Ч.Мөнхбаяр: АРАВ ДУГААР ЗУУНЫ ҮЕД ХАМААРАХ ИЙМ ИЖ БҮРЭН, ХОВОР ОЛДВОР УРЬД НЬ ДЭЛХИЙД БАРАГ ОЛДООГҮЙ

Монголын түүх, соёлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй судлаачдын нэг, археологич, түүхч, доктор Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн эрт үед холбогдох “Чемурчекийн соёл”-оор дагнан судалгаа хийдэг. Оны өмнөхөн Мөнххайрхан уулан дахь Үзүүр гялан”-гийн Х зууны үеийн морьтой оршуулгын судалгаа”-ны багт ажилласан ба Соёлын өвийн төв болон Үндэсний түүхийн музейтэй хамтран Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Хадан гэрийн соёл” шинэ олдворын үзэсгэлэнд судалгааны багийнхантайгаа хамт оролцож байгаа юм.

2016 оны хавар Монгол Алтайгаас “түрэгийн үе”-д хамаарах эмэгтэй хүний муми олдлоо гэсэн мэдээлэл цахим ертөнцөд маш хурдтай тархсан. Олдворыг /археологийн дурсгал/ малтан шинжилсэн гол хүмүүсийн нэг нь болохын хувьд малтлага, судалгааны талаар ярихгүй юу?

2016 оны хавар надаас мэдээлэл авч тухайн үед үүсээд байсан шуугианыг намжаах бодит мэдээллийг нийтлэсэнд их талархалтай байдгаа юуны өмнө илэрхийлье. 2010 онд Мөнххайрхан сумын Борт багийн нутаг “Үзүүр гялан”-гийн орчимд нутгийн иргэд барагшунгийн баас түүж байгаад тэндээс хадны оршуулга илрүүлсэн байдаг. Дараа нь 2015 оны 10-р сард Ховд аймгийн музей, Мөнххайрхан сумын соёлын төв, ЗДТГ-ын хамтран тус сумын нутагт түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллого хийх хээрийн судалгааны багийг ажиллуулсан бөгөөд орон нутгийн иргэн Д. Мөнхцоож, Ч.Алагаа нарын мэдээллийн дагуу бүртгэн баримжуулалт хийсэн юм билээ. Улмаар 2016 оны 4 сарын эхээр бидний нөхөд анхны малтлага судалгааг явуулж, олдворыг авран хамгаалах арга хэмжээ авснаар эдүгээ сэргээн засварлуулж, бусад байгууллагуудтай хамтран үзэсгэлэн гаргах боломжтой болж байгаа нь энэ юм.

Муммиг “Адидас пүүз” –тэй адилхан гуталтай байсан гэсэн нь нэлээд шуугиан тарих шиг санагдсан.

2016 оны 4 сарын 6-нд Ховд аймгийн музейн нүүр хуудсанд уг мэдээлэл анх цацагдсан. Уг нь би дурсгалыг малтахдаа адидас пүүзтэй явсан юм. Адидас пүүзтэй холбосон нь ийм алдартай болгоно гэж зүүдэлсэнгүй явлаа. Адидасын герман дахь салбар бүр бидний зураг сэлтийг оруулаад реклам хийчихсэн байна лээ.

Одоо бол монгол, түрэг оршуулга байсан гээд сэдэв нь өөр болоод хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна.

Энэ дурсгал төв Азийн хэмжээнд урьд нь олдсон дурсгалуудаас хамгийн хадгалалт сайтайд нь багтах ховор дурсгал гэж сонссон. Бас анхны малтлага судалгааг орон нутгийн зардлаар, орон нутгийн судалгааны баг гүйцэтгэсэн гэж сонссон.

Тиймээ уг мумми нь өмссөн хувцастайгаа, бас амьддаа хэрэглэж байсан хувцас, эдлэл хэрэгсэл, унаж байсан морьтойгоо байсан болохоор яах аргагүй иж бүрэн, хадгалалт сайтай олдвор юм. Нарийвчлаад тоочвол нийтдээ 50 гаруй олдвор гарсан. Хулганад зарим нь идэгдсэнийг эс тооцвол амбаар саванд тавьчихсан байсан юм шиг бүгд бүрэн бүтэн. Тэр дундаа мориных нь хөмсөг хүртэл хэвээрээ олдсон дурсгал дэлхийд байхгүй. Ховд аймгийн судлаачдын нэгдсэн баг гэдэг нь Ховд их сургууль, Ховд аймгийн музейн судлаачдыг хэлж байгаа юм. Бид гадны ямар нэг тусламж авалгүй хамтарсан судалгааг амжилттай явуулсан. Судалгааны зардлыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газар “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд шийдэн гаргаж өгсөн. Одоо уг хөтөлбөрийн нэр жаахан өөрчлөгдсөн. Цаашид бидний судалгааг өмнө нь гаргасан замын дагуу Ховд аймгийн удирдлагууд дэмжиж явуулна байх хэмээн ихэд найдаж байгаа.

Ер нь энэ олдвор юу, юугаараа чухал онцлогтой олдвор болж байна вэ?

Хамгийн бага зардлаар илрүүлж, гаргаж авсан хамгийн анхны иж бүрэн олдвор бүхий оршуулга, анхны бүтэн адуу, анхны бүтэн эмээл, хазаар, анхны мөрөвчтэй дотуур болон гадуур өмд, 4 хос малгай, 4 зах дээл, анхны нүүрийг боосон оршуулгын зан үйлийн илрэл, морьтой оршуулгын анхны эсгий хавтага бүхий хүрэл толь болон ясан сам, анхны эсгий гэртэй шавар ваар гээд нийт 51 ховор олдвор нь бүгдээрээ шинжлэх ухааны хувьд асар их ач холбогдолтой. “Хойт зүгт алтан гадас од” гэж байдаг бол Монголын баруун бүс нутагт илэрсэн уг морьтой оршуулга нь морьтой оршуулгын бүх зүйлийг нэг дор агуулсан сонгодог судлагдхуун юм. Бас тэгээд хамгийн хурдан үзэсгэлэн болж дэглэгдсэн, орон нутаг өргөн хэмжээгээр зохион байгуулалцсан, дурсгал гэдгээрээ онцлогой.

Яг хэдэн төгрөгөөр уг малтлага судалгаа хийгдсэн бэ?

Хүнд хэлэхээс, үзүүлэхээс ичмээр дамшиг даа гэдэг шиг, маш бага тоо /инээв/. 1 сая төгрөг дотор багтаасан гээд ойлгочих.

Гадны тусламж дэмжлэг гэж та юуг хэлээд байна?

Манай археологийн судалгааг зөвхөн археологийн хүрээлэн явуулдаг мэтээр олон нийт ойлгож иржээ. Бүр археологичдыг геологичид гэж эндүүрэх нь бий. Социолизмын үед геологичид их явдаг байсантай холбоотой юм шиг байгаа юм. Өнөөдөр Монгол улсад археологийн судалгаа явуулах эрхтэй байгууллага судлаачид маш олон болсон байна. Ажлын туршлага бүхий мэргэжлийн судлаачид баг болж судалгаа хийх эрх зүйн орчин ч бүрдсэн байна. Авран хамгаалах археологийн малтлага явуулах эрхтэй байгууллага гэхэд 7 байна. Түүний долоо дахь байгууллага нь алс баруун хязгаарт үйл ажиллагаагаа явуулдаг Ховд их сургууль байна л даа. Дээрх ойлголттой зэрэгцээд археологийн судалгаа зардал ихтэй учир гадаадын улс орны судлаачидтай хамтран хөрөнгөө босгож төсөл хэрэгжүүлэх нь нийтлэг. Бидний хувьд Улаанбаатар хотын археологийн судалгаа явуулдаг ямар нэг байгууллага, гадаадын улс орны хэн нэгэн судлаачтай хамтран хөрөнгө оруулалт хийлгүй анхны малтлагыг ХИС болон аймгийн музей хамтарч хийгээд байгаа. Яахав Ховд их сургууль 1989 онд Ховд төслийн хүрээнд Д.Наваан археологчийн удирдлаган дор Ховд аймгийн Манхан сумын нутагт 11 м гүн гүнжийн хэмээн нэрлэгдсэн хүннүгийн үеийн язгууртны булшны малтлагад, 1994, 2001 онд МУИС-ийн салбар байхдаа Оросын судлаачидтай хамтарсан мөнгөн тайга булш болон хиригсүүрийн малтлага судалгаа хийж байсан. Харин 2010 онд анхны бие даасан археологийн малтлага судалгаагаа Чемурчек булшинд явуулсан түүхтэй.

Судалгааг ямар байгууллагатай хамтран хийж байна?

Соёлын өвийн төв, МУИС-ийн проф Д.Түмэн, М.Мягмар, СУИС-ийн проф Б.Мөнхцэцэг гээд тэрчлэн хүссэн хүн болгонтой судалгааны мэдээллийг хуваалцаж, талаар хамтарч ажиллаж байгаа. Морьны ДНК-гийн судалгаа гэхэд АНУ, Турк, Герман, Франц гэсэн улсуудад хийгдэж байна.

Ийм хадгалалт сайтай, иж бүрэн олдвор байгаа гэж урьдаас бодож байсан уу?

Үгүй ээ. Санамсаргүй нээлт болсон. Хадны оршуулгыг урьд нь 2-ыг малтаж байсан. Хадны хөмгийг ашигласан хэмжээ овор багатай оршуулга байгаа байх гэж бодож бэлтгэлээ хангаж очсон. Гэтэл ганц өдөр авчихна гэсэн маань хоёр хоног гурван өдөр ажиллахад хүргэсэн. Энэ дамрамд хэлэхэд бидний ажилд гүн туслалцаа үзүүлж хоёр хоног ажиллахад гэртэй хонуулж, хооллон ундлаж байсан Мөнххайрхан сумын Борт багийн малчин Я. Цэрэндорж, 2 өдөр бүтэн археологич хүн шиг малтлагад биечлэн оролцсон Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан П.Сэмбэдорж, бидний ажилд цасан шамрагийг үл хайхран ирж хяналт тавин ажилласан Мөнххайрхан сумын Борт багийн засаг дарга Я.Очир, тус сумын байгаль орчны байцаагч Б.Булганчимэг, хадны оршуулгын нүхийг булахад тусалсан нутгийн малчид болох Я.Цэрэндорж, Х.Айлтгүй, Ч.Алагаа, Г.Атарсайхан, Д.Баянбат, Б.Шаржаа нарт гүн талархал илэрхийлье.

Хаврын мэдээлэл дээр та Үзүүр гялангийн оршуулгын хүн язгууртан хүн байгаагүй гэж хэлж байсан. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

Ихэд сайн хадгалагдсан хувцас нь бидний эдүгээ өмсөж эдлэж байгаа дээл шиг даавуу бөсөөр хийгдсэн бараг одоогийнх биш үү гэхээр олдвор гарч ирсэн. Тэгээд хүмүүс цахим ертөнцөөр язгууртан хүний муми, адидастай, цаг хугацаагаар аялагч хүн, оёдолчин байсан гэх мэтчилэн шуугиж эхлэсэн л дээ. Нийгмийн зэрэг дэвийн хувьд оршуулгын эд зүйл болон адууны хэрэгслээр харьцуулсан судалгааг түгээмэл хийсэн туршлагаас харахад уг эмэгтэй чинээлэг айлын авхай байсан бололтой. Яагаад гэвэл сайхь булшнаас гарсан хазаарын товруу, уялга сэлт нь хүрлээр хийж мөнгөөр цайрдсан болох нь сүүлд мэдэгдсэн мөн уг эмэгтэйн өмссөн хөдсөн дээл, шаргал өнгийн бөс даавуун дээлний хормой, тохой нь даавуу болон нимгэн эсгий нөхөөстэй байгаагаас харагдаж байна. Алтай – Соёны бүс нутгаас олдсон Курай булш мөн нийт 40 эмэгтэй булшнаас хоёр нь л байлдааны зэр зэвсэг, ховд дагуулсан байдаг нь ихэнх нь дайн тулааны үед үрэгдээгүй болохыг харуулж буйгаас гадна Монгол Алтай нь нүүдэлчдийн уугуул нутаг байсныг мэдэж болохоор байдаг. Бас Сонгдо эмнэлэгийн эмч нар үхлийн шалтгааныг нь толгойндоо хүнд гэмтэл авснаас болж нас барсан гэж тогтоосон байна. Судалгааны үр дүн үзэсгэлэнгийн катологи танилцуулга дээр хэвлэгдэнэ.

Оршуулганд оршоогдсон хүн хэдэн настай ямар антропологитой байсан юм бол?

Өнгөрсөн оны 4 сарын сүүлээр Соёлын өвийн төврүү уг оршуулганы олдворыг сэргээн засварлуулхаар явуулсан. Сонгдо эмнэлэгт хийгдсэн томографийн судалгааны дүнгээр 18–25-ны эмэгтэй хүн гэсэн бол антропологичид 30–40 настай эмэгтэйн хүн байсан гэж үзэж байна. Харин хүн судлалын үүднээс бол өргөн шанаатай монголжуу төрхийн хүн болох нь тодорхой байгаа. Цаашдаа ДНК-гийн шинжилгээний дүн гарах үед түрэг, эсвэл монгол хүний алин болох нь эцэслэн тогтоогдоно. Одоогоор бол дээл хувцасны хувьд кидан байх боломжтой, амандаа хаалт бүхий малгайтай байгаа нь түрэг оршуулга байж болох талтай мөн түрэг оршуулгын зан үйлээр оршоогдсон гэж үзэж болохуйц байна.

Оршуулгын он цаг, насыг тогтоосон уу?

2016 оны 6 сарын 14–20-ны хооронд Ховд аймгийн Засаг даргын хүсэлтээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ын сонгон илгээсэн Туркийн 5 судлаач Улаанбаатар хотод Соёлын өвийн төвд ирж Үзүүр гялангийн хадны оршуулгын судалгааг явуулсан. АНУ-ын "ВЕТА Аnалуstic" хэмээх лабораторид хийсэн 9 дээжийн судалгаагаар радиокарбоны он цаг X зуунд холбогдохыг тогтоосон нь эхний үр дүн болж байна.

Х зуун гэхээр Киргизын хаант улс, эсвэл Киданы үед холбогдоно гэсэн үг үү?

Яг он цагаар хөөвөл таны хэлсэн үед холбогдоно л доо. Гэхдээ хамтран ажилласан турк судлаачид Киргизын үед холбогдох хэдий ч тэр цагт түрэгүүд амьдарч байсан байна хэмээн мэдээлсэн. Урьдчилсан байдлаар олдворын гадаад хэлбэрийн харьцуулалтаар түрэг, киргиз, кидан улсын үед холбогдоно. Оршуулгын зан үйлд ашигласан нүүрний маск (малгайн амны хаалт хэсэг) Дундад Азийн VI–VIII зууны үеийн Согдын Афрасиаб сүмийн ханын зурагт байгаатай төстэй, ногтны зангидмал цулбуур Кидан хадны оршуулгатай адил, хазаарын мушгимал амгай нь түрэг гэхээсээ илүү Киргиз булшинд 5 удаа тохиолдож байсан олдвор байгаа. Уг оршуулгын хүн болон морины толгойн хандсан чиглэл, байр зүйн онцлогнь Алтай Соёны бүсэд мэдэгдээд буй түрэг угсааны улсын үед хамаарах 204 морьтой оршуулгын 70 хувь, Монгол улсад судалсан 30 гаруй морьтой оршуулгын 60 хувьтай тохирч байгаа. Хазаар, хөмөлдрөгө болон худраганы гурван дэлбээт товруу, дөрвөн өнцөгт навчин хээ бүхий өнцөгтэй уялга болон бусад хүрэл олдвор, өнгөт төмөрлөгийн химийн найрлага нь Алтай-Соёны бүс нутаг дахь түрэг угсааны овог аймгуудын археологийн олдворт хийсэн бүтцийн найрлагаас ондооших орон нутгийн найрлагатай байна.

Энэхүү ондоошлоос гадна адилслын давталт олон байгаа нь доктор Д. Түмэнгийн дүгнэсэнчлэн “Монголын баруун бүс нутаг биологийн хувьд ч, соёлын хувьд ч холимог төрхтөн, хоёр соёлын уулзвар мөн” гэснийг бататгах судлагдхуун гэж үзэж болно.

Хазаарын мушгимал амгай түрэг, киргизын үед холбогдоно гэж үзсэнийгээ тодруулахгүй юу?

Х зууны үеийн Кидан ханын зурагт дүрслэгдсэн эмээл Үзүүр гялангийн эмээлтэй хэлбэр адил байна. Гэтэл тэр эмээлийг хамт дүрсэлсэн морины амгай нь төмөр зуузайтай дүрслэгдсэн байгаа юм. Мушгимал амгай харагдахгүй байгаа нь оршуулгын зан үйл нь түрэг угсааны улсын үед холбогдох өөрөөр хэлбэл түрэг, киргизын хаант улсын үед холбогдох эдийн соёлын онцлогыг илэхийлж байна гэж болохоор. Бүр тодорхой хэлбэл Түрэгийн соёлын Курай шат МЭ IX зууны хоёрдугаар хагас, Киргизын соёлын Байконур шат буюу МЭ X зууны тэргүүн хагаст холбогдох оршуулга гэхээр

Эмээлийн хөмөлдрөгө, худрага нь хазаартайгаа адил товруу болон уялгатай байгаа нь түрэг оршуулга гэхээр, дээл нь кидан загвартай байгаа нь тухайн цаг үеийн хүчирхэг улс орон өөрийн соёлыг хүлээн зөвшөөрүүлсэн гэж ойлгоход хүргэнэ. Манж нар Өөлдүүдийг эзлээд гэзэг тав үс тавихыг шаардаж, өөрийн цамцны захтай адил дээл өмсгөсөн байдаг. Зүүнгар улсын ялгууртан эмэгтэйн дээл одоогийн Өөлд авгайн дээлнээс өөр бүтэцтэй байгаа явдал үүнийг батлаж байна. Бидний хүннү гэж нэрлэж заншсан ташуу лам энгэртэй дээл бас л ийм шалтгаанаар дөрвөлжин болсон түүхтэй. Магадгүй Кидан эмэгтэйг богтолж аваачаад зуурдаар нас барахаар нь түрэг оршуулгын зан үйлээр оршуулсан байж болох талтай.

Цаашид тус хадны оршуулгын хүн болон амьтны ДНК-аас эхлээд оршуулгын зан үйлд ашигласан зос хүртэлх бүх дээжийн эдийн иж бүрэн судалгаа хийгдэж дүгнэлт гарах үед харьцуулалуудад цэг тавих, онцлогийг тогтоох боломж олдоно байх хэмээн найдаж байна.

Үзүүр гялангийн олдворын талаар судлаачид ямар бодол, саналтай байна ?

Өнгөрсөн намар профессор А.Очир гуайтай хамт ажиллах завшаан тохиолдсон. Тэрбээр “Улаан хэрмийн дараа орох нээлт” гэж үнэлж тайланг бидний хэвлэсэн шиг загвараар гаргаарай гэж зөвлөсөн. Судлаачид ингэж үнэлж байгаад баярлаж урам зориг их орж байгаа шүү. МУИС-ийн багш доктор У. Эрдэнэбат судлаач анх мэдээлэл цахимаар цацагдах үеэс эхлэн Дугуй цахирын кидан булштай харьцуулах, модон ац хэлбэртэй эдлэлийн зориултын талаар мэдээлэл өгч байсан. Их тулхтай санагдсан. Нэгэнт цахимаар ихэд цацагдсан, Соёлын өвийн төвтэй санамж бичиг үзэглэсэн тул он цагийн мэдээлэл хийх зэргээр ХИС-ээс буюу малтлагын зохиогчоос шууд шалтгаалахгүй арга хэмжээг явуулж байгаа. Үндэсний түүхийн музей ч гэсэн Улаан үнээтийн олдвортой хамт өөрийн байрыг үнэ төлбөргүй ашиглуулан үзэсгэлэн зохион байгуулалцсан. Цаашид хууль журмын хүрээнд сайхан хамтарч ажиллана гэж бодож байгаа. Сүүлийн үед багаар ажиллахгүй бол үр дүнд хүрэхгүй болжээ. Археологи гэдэг багийн судалгаа. Ганцаараа археологи хийнэ гэдэг бараг л бүтэхгүй. Төсөөлөхөд 1 хиригсүүрийг 1 жил ганцаараа малтана гэсэн үг. Манайд лаборитор, тоног төхөөрөмж дутагдалтай учир гадаадын судлаачидтай ч хамтран ажиллаж байна. Д.Эрдэнэбаатар багш маань “Гол мод - 2” дурсгалыг яаж хүмүүст хүргэж, хэвлэж нийтлэж байна. Тэр их тэрэгтний гаргасан замаар л явья гэсэн бодолтой байна.

Гадныхан гэснээс энэ судалгаан дээр хамтран ажиллаж буй гадаад судлаачид тухайлбар Туркуудын хандлага ямар байна?

Зарим орны судлаачид тухайн салбарт олсон амжилт, туршлага зэрэг тулгуурлан жанжилах гээд байдаг. Өнгөрсөн социализмын үед тийм байсан бидний түүхийг бүр бичиж өгдөг байсан л байх. Гэтэл сүүлийн үед хамтран ажиллаж байгаа судлаачид улс төрийн бүр шашны өнцгөөс бидний түүхийг, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг өөрийн болгож, эзлэн түрэмгийлж байна. Туркийн ТИКА байгууллагын зохицуулагчаар ажиллаж байсан монгол судлаач эрдэмтэн Баруун аймгаас 2 түрэг бичээс шинээр илрүүллээ гэж бичсэн байна. Гэтэл нэгийг нь бид илрүүлээд тайлангаа биччихсэн байгаа байхгүй юу. Хүний юмыг жишим ч үгүй өөрийн болгож байгаа биз дээ. Бүр нэрийг нь өөрөөр нэрлээд явж байгаа юм. Одоогийн Туркийн элчин сайд өвөг дээдсийнхээ үеийн дурсгалын хамгаалж өөрийн болгож авлаа гэж ярилцлага өгсөн байна.

Энэ талаар З.Батсайхан, Д.Эрдэнэбаатар гээд манай археологийн акулууд удаа дараа нийтлэл гаргаж байна. Би ч санал нэг байдаг.

Тэгэхээр гадны судлаачдад аль нэг үндэстний /түүн дотор бидний/ түүхийг өмчлөх, соёлыг эзлэх санаархал ч байдаг хэрэг үү?

Анхаарах ёстой асуудлуудаас ганц хоёрыг л онцлоё л доо. Хятадууд хилээр түүвэр олдвороос эхлүүлээд хүн чулуу ч хүртэл авч байна. Казахстанд манай орноос хүн чулуун хөшөө гарчихсан, тэр нь бүр нийтлэгдчихсэн байдаг юм билээ. Одоо хятадад гадны археологич хөл тавьж малтлага хийгээгүй байна. Тэгээд яадаг гэхээр социолизмын үед маоизм байсан нь одоо хятад төвийн үзэл болоод шар үстэй скиф оршуулга байхад хятад гээд л бичээд байгаа байхгүй юу. Түүнтэй адил Оросууд скифийн үе гэж өөртэйгээ буюу славьянчуудтай холбоотой археологийн нэг бүхэл бүтэн үе гаргаад Монголд байгаа хиригсүүрийн соёлыг түүний түрүү үед оруулаад монгол болон холимог төрхтэй хүмүүсийг түрүү скифчүүд байсан гэж л өмчлөөд байна. Тэгвэл урд талд нь Хятад аймаг, төр улс, Ард талд нь Скифүүд түрүү, дундад, хожуу үедээ амьдарч байсан юм бол Монгол ДНК-г бий болгож, бусад тивүүд рүү тараасан Батсуурь гуайн хэлээд байгаачилан Монгол нутагт чулуун зэвсгийн үеэс Y хоромсомтой, 1100 гаруй буган чулуу, хэдэн арван мянгаар тоологдсон хиригсүүр, булш бүхий Монголын олон овог аймаг, төр улсын түүх яах юм бэ.

Дээрх болон үүнтэй адил асуудалд манайхан ямар байр суурь баримталж ажилладаг вэ?

Монгол гэж цээжээ дэлдэхээс илүү баримтыг илүү бодитой шинжлүүлэх тал дээр анхаарч байгаа. Багш маань хэлсэн л дээ “Ямар ч гавлын яс байсан. Хот руу явуул Түмэн гуайгаар антропологийг нь тодорхойлуулна” гэсэн үүрэг өгсөн. Хоёр ч гавлын яс, гурван бүтэн хүний араг яс явуулаад байгаа. Үүний нэг нь Мөнххайрханы булш. Заримыг нь Улаанбаатар их сургуульд илгээсэн. Хариу нь ирэлгүй чамгүй хугацаа өнгөрч байна.

Ер нь гадны судлаачидтай хамтарч ажиллахад судалгааны талаар санал дүгнэлт зөрөх тал бий юу?

Тийм явдал байдаг тухйалбал хүннүг баруун талаас гаралтай гээд пазырыктэй холбох ухааны юм ярьж зарим хүмүүс зөвшөөрөхгүй байна. Манай хүрлийн үеийг карасукаас гаралтай гэж социалимзын үед нэгэн сэдэвт бүтээл гаргачихсан байдаг. Харин сүүлийн үед эдгээрийг залруулах хандлагууд бий болж, “Зам”-ын соёлыг гэхэд одоо Төв Азиас үүсэлтэй гээд баримтанд тулгуурлаад дүгнэдэг болсон байна. Манай орос хамтрагчид гэхэд дээр өгүүлсэн 28 чемурчек булшны нэгээс нь гарсан хүний гавлын ясанд монголжуу шинж байна гэж тодорхойлсон. Баримт хөдлөшгүй учир бас шууд сибирээс гаралтай гээд өмчилчихгүй байгаа юм. Энэ тодорхойлолтыг Сибирь уулын Алтайгаас гарсан бүх гавлын ясанд тодорхойлолт хийдэг шилдэг антропологич хийсэн.

Үзүүр гялангийн судалгаанд анх морьтой оршуулганд тохиолдож байгаа дөрвөлжин хэлбэртэй хүрэл толины хагархай гарсан. Оросууд ийм олдвор толгойн орчимоос гардаг. Шүтлэгийн зориулалттай хүзүүний зүүлт бололтой гэж дүгнэсэн байна. Нэг зүйл тайлбарлахад соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд сэргээн засварлалт 90 хувьтай байгаа гэж ярихдаа уг дөрвөлжин тольны хэлтэрхийг хүрэл толь гэсэн байна лээ. Энэ нь эсгий хавтаганд самны хамт хийсэн тольний хагархай байсан. Дээрх хоёр дүгнэлтийн аль аль нь ташаа юм. Манай тэнхимийн эрдэм шинжилгээний бичигт малтлага болон харьцуулсан судалгаагаар өгүүлэл гарна. Түүнд энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Гадныхнаас гадна судлаачид хөдөө, хотын ялгаа гаргах явдал бий юу, тийм байж магадгүй юм шиг санагдлаа?

Загатнасан газар маажих шиг асуулт тавьлаа. Хотын судлаачид хөдөөгийнхнийг гадуурхах нь бий л дээ. Өөрсдийгөө анхдагч гэж “его” төвт үзэл гаргах, зүүнтний нялхасын өвчинөө илааршуулж чадаагүй нөхдүүд бий. Бид “барын сүүл байхаар батганы толгой бай” гэдэг зарчим барьдаг. Интеграци байх ёстой гээд бүх зүйлээ найр тавиад өгөөд байвал бас боломгүй. Зарим ч улаан цайм чихэр өгч хүүхэд хуурч байгаа юм шиг аяглах нь бий. Идэвхитэй судалгаа явуулж байгаа бүх археологичид биш л дээ. Одоо 70 гаруй археологич түүний 30 гаруй нь доктор судлаачид байна. Тэдгээрийн цөөнх нь.

Орон нутагт бид ажиллахын зэрэгцээ амьдарч байдаг. Төвөөс алслагдах тутам юмны үнэ, тээврийн зардал нэмэгддэгийг бид мэднэ. Одоогийн төвийн судлаачид биднийг хямдхан хөдөлмөрийн хэрэгсэл болгох гээд байна гэдгийг би урьд нь ч хэлж байсан. Ийм судлаачидтай хамтархаар тэнгэр хангай нь ч хавчаад байх шиг санагддаг. Тус тусдаа л явж байсан нь дээр. Эдгээр судлаачдыг төрүүлсэн багш нар нь тийм ч жудаггүй аашлаж байсангүй. Хамтраад ажилладаг бүтээлээ хэвлүүлдэг байсан. Академич Ч. Далай гуай “Хөдөө хотын шинжлэх ухаан гэж байхгүй” гэж үзсэн байдаг. Бас нэг үг хэлэхдээ “Олон ургалч үзлийн найралдаан дунд” гэж өнөөгийн шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн чиг хандлага ямар байхыг дурдсан нь бидний цаашдын ажилдаа баримтлах зарчим гэж боддог юм.

Эрэлттэй холбоотой мэргэжлийн судлаачдын тоо борооны дараах мөөг шиг олширч байгаагаас тэдгээрийн чанар, мэргэжлийн ёс зүй, соёл дээр анхаарах хэрэгцээ гарч ирж байх шиг. Бид харилцан ашигтай хамтын ажиллагаанд хэзээд бэлэн. Үзүүр гяланг сонирхсон хүн болгонд бид нээлттэй. Эхнээсээ гэрээгээ байгуулаад ажиллаж байна. Үндэсний музейг бид байраа түрээсгүй мөн хамтарч ажиллаж байгаа тул үзмэрийн тасалбараас олсон ашигаас хувь нэхэхгүй байгаа. Дурсгал маань хүнд танигдаг гэж бодоод рекламд зөвшөөрөлгүй бидний зураг, олдворын талаарх мэдээлэл ашигласан гэж “Адидас” фермээс мөнгө нэхэмжлээгүй байна. Ер нь одоо “аягын чинээ шар тосонд амьтан бүхэн шимтэнэ” гэгч болж байна. Олон улсын нэг судалгааны компани цаг хугацааны хувьд давтагдсан 10 тайлагдашгүй нууцад уг олдворыг оруулчихсан байна. Энэ талаар яруу найрагч, сэтгүүлч Г.Төрмөнхийн бичсэн нийтлэлийг хүмүүс уншсан байх. www.ugluu.mn/251270.html. “Монголын археологи–2016-ын шилдэг тав”-д энэ дурсгал багтаагүй байхад Олон улсын судалгааны том компани сонирхолтой өнцгөөс нь олж хараад, тэгж үнэлсэн байгааг манайхан юу гэж үзэж байгаа юм бүү мэд. Дашрамд хэлэхэд Мөнххайрханы цогцолбор газрын онол практикын хуралд хэлэлцүүлсэн Үзүүр гялангийн малтлагын эхний үр дүнгийн талаарх илтгэл маань твитер, фасебүүк мөн академийн цахим талбарт тавигдсан байгаа https://t.co/ZEl8xUSnp3

Сүүлийн үед хууль бус малтлага их хийх болсон гэж сонссон. Энэ талаар та ямар бодолтой байна ?

Төр засгаас бодлого боловсруулаад арга хэмжээ авч эхлээд байна. Мод огтолсон этгээдэд арга хэмжээ авдагтай адил машиныг нь улсын орлог болгож байж, тохиолдол бүрт хариуцлага тооцуулж байж гайгүй болох байх аа. Төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй. Манай судалгааны анги Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт ажиллаж байхад бидэнтэй зэрэгцээд нэг булшийг тоночихож байна. Урьд өдөр нь далан болон чулууг тараачхаад, тэрийг нь цэвэрлээд, оршуулгын тагийг үлдээгээд явхад орой нь ирээд булшны таг чулууг авч ясны байрлалыг хөдөлгөөд шинжлэх ухааны ач холбогдолыг алдагдуулаад хаячихаж байгаа байхгүй юу. Зөвшөөрлийн хуулбарыг өгч явуулаад өөрөө хойноос нь очиж баталгаажуулалт хийнэ гэж байхад сумын удирдлагууд нь судлаачид дээр явж очсоноо, нөгөө муу хэдэн оросуудыг чинь жагсаагаад, алхуулаад, торгоод, малчин нь хүртэл миний өвс хаддаг талбайд буусан байна гээд шүүхээр шийдвэр гаргуулаад хэдэн ч билээ машин өвсний үнэ нэхжмжилж байна. Тонуулчдыг нь цагдаад өгөхөд цагдаа, прокурор нь гэмт хэргийн шунахайн сэдэл алга гэсэн шийдвэр гаргаад, давж заалдах хугацаа нь өнгөрсөн хойно хүнээр өгч явуулж байна. Өнгөрсөн жил гэхэд түүхийн дурсгалыг ийм байдлаар тоносон тохиолдол улсын хэмжээнд 28 гарсан гэж уншсан. Тэр болгон яаж шийдэгдсэнийг мэдэхгүй юм.

Тэгээд археологичид бид судалгааны ач холбогдлыг хүмүүст сайн тайлбарлаж, ойлгуулах ёстой гэдгийг ухаарсан. Зарим мэдээлэгчид ашиг олж халааслах гэж байгаа мэтээр археологичдыг хардаг юм билээ. Малчид иргэд болоод археологичдийн дунд ийм үл ойлголцол үүсэх, малчид түүхийн дурсгал тонох зэрэгт өнөөдрийн амьдралын нөхцөл, төр засгийн бодлого ч нөлөөлж байна. Тэдний ихэнх нь мал цөөтэй, амьдралын баталгаа бараг байхгүй, түүхий эдийн үнэ ханш асар доогуур, дээрээс нь хятадаас малын өвчин дэлгэрүүлээд, дараа нь вакцин шахдаг хөөрхийлөлтэй үзэгдэл ч байна шүү дээ. Монгол ухааны талаар судалдаг нэр бүхий судлаач “бид 90 онд таван зуун мянган доллараар энэ “ардчилсан хувьсгал гэж цоллоод байгаа зүйлийг” имфортлосон гэж түүхэн үнэнийг хэлээд, энэ тоглоомын дүрмээс бусад орон шиг татгалзахыг “Эрин зууны дуудлага” нэвтрүүлгээр санал болгосон шүү дээ. Гучаад жилийн турш жил дараалан, хэлбэлзэлгүй, шугаман уналтаар мөнгөний ханш нь унаж байдаг, ийм эдийн засагтай улс орныг бий болгох гэж “ардчилсан хувьсгал” гэдэг юмыг хийсэн хэрэг үү гэдгийг одоо ухаарах цаг нь болсон баймаар

Чемурчек тахилгын байгууламжаас гарсан хүний дүртэй чулуун онгоны талаар мэдээлэл өгөхгүй юу?

“Чемурчекийн соёл”-оор дагнан судалгаа хийж 29 булш одоогоор малтсан. Өөрийн докторын ажилдаа, 28 булш оруулсан гэж үзсэн ч энэ чулуун онго бүхий тахилгын байгууламжийг малтаад, нэг нь тахилгын байгууламж болохыг мэдсэн. Хүн байхгүй оршуулга юм байх гэж бодож байсан. Судалгааны ажил энэ байдлаар л нарийвчлан явагдаж байна. Энэ жил 3 булшийг нэмж малтахаар хүсэлтэй яамны мэргэжлийн зөвлөлд уламжлаад байна. 2015 онд Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутаг Хар чулуутад чемурчек тахилгын байгууламжийн малтаж хүний дүрслэл бүхий чулуун онго 10-аадыг олсон. Сибирьт тохиолддог ч манай Алтайд салхи хагалсан олдвор. Хадны зурагт бөө хүний зургийг зурсан байдагтай ялгаагүй жижиг бичил хавтанд дүрслэн зурчиж зураад тахилгын байгууламжийн нэг газар дарж үлдээсэн онцлог дурсгал байгаа. Өнгөрсөн онд үр дүнг нь Рерихын гэр музейн санхүүжилтээр хамтрагчидтайгаа Оросод хэвлэсэн. Өмнө нь Д.Эрдэнэбаатар багштай малтлаганд нь орж байсан булшны үр дүн 2014 онд гарсан. А3 хэмжээтэй хүн цохиод унагачихаар бариучтай бүтээл болсон.

Таньд өөр содон, нээлтийн шинж чанартай олдворууд юу байна?

Археологид 10 жил ажилласан ойгоороо дурсамжийн ном гаргасан. Энэ номонд гурван олдворыг онцолсон бий. Эхнийх нь Монгол Алтайн нүүдэлчдийн бөс даавуу болон алтан эдлэлийн судалгаанд холбогдох олдвор. Нөгөө нь чемурчек булшнаас гарсан алтан хонгио бүхий бөс утсан голтой хүрэл хүзүүний зүүлт, бас нэг нь Мөнххайрхан булшнаас гарсан бөс даавуун уутны үлдэгдэл юм. Одоо судалгааг нь явуулж байна. Он цаг нь тодорхой болохоор тийм аргаар хийсэн ийм түүхий эд бүхий бөс давуу, ийм найрлагатай алт байна гэсэн шиг нийтлэлүүд гарна байх гэж бодож байгаа. Өөр нэг олдвор бол руни бичгийн дурсгал юм. Дээр ярьсандаа ТИКА-гийн зохицуулагч өмчилсөн гээд Ховд аймагт 5 ийм дурсгал байдаг. Түүнийг л нэгээр нэмсэнээр ач холбогдолтой. Удирдагч багш Д.Эрдэнэбаатар маань “руни бичиг олохоор л археологич болж байгаа нь тэр дээ” гэж ярьж байсан. Бийргийн руни бичгийн дурсгалыг олсны дараа жил уг тахилгын байгууламжийг малтан шинжилсэн. Олдсон зарим олдворт он цаг тогтоолгох судалгааны саналыг түрэгч Баттулгад тавиад байгаа. Цаашид сонирхолтой үр дүн харагдах байхаа.

Үзүүр гялангийн хадны оршуулгаас шагайт чөмөг гарсан гэсэн. Энэ ямар учрыг агуулдаг вэ?

Шагайт чөмөг бол монголчуудын эртний оршуулгааас байнга илэрдэг зүйл. Өөрийн малтлагуудаас, мөн судлаачдын бүтээлээс ч олныг харж байлаа. Гэтэл одоо “түрэг” гэж үзэж байгаа булшинд тохиолдож байгаа 2 дахь тохиолдол болж байна. Дээрхийн нэг болох “Тамирын улаан хошууны” дурсгалаас гарсан шагайт чамөг нь хүний толгойн орчимд, харин Үзүүр гялангийн оршуулганд хүний хөл орчимд улаан хонины ноосон нэхмэл алчууран дээр тавьсан байгаа юм. Энэ талаар манай тэнхимийн эрхлэгч доктор, дэд проф Г.Пүрэвдорж үзэсгэлэнгийн катологи, танилцуулганд нийтлэсэн байгаа. Үүнээс гадна уг каталогид “ногтны бух дөрлөөс”, “хүний зуст тоног” зэрэг угсаатны зүйн харьцуулсан судалгааг оруулсан. Өвөр монголчуудад сүүлээр гударч хөнөөдөг зан үйл байгааг бас онцолсон бий.

Эргүнэ кун” кинонд ийм зураг гардаг. Ял цаазтай хүнийг оршуулах үед, эсвэл хуримын зан үйлийг нь дурсаж, ийм зүйлийг дагалдуулсан байх хоёр янзын таамаг бий. Одоогоор тодорхой дүгнэлт хэлэх боломжгүй.

Хадны оршуулгыг малтаж, гаргахад хүндрэл, эсвэл сургамжтай зүйл юу байсан бэ?

Археологич болно гэдэг байгалийн хүнд хэцүү нөхцөл, элдэв хүндрэлийг давж туулах чадвартай байх, тууштай байхын туйл гэж үзэж болох мэргэжил. Энэ талаар Д.Наваан археологичийн “Археологийн зуун ваар сав” номны өмнөтгөлд нүдэнд харагдтал бичсэн байдаг. Залуучууд уншаарай гэж зөвлөмөөр байна. Биднийг хээрийн судалгаанд явах үеэр хүйтэн, цасан шамрага тавиад зэвүүн л байсан. Гэхдээ даваад гараад ирсэн. Хадны оршуулга гэхээс гадна шороо болон чулуун дараастай байгаа явдал нь цаашид хайгуул хийхдээ байр зүйн ийм онцлогийг харгалзах хэрэгтэйг сануулсан. Мөн “хүрз, үзэг болон зорилго нэг”-т археологичиддоо хадны ийм оршуулгыг малтахдаа цүүц алхтай явж байгаарай гэж зөвлөмөөр байна.

 Үзүүр гялан”-гийн дурсгалын хувь заяа цаашид хэрхэх бол?

Алтайн эмээл хазаартай гүнж”-ийн шарилыг Мөнххайрхан уулнаас төв рүү авч явснаас болж тус уулын баруун суганаас малын халдварт өвчин гарлаа гэж шуугиан дэгдээсэн байна. Үнэхээр өвчин гараад 500 ямаатай айлын 200 нь үхсэн талаар өөрөө өнгөрсөн оны 10 сард явж байхдаа сонсож байлаа. Хөл хорио, вакцин гээд өнгөрсөн намаржингаа л юм боллоо. Алтай нутгийнхны маань амны хишгээр мал жилбэ сайтай төллөж, сайхан хавар болж байна. Гэтэл бас өнгөрсөн өвлөөс бөхөн өвчлөөд бараг юм үлдээгүй гэх юм. Очиж тоолсон биш хэн мэдлээ. Харин яамны захиалгат төсөлд уг өвчиний судалгаанд зориулж төсөл зарласан байгааг уншиж байсан юм байна. Энэ өвчний шалтгааныг биднээс хайж байна гэдэг сонин байгаа биз. Магадгүй өөрийн нутаг усанд оршоосон байсан олдвор, дурсгалыг эх нутагтаа буцааж авч ирэхийг хүссэн нутгийн ард олны хүсэл ч юм бил үү. Тэгвээс энэ хүсэл нь судлаачид бидний хүсэл зоригтой нийцэж байгаа гэж хэлмээр байна. Манай улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулинд ч ийм зарчим туссан бий.

Соёлын өвийн төвийн захирал Г. Энхбат гуай “Алтай ятга”-г “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнд хамт гаргаач гэсэн болдоггүй гэж хэлж байна. Цаашид урьд хожид малтагдсан археологийн дурсгалуудын олдвор төрхөмдөө, нутагтаа буцаж ирж, сайхан хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын орчин үеийн нөхцөл шаардлагийг хангасан шинэ музей буюу “ханан гэр”-т залрах байхаа гэж найдаж байна. Төр засгаас баруун таван аймгийн сэргээн засварлах төвийг Ховд аймгийн музей дээр төвлөрүүлэх бодлого баримталж байгаа. Бид ч их дэмжиж байгаа. Олдвороо сэргээлгэх ойрхон газартай болох нь байна гээд.

Болохгүй бол Үзүүр гялангийн түрэг авхай, Улаан үнээтийн Кидан хар хүү болон бусад найзуудыг нь аваад төрөл, хамаатан садан улс орнуудаар айлчлуулж мөнгө босгоё гэж бодож байгаа. Төрөл садан нь олон байна. Эхлээд Баян-Өлгий аймагт бууя. Бүгд ирж энэ үзэсгэлэнг үзэж чадах биш. Дараа нь хил хөдрөөд Уулын Алтай, Тува, Хакас, Шинжаанд бөөнөөрөө амьдарч байгаа хамаатнуудаараа орьё. Бүр цаашлаад холын хамаатан Киргизстан, Казахстанд ч мөргөж очих бодолтой байгаа шүү. Тэгж байж Үзүүр гялангийн түрэг авхай, Жаргалант хайрханы Аялгууч хүү Чүрэ буюу «Нэг голын хоёр» хойт насандаа ханан гэрт учрах тавилантай болох юм. Аймгийн дарга энэ саналыг маань дэмжиж хамтарч ажиллана байхаа гэж итгэж байгаа. ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвүүдийн ихэнх нь Монголын баруун бүс нутагт байна. Оюутнуудынхаа концертийг тоглуулаад, давхар үзэсгэлэнгээ гаргаад явах саналыг ХИС-ийн захиралд ч уламжлая гэж бодож байна.

За бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын сурган хүмүүжүүлэх болон судлан шинжлэх ажилд өндөр амжилт хүсье.

Ярилцсан Г.Мөнх

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд