Д. Отгонбаяр: Дулааралт, хуурайшилтын үр дагавар хүн амын амьдралын чанарт нөлөөлж эхэлж байна

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүсч буй болон үүсч болох үр дагаварын тухай олонтоо яригдах болсон авч уур амьсгал болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор байгалийн хэв шинжид гарч буй өөрчлөлт, үр дагаврын талаар судлаж тогтоосон зүйл барагтай байх шиг санагддаг. Тэгвэл Ховд их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Отгонбаярын удирдсан, ОХУ-ын Шинжлэх ухааны акедемийн Сибирийн салбарын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэн,  Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Усны экологийн хүрээлэн, Япон улсын Чубу их сургуулийн судлаачдын хамтарсан “Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөчрлөлтийн судалгаа”сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжиж байгаа нь зүй ёсоор сонирхол татав. Энэ удаад уг төслийг удирдан ажиллаж буй Ховд их сургуулийн Байгал шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Отгонбаяртай ярилцсаныг толилуулж байна. 

- Төслийн тухай танилцуулна уу?

- Уг төсөл нь Япон улсын “Дэлхийн өөрчлөлтийн талаарх Ази Номхон далайн сүлжээ” байгууллагаас санхүүжиж байгаа, Япон, Монгол улс, ОХУ-ын Их сургууль, судалгааны хүрээлэнгүүд оролцсон Олон улсын хамтарсан төсөл юм.

Ховд Их сургуульд анх удаа ийм томоохон олон улсын төсөл хэрэгжиж байна. Хамтрагч байгууллага, судлаачид маань дэлхийн болон бүс нутгийн нэр хүндтэй, томоохон их дээд сургууль, хүрээлэнгүүдийн тэргүүлэх судлаачид байгаа. Олон улсад  нэр хүндтэй, рейтинг өндөртэй ийм судлаачидтай хамтран, тэднийг удирдан ажиллана гэдэг миний хувьд нэг талаас бахархмаар нөгөө талаас асар өндөр хариуцлагатай ажил болж байна.

- Энэ төсөл дээр гадаадын ямар судлаачид, эрдэмтэд тантай хамтарч ажиллаж байна вэ?

- Японы Чубу их сургууль, Тоон технологи, хэрэглээний шинжлэх ухааны олон улсын төвийн  ( IDEAS) профессор Fukui Hiromichi сансрын зураг, зайнаас тандан судлалын чиглэлээр судалгааны аргазүйн зөвлөгчөөр, ОХУ-ын Томск хотын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дэд профессор П.С. Бородавко судлаачаар, ОХУ-ын Барнаул хотын Усны экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд профессор Н.С Малыгина нар хамтарсан судлаачаар ажиллаж байна.

Төслийг санхүүжүүлэгч байгууллага нь Япон улсын “Дэлхийн өөрчлөлтийн талаарх Ази Номхон далайн сүлжээ” буюу Asia-Pacific network for global change research (APN) байгууллага

- Төслийн гол зорилго юу вэ?

-  Гол зорилго гэвэл юуны өмнө  хил дамнасан Алтайн бүс нутгийн өндөр уулын ландшафт нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг түүнчлэн мөстөл, цэвдэгийн шинж төлвийг геоморфологийн үйл явцуудтай уялдуулан хээрийн болон зайнаас тандан судлах аргаар судалж, хөрс, угамал, амьтны аймаг, тэдгээрийн байршил, нутагшилд нөлөөлж буй нөлөөллийг тогтоох явдал.

Цаашилбал уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өндөр уулсын системд нөлөөлж,  улмаар зарим бүс нутагт хүн ам, эдийн засаг, аж ахуйд  (ундны усны хангамж, усан цахилгаан станц, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн) аюул заналхийлж болох хэмжээнд хүрсэн нь хэд хэдэн орны хил хязгаарыг дамжин орших (БНХАУ, Казахстан, Монгол, ОХУ) Алтайн уулт тогтолцооны уур амьсгалын өөрчлөлт, бусад байгалийн тогтолцоондоо хэрхэн нөлөөлж байгааг, мөн уур амьсгалын өөрчлөлт өндөр уулын байгалийн иж бүрдлүүдийн өөрчлөлт хоорондын хамаарлыг судлах зорилгыг бас агуулж байгаа.

Уулын мөстөл бол уур амьсгалын өөрчлөлтийн гол индикатор. Монгол орны хувьд орчин үеийн мөстөл зөвхөн Монгол Алтайн нуруунд байдаг. Хангайн нурууны Отгонтэнгэр, Хөвсгөлийн уулсад Мөнхсарьдаг ууланд багахан хэмжээгээр тархсан. Иймээс газарзүйн байршлын хувьд бидэнд ойр объект юм.

- Таны өөрийн судалгааны чиглэл уур, амьсгал, мөстөл судлалын асуудалд чиглэгддэг гэж ойлгож байна?

- Тиймээ. Миний хувьд ОХУ-д Мөстөл судлалын чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэв бол Ховд Их сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байгааг харгалзан, бид энэхүү судалгааны саналыг дэвшүүлж, улмаар хэрэгжүүлэх эрхтэй болсон хэрэг.

- Ер нь байгалийн шинжлэлийн судлаачдын хувьд уур амьсгал, байгалийн шинж чанарын өөрчилөлт нь дэлхий нийтийн анхаарлын төвд буй гол сэдэв болж байх шиг санагддаг.  

- Дэлхий нийтээр дулаарал, хуурайшилтын шинэ эрин эхэлсэнийг Оросын болон барууны сайтууд бичиж байна. Стратиграфийн олон улсын комисс одоогоос 4200 жилээс өнөөдрийг хүртэл үргэжилж байгаа геологийн цаг үеийг албан ёссоор «мегхалайн зуун» хэмээн нэрлэж Геохрнологийн буюу Геологийн он тоололд нэмлээ.  https://indicator.ru/ Иймээс байгалийн шинжлэх ухааны аливаа судалгаа, уур амьсгалын дулаарал, хуурайшилтын өнөө үед дасан зохицох, сааруулах мэдээллээр орон нутаг, бүс нутаг, улс орны хэмжээнд бодлогын түвшинд хэрхэн хангах, хүргэх, судалгааны практик ач холбогдол юу болохыг урьдчилан төлөвлөж судалгаа хийж байх шаардлагатайг харуулж байна.

- Төслийн явц болон үр дүнгийн талаар мэдээллээ хуваалцаач?  

- Төслийн хүрээн дэх судалгааны ажлын явцын үр дүнгээс товч дүгнэж үзвэл сүүлийн 40-60 жилд Баруун бүс нутгийн агаарын хэм 2.2-3.07 градусаар нэмэгдэж, Мөстлийн эзлэх талбай сүүлийн 50 жилд 30-35 хувиар буурах, мөстөл болон цэвдэг хайлах, термокарстын буюу дулааны хөндийлжийн үйл явц нэмэгдэх, цэвдэгт бусийн нуурууд ширгэх (Монгол Алтайн Эхэн нуурын орчим, Хөх голын сав газарт сүүлийн 50 жилд нууруудын талбай 35 хувь, Орос Алтайн Чуйя голын ай савын нуурууд сүүлийн 30 жилд 42 хувиар багассан) томоохон нуурууд, олон тооны жижиг нууруудад хуваагдах, улмаар ширгэх үйл явцууд ажиглагдаж байна.

Хуурайшилтын эринд бид амьарч байна. Мөстөл их хэмжээгээр хайлж, ууршилт ба цэвдгийн хайлалт эрчимжсэний улмаас олон тооны нуурууд, голууд ширгэх үйл явцаар цэнгэг усны нөөц хомсдох байгалийн үйл явц явагдаж байгаа. Энэ нь хүний болон аж ахуйн үйл ажиллагааны улмаас бохирдож, усны нөөц хомсдоход ихээр нөлөөж байгаа.

Ярилцсан Г.Төрмөнх

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд