Түнш сэтгүүлчдийн Горно-Алтай дахь уулзалт

Өнгөрөгч зургаадугаар сарын дунд хагаст ОХУ-ын Алтайн хязгаарт болсон Олон улсын аялал жуулчлалын спортын фестивальд оролцоод, буцаж явах зуураа, АБНУ-ын нийслэл Горно-Алтайска хотод саатахын хооронд салбарын түвшинд чамгүй олон жил түншлэл, хамтын ажиллагаа өрнүүлж буй эрхэмүүд болох тус улсын Сэтгүүлчдийн холбооны дарга, ОХУ-ын гавъяат сэтгүүлч Борис Алушкин, мөн дэд дарга гавъяат сэтгүүлч Алексей Ивашкин нартай уулзаж, ажил хэргийн болон чөлөөт яриа өрнүүлсэн билээ.

Түншүүд маань урьд нь өрнүүлж ирсэн болон цаашид өрнүүлэх харилцаа, хамтын ажиллагааны тухайд ямагт өөдрөг бодолтой байдгаа илэрхийлж, Ховд аймаг дахь “Шинэ эвлэл” Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн сэтгүүлч, зохиолч Г.Төрмөнх болон түүнийг дагалдан явсан Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн нарт АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны талархалын бичгийг гардуулсан юм.

ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Сэтгүүлчдийн холбоо болон “Шинэ Эвлэл” ОНСХ, мөн тус улсын “Вестник Горно-Алтайска” сонины редакци, “Золотое перо Алтая” цахим сайт болон Монгол улсын Ховд аймаг дахь “Ховдын толь сонины редакци, “Монголгараг” цахим сайтын хооронд бүх талын мэдээлэл солилцох, тус, тусын сэтгүүлчдийн мэдээ, нийтлэлүүдийг өөрсдийн улсын хэвлэлээр орчуулан нийтлэх, басхүү Эх орны дайн, Халхын голын дайны ялалтын ойд зориулсан нийтлэлүүд, эрдэм шинжилгээ судалгааны материалууд солилцох, хамтарсан хурал уулзалт зохион байгуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажилласаар байгаа юм.   

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд