З. Эрхбаяр: Дэлхийн жишигт нийцсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэх нь бидний зорилго

17-р жарны Тийн урвуулагч хэмээн Шарагчин гахай жилийн сар шинийн босгон дээр “Монголиан каттл” компанийн захирал З.Эрхбаяр аймгийн Аварга фермерээр шалгарсан юм. “Монголиан каттл” ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулж, 2013 оноос шилмэл үүлдрийн үнээ, бухнуудыг орон нутагт авчирсан байна. Орон нутагтаа өндөр ашиг шимт үхэр сүргийг өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлсэн нь энэ юм. Тус компанийн хувьд дэлхийн алдартай үүлдрүүд болон ангус, хар тарлан, лимузин, монтбелярд үүлдрийн бухнуудыг орон нутгийн үхэртэй хээлтүүлж, өндөр ашиг шимт цөм сүрэг бий болгохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа юм. Тус компани 2018 оны жилийн эцсийн тооллогын нэгдсэн дүнгээр 540 гаруй үхэр тоолуулсан бөгөөд түүний 20 хувийг дэлхийн шилмэл үүлдрийн мах, сүүний чиглэлийн үхэр эзэлж байгаа, орон нутгийн хэрэгцээнд өдөрт 250-300 литр уураг, тослогийн агууламж өндөртэй, чанартай сүүг нийлүүлж байгаа ажээ. Тус компанийн захирал З.Эрхбаяртай ярилцсан ярилцлагыг уншигчдадаа хүргэе.

- Фермерийн аж ахуйн тухай яриагаа эхэлье?
- Фермерийн аж ахуй бол бэлчээрийн мал аж ахуйгаас нэлээд онцлогтой. Төв суурин газрын хүн амыг хүнсээр тогтвортой хангах үндэс нь эрчимжсэн аж ахуйн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Нөгөө талдаа өдрөөс өдөрт хотжилт нэмэгдэж эсрэгээр нь уламжлалт буюу бэлчээрийн мал аж ахуй дээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо цөөрсөөр байгаа учраас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний хангамж тодорхой хэмжээгээр багасч байгаа нь судалгаанаас харагддаг. Иймээс фермийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагата байна гэсэн үг. Фермийн аж ахуй нь байр, маллагаа, тэжээллэг зэргийг цогцоор нь шийдвэрлэж байж өндөр ашиг шим хүртдэг учир дээрх зүйлүүдэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байдаг.
- Танай фермерийн үхэр сүргийн үүлдрийн тухайд асуумаар байна. Ямар үүлдрийн үхрүүд голчилж байна вэ?
- Сүүний үхрийн тухайд 2013 онд Франц улсаас мах, сүүний хосолсон ашиг шимт Монбельярд үүлдрийн үхрийг “Хишигтэн нүүдэлчин” компани импортоор оруулж ирсэн байдаг. Манай компани тус компаниас 2016 оны 3-р сард 15 охин бяруу, 1 бухны хамт худалдан авсан. Энэ үүлдрийн үхрийн тухайд бол өдөртөө 25 л сүү өгөх боломжтой мөн махны ашиг шим өндөртэй, үхэр юм. Мөн махны чиглэлийн Ангус, Сэлэнгэ үүлдрийн бухнуудыг Гацуурт ХХК-аас авч нутгийн Монгол үхэрт сайжруулагчаар ашиглаж байна. Ангус үүлдэр нь тугалын төрөх үеийн жин бага, хурдан өсөлттэй, 16-18 сартайдаа амьдын жин 600 кг болох боломжтой гойд ашиг шимтэй махны үүлдэр юм.
- Монголын эрс тэс уур амьсгалд хэр дасан зохицож байна?
- Манайх бяруунд нь Монбельярд үхрийг авч ирсэн. Тэгээд нутгийн цаг уурын онцлогт дасан зохицсохыг нь хэсэг хугацаанд ажиглаж хүлээсэн. Ингээд нутгийн онцлогт бүрэн идээшиж дассаных нь дараа хээлтүүлэг хийсэн. Монтбелярд үхрийг Европ, Хойд, Өмнөд Америк, Канад, Африкийн орнууд гээд цаг уурын янз бүрийн онцлогтой 50 гаруй улсад үржүүлдэг юм билээ. Монтбелярд үхэр нь сүүний ашиг шимийн гарц, чанар маш сайтайгаар зогсохгүй төрөлжсөн махны үүлдрийн үхрээс дутахааргүй бие цогцсын онцлогтой. Энэ үүлдрийн тугалын төрөх үеийн жин 34-38 кг, нас гүйцсэн үржлийн бух 900-1200 кг хүрдэг гэсэн тоо баримт бий. Манай үнээнүүд эхнээсээ тугалсан. Ирэх гуравдугаар сараас тавдугаар сард 10 орчим үнээ тугална. Бид мах, сүүний чиглэлийн хосолмол ашиг шимтэй цөм сүрэгтэй болохоор хичээж байна. Ангус үхрийн тухайд өвлийн цагт нэмэгдэл тэжээлтэйгээр онд оруулдаг бусад улиралд бэлчээрээр малладаг.
- Фермерийн мал аж ахуйн хувьд нүүдлийн мал аж ахуйгаас ялгарах нэг онцлог нь хээлтүүлэг байдаг гэж сонсож байсан. Эрчимжсэн мал аж ахуйн амин чухал зүйл нь үүлдрээ сайжруулах, өндөр ашиг шим хүртэх явдал байх. Хээлтүүлгээ хэрхэн хийж байна?
- Фермерийн аж ахуй нь зохиомол хээлтүүлгийн аргаар өөрсдийн үүлдрээ улам сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлсээр ирсэн байдаг. Зохиомол хээлтүүлгийг хийснээрээ дэлхийн хамгийн сайн чанарын бухны үрээр хээлтүүлэг хийж тухайн үүлдрээ улам сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Мөн малаас малд дамжих янз бүрийн өвчин эмгэгүүдээр өвчлөхгүй байх гээд маш олон давуу талууд бий л дээ. Манай компанийн хувьд 2013 оноос хойш дөрвөн удаа Улаанбаатар хотоос мэргэжилтнүүдийг авчирч зохиомол хээлтүүлгийг хийсэн ч бидний хүссэн үр дүнд хараахан хүрээгүй л байна. Эндээс дүгнэхэд шинжлэх ухааны ололтуудыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэврүүлэх ажил Монголд хоцрогдсон, энэ салбарын бодлого алдагдаж 30,40-н жилийн өмнө хийж чаддаг байснаа өнөөдөр хийж чадахгүй түвшинд хүрсэн нь энэ салбарын хөгжилд маш сөргөөр нөлөөлж байна. Цаашид төрийн зүгээс энэ чиглэлд томоохон өөрчлөлт, хөрөнгө оруулалт хийж мэргэжилтнүүдийг гадаадад сургах, гадны мэргэжилтнүүдийг олноор нь урьж ажиллуулах, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангах гээд хийх ажил их байх шиг.
- Манай орны нөхцөлд дасан зохицсон монтбелярд үхрийн сүүний гарц хэр байна вэ?
- Франц, Германы фермерийн аж ахуйтай танилцаж явахад монтбелярд үүлдрийн нэг үнээ өдөртөө 25-30 литр сүү өгдөг юм билээ. Харин манай орны нөхцөлд Франц, Германы арга технологийг мөрдөж чадахгүй байгаа учраас нэг үнээнээс өдөртөө 15-20 литр сүү сааж байна. Хамгийн гол асуудал бол тэжээлийн асуудал. Ашиг шимийг өндөрт хүргэе гэвэл өгч байгаа бүх тэжээлээ лаборторын шинжилгээнд оруулж, тэжээлийн орц, нормыг нарийн тооцож мөрдөх шаардлагатай байдаг. Үхэрт хэрэгтэй эрдэс мениралууд, уураг, витамин гээд бүхий л зүйлийг тооцох хэрэгтэй. Манайхны уламжлалт мал ахуйг өсөн үржүүлдэг тэр сэтгэхүйгээр хандах юм бол өндөр ашиг шим авах ямарч боломжгүй юм. Мөн л тэжээлийн илчлэг, ашиг шимийн үзүүлэлтүүдийг нарийн тооцдог лабортори орон нутагт байдаггүйгээс тэжээлийнхээ орц нормыг сайн тооцож, ашиг шимийг бүрэн хүртэж чадахгүй байна.
- Монтбелярд үхрийн хувьд сүүний тослог Монгол үхрээс хэр ялгаатай вэ?
- Монтбелярд үнээний сүүний тослог нь 3,7-3,8 хувь, уураг нь 3,2-3,4 хувь байдаг. Сүүний тослогийг нэмэгдүүлэхийн тулд хоол тэжээлд нь л ихээхэн анхаардаг. Дэлхий нийтийн чиг хандлагыг хараад байхад эрчимжсэн аж ахуйн сүү, махыг хэрэглэхээс илүүтэйгээр бэлчээрийн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг илүүд үзэх хандлага яваад байна. Ер нь бол малд хэр чанартай тэжээл өгнө түүнийгээ ашиг шим болгон гаргаж байдаг учир түүнээс гарч байгаа сүү ч мөн сайн чанартай байдаг. Жишээ нь манай фермерийн үхэрнүүд гэхэд л хамгийн шим тэжээлтэй тэжээлийн будаа, эрдэнэшишийн дарш, газар модны өвс гэх мэтийг идэж байгаа. Монгол улс жилийн дөрвөн улиралтай, бэлчээрийн даац зарим газраа хэд дахин хэтэрсэн зэргээс хамааран өвөл хаврын улиралд бэлчээрийн мал ахуй өвс тэжээлийн дутагдалд орох, ашиг шим огцом буурах, эцэж турах гээд олон сөрөг үр дагавар гарч тэр хэмжээгээрээ түүхий эдийн чанарт нөлөөлж байдаг.
- Борлуулалтын зах зээл ямар байна? Сүүгээ хаана нийлүүлж байна?
- Ховд аймгийн хүн ам нэмэгдэхийн хэрээр мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа. Ховд аймгийн нэг өдрийн сүүний хэрэгцээ 2000 литр орчим гэвэл бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад 500 литр сүү нийлүүлэх боломжтой. Одоогийн байдлаар сүүгээ цэцэрлэг, сургуулийн үдийн цайны хэрэгцээнд болон сүүг маань борлуулдаг хүмүүсээр дамжуулан Ховд аймгийн хэрэглэгчиддээ хүргэж байна.
- Сүүний үхрийн фермийн цаашдын зорилго юу вэ?
- Манай компаний гол зорилго бол сүүнийхээ фермийг дэлхийн жишигт хүрсэн загвар ферм болгон хөгжүүлэх явдал юм. Мөн Ховдынхоо ард түмэнд зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийг илүү чанартай, найдвартай хүнсээр хангах зорилготой байна.
- Танай компани махны борлуулалтыг хаашаа хийж байна. Мөн махны үхрийнхээ хөгжлийг хэрхэн харж байна вэ?
- Өнгөрсөн жилийн тухайд манай компани БНХАУ руу махны экспорт хийж байгаа компаниудад махны нийлүүлт хийсэн. Мөн Таван толгойн уурхайн олборлогч компани болон Хөшөөтийн уурхай, Ховд аймгийн цэцэрлэгүүдэд махны нийлүүлэлт хийж байсан. Махны чиглэлийн үхрийн тухайд мөн Ангус, Сэлэнгэ үүлдрийн цөм сүргийг бий болгож орон нутгийн мал аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах сонирхолтой байгаа. Ингэснээр малчдад сайн чанарын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үүлдрийн үржлийн мал хямд үнээр нийлүүлж орлогыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
- Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд та бүхний тулгамдаж буй асуудал юу байна? Төр засгаас бодлогоор ингээд дэмжчихээсэй гэсэн бодол бий юу?
- Фермерийн аж ахуй Улаанбаатар хотын тухайд олон учраас нэгнээсээ туршлага судлах боломж харьцангуй их. Харин манай аймгийн хувьд Цант ферм болон манай ферм үйл ажиллагаа явуулж байна. Фермерийн аж ахуйг хөгжүүлэх нь маш олон жилийн уйгагүй хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан амаргүй ажил байдаг. Жишээлбэл, сэлэнгэ үүлдрийг бий болгохын тулд гуч дөчин жил зарцуулсан гэдэг. Иймд урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, санхүүгийн дэмжлэг маш чухал байгаа. Мөн орон нутгийн түвшинд бодлогоор дэмжих асуудал маш чухал юм. Жишээ нь бид малынхаа тэжээл бэлтгэхийн тулд тэжээлийн ургамлын тариалалт хийлээ гэхэд усны хүрэлцээ хангамж муутай байдаг. Иймээс эхний тэжээлийн тариалалт усалгаа, техник тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэчихвэл эрчимжсэн аж ахуй хөгжихөд дэмжлэг болох юм. Даршны комбайн, трактор гээд ХАА-н тоног төхөөрөмж өндөр үнэтэй байдаг тул дангаар худалдан авах боломжгүй байдаг. Тиймээс техник дундын үйлчилгээг нэврүүлбэл оновчтой гэж боддог. Тэжээлийн зардлаа бууруулж чадвал сүүнийхээ үнийг бууруулах боломжтой болно ингэвэл мэдээж иргэдэд л хэрэгтэй ажил болно. Цаашдаа хотжилт улам нэмэгдэх ирээдүйд бий болох эрсдлийг одооноос тооцож хөдөө аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн аж ахуйг нэн тэргүүнд бодлогоор дэмжээсэй гэж үргэлж бодож явдаг.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд