“Говийн чоно” олон улсын сургуулилтын нээлт

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлаг сургуулийг энэ удаад Ховд аймагт явуулж байгаа ба нээлтийн ажиллагааг 2018 оны 06 сарын 04-нд хийв.

Энэ удаагийн “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуульд  Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Балба, Шри Ланка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Мөн Тайланд, Ширланк, Балба улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байна.

 Нээлтэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер, АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-Лам, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар оролцож үг хэлсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Говийн чоно-2018” дасгал, сургуулилтыг энэ удаа газарзүйн байрлал, тогтоц,  тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн онцлог нөхцлийг харгалзан Баруун бүсийн төв Ховд аймагт “Гамшгийн үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдэвтэйгээр зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь болзошгүй газар хөдлөлтийн аюул, технологийн гаралтай ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, улсын албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг бодит нөхцлийн цагийн байдалд уялдуулан ажиллуулах, улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй алхам болох ёстой” гэсэн.

 “Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь үндсэн найман чиглэлээр зохион байгуулагдана. Дадлага, сургуулийн төлөвлөгөөний дагуу уснаас, уулнаас, нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулиуд зохион байгуулагдаж Монгол, Америкийн 80 орчим аврагч харилцан туршлага солилцож  байна.

Уг дадлага сургуулийн хүрээнд болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэрхэн байх чиглэлээр эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, тухайн улс, орон нутагт тохиолдож байсан олон нэрвэгдэгсэдтэй гамшгийн үед хэрхэн ажиллах талаар  эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалтууд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд