ОРОС ХЭЛ, СОЁЛЫН БҮСИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ОХУ-ЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Монгол-Оросын хамтын ажиллагааны найрамдлын сарын хүрээнд зохион байгуулах “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-нд оролцохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан уулзав.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, ШУТИС-ын доктор, профессор Б.Энхбат, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах референт-орчуулагч Владимир Сергеевич Зимирев, ОХУ-ын Алтайн Техникийн их сургуулийн захирал Михаил Шишин болон ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуулийн багш нарын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Монгол-Оросын хамтын ажиллагааны давуу тал, “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-ний зохион байгуулалт, төлөвлөгөө, орон нутагт Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол, боломжуудын талаар ярилцаж, талууд харилцан санал солилцов.
Үйл ажиллагаа Жаргалант сумын Хоёрдугаар бүрэн дунд сургууль дээр эхлэх бөгөөд төгсөх ангийн сурагчдын дунд “Орос хэлний олимпиад”, “Шилдэг багш”, Орос дуу, шүлгийн уралдаан зохион байгуулагдана.
Уралдаанд Ховд аймгийн төгсөх ангийн шилдэг найман сурагч, дөрвөн орос хэлний багш, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг тус бүрээс 3-4 сурагч, 2 орос хэлний багш оролцох юм. Орос хэлний олимпиадад амжилт үзүүлсэн сурагчдад ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийн гэрчилгээ, “Шилдэг багш”-аар шалгарсан багш нарыг ОХУ-ын мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд