Ховдын брэндүүдтэй танилц

Аймгийн ИТХ-ын хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 74 дүгээр тогтоолоор “Ховд брэнд бүтээгдэхүүн шалгаруулах журам”-ыг баталсан бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор журмын шалгуур үзүүлэлтийг хангасан бүтээгдэхүүнд гэрчилгээ, брэнд бүтээгдэхүүний тэмдэгт хэрэглэх эрх олгосон юм.
Ховдын брэнд бүтээгдэхүүнээр “Баясгалант өндөр хөхий” ХХК-ийн далан давхар жигнэмэг, “Хөх цөцгийт” хоршооны ягаан хальст сармис, “Оюутогтох” ХХК-ийн цагаан идээний багц нэрийн бүтээгдэхүүн шалгарчээ.
“Баясгалант өндөр хөхий” компанийн хувьд 2006 оноос хойш талх, нарийн боовны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 25 нэр төрлийн талх, торт, жигнэмэг үйлдвэрлэж байна. Тус компани нь аймгийн шилдэг аж ахуй нэгж байгууллага, манлай үйлдвэрлэгч, аймгийн үзэсгэлэн худалдаануудаас алтан медаль, баруун бүсийн үзэсгэлэн худалдааны хоёр удаагийн гранпри шагнал хүртэж байв. 2010 оноос БНХАУ-ын тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлж импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
“Хөх цөцгийт” хоршоо 1990 оноос үйл ажиллагаагаа эхлэн жилд 500-1500 кг ягаан хальс сармист хураан авч 30 орчим сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Баруун бүс нутгийн шилдэг үйлдвэрлэгч, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр шалгарч, 2017 онд Улсын тэргүүний тариаланч болжээ.
“Оюутогтох” ХХК 1994 оноос эхлэн хорхой ааруул, буржгар ааруул, чипсэн ааруул, тавгийн ааруул, бэлгийн багц үйлдвэрлэж байгаа ба 2011 онд үзэсгэлэн худалдаанаас алтан медаль, 2012 онд баруун бүсийн түншлэл үзэсгэлэн худалдаанаас шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн, 2013 онд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, 2014 онд шилдэг тавагны иж бүрдэл, 2015 онд эко шилдэг бүтээгдэхүүний шагналыг тус тус хүртсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд