Өвөлжин бууринд бэлчээргүйн улмаас зарим малчид хаваржаандаа бууж өвөлжихөд хүрчээ

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын сүүлчээр Манхан суманд ажиллаж, Засаг дарга болон удирдлагын багийн 2017 оны бодлого үйл ажиллагаа мөн 2018 онд дэвшүүлж буй зорилт, төлөвлөгөөний талаар танилцуулав. Энэ дашрамд малчдын амьдрал, байдалтай танилцахад Баянгол багийн малчид усны хомсдол хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг ярьсан. Тухайлбал, Харганы эх гэдэг газрын усны ундарга муудаж, горхи булаг нэлээдгүй ширгэсэн аж. Тиймээс Төгрөгийн голын уснаас зуны цагт голдрилоос нь салаалан Харганы эх рүү оруулах хүсэлт тавьж байв. Өнгөрсөн жил малчид сумын удирдлагуудтай хамтран, замын компаний техник ашиглан, усны шуудуу татсан боловч газрын хөрс рүү шургаж ороод төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Тиймээс энэ жил дахин шуудуугаа цементэлж байгаад усны асуудлаа шийдвэрлэхийг зорьж байгаа юм байна. Энэ ажилд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг аймгийн Засаг даргад уламжилан хүсэлт тавьсан бөгөөд Засаг дарга Д.Галсандондог уг асуудлыг анхааралдаа авч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. 

Энэ өвөл хүйтний эрч урьд жилүүдээс чанга, зундаа гандуу байсны улмаас өвсний гарц тааруу зэргээс болоод, цас ханзарч хавартай золгоход үед мал идэх өвсгүй болох эрсдэл байгааг олон хүн хэлж байв. Тус сумын зарим малчдын хувьд өвөлжөө нь идэх өвсгүй болж, өтөг, бууц нь хөлдсөний улмаас малчид хаваржин бууриндаа очиж буухаас аргагүй болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд