Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх нь бидний үндсэн чиг шугам

- ИТХ хурал маань ямар бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр, ямар үндсэн чиг шугамыг барьж ажиллаж байна гэдгийг юуны өмнө сонирхоё? 

- Ховд аймгийн ИТХ 41 төлөөлөгч, 7 байнгын хороо, 11 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнөх 4 жилийн мөчлөгт байсан ИТХ-аас хэд хэдэн зүйлээр онцлогтой гэж хэлж болно. Ялангуяа туршлагатай, аймаг орон нутгийнхаа төлөө нилээн олон жил ажилчихсан, олон удаа иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээгээд сонгогдчихсон төлөөлөгч нар маш олон байгаа. Жишээ нь 4 удаа сонгогдчихсон төлөөлөгч нар байна, 2-3 удаа сонгогдсон 10 гаруй төлөөлөгч байна, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч болон сум, байгууллага удирдаж байсан их олон хүмүүс байна. Мэргэжлийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай, Жишээлбэл: Байгаль орчны чиглэлээр, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хамт олноо удирдаж, салбараа удирдаж ажиллаж байсан их олон туршлагатай хүмүүс байна. Мөн залгамж халаа болсон 30 хүртэлх, 30-аас дээш насны залуучууд ч олон байна. Бид аймгийн ИТХ 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталсан. Энэ стратеги төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлж байна. Засаг захиргааны нэгж буюу удирдлагын тухай хуулиар олгогдсон эрх үүргээ амжилттай хэрэгжүүлээд ажиллаж байна гэж хэлж болно. Ялангуяа бодлогын шинж чанартай маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

- Хэрэгжиж байгаа бодлогын, гол томоохон арга, ажиллагаануудаас цухас танилцуулна уу?

- 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн, Ховд аймгийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гэж байгаа. Мөн Ховд хотыг 2030 хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг аймгийн ИТХ- аас баталсан. Тийм учраас бид алсын хараагаа тодорхойлох хэрэгтэй. Бидний хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаануудын хүрэх үр дүн нь юу байх вэ, иргэд маань ямар хөгжилтэй, ямар нийгэмд, ямар орчинд амьдрах ёстой юм гэдгээ эхлээд тодорхойлох ёстой. Тэгэхээр тэргүүн эгнээнд тавих зүйл бол хүний хөгжлийн асуудал байна. Аймгийн ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 02-нд хуралдсан II хуралдаанаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлахдаа “Хүний хөгжил, бүсийн хөгжлийн төлөө бид хамтдаа” гэсэн уриатайгаар баталсан. Тийм учраас эхлээд хүнээ хөгжүүлье, алив асуудлыг зөвхөн аймгийнхаа хүрээнд авч үзэхээс илүү бүс нутгийн хөгжлийн төлөө Ховд аймаг манлайлж ажиллах ёстой, хөгжих ёстой гэдэг ийм зорилгыг бид бүхэн тавьсан байгаа. Бидэнд их олон мөрөөдөл, олон хүсэл эрмэлзлэл байгаа. Ховд аймаг бол ХАА-ын салбар болон мал аж ахуй, газар тариалангаа түлхүү хөгжүүлсэн аймгуудын тоонд ордог. Жил бүр нийтдээ нэг сая орчим төл хүлээн авч байна, 600-700 мянган малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байна, газар тариалангын хувьд жил тутам 2.2-3.0 мянган га газарт тариалалт хийж, 22-25 мянган тн ургац хураан авч байна. Энэ салбарт 3-4 мянган хүн ажиллаж байна. Ингээд тооцох юм бол ХАА-гаа цаашид түлхүү хөгжүүлэх шаардлага байна. Тухайлбал газар тариалан хөгжүүлэх, тариалалт хийх боломжтой газар нутгаа бид нар 24 мянган га-аар нэмэгдүүлж баталсан байгаа. Харамсалтай нь үүнийхээ дөнгөж аравхан хувийг ашиглаж байгаа юм.. Ярих юм бол олон зүйл байна л даа. Аймгийн ИТХ-аар ногоон хөгжлийн хөтөлбөрөө баталсан. Тус хөтөлбөр маань 2 үе шаттайгаар хэрэгжинэ. 2026 он гэхэд Ховд аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болно гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Ер нь бол эдийн засгаа тэлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх нэг томоохон хүчин зүйл бол аялал жуулчлал юм гэж тооцож, харж байгаа. Ховд аймаг бол их өвөрмөц аймаг. Олон ястан үндэстнүүд “үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлээр” ажиллаж амьдардаг ийм сайхан хүмүүс. Онгон дагшин байгалийг эцэг өвөг дээдэс маань бид бүхэнд өвлүүлсэн байна. Энэ байгалийнхаа гоо сайхныг бид бүхэн ашиглаад, олон ястан түмнийхээ ахуй байдал, урлаг соёлыг брендээ болгож хөгжүүлээд явах сайхан боломж бий. Үндэстэн, ястан болгон өөр, өөрийн өвөрмөц аж байдал, ахуй амьдрал, урлаг соёлтой гэдгийг хэлэх нь бараг илүүц байх. 

- 2016-2020 онд хэрэгжүүлэх Ховд аймгийн стратеги төлөвлөгөөг ямар бүрэлдэхүүнтэйгээр хэрхэн боловсруулав. Мөн та бүхний үнэлж, дүгнэж байгаагаар стратеги төлөвлөгөөний хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?

- Стратеги төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд, маш олон судлаачид, иргэдийн санал авч боловсруулж баталсан байгаа. 2005, 2008, 2012 оноос манай эрдэмтэн судлаачид, докторууд, үе үеийн аймаг орон нутгийн удирдлагууд боловсруулаад, дунд хугацааны хөтөлбөр болгоод батлаад, хэрэгжүүлээд явж байсныг бид бүхэн улам боловсронгуй болгож, улам иргэдийнхээ санал бодлыг авч хэрэгжүүлж байна гэж ойлгож болно. Одоо хэрэгжилтийн хувьд яг ийм байна, тийм байна гэж яв цав хэлэхэд төвөгтэй. Стратеги төлөвлөгөөний ихэнх зүйл, заалтыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан. Удахгүй болох аймгийн ИТХ-ын 10 дахь хуралдаанаар бид бүхэн Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгч, одоо хэдэн хувьтай байгааг тооцож үзнэ. Өнгөрсөн 6 сарын байдлаар 64 хувийн биелэлттэй байна гэж тооцсон байгаа. Одоо бол мэдээж 80 гаруй хувийн биелэлттэй явж байгаа байх гэж урьдчилан таамаглаж байна.

- Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлахдаа хүний хөгжлийг эрхэмлэх уриа дэвшүүлсэн гэсэн. Тэгвэл яагаад хүний хөгжлийг нэгдүгээрт тавих ёстой гэж үзсэн бэ? Үндэслэл нь юу вэ? Түүнээс гадна хүний хөгжлийг эрхэмлэж ажиллах урианыхаа дагуу, үүнд чиглэгдсэн тодорхой, ямар алхмуудыг хийхээр ажиллаж байна вэ?

- Бид бүхэн мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа. Мэдээлэл технологийн энэ эрин зуунд хүн өөрөө хөл нийлүүлэн алхах, хөгжил дэвшлээс хоцрогдохгүй байх асуудал туйлын чухал байгаа юм. Жишээлбэл яг өнөөдрийн байдлаар дэлхийн 5 сая робот хүн төрөлхтний хийж гүйцэтгэх зарим ажлыг орлон хийж байгаа гэж байгаа юм. Гэтэл 25 жилийн дараа хүний хүчин зүйлээр бий болдог, хүний хийж байгаа хөдөлмөрийн 40 хувийг робот буюу электрон техник орлодог болно гэж дэлхийн олон судлаачид мэдээлж байна. Тэгэхээр бид нар хүнээ хөгжүүлж, энэ мэдээлэл, технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага байна. Ялангуяа бодит амьдрал дээр манай Ховд аймгийн залуучуудад ажил олдохгүй ажлын байр дутагдах бэрхшээл их байна. Тэдгээр залуучуудын 70-80 хувь нь их, дээд сургууль төгссөн, 20-30 насны боловсон хүчин байна. Ихэнх нь манай Ховд их сургууль төгссөн мөн бусад их сургуулиуд төгссөн залуучууд байна. Тэгэхээр энэ залуучууд яг амьдрал дээр нэг салбарт очоод ажиллах гэхээр гологддог. Ийм асуудал маш их байна. Тийм учраас залуучуудаа хөгжүүлье, хүнээ хөгжүүлье, зах зээлд эрэлттэй, хэрэгтэй мэргэжлийг залуучууддаа эзэмшүүлье, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэе гэх зэрэг асуудал туйлын чухал байгаа юм. Тэгээд Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хэд, хэдэн тодорхой заалтууд тусгагдаж хэрэгжиж байгаагийн нэг нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг түшиглээд, “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгуулсан. Мөн янз бүрийн сургалт семинар, залуучууддаа өгөх мэдээллүүдийг цаг алдалгүй өгөөд явж байгаа. Жишээлэхэд одоо Ховд их сургууль маань жил бүр 300-400 багш бэлтгээд гаргаад байдаг ч манайд болон бүсийн аймгуудад багшлах боловсон хүчин илүүдэлтэй.  Тэгвэл одоо Ховд аймагт цементийн үйлдвэр баригдана. Одоо гүйцэтгэл нь хийгдээд явж байна. Гэтэл цементийн үйлдвэрт ажилладаг технологич, инженер, барилгын мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай. Тийм учраас энэ асуудлыг ч гэсэн хүнээ хөгжүүлэх бодлогынхоо хүрээнд авч хэрэгжүүлж ажиллана гэж төлөвлөж байгаа.

- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулж, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх нь хүний хөгжлийн нэг чиглэл нь болж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр Ховд аймагт байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвнь хүчин чадлынхаа хувьд аймгийнхаа хэмжээнд хангалттай олон мэргэжилтнийг бэлтгэх боломж нь ямар байна? Эсвэл хүчин чадал нь боломжтой байсан ч элсэгчид дутагдалтай байна уу? Энэ  тал дээр ямар мэдээлэлтэй байна вэ? .   

- МСҮТ-ийг бид бүхэн өргөтгөж байгаа. Монгол улсын Засгын газраас, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас энэ асуудлыг маш их дэмжиж Ховд аймгийн “Хөгжил” МСҮТ-ийг өргөтгөөд, хичээлийн шинэ байртай болгож байгаа. 4.2 тэрбум төгрөгийн өртгөөр шинэ хичээлийн байр барьж байна. Одоо бол 10 гаруй төрлийн мэргэжлээр 1000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Үүнийгээ улам нэмэгдүүлээд, явах зорилго тавьж байна. Хамгийн сайн засал чимэглэлч, хамгийн сайн гагнуурчин, хамгийн сайн сантехникч, хамгийн сайн өрлөгчин, барилгачин, хамгийн сайн мужаан үнэхээр өндөр цалинтай сайхан амьдрах ийм боломж нээлттэй байна. Барилгын салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал нь ерөөсөө мэргэжлийн ажилтан, ажил хийх хүсэл эрмэлзэлтэй залуучууд маш их дутмаг байна гэж ярьж байна. Тэгэхээр бид бүхэн энэ бүгдийн уялдаа холбоог хангах ёстой. Цаашдаа Ховд аймаг баруун бүс нутгийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, мэргэжлийн ажилтнаар хангах энэ зорилт маань нэлээн өргөн хүрээнд зохион байгуулагдаад явж байна.

- Хүний хөгжлийн тэргүүлэх зүйлүүдийн нэг нь өсвөр үеийг сургаж, хүмүүжүүлэх асуудал байх ёстой байх. Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөр, арга барилтай холбоотой янз бүрийн санал бодол ард иргэдийн дунд байдаг. Монгол хэл, түүх соёлынхоо, Монголын язгуур мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэгдсэн хичээлүүдийг түлхүү оруулъя гэх мэтчилэн. Тэр талаар тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч байгаа байх. Гэхдээ энэ тухайд шинээр санал онол дэвшүүлж оруулж ирж байгаа зүйл бий юу?

- Хуучны уламжлалт арга барилаар хүүхдийг хүмүүжүүлдэг, боловсролтой болгодог гэдэг ойлголт жилээс жил ирэх тусам хумигдаж байна. Урьд нь бол “Ах нь сургадаг, дүү нь сонсдог”, “Хүн ахтай, дээл захтай”, “Ахаа алд хүндэлдэг, дүүгээ дэлэм хүндэлдэг” гэх мэт монголын уламжлалт хүмүүжлийн арга барилаар хүүхдүүд хүмүүждэг, ийм сайхан ёс суртахуунтай байсан бол одоогийн энэ мэдээлэл технологийн эрин зуунд энэ асуудал туйлын хомс болсон. Хүүхдүүд соүшил ертөнцөөс, мэдээлэл технологийн эрин зуунаас төрөл бүрийн, маш олон төрлийн мэдээлэл авч байна. Энэ дотор сайн мэдээлэл ч байна, саар мэдээлэл ч байна. Тийм учраас энэ тал дээр манай багш нар, мөн эцэг эхчүүд шинэлэг арга барилд суралцах шаардлагатай болж байна. Монгол улсын БСШСУЯ ийм бодлого барьж байгаа, Ховд аймаг ч ийм бодлого барьж байна. Ерөөсөө сургууль гэдэг бол зөвхөн хүүхэд сургадаг, хүмүүжүүлдэг газар биш, олон нийтийн оролцоог нэмэгдүүлсэн хүний хөгжлийн төв байх ёстой юм байна гэдэг үүднээс “Олон нийтийн оролцоот хүний хөгжлийн төв” гэсэн аймгийн дэд хөтөлбөрийг бид бүхэн боловсруулаад ажиллаж байна. Энд эцэг эх нь ч өөрсдөө хөгждөг, орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхдаг, хүүхдээ хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга барилд суралцдаг, багш нар нь ч өөрсдөө суралцдаг, хүүхдүүд нь ч өөрсдөө хөгждөг, зөв хүмүүжил, төлөвшлийг авдаг, ийм байх зорилгыг бид бүхэн тавьж байгаа юм. Дээрээс нь хүүхдийг бүр цэцэрлэгт байхаас нь эхлэн хөгжүүлэх, ардын уламжлалт зан үйлд сургах, хүнийг хүндлэх, ах эгчээ хүндлэх, дээдлэх, мэндэлж сургахыг сургалтын арга барилд нэвтрүүлэхийг чухалчилах болсон. Жишээлбэл, Манай Ховд аймгийн Жаргалант суманд Чулуунбаатар гээд маш их зүтгэлтэй иргэн байна. Тэр хүн 108 төрлийн Баруун монголчуудын тоглож байсан тоглоом наадгайг өөрөө үйлдвэрлээд, өөрөө сургалт явуулаад, хэд хэдэн цэцэрлэгтэй хамтарч ажиллаад явж байгаа юм. Зарим цэцэрлэгийн хөтөлбөрт нь оруулаад, очиж 7 хоног, 14 хоногоор сургалт зохион байгуулдаг, хөдөө сумуудад очиж сургалт зохион байгуулдаг. Алаг мэлхий өрөх, оньсон тоглоом, хөлөгт тоглоомуудыг зааж сургахад ихэд хичээн зүтгэж ажиллаж байгааг сайшаан тэмдэглэх ёстой. Бүтээн байгуулах ажлууд маань “Шинэ Ховд” хөрөнгө оруулалтын чуулганаар баримжаалагдаж байгаа.

 - Бодлогын томоохон баримт бичгүүд батлагдаад, хэтийн чиглэлээ тодорхойлоод явж байгаа талаар та ярилаа. 2020 онд сонгууль болоод, түүний үр дүнгээр Засаглалын шинэ бүтэц ажиллаж эхлэх байх. Үүнээс хамаарахгүйгээр хөгжлийн баримт бичгүүдийнхээ үзэл санааны хүрээнд Ховд аймаг маань тогтвортой хөгжих боломж нь хэр хангагдсан бэ? Хэтийн төлвийг нь хэрхэн яаж төсөөлж харж байна?

- Ховд аймаг бол бүрэн хөгжиж байгаа, хөгжих боломжтой ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа аймгуудын нэг. Холын болон ойрын чиглэл, зорилгын хүрээнд удахгүй болох нэг чухал арга хэмжээ гэвэл, ирэх 11 сарын 15-нд Ховд аймагт Шинэ Ховд хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдана. Өнгөрсөн жил энэ чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэ удаагийн чуулганд мөн урьдын адил олон нэр хүндтэй хүмүүс, судлаачид эрдэмтэд, томоохон байгууллага газрууд оролцоно. Энэ үеэр Ховд аймагт түлхүү хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа салбарууд дахь төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцана. Тухайлбал Шижигтийн Хавцалд 100 мг/вт-ын хүчин чадалтай УЦС барих төсөл маань баруун бүсэд эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг авч ирж байгаа. Түүнээс гадна барилгын материалын үнэ ханш өндөр байгаа зэрэг бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор таван тэрбум төгрөгийн өртөгтэй цементийн үйлдвэр баригдана. Мөн малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж барих ажил 40 хувьтай явж байна. Энэ байгууламжийг түшиглээд, ноос угаах, ээрэх үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, бусад малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүд, агропаркууд, фермерийн аж ахуйнууд байгуулагдаж, хөгжих боломжтой. Түүнээс гадна нефтийн үйлдвэр байгуулахаар төлөвлөгдөөд, бэлтгэл ажлыг зохион байгуулаад явж байгаа. Томоохон үйлдвэрүүдийг бий болгох ажил ийнхүү бодлого болж явагдаж байгаагийн зэрэгцээгээр, ойрын хугацаандаа хүн амын ажилгүйдлийг бууруулах, ажлын байраар хангах асуудал чухал болж байна. Иймээс аймгийн ИТХ-аас 2019 оныг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх жил болгож, зарласан. Энэ хүрээндээ мөн “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг  баталж хэрэгжүүлж байгаа бөгөөд 200.0 сая төгрөгийн санхүүжилт баталж, эхний ээлжинд зайлшгүй санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Үйлдвэр технологийн паркыг бий болгож, 11 дүгээр сард нээлтээ хийх гэж байна.

- Аливаа хөтөлбөр төслийг хэрэгжүүлэхэд хариуцлага, үр дүн чухал. Тухайлахад сум хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа гэх мэт асуудлуудад анхаарлаа хэрхэн хандуулж байна вэ?

- Сум хөгжүүлэх хөтөлбөр бол уул нь маш чухал хөтөлбөр. Харамсалтай нь манай иргэдийн ухамсар тааруу, хариуцлага үүрэх чадамж бага байгаа явдал бий. Авсан зээлээ эргэж төлөөд, бусдад боломж олгох ёстой гэдгээ ухамсарладаггүй. Иймээс энэ төрлийн зээлийг банкаар дамжуулж олгох, банкны зээлийн санд бүртгэгддэг систем нэвтрүүлэхээр болж байгаа.

- Банкаар дамжуулж олгосон нөхцөлд банкууд маань уг мөнгийг дансандаа оруулж авсаныхаа дараа, зээл хүсэгчид болон төсөл нь шалгарсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгө энэ тэр дээрээ хэтэрхий чанга болзол, шаардлага тулгадаг гэх мэтээр чөдөр тушаа болдог гэж их яригддаг.

- Энэ асуудал дээр бол банкууд зөвхөн эргэн төлөлтөнд нь л хяналт тавих үүрэг гүйцэтгэх юм.

- Өнгөрсөн жил Улаанбаатарт болсон Шинэ Ховд хөрөнгө оруулалтын чуулганы үр дүнг тооцож үзсэн үү? Одоо болох чуулган нь ямар ач холбогдолтой байх вэ?

- “Шинэ Ховд” чуулган дээр сая миний ярьсан гол, томоохон хөтөлбөр, төсөл, хөрөнгө оруулалтуудыг хэрэгжүүлэх тухай шийдэл гаргасан. Тэдгээрийн ихэнх нь ажлаа эхлээд хэрэгжээд явж байгаа. Одоо болох чуулган дээр энэхүү томоохон төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар хэлэлцээд, цаашид хэрхэх талаар шинэ шийдлүүд гаргана.

- Тэдгээр төслүүдийн санхүүжилтийн арга хэлбэр нь яаж шийдэгдэж байна?

- Янз бүрийн арга хэлбэрүүдийг ашиглаж байгаа. Тухайлбал цементийн үйлдвэрийн хувьд 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг улсын төсвөөр, агропаркийг төсвийн хөрөнгө болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээр гэх мэт.

- Та сая нефтийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа тухай ярьсан. Нефтийн үйлдвэр байгуулахын тулд түүхий эдийн нөөцийг нь шийдсэн байх хэрэгтэй болох байх. Тэгтэл манай баруун бүс нутагт одоогоор бүрэн гүйцэд судлагдаж, нөөц нь тогтоогдсон газрын тосны орд хараахан байхгүй гэсэн мэдээлэл байсан шиг санана. Тэгэхээр түүхий эдийн нөөц нь шийдэгдсэн юм болов уу?

- Жилд 50.000 тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, байгаль орчинд хор хөнөөлгүй технологи ашиглах, жижиг оврын үйлдвэрийг жилийн хугацаанд барьж байгуулах боломжтой гэж төлөвлөгдсөн. Ингэснээр шатахууны үнэ хямдрах, ажлын байр бий болох ач холбогдолтой гэж үзсэн байна лээ. Түүхийн эдийн нөөцийн талаар одоогоор надад тодорхой мэдээлэл байхгүй байна.

- Таны ярьсан “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрөөс гадна үйлдвэрлэлийг дэмжих жилд зориулагдсан тодорхой ямар ажлууд явагдаж байна?

- Залуучуудынхаа хандлагыг өөрчлөх шаардлага байгаа юм. Ажлын байрууд бол байхгүй биш, байна. Барилгын гэх мэт салбаруудад түр хугацаанд ажиллуулах ажлууд их гардаг ч залуучууд очиж ажилладаггүй, амар хялбар аргаар  мөнгө олчих санаатай, тийм хандлага их байна.

- Батлагдсан хөтөлбөрүүд болон түүнтэй холбоотой мэдээллүүд олон нийтэд нээлттэй байгаа байх гэж бодож байна. Цахим сайт руу ороод мэдээллүүдийг авах боломжтой байгаа биз дээ?

- Хэн ч үзэх боломжтой байгаа. Хөтөлбөр батлаад орхих нэг хэрэг. Гол нь санхүүжилтийг нь шийдэж баталж өгөөд, үр дүн гаргахын төлөө ажиллах нь чухал. Амжилттай хэрэгждэг хөтөлбөрүүдээс дурьдвал Ахмад настны хишиг хөтөлбөр, Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, Хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх хөтөлбөр, Залуу малчин хөтөлбөр, Цалинтай ээж хөтөлбөр, Олон ястны өв соёл хөтөлбөрүүд байх жишээтэй. Олон ястны өв соёл хөтөлбөрийн хүрээнд Монгол хөөмийг Гиннесийн номонд оруулах том ажил өрнөж, энэ 10 сарын 30-нд шийдвэрлэх арга хэмжээ нь явагдаж амжилттай бүртгүүллээ. Мөн өв соёлын болон аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Цайны зам” наадмыг жил болгон зохион байгуулж байна гээд олон зүйл бий. Бидний зүгээс хөтөлбөрүүдийн хоорондын уялдаа холбоог хангаж, хэрэгжилт, үр дүнд нь хяналт тавихад анхаарлаа хандуулж ажиллаж байгаа.

- Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн хяналт хэр зэрэг хийгдэж байна. Төрийн хяналтын байгууллагаас гадна төрийн бус мэргэшсэн хөндлөнгийн байгууллагуудаар хяналт үнэлгээ хийлгэх явдал чухал байдаг.

- Үр дүнд нь жил тутам хяналт тавьж байгаа. Салбар, салбараар нь ажлын хэсэг томилж, хяналт тавиулах, мөн хөндлөнгийн аудит хийлгэх асуудлуудыг хийлгэж байгаа. Тухайлбал 2018 болон 2019 оны аймгийн төсөв, тендер, хөрөнгө оруулалт, Жаргалант сумын сум хөгжлийн сан, мөн ХХҮГ-ын хариуцдаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд “Ховдын толь сонин” төрийн бус байгууллага хяналт үнэлгээ хийж байгаа бөгөөд энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах зэргээр аймгийн ИТХ-тай нягт хамтарч ажиллаж байна. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүд, жишээлэхэд “Сургууль, цэцэрлэгийн эгэх холбоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөр, “Үдийн цай” хөтөлбөр зэрэгт ТББ-ууд хөндлөнгийн аудит хийсэн тухай дурьдаж болно.

- Хөтөлбөрүүдийг эргэж харах, улмаар засаж сайжруулах шаардлагатай байна гэсэн санал, санаачилага орж ирэхэд хүлээж авч хэрэгжүүлэх нь нээлттэй юу?

- Энэ асуудал нээлттэй. Аливаа хөтөлбөрийг сайжруулах саналуудыг хуулийн хүрээнд, асуудлыг бодитой зөв тодорхойлж гаргасан байдлаар оруулж ирэх юм бол бид хүлээж авч холбогдох байгууллага, жишээлбэл ЗДТГ-т чиглэл, даалгавар өгч, ажил хэрэг болгох нь зайлшгүй асуудал.

- Соёлын асуудлыг бодлого, хөтөлбөрүүдэд сайтар шингээж оруулах, соёлын язгуур агуулга, ухагдахууныг судлан гаргаж ирэх, тэдгээрийг агуулсан өв, туурвилуудыг дэмжиж гаргах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна. Ийм чиглэлээр дорвитой, чамбай саналууд орж ирвэл дэмжиж ажил хэрэг болгох боломжтой биз дээ?

- Энэ чиглэлд “Цахим номын сан”, “Оюун түлхүүр” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Соён гэгээрүүлэх, түүх соёлын мэдлэгийг болон уран бүтээл, уран зохиолын бүтээлийг дэлгэрүүлэх талаар Жангар туульсын жүжгийг ХДТ-т тавигдахад нь дэмжсэн, мөн ард олныг эх оронч үзэл санаагаар чиглүүлэхэд тус болохуйц “Олзвой баатар” гэдэг бүжгэн жүжгийг шинээр найруулан тоглоход нь дэмжсэн зэрэг тодорхой зүйлүүд байгаа. Цаашдаа энэ чиглэлээр мэргэжлийн болон олон нийт, соёлын мэргэжлийн зүтгэлтнүүд, уран бүтээлчдээс тавьсан үр өгөөжтэй, тэгэхдээ тухайн мэргэжлийн байгууллага, холбоодоороо баталгаажсан, албан ёсны саналуудыг хэрэгжүүлэхэд анхаарч дэмжиж ажиллана.

- Өнөө маргааш, эхний ээлжинд шийдэж, цэгцлэх шаардлагатай ямар асуудлууд байна?

- Тулгамдаж байгаа асуудлууд нэлээд байгаагаас хамгийн чухал нь аймгийн төвийн дулаан хангамжын асуудал байна. Бадамлах дөл ХХК дулааны төв магистрал шугамыг засвар шинэчлэлийн ажлыг хийгээд явж байна. Гэхдээ энэ маань хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор ихээхэн оройтож эхэлсэн. Өвөлжилтийн бэлтгэл хангуулах аймгийн Засаг даргын чиглэл даалгаврыг 7 сард гаргаж, бүх сум байгууллагуудад хүргүүлсэн. 10 сарын 14-ны 501 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад 10 гаруй асуудлаар үүрэг чиглэл өгсөн байгаа. Үүнд:

  • Зарим байр, орон сууцуудад халаалт дулаан өгөгдөөгүй байгаад онцгой анхаарал хандуулж ойрын өдрүүдэд халаалт, дулааныг нийлүүлэх арга хэмжээ авах
  • Малчдын өвөлжилтийн асуудалд анхаарах талаар сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангах, отор, нүүдэл хийх газар, хугацаа, цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан 7 хоног, сар бүрээр тодорхойлж, иргэд, малчдад мэдээлж байх
  • Ховд аймгийн утаа, агаар орчны бохирдлын асуудлыг бууруулах талаар хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг аймгийн ИТХ-д болон иргэдэд тайлагнах
  • 2019 оны хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагаа, тендерийг яаралтай зарлаж дуусгах, түүний чанар, үр дүнд холбогдох мэргэжлийн байгууллагууд, иргэдийг оролцуулсан хөндлөнгийн хяналт хийлгэж, гэрээний хугацаа хожимдсон, чанаргүй хийгдэж байгаа ажлуудыг шахаж шаардах, зөрчлийг таслан зогсоож газар дээр нь засаж залруулах арга хэмжээ авах
  • Аймгийн онцгой обьект болох Дулаан үйлдвэрлэгч байгууллагууд, Эрчим хүч, Шим ус, Хот тохижилт гэх мэтийн албан байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахаас гадна хийсэн ажлаа иргэдэд үнэн зөв мэдээлдэг, дуудлага хүлээн авах утас нь байнгын ажиллагаатай, иргэдээс гарч байгаа санал хүсэлтэд тодорхой хариуг өгдөг байх
  • Ашигт  малтмалын хайгуулын болон  ашиглалтын лицензүүдтэй холбоотой иргэдийн дундах шуугиан, маргаантай асуудлуудын үнэн  мөнийг судлан тогтоож, олон нийтийг бодит  мэдээллээр хангах.
  • Зарим албан байгууллагын удирдлагууд, ажил хариуцсан мэргэжилтнүүдээс шалтгаалж төрийн албаны нэр хүндэд халтай сөрөг мэдээлэл газар авахаас сэргийлж, ажлаа хийж чадахгүй, мэдэхгүй, хүнд суртал гаргаад байгаа хүмүүст хариуцлага тооцож ажиллах
  • Ховд аймгийн төв Жаргалант сумын удирдлагууд, ажилтан, албан хаагч нартай тусгайлан уулзалт зохион байгуулж, хотын өнгө үзэмж, соёлжилт, хог, хот тохижилт, гудамж талбай, нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа, хамгаалалт гээд бүхий л зүйлд өөрийн гэр орон шиг хандахыг чухалчилан захиж, удирдамж, чиглэлээр хангах
  • Ойн бүсэд байгаа айл өрхүүдийн зохион байгуулалт, дэг журам, газар олголтын асуудалд онцгой анхаарах
  • Аймгийн ИТХ-ын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын шинж чанартай ажил, асуудлууд хугацаа, хожимдож, тасарч байгаа явдалд анхаарч биелэлтийг нягтлан, өгөгдсөн хугацаанд хариу ирүүлэх
  • Аливаа шүүмжлэлийг улс төрийн өнцгөөр харж, хүлээж авах биш ажил сайжруулах нэг дохио гэж ойлгож ажиллах гэсэн асуудлууд багтсан байгаа.

- Ярилцсанд талархлаа.

Ярилцсан Г.Төрмөнх

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд