Залуус 1000 төгрөгөөр аз жаргалыг түгээж байна

Нийгэмд эерэг хандлага, зөв дадалд залуусыг уриалсан “1000 төгрөгөөр аз жаргалыг түгээе” сангийн залуус сарын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй гурван эмэгтэйд оёдлын машин өгч, ажилтай орлоготой болох эхлэлийг тавьсан юм. Сангийн залуус тэднээр анхны бүтээгдэхүүн буюу 60 ширхэг даавуун торыг оёулан худалдаа эрхэлж буй иргэдэд үнэ төлбөргүй тараажээ. Үүгээрээ тэд даавуун тор хэрэглэж, байгаль орчноо хамгаалахыг иргэдэд уриалж  буй нь энэ юм.   

Тус сан одоогоор 10 гишүүнтэй ажиллаж байгаа бөгөөд хамгийн эхний ажлаа Насан туршийн боловсрол төвийг тохижуулж, шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг авч өгснөөр эхэлсэн байна. Одоогоор 100 гаруй хүн сангийн үйл ажиллагааг дэмжиж, сайн дураараа нэгджээ.

Залуучууд хамтын хүчээр сар бүр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, аймгийнхаа хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийг “1000 төгрөгөөр аз жаргалыг түгээе” санд нэгдэхийг уриалж байна.

Тус санд нэгдсэнээр Хаан банкны 5863255860 тоот дансанд 1000 төгрөг хандивлаж, нийгэм олон нийтэд тустай ажлуудыг хамтран хийх боломжтой юм.

Н.Эрдэнэтуул

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд