Утга зохиол судлалын эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймагт анх удаа

 Ховд их сургуулийн хэл зохиолын тэнхим, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбар хамтран “Ховд аймгийн зохиолчдын өв ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 11 сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа. ЭШХ-ыг мөн аймгийн ИТХ-аас дэмжиж, хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.

Утга зохиолын салбарт урьд нь ийм эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаагүй бөгөөд энэ нь Ховд аймагт төдийгүй нийт орон нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

Эрдэм шинижлгээний бага хуралд уран зохиол судлаачид, зохиолчид, их сургуулийн болон дунд сургуулийн багш нар, оюутнууд, сонирхогчдоос бүрдсэн 20 гаруй илтгэгчид, илтгэл хэлэлцүүлэв.

Сэдэв, агуулгын хувьд уг илтгэлүүд нь тухайн зохиолчын намтар, уран бүтээлийн тоймоос эхлээд, зохиол бүтээлүүдийн онцлог шинж, үгүүлэмж, үг зүй хийгээд дүрслэл, сэтгэхүйн төлөв байдал, уран чадварын талаас нь гээд өргөн хүрээг хамарч байлаа.

МЗЭ-ийн түүхт 90 жилийн ой ирэх нэгдүгээр сард тохиож байгаатай холбогдуулан, Ховд аймгаас төрсөн ахмад дөрвөн зохиолчын насны тэгш ойд энэхүү хурал зориулагдсан. Хурлын үндсэн илтгэлүүд нь тэрхүү насны тэгш ой нь тохиосон зохиолчид болох А.Дандий-Ядам /90 нас/, Д.Гомбосүрэн /80 нас/, Д.Баяндалай /70 нас/, С.Бүрнээ /60 нас/ нарын уран бүтээлд чиглэгдэж байв.

“Анх удаа зохион байгуулсан гэхэд энэ хурал маань хамрах хүрээ,  илтгэлүүдийн сэдэв, чанар чансааны хувьд чамлахааргүй боллоо. Цаашид бид утга зохиол судлалын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон явуулахаар төлөвлөж байна. Энэ удаад зөвхөн Ховд аймгийн зохиолчдоор хийсэн бол дараагийн удаад баруун таван аймгийн түвшинд хийх бодолтой байна. Утга зохиол судлал гэдэг нь соёл, уран бүтээлийн болоод эрдэм шинжилгээний гэсэн хосолмол шинж чанартай, өсвөр хойч үеэр зогсохгүй, үндэстний хэмжээнд оюун санаа төлөвшин хөгжихөд чухал нөлөө үзүүлэх ёстой зүйл. Нэн ялангуяа уран зохиолын мөн чанарыг тодруулан гаргаж, сурталчилан таниулахад маш хэрэгтэй хүчин зүйл юм” хэмээн зохион байгуулагчид ярьж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд Ховд их сургуулийн хэл зохиолын тэнхимын эрхлэгч, МЗЭ-ийн Алтай салбарын удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч, доктор, дэд профессор Д.Өрнөхдэлгэр, МЗЭ-ийн Алтай салбарын гүйцэтгэх захирал яруу найрагч, зохиолч, судлаач Г.Төрмөнх, хэл зохиол судлаач доктор, дэд профессор А.Батсуурь, Түүхийн ухааны доктор, профессор М.Ганболд, Ховд их сургуулийн НХУС-ийн захирал, философийн ухааны доктор, яруу найрагч Ц.Пүрэвсүрэн, ХИС-ын багш, хэл зохиол судлаач, магистр, МЗЭ-ийн Алтай салбарын, утга зохиолын ажилтан И.Жавхлан, МУГЖ урлаг судлаач Н.Сэнгэдорж, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Г.Бямбаа гэх мэтийн орон нутагт нэр хүн хүндтэй хүмүүсээс гадна 20 гаруй судлаач оюутнууд илтгэл хэлэлцүүлж, аман хууч ярьсан. Хуралдаанд нийт 200 гаруй хүн хүрэлцэн очиж, оролцсон юм.  

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд