Ховд аймгийн Нийтийн номын санг Магсарын Баянзул, Хөөдөөгийн Эрдэнэбаатар нарын нэрэмжит болгов

Ховд аймгийн Нийтийн номын сангийн 80 жилийн ойг тохиолдуулан, уг номын санг Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, үндэсний номын  сангийн захирал асан Магсарын Баянзулын нэрэмжит болгосны, мөн уншлагын танхимыг нь нэрт яруу найрагч МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсаны нэрэмжит болгосны нээлтийн ёслол 2018 оны 12 сарын 8-нд болов.

Еслолын ажиллагаанд Ховд аймгийн номын сангийн системийн бүх номын санчид, ажиллагсадаас гадна аймгийн удирдлага, захиргааны байгууллага, Боловсрол, соёл, урлагийн газар, Зохиолчдын байгууллага, холбогдох бусад газруудын удирдлага, төлөөлөл оролцож, үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн, санал бодлоо илэрхийллээ.

Ойг тохиолдуулан, номын сангийн байгууллагаас ийн санал хүргүүлснийг холбогдох байгууллага газрууд дэмжиж, улмаар аймгийн ИТХ-аас тогтоол гарган баталгаажуулж өгсөний учир, энэ өдөр Ховд аймгийн нийтийн санг ном, соёлын нэрт зүтгэлтэн мөн нэрт яруунайрагч хоёр эрхэмийн нэрэмжит болгосны нээлтийн ёслолыг үйлдэх боломж нээгдсэн юм.

Соёлын гавъяат зүтгэлтэн Магсарын Баянзул нь Ховд аймгийн Мянгад сумын уугуул, номын сангийн байгууллагад үсэг өрөгчөөс эхлэн, ном зүйч, ахлах мэргэжилтэн, үндэсний номын сангийн захирал хүртэлх бүхий л ажлыг амжилттай хийсэн, номын сангийн чадварлаг мэргэжилтнээс гадна утга зохиол судлаач, орчуулагч, нийтлэлч, соёлын гарамгай зүтгэлтэн байсан байна. Яруу найрагч хөөдөөгийн Эрдэнэбаатар агсаны тухайд Ховд аймгаас төрсөн нэрд гарсан авъяас билэгт найрагчдын нэг, Дуут сумын уугуул, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт гэдгийг дээр дурьдсан.  

Ийнхүү бичиг, соёлын зүтглэлтнүүдийн нэрээр нэрлэгдсэн номын сангийнхан маань тухайн өдрүүдэд 80 жилийн ойнхоо баярын хурлыг хийж, 80 жилийн туршид Ховд аймгийн ард олны оюуны савыг тэтгэсэн ажил үйлсийнхээ оноо алдааг цэгнэн, хойшдын замналаа төлөвлөж, тэмдэглэлт өдрүүдээ ёслон баярлацгаав.        

    

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд