Ховдын Мянгад, Увсын Өмнөговь суманд нарны цахилгаан станц байгуулах судалгаа хийгдэж байна

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Монгол улсын баруун бүс нутагт нэг нарны цахилгаан станц байгуулахаар шийдвэрлэгджээ. Урьдчилсан судалгаагаар нарны станцыг Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь суманд байгуулах боломжтой болох нь тотгоогдсон. Сэргээгдэх эрчим хүчний /нарны/ цахилгаан станцыг дурьдсан газруудад барих бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий үнэлгээ хийгдсэн бөгөөд байгаль орчин болон нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний ажил хийгдэж байгаа юм байна. Одоогийн байдлаар Ховдын Мянгад суманд хоёр байршил, Увсын Өмнөговь суманд нэг байршлыг (А, В, С гэсэн гурван байршил газар) нарын станц барихад боломжтой хэмээн үзэж байгаа.
Энэхүү үнэлгээ хийгдэж дууссаны дараа үнэлгээний дүгнэлтийг үндэслэн, хамгийн тохиромжтой хэмээн үнэлэгдсэн нэг байршилыг эхний ээлжинд сонгон авч, батлагдсан шийдвэрийн дагуу нарны цахилгаан станцыг байгуулна.
Шинээр байгуулагдах нарны фотовольтийн станц нь 10 мегаваттын тооцоолсон хүчин чадал бүхий, 30.000-аас 70.000 нарны хавтангаас бүрдэл болох бөгөөд нарны цацрагийн эрчим хүчийг цахилгаан болгон хувиргаж, цахилгаан дамжуулах шугамд холбох замаар эрчим хүчний системд нийлүүлэлт хийхээр төлөвлөгджээ. Станцын байгууламж нь 25-аас 37.5 га талбайд баригдах юм байна.
Нарны станц байгуулахтай холбоотой байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж буй багийнхан 9 дүгээр сарын эхний долоо хоногт Ховд аймаг болон Мянгад суманд ажилласан. Тэдний ярьснаар уг станцыг байгуулах барилга угсралт дэд бүтцийн ажилтай холбоотойгоор орчинд дуу чимээ, тоосжилт үүсэх, зэрлэг амьтдын нутагшилт шилжилтэнд нөлөөлөх, нүүдлийн шувуудын нүүдлийн зам дахь агаар мандлын хэсэгт гэрлийн ойлт бий болгож, нисэх замд нь саад учруулах, нарны хавтанг цэвэрлэхэд ус их шаардагдах тул (хагас жилд 410.000-аас 615.000 литр ус) усны нөөц багасахад тодорхой нөлөө үзүүлэх, цэвэрлэгээнд хэрэглэсэн уснаас болон техник хэрэгслийн ашигласан шатахуун, шатах тослох материал зэргээс хаягдал гарч, орчинд бохирдол үүсгэх зэрэг эрсдэл байж болзошгүй. Тийм учраас эдгээр эрсдэлээс сэргийлэн хамгаалах, төлөвлөгөө аргачилалыг боловсруулсан байна.
Гэхдээ байгаль нийгэмд нөлөө үзүүлнэ гэж үзэж буй дээрх хүчин зүйлүүд нь уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай харьцуулахад хэдэн зуу дахин бага, мөн эрсдэлүүдийг бүгдийг 100 хувь бууруулах боломжтой аж.
Ерөнхий үнэлгээний үр дүнгээр дээрх гурван байршилд нарны фотовольтын цахилгаан станц барихад байгаль орчны талаасаа багаас дунд хэмжээний, нийгмийн талаасаа бага эрсдэл ба нөлөөлөлтэй байхаар үнэлэгджээ. Эхний ээлжинд сонгон авахад хамгийн тохиромжтой, эрсдэл, нөлөөлөл хамгийн багатай байршил нь А байршил буюу Ховд аймгийн Мянгад сумын төвийн ойролцоо, цахилгаан дамжуулах дэд станцын дэргэдэх газар болж байна
Станцыг барьж байгуулахад ойролцоогоор хагас жилийн хугацаа зарцуулагдах ба тухайн хугацаанд сум орон нутгаас ажиллах хүч авч ажиллууснаар нутгийн ажил орлогогүй иргэдийн амьжиргаанд дэм тус болох, станц байгуулагдсаны дараа 20 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангах гэхчлэн нийгэм, эдийн засгийн үр өгөөж гарах боломж бий гэнэ.
Урьдчилсан үнэлгээгээр нарны цахилгаан станц байгуулагдсаны үр дүнд эрчим хүчний өртөг багасах, үнэ тарифыг бууруулах, хэрэглэгчдэд хөнгөлөлт бий болгох гэх мэтийн талаар ямар нэг тооцоолол хийгдээгүй, хүлээлт үүсээгүй гэдгийг үнэлгээний тайланд дурьдсан байгаа ч үнэлгээ хийж буй багийнхны тайлбарлаж байгаагаар уг цахилгаан станцыг байгуулахад бусад төрлийн станцаас зардал багатай, байгалийн нөөц ашиглалт болон түүнийг дагалдаж үүсэх сөрөг хүчин зүйл үгүй гэх зэрэг олон давуу талтай хэмээж байгаа юм.

Г.Төрмөнх

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд