“Төлөөлөгчдийн өдөр”-ийг байгууллагууд дээр зохион байгуулав

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ажлын албанаас энэ оны анхны төлөөлөгчдийн өдрийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийтийн аж ахуйн үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар дээр өнөөдөр зохион байгууллаа.

“Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Пүгэржав болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох хэлтэс, албадын дарга, ажилтнууд оролцлоо.

“Төлөөлөгчдийн өдөр”-тэй холбогдуулан иргэдээс цахимаар, бичгээр, утсаар 40 санал ирснийг байгууллагуудад уламжилж, албан хариу хүргүүлэхээр болсон.

Арга хэмжээний хүрээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, газрын төлбөрийн ногдуулалт, бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг тус газрын дарга Б.Баярсүх танилцуулав. Мөн Ховд аймгийн усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, цахим мэдээллийн сан нэвтрүүлэх, тулгамдаж буй асуудлуудынхаа тухай Шим-Ус ОНӨААТҮГ-ын дарга Д.Баатарзориг илтгэл тавьж, төлөөлөгчид Ховд хотын цэвэр усны станц, цэвэрлэх байгууламж, бохир усны дамжуулах станцын үйл ажиллагаатай танилцсан юм. 

Байгууллага тус бүрийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцсан төлөөлөгчид сонирхсон асуултдаа хариулт авч, хэлэлцүүлэг өрнүүлэн гарц, шийдлийг эрэлхийлж, санал солилцлоо. Тухайлбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид барилга, хот байгуулалтын чиглэлээр барилгын явцын хяналтыг ахмад туршлагатай инженерүүдээр хийлгүүлэх, хэд хэдэн сумын хилийн цэсийн маргааныг ажлын хэсгийн дүгнэлт, сум орон нутгийн зөвшилцлөөр шийдвэрлэх, Жаргалант сумын газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинээр батлуулах гэх мэтээр олон үнэтэй саналыг хэлж байлаа. Хилийн цэсийн маргааныг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын яамны Геодези зураг зүйн газраас мэргэжлийн баг ажиллаж, шийдвэрлэхээр болсныг ГХБХБГ-аас онцлов.

Хэлэлцүүлгийн дүнд газрын харилцаа, барилгын чиглэлээр 2019 онд Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэх, барилгын явцын хяналтыг туршлагатай ахмад инженерүүдтэй хамтран хийх, нийтийн аж ахуйн үйлчилгээний хувьд айл өрхийг хэрэглээний усны тоолууртай болгох, үнэ тарифаа нэмэгдүүлэх, шугам сүлжээний засварыг хийх гэх мэтээр асуудлуудыг шийдвэрлэхээр тогтлоо.

Г. Энхжаргал

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд