ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Ховд аймагт нэг тэрбум төгрөг хувиарлагджээ

ХХААХҮ-ийн сайдын 2019 оны А-119 дүгээр  тушаалаар “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт хугацааны зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам” баталсан байдаг. Энэ журмын дагуу “Хөнгөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо” байгуулж, төслийн сонгон шалгаруулалт явуулж байна.

2019 оны улсын төсөвт жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зориулалтаар нийт 47-н тэрбум төгрөгийг улсын хэмжээнд зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс Ховд аймагт нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ.

Аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчдээс ирүүлсэн төслүүдийг энэ оны тавдугаар сарын 27-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд хүлээн авсан ба аймгийн хэмжээнд нийт 59 төсөл ирж, эхний шатанд 37 төсөл шалгарсан байна. Долоодугаар сарын тавны өдөр болсон ЖДҮ хөгжүүлэх төслийн хоёр дахь шатны сонгон шалгаруулалтанд өмнөх шатанд шалгарсан 37 төслийг авч хэлэлцсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааных нь тогтвортой байдал, онцлог давуу тал, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, аймгийн хөгжил, бодлого төлөвлөлттэй уялдсан байдал зэргийг нь гол шалгуур үзүүлэлт болгож байв.

Тодруулбал төсөл сонгон шалгаруулалтад оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд таваас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан эсэх, төсөлд шинэ техник технологи нэвтрүүлэх талаар хэрхэн тусгасан, экспортод чиглэсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой эсэх, түүнчлэн гаргаж буй болон шинээр гаргах бүтээгдэхүүн нь импортыг орлохуйц чадамжтай эсэх, байгальд хор нөлөөгүй байх, экологийн чиг баримжаагаа хэрхэн бий болгох зэргийг нь чухалчилан үзэж, дүгнэж байгаа хэмээн “Хөнгөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо” –ны гишүүд тайлбарласан.   

Энэ талаар ХХААХҮ-ийн газрын дарга Г.Гончигсүрэн хэлэхдээ “төсөл сонгон шалгаруулах дэд хороо 37 төслөө хэлэлцээд, тодорхой эрэмбэнд оруулна. Ингээд  шүүгдэж, эрэмблэгдсэн төслүүдийг аймгийн засаг даргад танилцуулж,  засаг дарга цааш нь арилжааны банкуудад уламжилна. Зээлийг банкаар дамжуулж олгох учир барьцаа хөрөнгө болон банкнаас тавьж буй бусад шалгуур, шаардлагуудыг сайтар хангаж чадсан төслүүдэд санхүүжилт” олгогдох боломжтой” гэв.

Н.Эрдэнэтуул

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд