“Цайны зам -2019 ” эрдэм шинжилгээний хуралд 10 гаруй судлаач оролцов

Ховд аймагт зохиогдож буй “Цайны зам – 2019” аялал жуулчлалын фестивалийн  хүрээнд төлөвлөгдсөн “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал өндөөдөр буюу 8 дугаар сарын 16-ны өдөр аймгийн ЗДТГ-т болов.

Хуралдаанд 10 гаруй илтгэгч оролцож, “цайны зам”, “торгоны зам” хэмээн нэрлэгддэг эртний уламжлалт олон улсын худалдааны зам маршрутын дагуух эдийн засаг худалдааны харилцааны эрт, эдүүгээгийн төлөв байдал, олон улсын түвшинд явуулж буй бодлого, үйл ажиллагаа, мөн тэдгээр зам маршрут, газар зүйн байршлын дагуух ард түмний түүх, соёл, уламжлал, өнөө цагт аялал жуулчал болон эдийн засгийн үүднээс хэрхэн авч үзэж, хөгжүүлж байгаа талаар хэд хэдэн үндсэн сэдвийн хүрээнд илтгэлүүд хэлэлцүүлэв.

Хуралдааны үндсэн илтгэлийг Ховд их сургуулийн түүхийн багш доктор, дэд профессор С.Пүрэвдорж “Шинэ торгоны зам – түүх бүс нутаг” гэсэн нэрийн доор хэлэлцүүлсэн ба Хятадын эртний Хан улсын нийслэл Чанань хотоос эхэлж, Энэтхэг, Араб, Перс, Турк, Европ хүрдэг байсан худалдааны замыг тойрсон асуудлуудын хүрээнд орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан, боловсруулж хэрэгжүүлж буй Хятад, Америк, ОХУ - уудын шинэ сэргэг бодлого үйл ажиллагааны тухай мөн тэдгээр нь Монгол улсад хэрхэн нөлөөлж буй, Монгол улс тэдгээрийг өөрийн улсад наалдацтайгаар яаж ашиглаж болох талаар судлаачийн ажиглалт дүгнэлтээ танилцуулсан.   

Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх тухайд баримтлаж буй бодлого, явуулж буй үйл ажиллагааны тухай, доктор дэд процессор Д.Өрнөхдэлгэр Монголчуудын тэмээгээр жин тээж байсан эртний уламжлал дахь, ахуйн соёлын нарийн дэг жаяг, эрдэм ухааны талаар, доктор, профессор М.Ганболд дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армид бэлэг хүргэж ирсэн Ховдоос Бийск хүртэлх тэмээн жингийн тухай, доктор, дэд профессор Ч.Мөнхбаяр Цайны зам дагуух археологийн дурсгалууд, тухайлахад шинжлэх ухааны нэршлээр “Түрэгийн тахилгын байгууламж” гэж нэрлэгдэж буй эртний дурсгалуудыг аялал жуулчлалын бодлогод хэрхэн ашиглаж болох талаар, аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн тэмээг уналга эдэлгээнд хэрэглэж байсан,  мөн жин тээхэд хэрэглэж байсан арга ажиллагааны зарим онцлогийн талаар, доктор дэд профессор Ц.Пүрэвсүрэн шашны  соёл, зан үйлийг аялалд жуулчлалд ашиглаж буй жишээ, доктор Д.Дарьханд, магистар судлаач Э.Наранхүү нар бүс нутгийн газар зүйн нөөц, ургамлын судалгааны тухай, магистар Б.Буянзаяа баруун Монголчуудын соёл, урлагийн үнэт дурсгал болох цуур хөгжим хийгээд цуурчдын судалгааны тоймыг тус тус дэлгэн үгүүлсэн нь сонирхолтой, шинэлэг зүйлүүдээр арвин байлаа.

Цайны зам эрдэм шинжилгээний бага хурал нь Ховд аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус аймагт жил тутам явагдаж эхэлж буй “Цайны зам” аялал жуулчлалын наадмын үндсэн үйл ажиллагаануудын нэг бөгөөд цаашид цар хүрээг нь улам тэлж, түгээн дэлгэрүүлвээс чухал ач холбогдолтой юм. Гагцхүү энэ удаад тодорхой шалтгааны улмаас хол, ойрын хүмүүст “Цайны зам – 2019” наадмын тухай зар мэдээлэл бараг хүрээгүй, бачим, тулгуу хийгдсэний улмаас эрдэм шинжилгээнхий хуралд ч мөн адил харьцангуй цөөн илтгэгч оролцсон нь харагдаж байв.   

Г.Төрмөнх

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд