Ховд аймагт болсон “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага өндөрлөв

Онцгой байдлын Ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулсан  “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль энэ оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд үргэлжилж, өндөрлөв.  Эл арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-Лам, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх болон Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлал, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, түүний харъяа агентлагууд, Балба, Шри Ланка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын элчин сайдын яамд, НҮБ-ын салбар хүмүүнлэгийн байгууллагууд, гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцсон

“Баруун бүсийн төвийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд явагдсан энэ сургалт дадлаганд баруун бүсийн таван аймгийн Онцгой байдлынхан хамрагдсан ба танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар үндсэн найман чиглэлээр явагдсанба эрэн хайх, аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх, эмэгтэйчүүдийн манлайлал, эмнэлгийн байгууллагуудын туршлага судлах гэсэн  сургалтуудыг анх удаа, орон нутгийн иргэдийн оролцоотой зохион байгуулсан нь онцлог байв.

Мөн үндэсний, бүсийн, орон нутгийн газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор команд штабын сургуулийг зохион байгуулсан. .

Монгол, Америкийн талууд энэхүү сургалт дадлагын үр дүнг үнэлэхдээ гамшгийн үед эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, Онцгой байдлын алба хаагчид, аврагчид болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг чадваржуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх, гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай харилцан туршлага солилцох, шинэ туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, оролцогчид харилцан танилцаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэжээ.

Дадлага сургуулийн хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогчдод батламж, мөн баруун таван аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар болон АНУ-ын аврагчдад ОБЕГ-ын даргын талархлын бичгийг гардуулан өгсөн юм.

 

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд