэхүүнийг бэлтгэж, улмаар ардын уламжлалт оньсон болон хөлөгт тоглоом, шагайгаар шагалцах, мөн хөгжилтэй карт, сэтгэх чадварыг сорьсон тоглоомууд, үсэгт тоглоом зэргээр хүүхэд, эцэг эх, багш нар хамтдаа тоглох явцад тэдний хооронд илүү нөхөрсөг дотно, эвсэг чөлөөтэй харилцааг үүсгэх тэрчлэн хүүхдүүдийн хүсэл сонирхол, чадвар, авъясыг танихад ихээхэн дөхөмтэй зүйл болжээ. Тоглох өдрийн үйл ажиллагааны үр дүнг багш, эцэг эхчүүд хяналтын хуудсаар дамжуулан үнэлж, цаашид хэрхэн сайжруулах арга замаа ярилцаж "Тоглох өдөр”-ийг улирал бүрт зохион байгуулж байхаар шийдвэрлэснээр энэ нь хэвшил болохоос гадна цаашид улам баяжуулж, үр өгөөжийг нь хүртэхэд чиглэгдсэн эрэл хайгуулд хөтлөх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Зургаагаас ёсдүгээр ангийн сурагчдын дунд “сурагчдын өөрийгөө таньж мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгоход чиглэгдсэн “Би”-ийн өдрийг зохион явуулав.

“Би”-ийн өдрийн хүрээнд сурагчид өөрийн давуу ба сул тал, бусдад урам хайрлах, бусдаас уучлалт гуйх, бусадтай эвсэг нөхөрсөгөөр хамтран ажиллах эв дүйтэй болохын утга учрыг ойлгож, соёлт дадал хэвшилд суралцахыг хичээсэн бөгөөд энэ талаар багагүй мэдэгдэхүүнтэй болж, тодорхой ажлыг ч өрнүүлж амжсаны нэг нь тэд өөрсдийн давуу тал дээрээ тулгуурлаж, сул талаа арилгах зорилгоор “Ангийн дүрэм”-ээ өөрсдөө боловсруулан мөрдөж эхэлсэн явдал.

Би”-гийн өдрийн арга хэмжээ нь:

Би өөрийгөө мэднэ

Би бусдаас уучлалт гуйж чадна

Би бусдад урам өгч чадна

Би алдаагаа засч чадна

- Би бусадтай хамтарч чадна гэсэн сэдэлжүүлэх үгүүдийг уриа болгон явагдсан нь ихээхэн сонирхолтой болсон бол арваас арванхоёрдугаар ангийн сурагчдыг хамруулсан талархалын захидлын үйл ажиллагааг өрнүүлэхэд ахлах ангийн сурагчид маань багш нар, эцэг эхчүүд, найз нөхөд ангийн болон сургуулийн хамт олондоо захидлаар бодол саналаа илэрхийлж, дотно сайхан уур амьсгалийг өдөөн амьдруулсан нь бас л өгөөжтэй, гэгээлэг зүйл байсан юм. Ахлах ангийн багш Г.Мөнхцэцэг энэ талаар ярихдаа:

Сурагчид маань багш нартаа, гэр бүлдээ, найз нөхөддөө тэр бүр сэтгэлээ илэрхийлж хэлж чаддаггүй. Энэ үйл ажиллагаанд оролцсоноор тэдэнд маань ийм боломж олдож байгаа нь их ач холбогдолтой байна. Захидал харилцааны соёл мартагдаж байгаа өнөө үед ийм ажлыг сэдсэн нь сурагчид бодол сэтгэлээ бичгээр илэрхийлэх соёлд суралцах, мөн Монгол хэлнээ хэрэглэгдэхээ больж байгаа “Дугтуй” “Хунтуй” гэх мэт үгс эргэн сэргээгдэж, эдгээр үгийн утгыг мэдэхгүй сурагчид эх хэлнийхээ баялагтай танилцаж, үгийн сандаа үг нэмж байгаа нь сайхан зүйл болж байна” гэсэн юм.

 

 

Энэ талаар хэн юу хэлэв

Ангийн эцэг эхийн зөвлөл” дэд төслийн хүрээнд өрнөж буй ажлуудын талаар оролцогсод болон сурагчид, эцэг эх, багш нар санал сэтгэгдэлээ илэрхийлснийг та бүхэнд толилуулж байна.

 

1б ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Д.Бямбацогт:

Миний 3 хүүхэд энэ сургуульд сурдаг. ОНОС төсөл хэрэгжиж эхэлснээр эцэг эхчүүд илүү идэвхитэй болсон юм шиг надад санагддаг. Манай ангийн эцэг эхчүүд ярилцаж байгаад хүүхдүүдийнхээ сурдаг ангийн паркетан шалыг шинэчлэхээр боллоо. Би өөрөө бизнес эрхэлдэг учраас энэ ажлыг манлайлан заавал ажил хэрэг болгоно. Мөн сургууль, багш, эцэг эх болон хүүхдүүдийн хоорондын холбоог сайжруулахад санаачлага зүтгэл гарган ийм үр дүнд хүрч байгаа хэрэгжилтийн багийн хамт олонд баярлалаа.

 

6а ангийн эцэг эхийн төлөөлөл Л.Оюунцэцэг:

Би олон нийтийн оролцоот сургууль төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Би”-гийн өдрийн "Уучлалт гуйх" цаг дээр эцэг эхийн зүгээс оролцсон юм. Энэ үед хүүхэд бүр багш, аав ээж, дүү, ах эгч, ангийн найз нар болон сургуулийн үйлчлэгч нараас гомдоосон бол уучлаарай гэж уучлал гуйж байлаа. Эцэг эхчүүд бид гурван ангийн харьцуулалт хийсэн.

Гэр бүл

Найзын хүрээнд

Сургууль, багш нар болон үйлчлэгч нар гэж ангилсан.

 

Дээрх бүлгийнхний дунд хэн нь хэнээсээ уучлал гуйж, тоомсоргүй болон алдаатай зан байдал дахиж гаргахгүй байхыг илэрхийлсэн болохыг нь судлан тодруулж, хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуйж чаддаг, мөн уучилж чаддаг байх талаар халуун сэтгэлийн ярилцлага өрнүүллээ. Эцэг, эх бид нэг өдрийг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэхэд сэтгэл сайхан байсан. Цаашид ийм өдрийг уламжлал болговол сайн байна.

 

11-р ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн сэтгэгдэл:

Бүрэн дунд сургууль дээр ОНОС-ийн олон төрлийн ажлууд явагдаж, сурагч, эцэг эхийн холбоог сайжруулах, ОНОС-г нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжилтийн багийн гишүүд, багш нар, эцэг эх, олон нийтийн дунд сургалт, ахлах ангид талархлын аян явууллаа. Энэ аянаар талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн захиа бичих, мэндчилгээ дэвшүүлсэн нь сайхан байлаа. Аянд хүүхдүүд идэвхитэй оролцож байлаа. Ээж аав, ах эгч, багш, найз нөхөд гээд дотны хүмүүстээ таларлын захидал авч ирж өгсөнд баярлалаа. Үр дүнтэй, сэтгэлд ойр сайхан ажил боллоо.

 

Ахлах ангийн багш Г.Мөнхцэцэгийн сэтгэгдэл:

Энэ үйл ажиллагаа нь багш ажилчид, гэр бүл, үеийн найз нөхөд болон талархал илэрхийлэх бусад хүмүүст өөрсдийн чин сэтгэлийн үгээ хэлж баярласнаа илэрхийлэх боломжийг сурагчдад олгосоноороо тааламжтай байлаа.

Сурагчид маань багш нартаа, гэр бүлдээ, найз нөхөддөө тэр бүр сэтгэлээ илэрхийлж хэлж чаддаггүй. Энэ үйл ажиллагаанд оролцсноор тэдэнд маань ийм боломж олдож байгаа нь их ач холбогдолтой байна. Захидал харилцааны соёл мартагдаж байгаа өнөө үед ийм ажлыг сэдсэн нь сурагчид бодол сэтгэлээ бичгээр илэрхийлэх соёлд суралцах, мөн Монгол хэлнээ хэрэглэгдэхээ больж байгаа “Дугтуй” “Хунтуй” гэх мэт үгс эргэн сэргээгдэж, эдгээр үгийн утгыг мэдэхгүй сурагчид эх хэлнийхээ баялагтай танилцаж, үгийн сандаа үг нэмж байгаа нь сайхан зүйл болж байна” хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлцгээсэн байна.

Одоо та бүхэнд “Талархлын өдрийн зурвас” хэмээн бичиж ирүүлсэн 11а ангийн сурагч Л.Солонго сэтгэгдлийг хүргэе.

Талархалын өдөр”-ийн зурвас

Жаран дамжсан буурал түүхтэй зуун дамнасан бахархах гавьяатай

Наран тоонот цэнхэр гарагийн суу билэгт монголын ирээдүйг бүтээж, бүтээлцэж яваа бахархалт хүмүүс болон хайрлаж талархаж явдаг хүмүүстээ талархсан сэтгэлийн үгсээ хүргэх “Талархлын өдөр”-үүд Манхан бүрэн дунд сургуулийн ахлах ангиудын дунд ОНОС-ийн дэд төслийн хүрээнд V/1-V/5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэр болгон хэлж чаддаггүй талархсан сэтгэлийн үгсээ хайрлаж хүндэлж явдаг хүмүүстээ хүргэх боломж олдсон нь миний хувьд төдийгүй үед тэнгийнхэний дунд сайхан боломж боллоо.

Амь хайрлаж хүн болгосон нандин бүхний дээд гэр бүлдээ,оюуны мэлмийг нээж сурах үйлсийг хөтөлсөн ачит багш нартаа,эрч хүч урам зоригоор тэтгэдэг найз нөхөддөө, эрүүл таатай орчинд суралцах нөхцөлиийг бий болгож өгдөг ажилчин ах эгч нартаа бодлын чанад дахь сэтгэлийн үгсээ хэлхэж талархал дэвшүүлсэндээ туйлын баяртай байна.

Хариулж баршгүй их ачийг “Баярлалаа” гэдэг үг бага боловч нимгэлдэг “Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ” гэдэг. “Баярлалаа” гэдэг үг хүнд урам зориг итгэл найдвар өгдөг гэж би боддог. Тиймдээ ч бидний төлөө хийж бүтээсэн бүхий л сайн сайхан үйлсийнх нь төлөө баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлэх нь ачтан болсон хүмүүстээ өгөх хамгийн том “Сэтгэлийн бэлэг” юм. Сэтгэлийн амар амгалан амьдралын амар амгалан аз жаргалд хөтөлнө гэж бий боддог,бас итгэдэг. Бидний төлөө зориулж байгаа үйлс,бидэнд харамгүй өгдөг сайхан сэтгэлийнх нь төлөө баярласан сэтгэлээ талархал болгон хүргүүлж эрхэм хүмүүсээ урам зоригоор тэтгэх боломж олгосон ОНОС-ийн хэрэгжилтийн багийн хамт олонд баярлаж талархснаа илэрхийлж байна.

Манхан бүрэн дунд сургуулийн “ОНОС” дэд төслийн хэрэгжилтийн баг

 

Талархлын өдөр” зохион явууллаа.

 

Эцэг эхчүүд болон олон нийтийн байгууллагын төлөөлөл, дарга эрхлэгч нарт ОНОС-ийн сургалтыг явууллаа.

Энэ хүрээнд сургуулийн “Эцэг эх”-ийн зөвлөлийг шинээр байгуулан ажиллаж байна.

Анги бүр ангийн эцэг эхийн хурлаа 2017 оны 02 сарын 13-17-ны хооронд хийж ангийн “Эцэг эх”-ийн зөвлөлөө байгуулан ажиллалаа.

Ангиудын эцэг эхийн төлөөлөл нэг хүн оролцсон сургуулийн “Эцэг эх”-ийн зөвлөлийг 29 хүний бүрэлдэхүүнтэй 2017 оны 02 сарын 22-нд байгууллаа.

Сургуулийн “Эцэг эх”-ийн зөвлөл нь 2017 оны 03 сарын 06-ны өдөр анхны хурлаа хийж “эцэг эх”-ийн зөвлөлийн дотоод журам гарган батлаж, зөвлөлийн даргаа сонгож, мөн зөвлөл дотроо удирдах зөвлөл бага, дунд, ахлах ангийн төлөөлөл оролцуулан 6 хүний бүрэлдэхүүнтэй сонгож ажиллалаа.

Сургуулийн эцэг эх-ийн зөвлөлийн даргаар Д.Батмөнх сонгогдсон

Удирдах зөвлөлийн гишүүд

Ц.Сүглэгмаа

Л.Бурмаа

Г.Анхцэцэг

Б.Бадамцэцэг

С.Байгальмаа

Т.Санжидмаа нар сонгогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд