“Ховд – Номын баяр” урьд, урьдынхаас өргөн боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын эхний долоо хоногт орон даяар номын баяр зохион байгуулж хэвшээд байгаа. Ховд аймгийн хувьд энэхүү үйл ажиллагааг Нийтийн номын сангаас  гол төлөв хариуцан явуулж ирсэн бол энэ жил Улаанбаатар хот дахь Алтай хан хөгжлийн холбооны тэргүүн, Лүүк Монголия ХХК-ны захирал, Ховд аймгийн Булган сумын уугуул Төмөрдашийн Баттулгын санаачилсан хөтөлбөртэй хамтатган, илүү өргөн хэмжээнд зохион байгууллаа.

9 дүгээр сарын 7-ны бямба гарагт явагдсан энэхүү номын баярын хүрээнд Алтай хан хөгжлийн холбоо, Лүүк Монголия компани, Ховд аймгийн Нийтийн номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь “Алтай” салбар, аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиуд, Хөгжил политехник коллеж, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн Ардын уран зохиолч Тангадын Галсан, Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов нарын хувь уран бүтээлчид хамтран номын үзэсгэлэн яармаг гаргаж, номын баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн төв талбайд хийсэн.

Нээлтэнд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн соёрхолт зохиолч Д.Норов, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Алтай хан хөгжлийн холбооны тэргүүн, Лүүк Монголия ХХК-ны захирал Т.Баттулга нарын хүмүүс оролоцн үг хэлж, зохиолчид уран бүтээлээсээ толилуулсан юм. Мөн нээлтийн үеэр аймгийн Нийтийн номын сангаас Д.Нацагдорж тэмдэгтний болзол хангасан сурагчидад уг тэмдэгийг гардуулан өгөх, Алтай хан хөгжлийн холбоо болон Лүүк Монголия ХХК-аас зарласан эссе бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчидад шагнал гардуулах үйл ажиллагаанууд явагдав.

Түүнчилэн номын баярын хөтөлбөрийн дагуу зохиолчдын уулзалт, номын хэлэлцүүлгийг Ховд их сургуулийн хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд уг уулзалтанд  Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн соёрхолт зохиолч Д.Норов, эртний ромын улс төрч Марк Туллий Цицероны “Улсыг хэрхэн удирдах вэ?” номыг орчуулсан Төмөрдашийн Баттулга нарын хүмүүсээс гадна эрдэмтэд, зохиолчид, багш сурган хүмүүжүлэгчид, оюутнууд, сурагчид, иргэд олон нийт оролцсон.

Номын баярын хүрээнд Улаанбаатар хот дахь Алтай хан хөгжлийн холбоо, Лүүк Монголия ХХК болон Ховд аймгийн холбогдох байгууллагууд жил бүр энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, цаашид улам өргөжүүлж, нийтийг хамруулахын төлөө ажиллах санаачилга гарсныг хамтрагч бүх байгууллага, хүмүүс санал нэгтэй дэмжсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд