Булган боомтыг 3 сарын 02 хүртэл хаахаар болов

Шинэ төрлийн коронавирусийн халдвар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар /2020.02.11-ний 11 цаг/ 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барсан мэдээтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын өгч буй мэдээллээр нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ага хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх нь чухал.

Өнөөдөр /2020.02.11/ хуралдсан Ховд аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар 3 асуудлыг авч хэлэлцэн, зохих шийдвэрийг гаргажээ. Үүнд:

Хилийн боомтуудын үйл ажиллагааг 3-р сарын 2 хүртэл түр хааж, нүүрс тээврийг зогсоосонтой холбогдуулан хэрэгжилтийг хангуулах, жолооч нарын эрүүл мэндийн асуудалд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт, мөн нүүрс тээвэрлэж яваад 2 боомтын дундаас буцсан 50 гаруй жолооч нарыг татах ажлыг зохион байгуулж, тээврийн болон бусад зардлыг гамшгаас хамгаалах төлөвлөгөөнийхөө дагуу бүрэн шийдвэрлэж ажиллахыг Мо-Эн-КО ХХК-ийн удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Булган сумын Булган боомтод ажилласан “ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ”-ийн дүгнэлт, мэдээллийг сонсож ариутгал халдваргүйжүүлэлт хийх, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг сайтар хүргэх, салбар байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, төлөвлөгөө баталж мөрдөж ажиллах чиглэл өгсөн юм.

Мөн зах үйлчилгээний төвүүд, баар караоке, ресторануудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн мэргэжлийн байгууллагауудын дүгнэлтийг үндэслэн хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн, ямар нэгэн халдвар гарах өндөр эрсдэлтэй, ил задгай талбайд худалдаа үйлчилгээ эрхэлж буй зарим захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Жаргалант сумын Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд