“Эгэх хариуцлагатай” эцэг эхчүүдийн нөлөөгөөр ...

Эцэг эхчүүд өглөө хичээл эхлэхтэй уралдан сургууль дээр ирцгээжээ. Багш сурагчид ч тэднээс хоцрохгүйг хичээж, сургууль руугаа яарцгаана. Хичээл рүүгээ алхаж буй залуухан эрэгтэй багш бугуйн цаг руугаа хяламхийх зуур “урьд нь тав арван минут хоцрох, хаая нэгхэн эхний цагийг цонхлочиход төдий л анхааралд өртөхгүй үлдэх тохиолдол байдаг асан. Гэтэл түрүүнээс хойш ийм боломж хумигдаваа хөөрхий” хэмээн бодохдоо үл мэдэгхэн мушилзах ажээ.

Хаалгаар ороход нь өнөөдөр сургууль дээр ажиллах ээлжтэй хяналтын бүлгийн эцэг эхчүүдийн нэг нь тосож угтсан бол бусад нь ангиудаар явж буй бололтой. Тэд бол уг сургууль дээр хэрэгжиж буй “Олон нийтийн оролцоот сургууль” төслийн хүрээн дэх “Эгэх хариуцлагатай эцэг эхчүүд” аяны үр дүнд бий болсон хяналтын бүлгийнхэн юм. Өглөө бүр яг л үүрэгт ажилтай юм шиг сургууль дээр ирнэ. Тэгээд багш сурагчид хичээлдээ цагтаа цуглаж байгаа эсэх, хичээл хэрхэн эхэлж явагдаж байгаагаас эхлээд хичээлийн завсарлага, сурагчид бас бахичээлдээ яш нар ч ялгаагүй хичээлдээ яаж хандаж байгааг хүртэл ажиглана.

Сургуулийн гадна, дотор орчныг цэвэрлэж, цэгцэлсэн эсэх, сурагчдын үдийн цайны амт чанар, орц хүртээмж ямар байгаа гээд тухайн өдрийн бүхий л үйл явдлыг хянаж, тэмдэглэл хөтлөх нь тэдний сайн дураараа хийж хэвшээд буй бараг л үүрэгт ажил нь гэхүйц. Ийнхүү хянаж ажиглах явцад илэрсэн аливаа зөрчилт зүйл, эсвэл шийдвэрлэхүйц асуудал зэргийг нэг бүрчлэн тэмдэглэж аваад, жижиг, сажиг зүйлийг багш нарт уламжилж, шийдвэрлэх томоохон асуудлуудыг бол сургуулийн эцэг эхийн зөвлөл болон удирдлагад дамжуулах замаар хэрхэн шийдэх гарц боломжийг эрэлхийлэхэд тэдний ажлын зорилго чиглэгдэг аж. Сурагчдын хичээлийн явцыг ажигласан хэд хоногийн ажиглалтынхаа дараа тэд ойрмогхон нэгэн санаачлага дэвшүүлсэн нь хичээлийн дэвтрээ цэвэр эдэлж, хэрэглэж сурах, зөв сайхан бичих соёлыг нь дээшлүүлэхийн тулд сурагчид болон багш нарын дунд цэвэр сайхан бичгийн аяныг өрнүүлэх явдал байв. Тэд энэ аянаа “Багш сурагчийн толь - Дэвтэр сурагчийн хөтөч” хэмээн нэрлэжээ. Эл аяныг дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын таван хүртэл явуулсны үр дүнд анги бүрийн хананд хичээнгүй бичгийн багашаархан үзэсгэлэн бий болсон юм.

Энэ мэтээр олон ажлуудыг эцэг эхчүүд түүнчилэн сургуультай түншлэн ажиллах болохуйц байгууллага, хамт олон түншлэгчдийн санаа бодолд тулгуурлан явуулах болсон нь чухам юунаас үүдэлтэй болохыг өөр нутгаас ирсэн ч юм уу энэ талаар сонсож мэдээгүй хүмүүс бол ер гадарлахгүй нь магад.

Цэцэг сумын сургуулийн болон олон нийтийн багийнхан маань өвөл нэгдүгээр сард Манхан суманд болсон “Олон нийтийн оролцоот сургууль” төслийн гарааны сургалтанд оролцож ирмэгцээ тэндээс сурч мэдсэн зүйлүүдийг өөрийн “дош”-н дээр туршин дэлгэрүүлэх зорилгоор шуурхай ажиллаж эхлэв. Чингэснээр тун удалгүй 20 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн буюу эцэг эхийн хяналтын бүлгээс гадна, өдий төдий идэвхжсэн эцэг эхчүүд, мөн олон нийтээр хүрээлүүлэх боломжтой болж, ёстой л нөгөө “хуучин юм ул, шинэ юм зул” болж эхэлж байгаа нь энэ гэх.

Сургуулийн багш, ажилчид, эцэг эхийн төлөөлөл, төсөвт байгууллагуудын төлөөлөл, түншлэгч, аж ахуй нэгж, компануудын төлөөлөл хамрагдсан дээрх сургалтаар төслийг чиглүүлэн ажиллаж буй аймгийн баг болон Боловсролын хамтын ажиллаганы нийгэмлэг” үндэсний ТББ-ын зааж сургасан арга зүйн дагуу бүгдээрээ хамтран, сургуулийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлон гаргаж, улмаар түүнийг хэрхэн эерэг сайнаар шийдвэрлэж, үр дүнд хүрэх талаар хэлэлцээд, юуны өмнө сургуулийн анги бүлгүүд тус бүрдээ эцэг эхийн хурлыг тухай бүрдээ бодит өгөөж авч ирэхүйцээр зохион байгуулж чадвал ихээхэн үр дүн авчирна гэдгийг олж харжээ. Цааш нь эцэг эх, багш, сурагчдын хамтын харилцааг эрчимтэй болгох, шинэ санаа сэдэл, санаачлагаа өөр хоорондоо солилцож, түгээн дэлгэрүүлэхэд хичээх, олон нийтийг үүнд татан оролцуулах гэх мэтийг ч төлөвлөн хэрэгжүүлэхээр тогтов.

Гэсэн ч санасан болгон амар бүтдэггүй хойно саад бэрхшээл ч нэг бус тохиолдов. Жишээлэхэд сургуулийн хорин бүлгийн эцэг эхийн хурлыг өмнө тохиролцсоны дагуу шинэлэг арга барилаар туршин зохион байгуулах болоход эцэг эхчүүд урьдынхаа хэвшил болсон зангаар ер олигтой цуглаж өгөөгүйгээс гадна цагаасаа хожигдох, хүрэлцэн ирсэн зарим нь их төлөв мэдээлэл муутай учир хэлж ярьж буй зүйлийн талаар ойлгохгүй байсны дээр санал зөрөлдөх, сөргөлцөх нь ч нэг бус гарав. Алслагдсан багийн болон уул уурхайд ажилладаг эцэг эхчүүдийн дийлэнх нь ирээгүй ба ирсэн ганц нэг нь их л яарч сандарсан, хам хум суусан болоод салахын түүс болсон байдал ажиглагдсанаас гадна нөгөө л багш нарыг чичлэн шүүмжилэх явдал ч орхигдсонгүй. Гэхдээ асуудлыг ойлгож, эерэгээр хүлээн авч, шинэлэг зүйлийг аль болох дэмжихийг хичээсэн эцэг эхчүүд ч олон байсан юм.

Эгэх хариуцлагатай эцэг эхчүүд төслийн баг маань эл бүхнээс шантралгүйгээр зорьсондоо хүрэх алхамуудаа төлөвлөж, зүтгэн хэрэгжүүлсэн нь

ОНОС-ийн төслийн багийнхан, анги удардсан багш нар, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран иргэд буюу эцэг эхчүүдийн сайн дураараа эвлэлдсэн хөндлөнгийн хяналтын багийг бий болгосон:

Сургуулийнхаа 20 бүлгийн анги тус бүрээр эцэг эхийн хурлыг зохион байгуулж, анги тус бүрээс ангийн эцэг эхийн хурлын ахлагч нарыг сонгосон

20 бүлгийн эцэг эхийн төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн төлөөллийн гишүүдтэй хамтран хуралдаж, ажлын тайланг хэлэлцээд сургуулийн эцэг эхийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталсан.

Эцэг эхчүүдтэй уулзалт ярилцлага хийж тулгамдаж буй асуудал, түүний гарц, шийдлийг тодорхойлсон

Сургууль, цэцэрлэгийн зөвлөл, иргэдийн хяналтын багийнхан багш, эцэг эхчүүд хамтран асуулга боловсруулж, сурагчдаас судалгаа авч, судалгаагаа нэгтгээд хийх ажлуудаа төлөвлөсөн явдал байлаа.

Ийнхүү цэгцлэж төлөвлөсөн ажил нь дараах алхамуудаар урагшлах болов.

Нэг дэх алхам: Бага ангийн 10 бүлгийн 240 суралцагчдын эцэг эхтэй харилцах дэвтэрээр дамжуулан харилцаж, сурагчийнхаа тухай мэдээлэл өгч, сургалт хүмүүжлийн ажлын талаар тайлагнан, харилцагч эцэг эхийн санал, бодлыг ажилдаа тусгахад чухалчилан анхаарах боллоо.

Хоёр дахь алхам: Эцэг эхчүүдийн санал бодлыг судлах судалгааны асуулгыг идэвхжсэн эцэг эхчүүдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, асуулга авч, цугларсан саналууд дээр дүн шинжилгээ хийх замаар эцэг эхчүүдийн саналд үндэслэн, ангийн хурлын загвар удирдамж боловсруулахаар ажиллаж эхлэв.

Гурав дугаар алхам: Эцэг эхчүүдийг хуралд урих урилганы загварыг эцэг эхчүүдийн саналд тулгуурлан гаргаж, улмаар урих хүмүүст хүргүүлэхдээ цаг хугацааны хувьд аль болох бололцоотой байлгахыг эрхэмлэн, хурал болох өдрөөс долоо хоногийн өмнө гар дээр нь тавьсан ба үүнийг цаашид хэвшүүлэхээр тогтов.

Дөрөвдүгээр алхам: Дунд анги буюу зургаа, долоо, наймдугаар ангийн сурагчдийн эцэг эхчүүдтэй ганцаарчилан уулзаж, биеэр уулзах боломжгүй нөхцөлд утсаар ярих замаар хүүхэд, эцэг эх, багшийн гурвалсан холбоог идэвхжүүлэн бэхжүүлэх, энэ харилцаагаар дамжуулж сурагчдын сурлага хүмүүжилд эерэг нөлөө, ахиц дэвшлийг бий болгохоор ажиллах болов.

Тавдугаар алхам: Хяналтын багийн идэвхижсэн 20 эцэг эх хуваарь гарган, өдөр бүр сургуулийн хүмүүжил, сургалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт, хяналт тавьж ажиллах болов. Хяналтын багийнхан маань багш, сурагчид өглөө бүр хичээлдээ цагтаа цуглаж буй эсэх мөн хичээлийн үйл явц болон завсарлага, сурагчдын дэвтэр, ном ашиглалт, үдийн цай, орчны цэвэрлэгээ зэргийг тогтмол ажиглан, улмаар илэрч ажиглагдсан зүйлсийн талаар сургуулийн зөвлөл болон багш нартай зөвлөлдөж, шийдлийг олоход хичээцгээж байна. Энэ нь сурагчдын төлөвшил хүмүүжил, хандлага, цаг ашиглалт зэрэгт ихээхэн нөлөөтэй болох нь тэр даруйдаа л мэдэгдсэн билээ.

Зургаадугаар алхам: Ахлах анги буюу ёс, арав, арваннэг, арванхоёрдугаар ангийн 100 гаруй сурагчид сурч мэдсэн зүйлүүдээрээ бүтээлийн үзэсгэлэн гаргаж, эрдмийн баяраараа эцэг эхчүүддээ танилцуулан, эцэг эхтэйгээ хамтран ажиллах сонирхолтой ажлыг төлөвлөн бэлтгэцгээж эхлэв.

Долоодугаар алхам: Иргэдийн хяналтын багийн гишүүд багш, сурагчдын цаг ашиглалтанд хяналт хийж үзээд, анги удирдсан багш нартай хамтран, завсарлагааны дэгтэй болгож, тэрхүү журмыг хэвлэн анги тус бүрд нь байршуулж, мөрдүүлэх болов.

Ийнхүү тус сургуулийн халуун бүл болсон “эгэх хариуцлагатай эцэг эхчүүдийн сайн нөлөө өдрөөс өдөрт арвижин түгсээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Нэр : Undarmaa

    Сэтгэгдэл : Bidni uil ajillagaag demjin ajilladag niit etseg ehchuud tunshlegch baiguullaguud mon zovlon tusladag Tormonh ahdaa arga zuich Batnasan bagshda bayarlalaa

  • Нэр : Түвшиннаран

    Сэтгэгдэл : Та бүхэндээ баярлаж талархаж байна. Бусдын төлөө хийсэн сайн үйл бүхэн Хорвоогийн жамаар буцаад буян болж ирдэг ээ

  • Нэр :

    Сэтгэгдэл :