Даян баатарын нутагт зорчсон тэмдэглэл

Даян баатарын нутагт зорчсон тэмдэглэл

 

Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш судлаачид 2018 оны 6–8 сард Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаан хус сумын нутагт ажиллалаа. Буянтын археологийн шинжилгээ экспедицийн Төв Азийн шинжилгээ судалгааны анги Монголын талаас удирдагч миний биеийг оруулаад 10 судлаач, туслах ажилтан, Оросын талаас археологич А.А.Ковалеваар удирдуулсан 26 судлаач, сайн дурын ажилтан, 3 монгол жолоочийн бүрэлдхүүнтэй байлаа. Эл тэмдэглэлээр хоёр сарын хугацаанд Буянтын археологийн хээрийн экспедицийн салбар Төв Азийн археологийн шинжилгээний ангийн явуулсан судалгааны ангийн ажлын үр дүн болон Даян баатарын нутагт аж төрөгч Казах иргэдийн дунд төрсөн сэтгэгдэлээ хуваалцахыг зорилоо.

6 сарын эхээр гарсан экспедици дээр 10-д хоногийн дараа тэнхимийн ажлыг дуусгаад Тува их сургуулийн багш, оюутнуудын хамт очлоо. Хэзээ ч билээ Ховд их сургуулийн нэгэн захирлын үед бүрэлдхүүний сургууль тэнхим гадаадын байгууллагатай бие даан гэрээ байгуулж байна хэмээн шүүмжлүүлж процессийн зохицуулалт өгүүлэгдэж байсан цаг үед Тува их сургуульд анх багш солилцоогоор зочилж, хамтарч Оросын хүмүүнлэгийн сан, манай БСШУ-ны яамны санхүүжилт бүхий төсөл авсан Е.В.Айжы судлаач маань 6 оюутны хамт мөнхүү төсөл болон Орон судлалын дадлагаар хүрэлцэн ирсэн байлаа. Экспедицийн үндсэн ажилтан гэргий маань байсан тул хүүгийн хамт, Тувачуултай Оросоор бус эх хэлээр нь харьцахад амар хэмээн БНХАУ-ын ШУӨЗО-ын Хандгайт суурингийн Тува үндэстэн болох ХИС-ийн магистрант Баярыг дагуулан явлаа. Замын хөтөл дээр Д.Баяндалай гуай нь байгуулсан цогцолборыг үзэж энэ жилийн хээрийн судалгааны ажлыг олз омогтой, амгалан тайван байхыг буюу таван A-гаа Алтайн эзнээсээ хүсэн даатгаж сан тавьлаа.

Урьд бид 2015 онд Японы судлаачдын хамт уг цогцолбор дээр ирж байсан билээ. Энэ жил Замын хөтөлийн цогцолбор өргөжиж Эвтэй дөрвөн амьтны чулуун сийлбэр хөшөө болон сүүдрэвчтэй болсон байлаа.

Бид цааш Шураг голын хөвөөнд хуучин модон гүүрийн дээхэн талд буй Ламжав гуайньд орж Е.В. Айжы төслийн сэдэвтэй холбоотой асуулгаа авч, оюутнууд морь унаж Өөлд малчны амьдарлын хэв маягтай танилцлаа. Ламжав гуай биднийг хүүхэд байхад жаахан архи залчихдаг. Чихээ хүүхэд байхдаа хаздаг морины хүзүүн доогуур зүггүйтэн гарахдаа шувтруулчихсан гэдэг юм хэмээн жумбан чихийг нь үзэх сонирхолдоо хөтлөгдөн явсан хүүхэд цагийн дурсамж сэргээсэн хөгшин байлаа. Намайг 8-р ангид байхад манайх Эрдээ ахын хажууд Илжгэн булагт зусаж билээ. Илжгэн булаг нь Шураг багийн үндсэн зуслан бөгөөд анх Дагиа ахынд ардчиллын шуурганд уруудан манайх гэдэг айл хөдөө гарч худалдан авсан хэдэн малаа ээж, дүү бид гурав төллүүлж байсан үе санаанд тодхон байна. Дагиа ах маань найранд гурван дуутаа наадамд гурван даваатай, хурдан морьд ихтэй, сумын начин бөх хүн байсан бөгөөд өөрийн нэрээр Дагиа толгой гэж нутаглаж байсан газраа нэрлүүлсэн буянтай хүн юм. Болдогсон бол уг нэрийг газрын зураг болон гоогл ийрд программ дээр тавиулж нэрийг нь мөнхөлж, нэрэн суварга босгох юмсан. Зун гэр барилцаж байх хооронд буугаад морьдсон хөгшиний чихийг харж амжаагүйдээ тухайн үедээ сэтгэл гонсгор байсныг нуух юун...

Лавжав гуйньхаас аяны богцоо дүүргээд цааш хөдлөж Хонгион аманд Гантөмөр ахынд буулаа. Аавын маань ах Д.Эрдэнэцогт ахын залуу Э.Гантөмөр ах энд гуанз гаргаад 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа билээ. Үүгээр өнгөрөхдөө бууж морьддог нь бараг ёс болсон билээ. Машинд хоолны тогоо шанага далд байсан тул Төмөрөө ахынд хоол хийж идлээ. Тува Аржан маань үхрийн лаазалсан махаар гоймонтой хуурга хийж өглөө. Маш хурдан болдог хоол учир хийсэн аргыг нь сонирхтол “оюутны хоол” гэж сайтар тайлбарлаж өгөв. Цууван хийдэгтэй адил аргаар хийдэг ч гоймонг болох хэмжээний усыг тааруулах нь бас л авъяас ажээ.

Замдаа Баян-Энгэрийн буган чулуун хөшөө, чемурчек булшийг хэдэн онд малтсан тухайгаа, юу олсон талаар багийнхандаа тайлбарлаж өгөв. Орон судлалын дадлага хийж явсан оюутнуудад археологийн дурсгал их сонирхолтой байгаа бололтой. 

 

Хонгион голд замын бүтээн байгуулалт болж байгаатай холбогдуулан өвс ургамлын гарц тааруу ажээ. Хашаатын хөтлийн орчим Хятадын замын ажил гүйцэтгэх компаны сүүтгэсэн чулуун байгууламжуудын хяналт шалгалтыг ажлыг Толбо нуурын замын ангийн Бураатын даваан дээр буй кемп дээр очиж шалгах төлөвлөгөөтэй байсан ч салаа замын эрхээр Цамбагарав уулын Намаржин зусланд ирлээ.

Намаржин хүрэх зам хуучин цагт ногоон ширдэг дэвссэн мэт бамбалзаж байдаг бол хаваржин шуурсан шуурганаар хатаж нөмөр болон устай газар нь л ногоорчээ. Жолооч Тонтого ахын нүүрний буянаар майхан барилгүй салхитай өдрийг нутгийн малчин Э.Сумъяагийн гэрт өнгөрүүлж, хоног тойруулав. Тува оюутнууд маань монгол гэр дулаахан гэдгийг мэдэхгүй байгаа бололтой майхандаа хоноцгоов. Орой нь хоёр айлаар угсаатны зүйн судалгаа хийлээ. Эхний айл нь Хооноо хэмээн Тонтого ах хэлсэн Т.Ганхуяг ахынх. Дараагийнх нь улсын аварга малчин Балжинням гуайньх байлаа.

Т.Ганхуяг ахын эхнэр нь манай тэнхимийн багш С.Хишигтогтохын эгч С.Эрдэнэчимэг байлаа. Бид айл болгоноос угсаатны зүйн сэдэвчилсэн асуултаа уламжлал ёсоор асууж суутал С.Эрдэнэчимэг эгч би та нарт нэгэн сонин зүйл үзүүлье хэмээн хойморын авдараа уудлан жижиг түнгэрцэгтэй зүйл гаргаж ирлээ. Ширээн дээр асгах нь хорол тоглоом ажээ. Самбид гуайнь охид ёс төртэй, Самбид гуай өөрөө цэмбэгэр хөгшин байсан хэмээн Тогтого ахын хэлсэн үгийг батлах шиг “Хорол тоглохоор тэнгэр задардаг гэж хөгшчүүл хориглодог юм. Гэхдээ гантай байхад бараг цагаа олсон байж мэдэх юм” хэмээн бидэнд хорол тоглоомын дүрмийг тайлбарлаж, дадлага болгож гурван өрөг хамт зааварчилж тоглолоо.   

Т.Ганхуяг ахынхаас 1994 онд Галдан бошигт хааны 350 жилийн ойгоор саарал морь нь түрүүлсэн аварга малчин Балжиннямынд дээр байгаа гэсний дагуу явж очлоо. Айл шинэ бууж гэрийн доторх бараагаа янзалж байв. Бидтэй цөөн хором хөөрөлдөх зөвшөөрөл авч яриагаа эхлээд байтал “өө чи чинь Чулуунбатын залуу байсан юм уу. Их сургуульд нэг багш залуу байдгыг бол мэднэ. Батаа, Цолоог сайн мэднэ. Чулуунбат бид хоёр онжов байгаа юм” хэмээн өөрийн овог, хурдан саарал морь нь хэрхэн төрүүлсэн болох, морь уяны талаар ярьж өглөө. Е.В. Айжы судлаачид тухайн үед морины бай шагнал их сонирхолтой байв. Энэ үед Балжинням ахын самган: “Шагналын “Пунай” өнгөт телевизор одоо байхгүй, хүүхдүүд эд будыг хайсан, энэ морины байнд өгсөн хивс нь гэж” хананы толгойд өлгөж үзүүлэв. Бид төслийн холбогдолт асуудлаа тодруулж эцэст нь байны хивсний өмнө дурсгалын зураг татуулж аваад гэрийн зүг амархаар хөдөллөө.

Маргааш өглөө эртлэн босож замдаа урианхай, казах айлуудаар зочилж Алтанцөгц сумын нутгаар Өлгий хотруу довтолгов. Санаа дагаад ч тэрүү Намаржинд дусаж байсан бороо Өлгий хот ортол бүр ширүүн бороо болж өдөржингөө оров. Зарим нэг археологийн дурсгалууд ч мэргэжлийн өвчин хөдөлгөж бууж мордоход ч хүргэж байв. Тэдгээрээс Цамбагарав уулын хойт бэлийн Мөнгөн тайга тахилгын байгууламж онц сонирхол татаж байв. Бид Баруун монгол түүний хил залгаа нутгийн ард түмний түүх, соёл, байгалийн нөхцөл, нөөц олон улсын XIII хуралд уг тахилгын байгууламжийн талаар илтгэл хэлэлцүүлж, ХИС-ийн НХУС-ийн эрдэм шинжилгээний бичигт өгүүлэл болгон нийтлэхдээ ангилал хийсэн бөгөөд хамгийн гомсог нь буюу давхар чулуун хүрээ бүхий, энэ жил бидний малтсан Хулагаш чемурчек булшны чулуунаас авч ашигласан хөшөө чулуутай Мөнгөн тайга тахилгын байгууламжтай адил дурсгал байлаа. Уг тахилгын байгууламжийг Монголын төв нутгаар археологичид малтан судласан ч үүрэг зориулалтыг тогтоож эс чадсан бөгөөд А.А.Ковалев 2000 оны эхээр уг дурсгалыг Мөнххайрхан ууланд малтаж мөнгөн тайгийн соёлд холбогдох тахилын онгон болхыг тогтоосон юм. Манай судалгааны анги 2014 онд Шар говийн эхэнд 1 ийм тахилгын байгууламжийг малтан судлаж байсан билээ. Байгууламж өөрөө олдвор гардаггүй, малын шатсан яс, модны нүүрс зэрэг тахилгын эд зүйлс олддог зөвхөн түүгээр он цагийг тогтоож, байр зүйн онцлогоос давхар он цаг болон соёлын хамаарлыг тогтоох боломжтой. Зарим археологичид эл байгууламжийг “Цэнгэл хэлбэр”-ийн пазырык байгууламжтай андуурах нь нийтлэлээс нь илэрхий. Цэнгэл хэлбэрийн байгууламжийн олдвор гардаггүй байдлыг Оросын зарим судлаачид хүнээ ил тавьж байсан тул гэж Уулын Алтайн бүс нутагт явуулсан судалгааны эх хэрэглэгдхүүнд тулгуурлан таамагласан байдаг. 

Өлгий хотод 15 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа археологич А.А.Ковалев, Д.Баяр, Д.Эрдэнэбаатар багш нартай археологийн карт хийх ажилд явж байсан жолооч Ж.Бахат ах нар хүлээж байлаа. Өлгий хотоос Тува нар хоол хүнсний хангалт хийж үргэлжлүүлэн замаа хөөн орой Хулагаш голын хөвөөн дэх лагерьтаа буулаа. Оройн хоол сайхан болж экспедицийн гишүүдтэй танилцлаа.

Маргааш нь Тува оюутнууд бидний малтаж байсан чемурчек тахилгын байгууламжийн малтлагатай танилцлаа.

Хулагашийн гол дахь уг дурсгалыг 112 жилийн дараа бид дахин тодорхойлж, малтлага судалгааны ажлыг явуулж 200 гаруй хадны сүг зураг болон дүрслэл зассан ул мөр бүхий хавтан чулууг илрүүлж, хүний бүтэн араг яс олов. Ийнхүү бид Ховд их сургуулийн музей, Түүх, нийгмийн ухааны тэнхимийн сан хөмрөгийн хадны зураг, дүрслэл бүхий хавтан чулууны тоог 400 гаруй болгож Баруун бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэг секторын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нөөц боломж бүхий болгоод байна.   

Малтлагын явцад бидний ажилд туслалцсан Тувагийн багш, оюутнууд орон судлалын дадлага болон хамтарсан төслийн хээрийн судалгаагаа үргэлжлүүлхээр салаа замаар одох болов.  

Хулагашийн чемурчек булшнаас сонирхол татсан хэд хэдэн олдвор гарав. Хүний дүрслэл бүхий чулуун онго хэд хэд гарсан нь Хар чулуут 1 чемурчек булш (Өмнө нь бид тахилгын байгууламж гэж байсны хүлцэлийг өчье Ч.М)-наас гарсан 10 гаруй хүний дүрслэлт онготой адил, зарим нь хүний дүрслэл гэж үздэг гурвалжин доош хурц өнцөг нь харсан шүдэн хээтэй байлаа. Дараагын нэг олдвор нь хавтан чулууны дүрслэл дээр модны дүрслэл бүхий хавтан чулуу илэрсэн нь маш том олз байлаа. Уг модны дүрслэл нь Европ тив болон Бага Азид зэс чулууны үед түгээмэл тархалттай, хүрлийн үеийн Триполи-Кукутений соёлд тэмдэглэгдсэн чухал археологийн баримт юм. Сүүлийн үед бидний зүгээс монгол нутаг дахь чемурчек булш 30 малтагдсаны 28-ыг профессор Д.Эрдэнэбаатар, А.А.Ковалев, А.А.Тишкин, С.П.Грушин нартай хамтран болон дангаараа малтаад байгаа билээ. Уг соёлын булшнаас европ төрхийн хүний антропологи, европ тивд тархсан адил дүрслэлтэй адил хүн чулуун хөшөө, оршуулгын байгууламж, ваар сав эд өлгийн дурсгал олддог юм.

Мөнхүү булшнаас гарсан дараагийн хамгийн чухал олдвор бол хүний араг яс юм. Уг хүний яс холимог төрхтэй нь монголжуу шинжийн өргөн шанаа, европжуу төрхийн өндөр хамраас харагдана. Миний удирдагч багш Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, проф. Д.Эрдэнэбаатар: “Хүний гавал гарвал шууд Түмэн багшруу, надруу явуул” гэсний дагуу бид Монгол улсын бүс нутгаас илрээд байгаа гарын таван хуруунд багтах тооны гавлын ясыг илгээгээд байгаа билээ. Уг үүрэг нь Оросууд монгол болон холимог төрх бүхий антропологи бүхий хиригсүүрийн соёлыг Аржан маймерын үе гэж шар үстэй скифчүүдийн өмнөх үе шат болгон их гүрний жанжилах үзэл археологийн шинжлэх ухаанд гаргахаас сэргийлсэн үйлдэл юм.

Өнгөрсөн жилийн «Монголын археологи. 2017» хурал дээр афанасьев соёл, хүрлийн үеийг карасукаас гаралтай гэдэг үзлээс сэргийлэх хэрэгтэй гэдэг академичийн санал гарч байсан билээ. Урьд нь Булган, Буянт голын сав дахь чемурчек булшнаас гарсан хүн европ төрхтэй байсан ч антропологич С.С. Тур Улаан худаг 1-ийн XII чемурчек булшнаас гарсан хүний ясанд монгол шинж байна гэж дүгнэсэн байдаг. Тиймээс бид цаашид шинжлэх ухааны баримтад шүтхээс бус Афанасьев болон чемурчекын үеийн европ төрхтөнүүдийг шар үстэй скиф булштангуудыг бидний өвөг дээдэс гэж Хятадууд, монгол европ холимог төрхтэй хиригсүүрийн соёлыг шар үстэй өндөр хамартай өөрсдийн өвөг дээдэс болох скифчүүдтэй холбох, өөрсдийн түүхийн орон зайг арга ядсан байдлаар тэлэх, түүхийн он цагийг урагшлуулах гэж Орос, Хятадууд шиг өмчлөх шаардлагагүй болов уу. Яахав Хүннү гүрний үед олон үндэстэн угсаатны бүрэлдхүүнтэй гүрэн байгуулсан тул наанатай цаанатай асуудлыг ярьж болох байх.

Харин Баян-Өлгий хэв шинжийн чемурчек булшнаас гарч байгаа монголжуу төрхтэй чемурчек булшийг Афанасьев булш гэж оршуулгын зан үйл, булшны хэлбэр төрхөөр ялгаатай байхад нь Монголын түүх бичлэгт оруулах хэрэггүй болов уу. Афанасьев соёл Монголд их нүүдэл хийж зэс чулууны үед ирээд, түүнээс Сибирийн бүс нутагт тархсан гэсэн В.И.Молодин, А.Д.Цыбиктаров судлаачдын үзэл байдаг ч шинжлэх ухаан гэдэг баримт шүтдэг болхыг ухаарах цаг нэгэнт болжээ. Магадгүй Булганаас Буянт цаашлаад Баян-Өлгий аймагт тархсан чемурчек булшны хүн судлалын хэрэглэгдхүүн нь антропологийн хувьд Европоос Монгол болж өөрчлөгдөж байгаа нь нүүдлийн зам, түүхэн нутагшилт, угсаа соёлын харилцааг зааж байж болох юм. Цаашид бидний судалгаа эл холимог төрхтний (түрэг угсаатны өвөг дээдсийн) бүрдэлт, нүүдэл суудал, соёлын харилцааны асуудалд чиглэх болно.

Хулагаш голоос Ямаат голын савд нүүдэллэн очиж хүрэл болон төмрийн үеийн хэдэн булш малтлаа. Нэг нь афанасьев соёлд холбогдох булш байсан ч оршуулгын холбогдолтой юу ч илэрсэнгүй. 2016 онд Адидастай муми олчихоод дараа жил нь дахин хоёр хадны оршуулгын сураг гарч Мөнххайрхан ууланд ажилласан ч дурсгал болгоноос адидас гардаггүйг биеэр мэдэрсэн, Археологич Д.Наваан шиг агуйн зосон зураг илрүүлэх гэж Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн нутаг хүртэл 1400 км яваагүй тул нэг их хүнд цохилт болсонгүй.

Уг булшны хажууд байсан Мөнххайрхан булшнаас хүүхдийн оршуулга илрүүлж, хүүхдийг ч том хүнтэй адил оршуулгын зан үйлээр оршуулсан нь сонирхолтой, дагалдуулж хүрэл ээмэг, бүрээ (хонх) хэлбэртэй хүрэл эдлэл, хүзүүний зүүлт болгох зориулалтаар цоолсон том хүний нэг арааг бүр хүзүүний орчимоос илрүүлсэн нь биднийг алмайруулж орхилоо. Сибирээс Амар мөрөн хүртэлх тархалттай бүрээ хэлбэртэй хүрэл ээмэгний талаар бид Улаангомын Чандмань уулаас түүвэр байдлаар илэрч Андроновын соёлын дурсгал гэж харьцуулалт хийн 2012 онд өгүүлэл нийтлүүлж байсан билээ. Үндэсний түүхийн музейн археологич, доктор Ж.Баярсайхан өнгөрсөн жил мөнххайрхан хэлбэрийн булшнаас хүрэл эдлэл илрүүлсэн нь химийн найрлагыг солонгон задлалын аргаар тогтоон харьцуулан үр дүнг гаргавал 2003 онд Монголын археологид доктор, профессор Д.Эрдэнэбаатарын нээсэн Мөнххайрханы соёлын тархалтын шинэ цэгийг нэмэх баримт болж мэдэх юм. Уг европ төрхтний түүх соёлын нийтлэгийн гол олдвор болох гоёл чимэглэлийн зүйл Монгол төрхтөний Мөнххайрханы соёлын хамгийн баруун тархалтын булшнаас олдсон нь шинжлэх ухааны маш чухал ач холбогдолтой нээлт байлаа

Ямаат голд малтсан дараагийн дурсгал бол Бийкенскийн соёлд холбогдох хоёр булш байлаа. Уг булштай адил булшийг бид Хулагаш голын савд малтаад хүн, малын ясны үлдэгдэл, ваарны хагархай гарч анхны хэв байдлаа алдаж тоногдсон болхыг тогтоосон юм. Харин Ямаат голын нэг булшнаас нь ваарны хагархай нөгөөгөөс нь бүтэн ваар гарсан нь Оросын Алтайд байдаг МЭӨ VIII-VI зууны үеийн уг соёлын элемент Монгол Алтайд тэмдэглэгдсэн явдал юм. Бийкенскийн соёлд холбогдох булшийг миний удирдагч багш доктор, проф. А.А.Тишкин, Барнаулын археологийн урсгалыг барьсан Алтайн их сургуулийн хүндэт ерөнхийлөгч Ю.П.Кирюшиний хамт цөөнгүйг малтаж хоёр боть нэгэн сэдэвт бүтээл нийтэлсэн байдаг билээ. Цаашид байгалийн ухааны нарийвчилсан шинжилгээ хийгдэж уг булшны он цаг бусад үзүүлэлт нь тогтоогдож байж бидний таамаглал батлагдаж эсвэл няцаагдах болно.

Бидний судалгааны ажлын нэг чиглэл бол хайгуул судалгааны ажил байлаа. Зөвшөөрлийн дагуу хайгуул явуулж байхдаа Даян нуурын хойт эрэгт Пазырык соёлын булш нягт тархсан болхыг тодорхойлов. Эл бус нутаг Пазырыкчуудын үндсэн нутаг байсан бололтой. Нэгэн бүлэг пазырык булшны тодорхойлолт хийж байх явцад нэгэн орос сайн дурын ажилтан пазырык булшнаас тонуулчдын гаргаж хаясан улаан хүрэн ваарны үлдэгдэлийг илрүүлэв. Улаанбаатар их сургуулийн ЭШ-ний бичигт Мөнххайрхан уулаас шинээр илэрсэн буган чулуун хөшөөний талаар өгүүлэл бичсэн залуу бараг бүтэн хиригсүүр Булган голын саваар үлдээгүй гэсэн өгүүлбэр санаанд оров. 2010 онд бид уг бүс нутгаар явж байхад хиригсүүрээс баатарын төмөр хуягыг хулгайгаар ухаж олсон, хилээр гаргасан гэсэн мэдээлэл чих дэлсэж, казах иргэд байгаль орчиндоо гамгүй “хоноцын сэтгэл”-ээр ханддаг гэдэг үг сонсож байсан билээ. Гэхдээ Хар чулуут хүртэл замын машинд сууж явахдаа Ховдын Булган шиг манай Даянг хар замаар холбоод өгчихдөг болоосой гэдэг нутгийн эгчийн үгийг сонсоод үерийн ул мөрийг хамт туулж явахдаа дээш харан санааширч байснаа нуух юун.

 

 

 

 

  

2015 онд археологичидтай зэрэгцэн археологийн дурсгал тоносон, нутгийн малчин хүн чулууг хөшөөг бидэнд зарах санал тавьж байсан, археологичдаас тусгай зөвшөөрөл бодитоор байхгүй байна гэж сумын цагдаа нь торгодог, дарга нь торгуулыг буцааж өгнө гэсэн амандаа хүрдэггүй, археологчдын буусан буурнаас хадлангын мөнгө шүүхээр тогтоолгон авсан зэрэг хэргийг өмгөөлж чадаж байгаа шигээ яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу бидэнтэй хамтран ажиллаж, өөрийн аймгийн нутагт ажиллаж байгаа замын компани карьерын газар орших түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сүйтгэсэн байдалд эзний ёсоор хандаж хариуцлага тооцох хэрэгтэй байна.

Ийнхүү 1876 онд Оросын алдарт жуулчин Г.Н.Потанины анхлан илрүүлсэн Даян баатарын хөшөө орших уул, ус, ургамал мод нь жигдэрсэн сайхан нутагт ажилласан тэмдэглэлээ жаргаая. Уншигч танаа сонирхолтой байсан болуужин доорд бичээч сэтгэлийн цэнгэл эдлэх бөлгөө.

Ч.Мөнхбаяр /ХИС-ийн НХУС-ийн ТНУ-ы тэнхимийн эрхлэгч, Доктор, Дэд профессор/

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд