ХИС-ийн захирал ажлаа хүлээлцжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын 2017 оны 06 сарын 08-ны өдрийн Б/01 тоот тушаалын дагуу ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд профессор В.Сайнбаяр томилогдлоо.

ХИС-ийн захирал асан М.Алтанбагана нийт багш, ажилчдад ажилласан хугацааныхаа хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Тэрээр тайлангийн хурлын эхэнд Ховд их сургуулийн төлөө гар, сэтгэл нийлэн хамтран ажилласан багш, ажилчиддаа талархсанаа илэрхийлж, шинээр томилогдсон захирал В.Сайнбаярт ажлын амжилт хүслээ.

М.Алтанбагана захирлаар томилогдон ирээд ХИС-ийн санхүүгийн нөхцөл байдлын шинжилгээ хийж, оновчтой, төлөвлөлттэйгээр алдагдалгүй төсөвтэй батлуулах, дулааны өрийн  асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэхийг зорьсон байна.

М.Алтанбаганы хувьд өнгөрсөн хугацаанд “ХИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ахалж, Үндэсний болон баруун бүс нутгийн хөгжлийн урт, дунд хугацааны чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл, эрэлт хэрэгцээтэй уялдуулан орон нутгийн тогтвортой хөгжлийн хэрэгцээг хангах, тасралтгүй хөгжих чадвартай төлөвшсөн инженер техникийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх үүднээс бакалавр, магистр, докторын түвшний 8 хөтөлбөрийг шинээр нээсэн. Уг хөтөлбөрүүдийг дурдвал бакалаврын түвшний цахилгааны инженер, барилгын инженер, уул уурхайн ашиглалтын технологи, үндэсний язгуур урлаг, магистрын түвшний боловсрол судлалын ухаан, хүрээлэн буй орчин судлал, төрийн захиргааны удирдлага, докторын түвшний боловсрол судлалын хөтөлбөрүүдийг шинээр нээн амжилттай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн орчин үеийн тулгуур салбаруудын эрэлт хэрэгцээг хангах, судалгааны их сургууль болохын хувьд “Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн”-г байгуулсан бөгөөд Asia-Pacific Network for Global Change Research (APN)-ийн 2 төсөл, олон улсын The Nature Conservation (TNC)-ий “Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийн малчдын ойлголт”, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр “Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын ногоон хөгжлийн төлөвлөгөө боловсруулах”, Шинжлэх ухаан технологийн сангийн суурь судалгааны 3 төсөл хэрэгжүүлж байна.

БСШУСЯ-ны суурь, бүрэн дунд боловсролын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу орон нутгийн эрэлт хэрэгцээ, өөрийн хүний нөөц, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний нөөц боломжиндоо тулгуурлан Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль байгуулан 2016-2017 оны хичээлийн жилд 11,12-р ангид 64 сурагч элсүүлэн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа эрхэлж байна.

ХИС-ийн аудитын тайлан, дүгнэлтийн хувьд 2013 оны санхүүгийн тайлан “хязгаарлалттай”, 2014 оны санхүүгийн тайлан “сөрөг”, 2017-2015 оны гүйцэтгэлийн аудит “сөрөг”, 2015 оны санхүүгийн аудит “сөрөг”, 2016 оны санхүүгийн аудит “зөрчилгүй буюу эерэг” дүгнэлттэй гарсан, 2017 оны төсвийн төслийг боловсруулсан хэмээн тайландаа дурдав.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд