“Бадамлах дөл” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангалтгүйгээс Ховдчууд даарсаар байна

Ховдчууд даарч хөрөхийн зовлонг олон жил амсаж байна. Ховд аймгийн хуучин дулааны станцыг 2005 онд буюу 13 жилийн өмнө аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваагийн үед дуудлага худалдаагаар 139 сая төгрөгөөр “Хар Тарвагатай” нүүрсний ордын эзэн Д.Сурмаажав захиралтай компанид хувьчилж өгсөн юм. Тухайн үеийн аймгийн удирдлагууд “нүүрсний уурхайтай боломжийн хүнд өгчихлөө, одоо л нэг нүүрсний зовлонгоос салах нь” хэмээн олзуурхаж байсан гэдэг.  Д.Сурмаажав бол Увс аймгийн Тариалан сумын уугуул, “Хар тарвагатай” нүүрсний ордын эзэн, Увс болон Ховд аймгийн төрийн өмчийн дулааны станцыг дуудлага худалдаагаар авсан хүн юм. Д.Сурмаажавыг нүүрсний орд газартай учир гал алдахгүй хэмээн найдаж хоёр аймгийн удирдлагууд “хожоотой” наймаа хийсэн хэмээн үзэж байсан гэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шугам сүлжээний доголдол гэмтэл гарсаар Ховд аймгийн хэрэглэгчид жил бүр онцгой байдал зарлуулан, ээлжээр хариуцлагатай жижүүр хийсээр өнөөдрийг хүрлээ.

Ховд хот жил дараалан хөлдөх аюулд орж, айл өрх, албан байгууллагыг хохироос, халаалт жигдрэхгүй байгаагийн шалтгааныг хуучирч муудсан инженерийн шугам сүлжээ, усны алдагдалтай холбон тайлбарласаар ирсэн. Энэ жилийн тухайд орон сууцны оршин суугчид халаалтын улирал эхлээд 25 хонож байхад даарсаар хүүхэд, хөгшид зутарч, ханиад томуу, өвчлөл өндөр байна. “Бадамлах дөл” ХХК-ийн өнөөгийн нөхцөл байдалтай 80, 36, 30, хятад 24,  27, 48 айлын болон “Буянтын боргио” орон сууцны иргэдийн төлөөлөл тус компанийн хуулийн зөвлөх Д.Төмөр-Очир, ерөнхий инженер н.Мөнхцэцэг нартай уулзаж, нөхцөл байдлын талаар үнэн бодитой тодруулга мэдээлэл авч, нүүрсний талбай, үйлдвэрлэлийн барилгад орж танилцсан юм. Халаалт доголдож буйн шалтгааныг Хуулийн зөвлөх Д.Төмөр-Очир, ерөнхий инженер н.Мөнхцэцэг, холбогдох хүмүүс усны алдагдал, хуучирч муудсан шугам сүлжээтэй холбон тайлбарласаар л байна. Нүүрсний нөөц бүрдүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч, тээвэрлэлт хийх иргэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахаар телевизүүдээр зар явуулсан. Нүүрсэнд явах нэг иргэнтэй тохиролцсон байгаа. Ховд хотын ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг хангаж ажиллана” хэмээн энэ үеэр иргэдэд амласан юм.

Төсөвт байгууллагууд халсан, халаагүйгээс үл хамааран төлбөрөө бүрэн барагдуулдаг байхад, халаалт ирэхгүй байгаа байрны оршин суугчид төлбөрөө хэдэн сар, жилээр өгдөггүй байна. “Бадамлах дөл” ХХК төсвийн байгууллагуудаас ойролцоогоор 1,8 тэрбум төгрөгийн дулааны төлбөр авдаг бөгөөд түүгээр арайхийн урсгал зардлаа нөхдөг хэмээн тайлбарладаг. Ховд хотыг хөлдөөхгүйн тулд үнсээ түлж байгааг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Биднийг нүүрсний талбайд очиж үзэхэд тэнд нэг ч тонн нүүрс байсангүй. Дулааны “Бадамлах дөл” ХХК халаалтын улиралд 15-18 мянган тонн нүүрс татан авч хэрэглэдэг бөгөөд хүйтний эрч чангарсан үед өдөртөө 240 тонн, дулаахан үед 100 орчим тонн нүүрс түлдэг байна. Ховдын тээвэрчдээр “Хар тарвагатай” нүүрсний уурхайгаас нүүрс татуулъя гэхэд тээврийн хөлсөө өгддөггүй хэмээн хэн нь ч хөдлөхгүй байна.

Жаргалант сумын Наран багийн иргэн А.Мамай “Би сүүлийн арав гаруй жил дулааны “Бадамлах дөл” ХХК-ийн нүүрсийг тээвэрлэж байгаа. 15 орчим сая төгрөгийн авлагатай боловч манайх төлбөр тооцоогоо барагдуулсан гээд өгдөггүй. Тээвэрт яваад ирэнгүүт тээврийн хөлсөө өгнө гэсэн амлалтдаа хүрдэггүй учраас жолооч нар итгэж нүүрс татаж өгөхгүй байгаа” гэсэн юм. 

Жаргалан багийн иргэн Н.Гомбодорж иргэдээ төлөөлөн станцын нүүрсний талбай, дотоод ажилтай танилцаад “Станцын үйл ажиллагаа доголдож байгаа шалтгаан нь өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаагүй, энд ажиллаж байсан туршлагатай боловсон хүчнүүд ажлаасаа гарсан харагдаж байна. Өнөөдөр хэд хоногийн хэрэглээг хангах нүүрсний нөөцөө бэлтгэсэн байх ёстой ч нэг ч машин нүүрс байхгүй байна. Нүүрсээ татуулчихаад жолооч нарын ажлын хөлсийг өгдөггүй юм байна. Одоо ажиллаж байгаа ажилчид есдүгээр сараас хойш цалингаа аваагүй гээд олон дутагдалтай тал байна. Саяхан аймгийн Онцгой комиссын хурал дээр Д.Сурмаажав ирээд халаалт дулааны талаар санал гомдол гаргахгүй, шинэ дулааны станцаас хүчин чадлаар илүү гээд их л юм яриад амлаад явсан. Гэтэл энд ам ажлын зөрүү их байна. Халаалт дулаан хангалттай ирвэл иргэд төлбөрөө төлнө. Ард иргэдийн төлөө ажиллах ёстой байгууллага удирдлага ч үгүй, хэтэрхий хариуцлагагүй байна. Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс удаа дараа газар дээр нь ирж шаардлага тавьсан ч биелүүлээгүй юм байна. Иргэд бид даарч хөрөөд аргаа ядахдаа газар дээр нь ирж асуудлаа ярьж, нөхцөл байдалтай нь танилцлаа. Иргэн хүний хувьд, газар дээр нь үйл ажиллагаатай нь биечлэн танилцаж байгаагийн хувьд “Бадамлах дөл” ХХК-ийн үйл ажиллагааг үнэхээр муу байна гэж дүгнэж байна” гэлээ

Мөн үеэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн инженерийн шугам сүлжээ хариуцсан хяналтын инженер Ц.Жаргалсайхан станцын хяналтын самбарын мэдээллийг иргэдэд тайлбарлаж өгөв. Тэрээр “Бадамлах дөл станцны хяналтын самбараас харахад станцаас 38,3 градус, 5,12 гПа даралттай дулаан гараад 35,3 градус, 2,6 гПа даралтай дулаан станцдаа буцаж ирж байна. Станцаас багадаа 70 градусын дулаан гаргаж байж дулаахан орчин бүрдэнэ. Эндээс гарч буй дулаан айл өрх, албан байгууллагыг хангалттай халааж чадахгүй” хэмээв.

Ховд хотын орон сууцны оршин суугчдын тоо нэмэгдэхийн хэрээр хуучин дулааны станц ачааллаа дийлэхгүй нь тодорхой болсон учраас улсын төсвийн 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 42 мегаваттын 35 ккал-тай үндсэн 3 зуух бүхий 11 гватын хүчин чадалтай, ялтсан бойлуур бүхий бүрэн автомат орчин үеийн дэвшилтэт технологийн “Ховд” төрийн өмчит дулааны станцыг 2014 онд ашиглалтад оруулж, нийт хэрэглэгчдийн 40 гаруй хувийг дулаанаар хангаж эхэлсэн юм. Тухайн үед үстэй дээл, монгол гуталтайгаа өвөлждөг байсан 52, 62, 72 айлын орон сууцны ойролцоох байрууд, Ерөнхий боловсролын гуравдугаар сургууль, Бүсийн оношилгоо эмчилгээний төв гэх мэт хуучин дулааны төгсгөлийн хэрэглэгчид шинэ дулаанд холбогдсоноор байдал өөрчлөгдсөн юм. Өнөөдөр шинэ дулааны станцаас халаалтаа авдаг иргэд сэтгэл хангалуун, орон байрандаа тав тухтай амьдарч байна. Ховд дулааны станц нь “Халаалтын улиралд нийтдээ 16000 тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд 4 багц худалдан авах ажиллагаа зарлаж, нөөцөө бүрдүүлдэг. Нүүрсний намрын татан авалт явагдаж байгаа, өнөөдрийн байдлаар 10 хоногийн нүүрсний нөөцтэй, 1 зуух хэвийн ажиллаж 2 зуух ажиллагаанд бэлэн, усны алдагдал өдөрт 5-10 тоннд хүрдэг гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Мөн хяналтын самбараас харахад станцаас 94,1 градус температурын дулаан 3,44гПа даралттай гараад 52,4 градус 2,96 гПа даралттайгаар буцан ирж байгаа нь тус станцын шугам сүлжээнд холбогдсон айл өрх, албан байгууллагуудын дулаан жигдэрсэн, тав тухтай дулаан орчин бүрдсэнийг харуулж байна.  

Мөн хоёр станцын үйл ажиллагааг харьцуулан харвал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг ялгаа ажиглагдсан. Дулааны “Бадамлах дөл” ХХК-ийн ажилчид тоосжилт ихтэй, эрсдэлтэй орчинд зориулалтын ажлын хувцас, малгай, амны хаалт, бээлий, дуу чимээ тусгаарлах чихэвчгүй ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлөөр хангуулах эрхийг баталгаажуулж өгсөн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангаагүй нөхцөлд ажилласнаар ажилчид өвчин эмгэг тусах эрсдэлт нөхцөл байдалтай байгааг “Бадамлах дөл” компанийн удирдлага анхаарах цаг болжээ.  

Асуудлыг шийдвэрлэх гарц бий юу

Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл Засаг даргын Тамгын газрын халаалтын улирлын зардлаа тээвэрчдэд өгч “Бадамлах дөл” ХХК-ийн нүүрсний татан авалт хийлгэх санал тавьсан ч зөвшөөрөөгүй байна. Мөн үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Иргэдийн тав тухыг хангахын тулд дулааны станцууд аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу 5000 тонн хүртэлх нүүрсний нөөц бэлтгэх ёстой. Нүүрсний нөөцөө нэмэгдүүлж, айл өрхийн халаалтыг жигдрүүлэхэд анхаарч ажиллах, усны алдагдлыг тогтоох ажлын хэсгийг холбогдох мэргэжилтнүүд, “Бадамлах дөл” ХХК, Шим-Ус ОНӨААТҮГ-тай хамтран байгуулах, шугам сүлжээний засварын гүйцэтгэлд талууд хяналт тавьж ажиллах, “Бадамлах дөл” ХХК-аас аймаг, орон нутгийн зүгээс шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа уламжилвал төрөөс станцын үйл ажиллагааг хэвийн явуулахад боломжит бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.

Жил бүр хэл ам, санал гомдол дагуулдаг орон сууцны халаалт дулааны асуудал энэ жил ч мөн адил байна. Зарим орон сууцны оршин суугчид халаалтаа өнөөдрийг хүртэл аваагүй, халаалтын улирал эхлээд гурван долоо хоног өнгөрсөн ч хуучин дулааны айл өрхийн халаалт жигдрээгүй байна.  Ховд хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэхийн хэрээр дулаан хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх учир дулааны станцууд урин дулааны улиралд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, нүүрс татан авалт, шугам сүлжээний засвараа хийх хэрэгтэйг хүйтний зах, ард иргэдийн бухимдал ийнхүү сануулж байна. Мөн "Бадамлах дөл" компани нүүрсний нөөцөө нэмэгдүүлж, халаалт дулааны доголдолгүй ажиллана гэсэн амлалтдаа хүрч ажиллах эсэхийг харах л үлдлээ.

Г. Энхжаргал

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд