Ховд аймагт "Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах" дэд төсөл хэрэгжиж эхэлж байна

Швейцарийн хөгжлийн агентлаг болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжих “Ховд аймаг дахь Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 4 сарын 29-нд Ховд аймгийн ЗДТГ-т боллоо.

Төслийн нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, НХХ-ийн дарга Б.Даваадорж, “Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төслийн орон нутгийн төслийн багийнхан, аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд төсөлд хамрагдаж буй сумдын болон Өрхийн эрүүл  мэндийн төвийн эмч нар, мөн болон төслийг хамтран хэрэгжүүлэгч, дэмжигч байгууллагуудын төлөөлөлүүд оролцлоо.

Нээлтийн ажиллагааны хүрээнд “Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төслийн зорилго, зорилтын явуулах үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнгийн талаар төслийн багийнхан дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бөгөөд  уг төсөл хэрэгжихэд төр-иргэн, ТББ болон хамтрагч байгууллагуудын оролцоог хэрхэн бий болгох, улмаар эрүүл мэндийн салбарт  нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, харилцан санал солилцсон.

Эрүүл мэндийн тухай хуулинд “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчимд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгоно” гэж тусгасан байдаг. Тэгвэл иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх анхан шатны байгууллага нь өрх, сумын эрүүл мэндийн төвүүд юм. Иймд уг төслөөр Ховд аймгийн Жаргалант сумын “Жаргалан”, “Баатархайрхан” ӨЭМТ, Үенч сумын эрүүл мэндийн төв, Мөст сум дахь сум дундын эмнэлэг болон  түүгээр үйлчлүүлж буй иргэдийг энэхүү төсөлд хамруулж, анхан шатны тусламж үйлчилгээний чанар, үр дүн ямар байгаа талаар нөхцөл байдлын үнэлгээг иргэд олон нийтийн оролцоотойгоор хийж, дүгнэлт зөвлөмж гаргах ба зөвлөмжийн дагуу уг эрүүл мэндийн байгууллгууд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, мөн шаардлагатай нөлөөллийн ажлууд хийгдэх юм.   Ингэснээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэргүүлэх түвшинд анхаарч, стандартад тусгагдсан тусламж үйлчилгээг шат дараатай сайжруулах боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн үүний үр дүнд иргэдийн нийгмийн асуудал сайжрах, хоёр ба гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал буурах, үр ашиггүй зардлуудыг багасган санхүүжилтийг ашигтайгаар зарцуулах нөхцөл боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

Түүнээс гадна төсөл хамрагдаж буй ӨЭМТ, СЭМТ, СДЭ-ээр  үйлчлүүлдэг иргэдэд нийгмийн эгэх хариуцлага болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар мэдээлэл түгээх тогтолцоог бий болгох зорилт тавьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд