“Аав ээжийн өргөө”-г амжилтанд хүргэнэ

Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын Зургаадугаар сургуулийнхан өөрийн сургууль дээр ‘’Аав ээжийн өргөө – Амжилтанд хүргэнэ’’ дэд төслийг хэрэгжүүлж байна. Ийм сэдвийг сонгож авах болсон нь эцэг эхчүүдэд сургалтын үйл явцыг таниулах, тэднийг энэ талаар тодорхой ойлголттой болгож, мэдээлэлтэй эцэг эхчүүдтэй хамтран ажиллах шаардлагаас үүдэлтэй аж. Дээрх дэд төсөл нь Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Ховд аймгийн 10 сургуулийг хамруулан хэрэгжүүлж буй “Олон нийтийн оролцоот сургууль” төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм.

Аав ээжийн өргөө”-г амжилтанд хүргэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эхлүүлэхдээ тус сургуулийнхан юуны өмнө сургууль дээрээ “Олон нийтийн оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулж, багш, эцэг эхчүүдийн төлөөллийг хамруулжээ. Улмаар сургуулийнхаа олон нийтийн оролцооны байдалд дүгнэлт хийж, тухайн чиглэлийн мэдээллийг сонирхсон хүмүүст нээлттэй хүргэх зорилго бүхий самбар гарган сурталчилах зэргээр цаашдын ажлууд өрнөх болов. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох нь нэн чухал байсан бөгөөд анхны сургалт, арга хэмжээний үеэр тийнхүү тулгамдсан асуудлаа оролцогч талуудын бүгдийн оролцоотойгоор тодорхойлон гаргасан нь цаашдын ажлын чиглэлийг улам тодорхой болгов.

Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд идэвхтэй оролцох бололцоог хэрхэн бий болгох, сурагчдын сурлагын амжилт, хөгжил, төлөвшилд нь яаж сайн нөлөө үзүүлэх, олон нийт болон бусад байгууллагуудтай түншлэж, сургууль руу чиглэгдсэн зохистой уялдаа, холбоо бүхий хамтын харилцааг ямар арга замаар бүрдүүлэх зэргийг хэлэлцэж анхны шийдлүүдийг гаргаж ирсэн нь “Аав эжийн өргөө”-г амжилтанд хүргэх бас нэг чухал хүчин зүйл болж байгаа юм.

Эдгээрт үндэслэн сургууль дээрээ сайн дурын болон түншлэлийн бүлгүүдийг үүсгэж, тэрхүү бүлгүүдийн төлөөллийг оролцуулсан идэвхжсэн эцэг эхийн бүлэгтэй болсноор төслийн хүрээнд төлөвлөгдсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах хүн, хүчний нөөцийг давхар бүрдүүлжээ. Ингээд эцэг эх, иргэдийн идэвхитэй бүлгээр дамжуулан сургуульдаа Хөндлөнгийн хяналт бий болгох, хөндлөнгийн хяналтын явцад илэрсэн мэдээлэл, дүгнэлтүүдэд тулгуурлан “Аав ээжийн өргөө – Амжилтанд хүргэнэ’’ нэртэй өргөөнөөс хэрэгжүүлэх ажлуудаа үе шаттайгаар төлөвлөн зохион байгуулж ажиллах болов.

Төсөл хэрэгжиж эхэлсэний дараахан идэвхжсэн эцэг эхийн бүлэг болоод төслийн багийнхан мөн ангиудын эцэг эхийн зөвлөлийн дарга нарын оролцоотой сургалт зохион байгуулж, сургуулийн өмнө ямар асуудал тулгамдаж байгааг тодорхойлсон бөгөөд үүгээр

Тус сургуульд сурагчдын өөрөө удирдах болон бусад сайн дурын байгууллагууд ажиллаж байгаа ч эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагааг төдийлөн сайн мэддэггүй.

Багш нар хичээлээ хэрхэн заадаг, хүүхэд бүрт ямар байдлаар ханддаг, ямар арга барилаар хүүхэдтэйгээ ажилладаг талаар эцэг эхчүүд хангалттай мэдээлэл байдаггүй.

Сургуулийн урианд олон талт хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх зохицуулалт байдаггүй.

Багш нарын хичээлийн хэрэглэгдэхүүн дутмаг байдаг зэрэгт онцлон анхаарах шаардлагатайг олж харсан байна.

Тэгвэл одоо “Аав ээжийн өргөө амжилтанд хүргэнэ” дэд төслийн хүрээн дэх сайн дурын бүлгийн үйл ажиллагааны гол зорилтууд нь дээрх асуудлуудыг шийдвэрлэж, эерэг үр нөлөөг авч ирэхэд чиглэгдэж байгаа тухай тэд ярьж байна. Сургуулийн хамт олон болон сайн дурын бүлгийнхэн хамтарч

‘’Аав ээжийн өргөө – Амжилтанд хүргэнэ’’нэртэй “өргөө”-г дотоод нөөц бололцоондоо түшиглэн байгуулж, байнгын үйл ажиллагаатай болгох

Хичээл практикийн зардалд идэвхжсэн эцэг эхийн бүлгийн гишүүдээр хяналт тавиулах аргачлал боловсруулж, түүнийг туршин хэрэгжүүлэх

Дээрх хяналтын үр дүнг сургуулийн зөвлөл болон салбарын байгууллагад тайлагнаж хэвших

Эцэг эхчүүдийг хичээлд урьж суулгах, хамтран үйл ажиллагаа явуулах.

Сургуулийн багш нар, эцэг эхчүүд, сурагчид болон сургуулийн эцэг эхийн зөвлөлт, түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны зохицуулалтын шинэлэг загварыг бий болгож, туршин хэрэгжүүлэх гэсэн ажлуудыг үйл ажиллагааныхаа гол хэсгүүд болгон ажиллахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар идэвхжсэн эцэг эхийн зөвлөл маань ангиудын эцэг эхийн зөвлөлтэй хамтран хичээлээс гадуурхи үйл ажиллагааны цагийг хөтлөн явуулж, хичээл практикийн зардалд хяналт тавин ажиллаж байна хэмээн төслийн багийн гишүүд мөн сайн дурын бүлгийнхэн өөрсдийн явуулж буй үйл ажиллагааны тухай мэдээллээ хуваалцсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд