Түншлэлд суурилсан “Инээж буй сургууль”

Мөнххайрхан сумын сургуулийг “Олон нийтийн оролцоот” сургууль болгон өөрчлөх зорилгын дор нэгдсэн тус сургуулийн олон талт төлөөлөл бүхий баг Манхан суманд болсон гарааны сургалтаас ирээд, сурсан мэдсэн зүйлээ нутаг усандаа шингээх, улмаар өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлэх хүч нөөцийг улам зузаатгахын тулд сум, сургуулийнхаа хүрээнд сургалт, уулзалт зохион байгуулсан ба энэхүү сургалтанд 55 багш, ажилчид, 45 эцэг эх, мөн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 25 хүн, нийтдээ 125 оролцогч хамрагдав. Сургалтаар сургуулийн засаглал, бүтээлч оролцоо, чанартай үйлчилгээ гэсэн 3 дэд бүлгээр дамжуулан, “Олон нийтийн оролцоот сургуулийн 10 стандарт”-ын талаарх ойлголтуудыг өгч, тоглоомын болон бүтээлч оролцооны аргуудыг ашиглан сургуулийн үнэлгээг хийж, нэгтгэснээр цаашид хэрхэн ажиллах анхны дүр зургаа гаргаж авсан юм.

Гурван “өртөө”-нд хуваагдан ажилласан оролцогсод эцэст нь, сонгосон сэдвүүдийнхээ хүрээнд хийсэн үнэлгээгээ нарийвчилж, тодорхойлсноор:

Нэгдүгээр баг сайн дурын байгууллагуудыг идэвхжүүлж, хамтран ажиллах замаар сургуульд “эко” орчныг бий болгох

Хоёрдугаар баг сургуулийн сурагчдын амны хөндийн өвчлөлийг бууруулах

Гурав дугаар баг багш, эцэг эх хамтран сургалт зохион байгуулах, эцэг, эхчүүд сургуулиас хэрэгцээт сургалт авах замаар сургуулийн орчинд чадваржих, мөн өөрсдөө сурагчдад амьдрах ухааны хичээл зааж, дадал эзэмшүүлэх

Дөрөвдүгээр баг дотуур байранд цэвэр орчин бүрдүүлэх зорилтуудыг өмнөө тавьж хэрэгжүүлэх

Тавдугаар баг Сургуулийн үйл ажиллагааны төлөвлөлтөнд эцэг эхийн оролцоог хангахад чиглэгдсэн оновчтой загвар бий болгож, туршин хэрэгжүүлэх, сургуулийн эцэг, эхийн зөвлөл байгуулах, олон нийтийн оролцоог хэвшүүлэхээр тус тусын шийдэлд хүрцгээв.

Түүнчлэн эдгээр багууд дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд сумынхаа тодорхой байгууллага, газрууд болон түншлэгчидтэй хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээ байгуулж баталгаажуулсан ба нэгдүгээр баг Мөнххайрхан сумын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай, хоёрдугаар баг сумын эрүүл мэндийн төвтэй, гуравдугаар баг эцэг эхчүүдийн бүлэгтэй, дөрөвдүгээр баг сумын халуун усны газартай, тавдугаар баг сургуулийн захиргаатай цаашид түншлэн ажиллахаар тогтсон юм.

Нийт таван баг бүхий гурван “өртөө”-ний түншлэгч багийнхан маань дээрх зорилго, зорилтуудаа нэгтгэж цэгцлээд, “Олон нийтийн оролцоот сургууль” төслийн хүрээнд “Инээж буй сургууль” дэд төслийг хэрэгжүүлж, олсон үр дүнгээ хэвшүүлнэ гэсэн цаашдын үйл ажиллагааны ерөнхий дүр зургаа бий болгов.

Эцэг эхийн зөвлөлийг шинэчлэн байгууллаа

Тавдугаар багийн дэвшүүлсэн зорилтын хүрээнд сумын ЗДТГ-тай хамтран, сургуулийн хүүхдүүдийн бүх эцэг эхчүүдийг сургууль дээр урин, хэлэлцэж зөвлөлдсөний үр дүнд гурван сарын эхээр сургуулийн эцэг эхийн зөвлөлийг шинээр байгуулав. Тэрээр уг зөвлөл нь бага, дунд, ахлах ангийн сурагчдын, мөн дотуур байрны сурагчдын эцэг эхийн зөвлөл гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг бүхий бүтцийг үүсгэн, зохион байгуулагдсан юм.

Энэ зөвлөл нь шинэ тутам бий болж байгаа учир эцэг эхчүүдийн аливаа хэрэгт оролцох сонирхлыг дэмжих, оролцоог нь жигд хангах нөхцлийг буй болгох зорилгоор сургуулийн хичээлийн байранд эцэг эх, олон нийтийн хөгжлийн өрөө”-г шинээр нээж, тохижуулсан нь тэр даруйдаа үр дүнгээ өгч эхэлсэн.

Эцэг эхийн зөвлөлийн бүрэлдэхүүн хэсгүүд тус бүрдээ хариуцсан хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан, ажиллах арга барил, хүрэх үр дүнгээ төсөөлөн төлөвлөцгөөсөн ба, бага ангийн эцэг эхийн зөвлөл бага ангийн сурагчдын сурах хүсэл эрмэлзлийг идэвхжүүлэх, багшийн цаасны ачааллыг багасгах, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор эцэг эхчүүдийн дунд «Тусламжийн гар» сарын аяныг амжилттай зохион байгуулж, ангийн багш нарт эцэг эхчүүдийн зүгээс олон зүйлээр дэмжлэг үзүүлэн, ажилд нь байнга тусалдаг болов. Харин ахлах ангийн эцэг эхийн зөвлөл 9-12-р ангийн сурагчдын дунд, дөрвөн сарын сүүлч, таван сарын эхээр хоёр ч удаа амьдрах ухааны сургалт зохион байгуулж, сурагчдад, сур элдэх, хазаар ногт, чөдөр зангидах, дээл, хувцас эсгэх, оёх, цагаан идээ боловсруулах, мал ахуй адуулах анхан шатны мэдэгдэхүүн олгох ардын ухааны сургалт явуулж байгаа нь сонирхолтой болоод ач тустай зүйл болж байна. Мөн дунд ангийн болон бусад эцэг эхчүүд багш сурагчдын цаг ашиглалт, үдийн цай, дотуур байрны өдрийн хоолны байдалд тухай бүр хяналт тавьж ажиллах болсон юм.

Инээж буй сургууль” зорилтот “брэнд”-ийн хүрээнд олон талын оролцоот багийнхан маань хамтран сурагчид, сургууль, хамт олон, түншлэгчдийн холбоо харилцааг нягтруулах, дотно, эвсэг уур амьсгал бүрдүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн санаачлагуудыг ч хэрэгжүүлсэн юм. Тэр тухай доор товч үгүүлье. 

«Кофе time

Хүний тэр болгон анзаардаггүй ч өдөр тутмын амьдралд нь давтагдаж байдаг соёлын хэрэгцээ гэвэл олон нийтийн дунд биеэ авч явах дадал. Кофег хэрхэн зөв уух ч үүнд хамаардаг бөгөөд Инээж буй сургууль арга хэмжээний хүрээнд ахлах ангийн сурагчдад ийм чиглэлийн хичээл заасан нь тэдэнд их сонирхолтой байв.

Сурагчдад эзэмшүүлэх боловсрол нь ихэнхдээ бичиг үсэг, тоо бодлого гэх мэт үндсэн мэдлэг, чадвар олгоход чиглэгддэг боловч сэтгэлзүйн болон олон нийтийн харилцааны талаарх мэдлэг чадвар олгох асуудал ихэнхдээ орхигддог. Харин эдгээр орхигдсон чадварыг энгийн амьдрах ухаанаар нөхөх зорилгоор энэхүү цагийг үйл ажиллагааныхаа төлөвлөлтөд оруулсан хэрэг.

Ажил амьдрал дээр гараад найз нөхөдтэйгээ хамт явахдаа юу нь дээрээ анхаарах вэ, зоогийн газар, олон нийтийн газарт хэрхэн биеэ зөв авч явах вэ гэдгээс эхлээд олон зүйлийн хэрэгтэй мэдээлэл өгсөн, үр өгөөжтэй сургалт боллоо хэмээн ахлах ангийн сурагчид үүнд талархалтай хандаж байсан юм.

Хөгжилтэй уралдаан

Хацраа хонхойтол инээмсэглэе“ уриан дор хүүхдүүд маань шог зураг, гар утасны хөгжилтэй бичлэг, онигоо, хөгжөөнт тэмцээнүүдээр хоорондоо өрсөлдөж, 1 өдрийг хөгжилдэж өнгөрөөв.

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн сурагчид маань эцэг эх, гэр бүл, найз нөхдийн инээд наргиа, тоглоом улс төр, спортын алдартан гээд олон сэдвээр зургаа зурж, бичлэгээ хийсэн юм.

 

Инээмсэглэлийн булан”

 

 “Инээмсэглэл бэлэглэе“ уриан дор хүүхдүүд багш, эцэг эхчүүд болон өөр хоорондоо ба бусад хүмүүст талархсан сэтгэлээ илэрхийлэх инээмсэглэлийн буланг ангидаа нэмж байршууллаа.

10А, 11А, 9А, 8А, 7А, 6АБ ангиудын хийсэн ханын сонин болон “инээмсэглэл бэлэглэе” булан бусдаас илүү анхаарал татсан бүтээл болсон юм.

Бид бүхэн хүүхдүүүдээ чадах бүхнээрээ л баярлуулахыг хичээдэг. Харин таны эргэн тойронд янз бүрийн шалтгааны улмаас нүүрэндээ ч ховор инээмсэглэл тодруулсан өөдөсхөн үрс зэрэгцэн амьдарч байгаа.

Бид тэдэнд эцэг эхийн хайр, халамж үзүүлж чадахгүй ч, ядаж инээмсэглэл бэлэглэж чадна. Инээмсэглэл чинь тэр хүү эсвэл охиныг амьдралын итгэл рүү хөтлөх гүүр ч болох юм билүү. Ер нь хүүхдэд тийм их юм хэрэгтэй байдаггүй. “Сайн хүн болоорой” гэж чин сэтгэлээсээ хэлсэн үг, жаахан ч гэсэн сэтгэлийн бэлэг л тэдний амьдралд итгэх итгэл, сурах хүсэл зоригийг нь хурцалж байдаг.

Иймд бид ОНОС дэд төслийн хүрээнд “Инээмсэглэл бэлэглэе-2017” аяныг жилийн турш сургууль дээрээ зохион байгуулахаар болсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд