Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн болов

Ховд аймгийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 71 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын эдийн засаг, дэд бүтэц хариуцсан орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар удирдан явуулсан юм.
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлсэн үгэндээ “Засаг даргын үүрэгт ажилд томилогдоод нэг сар орчим боллоо. Та бүхэнтэй анх удаа уулзаж байна. Энэ хугацаанд 700 гаруй хүнтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзсан хүн бүхэн төрийн албыг түргэн шуурхай, хүнд сурталгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй тунгалагшуулахыг хүсч байгаагаа илэрхийлж байна. Тиймээс бид шат шатандаа хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, соёлтой, авлига хүнд сурталгүй болгохын төлөө өөрчлөлт хийх хэрэгтэй. Тиймээс “Авлига хүнд сурталгүй аймаг” болох зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлэн боловсруулахаар төлөвлөж байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд аймгийн Засаг даргын 08 тоот албан даалгавар гаргаж, биелэлтийг нь тооцож ажиллахыг анхааруулсан. Төрийн албан хаагчид хаа хаанаа сахилга хариуцлагатай байх, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албаны нэр хүндийг сэвтүүлсэн аливаа алдаа дутагдал гаргавал ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн юм.
Мөн хурлын эхэнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав 2019 онд бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл арга хэмжээний тухай танилцуулав. Тухайлбал, битүү худалдааны төвийг энэ оны 12-р сараас өмнө ашиглалтад оруулах, 2019 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Цементний үйлдвэрийг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, орон сууцжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг шинэчлэх гэх мэт эхний ээлжинд шийдвэрлэх томоохон асуудлуудыг дурдаж, тодорхой мэдээлэл өгсөн юм
Харин аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа “Ховд аймгийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд биелэлтийг тооцох ажлын комисс ажиллаж байна. Утааны эх үүсвэрийн тооллого хийх ажлын хэсэг байгуулагдсан. Тооллогыг нэн даруй хийхээр төлөвлөж байгаа. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтөд цаашид ихээхэн анхаарч, цаг үетэйгээ уялдуулан шийдвэрлэх шаардлагатай байгааг сануулсан. Түүнчлэн ахуйн хэрэгцээний нүүрсний тээвэрлэлтийн асуудлаар Тээвэрчдийн холбооны холбогдох хүмүүстэй уулзаж, 1 тонн нүүрсний үнийг 85 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр зах зээл дээр борлуулах талаар тохиролцоонд хүрсэн” гэдгээ дурдав.
Үүний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд аймгийн Засаг даргын 08 тоот албан даалгаврыг уншиж танилцуулсан. Энэхүү албан даалгаварт цаг үеийн ажлыг эрчимжүүлж, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргах тухай онцлон тусгасан байна.
Албан даалгаварт дараах 12 асуудлыг үүрэг болгон Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолыг үндэслэн ДААЛГАХ тухай тусгажээ.
Үүнд: 1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, сум, байгууллагын дарга, удирдлагуудад:
1.1.Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм, сахилга, хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэн хүнд суртлыг бүрэн арилгаж, авлигаас ангид байж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ ижил тэгш, зөв шударга, боловсон, найрсаг харилцааг хэвшил болгон иргэд хөдөлмөрчид, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хугацаанд нь шуурхай шийдвэрлэж, хариу мэдэгдэж байх,
1.2. Төрийн албан хаагчдаас Төрийн албаны хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, холбогдох дүрэм, журам зөрчсөн төрийн албан хаагчдад хариуцлага тооцох “Хариуцлагатай, тунгалаг төр” хөтөлбөрийн төслийг төрийн үйлчилгээний болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хөдөлмөрчид, бизнес эрхлэгчид, ахмадын төлөөллийг өргөнөөр хамруулж, хэлэлцүүлэн боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны дотор Засаг даргын зөвлөлд танилцуулж, батлуулах,
2. 2018 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, чанарын шаардлага бүрэн хангуулах:
2.1. 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил үйлчилгээ, бараа материал, худалдан авалтыг гэрээний хугацаанд нь чанартай, сайн гүйцэтгүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн хүлээн авч, үр дүнг Засаг даргын зөвлөлд танилцуулах,
2.2. Бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэхдээ захиалагчаас үл хамааран хугацаа хэтрүүлсэн, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн, ажил үйлчилгээг гүйцэтгэхдээ ажлын тоо, хэмжээг баримтлаагүй, чанаргүй гүйцэтгэсэн зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдтэй холбогдох хууль, журмын хүрээнд хариуцлага тооцож, шаардлагатай тохиолдолд “ХАР” жагсаалтад оруулах талаар Сангийн яаманд санал хүргүүлж ажиллах,
3. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих “Үйлдвэрлэгч-Ховд” хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны дотор Засаг даргын зөвлөлд танилцуулж, батлуулах.
4. Засгийн газраас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй Мал эмнэлэг байгуулах, мал сүргийг эрүүлжүүлэх зорилтын хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулах.
5.Боловсрол, соёл, урлагийн газар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт:
5.1. Боловсролын үйлчилгээний шинэ технологи, стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг бүх сумдын сургууль, цэцэрлэгүүдэд бүрэн хангуулж, сургууль, цэцэрлэгийн хөгжилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх “Сургууль хүний хөгжлийн төв” болох төлөвлөгөө боловсруулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, масс сургалтанд анхаарч, ахиц амжилтыг нь тооцон сургалтын чанарыг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэх,
5.2. Боловсролын байгууллагууд нь ёс зүйн аливаа зөрчлөөс ангид байж, багш, ажилтан бүр ёс зүйн дүрмийг чанд мөрдөж, сургууль, цэцэрлэгийн орчинд аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах,
6. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийн чанарт ахиц дэвшил гаргах, урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үйлчилгээний сургалт, сурталчилгааг тогтмолжуулж, нийт хүн ам, хүүхэд багачуудыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эмнэлгүүдийн эрхлэгч нарт:
7. Өвөлжилт, хаваржилтыг найдвартай, аюулгүй давах нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, ажил, үйлчилгээний найдвартай, тасралтгүй байдлыг хангаж ажиллахыг “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Ховд дулааны станц ТӨХК, Шим-Ус ОНӨААТҮГ, Дулааны Бадамлах дөл ХХК зэрэг байгууллагуудад:
8. Нийгмийн хэв журмыг хангах ажлын хүрээнд аймаг, сумдын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг эрс сайжруулж, замын орц, гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, камержуулалтад үүссэн зөрчлийг арилгаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулж ажиллахыг Цагдаагийн газарт:
9. Аймаг, сум, байгууллагын хэмжээнд тайлант жилийн орлогыг бүрэн бүрдүүлэн төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, зарлагын санхүүжилтийг хангаж, өр, авлагыг барагдуулж, санхүүгийн үр ашиг, сахилга, хариуцлагыг дээшлүүлэн 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төсвийн төслийг бүх шатны төсөвт тусгуулан батлуулах арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төсвийн захирагчдад,
10. Өвөл цагийн соёл, олон нийтийн ажлын календарьчилсан төлөвлөгөө баталж, байгууллага, салбараараа олон нийтийн соёл, спортын арга хэмжээ зохион байгуулж, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас гарган бүх нийтээрээ биеийн тамир спортоор хичээллэхийг сум, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад,
11. Агаарын бохирдлыг бууруулах тухай албан даалгаврын биелэлтийг тооцон иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор хорт утааг бууруулах ажлыг өргөжүүлж, үр дүнтэй ажил зохион байгуулах:
12. Өвөлжилтийн бэлтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг сум, байгууллага бүрээр тоон үзүүлэлтээр гаргуулж, шийдвэрлэх зайлшгүй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгч, өвөлжилтийн бэлтгэлийг 100 хувь хангуулж, тайлан, дүн мэдээг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Засаг даргын зөвлөлд танилцуулах:
Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг улирал бүрээр нэгтгэн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг аймгийн Засаг даргын орлогч /Т.Жаргалсайхан/-д, хэрэгжилтийн явцын мэдээллийг сар, улирлаар тооцож хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд ил тод хүргэж ажиллахыг сум, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд