Монголын ой тогтоолтын тамирчид багаараа дэлхийн аврага боллоо

Монголын оюун ухааны академийн 20 тамирчин, багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль хүртэж, боломжит 90 медалиас 57-г нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгуулжээ.   

Индонези Улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 1-3-ны хооронд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Манай улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгуулжээ. Мөн насанд хүрэгчдийн ангилалд “Олон багц хөзөр” төрөлд олон улсын их мастер Н.Мөнхшүр, “Нэр-зүс царай” болон “Зураг” төрөлд олон улсын их мастер В.Янжаа, өсвөр насанд “Түүхэн үйл явдал”, “Хурдны хөзөр”, “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд олон улсын мастер Э.Лхагвадулам нар дэлхийн долоон дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 
Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны номер нэг, олон улсын их мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж, дэд байрт олон улсын их мастер Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байранд олон улсын их мастер В.Янжаа нар 7425 оноогоор тус тус шалгарлаа. Мөн олон улсын их мастер, Өсвөрийн дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр “Азийн хамгийн шилдэг тамирчин - 2017” цомын эзэн боллоо.
Монголын оюун ухааны тамирчид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг зэрэг улсад болсон тэмцээнүүдэд амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Үүнтэй холбогдолтой нэгэн зүйлийг дурьдахад XXI зуунд Монголыг булчин шөрмөс бус зөвхөн оюун ухаан л аврана гэдгийг ухаарч, манай төр засаг оюун ухааныг, эрдэм мэдлэгийг, соёлыг, авъясыг харамгүй дэмжих бодлого явуулах ёстой атал дээд сууринд нь харин оюун ухаан, эрдэм номыг үл ойлгогч, алт мөнгийг шүтэгч нар сууж байгаа нь эмгэнэлтэй, магадгүй мөхөл юм. Наймдугаар анги төгссөн бөх ерөнхийлөгч, бөх зөвлөх, бараг үсэглэж уншдаг бөх сайдтай болохыг үздэг азгүй хүн юмаа би... хэмээн нэгэн иргэн өөрийн нүүр номондоо бичсэнийг эрэгцүүлвээс оргүй ч зүйл биш дэгээ ! ! !

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд