Өнгөрсөн зууны араатанууд буюу Японы цэргийн эрхтнүүдийн тамлан туршилт - II

(Үргэлжлэл - /түрүүчийн хэсэг нь өмнө нийтлэгдсэн/)

  • Оросын сэтгүүлч Дмитрий Руслановын Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү үгүүллийн хоёр дахь хэсгийг орчуулан толилуулж байна -

Түүний дараагаар “Олзлогдогсодыг байцаан, өчиг авах үндсэн дүрэм” нэртэй Квантуны армийн залхаан тамлах арга ажиллагааны тухай ярьсан байдаг. Тамлал, залхаалтын айдас цөхрөлөөс өөрөөр зайлсхийх, түүнийг даван гарах бүх боломжийг нь мухарласан тийм аргыг тэд хэрэглэхийг дэмжин сайшаадаг байжээ. Хамгийн ашигтай хувилбар нь ийнхүү эрүүдэн тамлах явдал гэсэн ганцхан үзэлд захирагдсан тэд байцаагдагчдын эсэргүүцэн тэсвэрлэх бүх чадварыг аль байдгаар нь сулруулан алга болгохын тулд харьцангуй хөнгөн арга хэрэглэх бүхий л боломжийг мухарлан хаадаг байжээ. Энэ бол үнэхээр аюултай хэрэг. Яагаад гэвэл тэвчихийн аргагүй тамлал тарчлаанаас зайлсхийхийн тулд өөрийн эрхгүй тулгасаныг нь албаар хүлээн зөвшөөрөхөд хүрэх нь байдаг. Мах бодид хэдий чинээ хүчтэй зовиур тамлалыг тулгах тусам төдий чинээ хүчтэй эсэргүүцэл тэвчээрийг шаардах агаад ийм үйлдлийн дараа дахин байцаалт явуулахад хариуд нь эрүүл ухаанаар харьцана гэхээс илүү харилцан маш хүчтэй хорсол, үзэн ядалтыг бий болгож, тэр байдал улам даамжирах нь энүүхэнд. Оросуудын хувьд Япончуудыг үзэн, ядах үзэл санаа хүчтэй байсны улмаас Орос хүмүүст илүү их хүч анхаарал хандуулах зарчим баримталдаг байсан нь ч мэдэгддэг. Тэрбээр байцаагдагчийн бие махбодийг тэсэхийн аргагүй болтол тарчлаан зовооход, түүнээс хэлтрэхийн эрхэнд ямар ч зүйлийг худлаа ярьж, хүлээхээс аргагүй болдог ба харин японы армийнхан үүнийгээ  байцаагдагчын нууж байсан мэдээллийг хэлүүлж байна гэж итгэдэг байсан бололтой.  

Байцаалтаар заавал олж мэдэх үүргээ хялбараар хэрэгжүүлэхийн тулд ямар нэг шарх сорвины ул мөр үлдээхгүйгээр, тэгэхдээ өрөвдөх сэтгэлгүйгээр тарчлаан зовоох аргыг хэрэглэдэг байж. Гагцхүү энэ тохиолдолд тэдэнд өөрийн амь амьдралыг хамгаалж үлдэх нь чухал хийгээд, байцаалтыг хорлонтой муу аргаар явуулсан гэж тооцогдохгүйгээр гүйцэлдүүлэх шаардлагатай байсан бололтой. Дээр хэлсэнчилэн хурдхан хугацаанд даалгавраа биелүүлэхийн төлөөнөө, өөрт хялбар өрөөлд (олзлогдогсодод) халгаатай тийм аргыг сонгоод, түүнийхээ ул мөрийг нууж, мэдэгдүүлэгүй байх нь тэдний хамгийн тэргүүн зорилт нь байж. “Одоо чи үхэх л болно” гэсэн зарчмаар хандсан үед түүнд анхаарах ер хэрэггүй болно. Өөрөөр хэлбэл хэрэгтэй бол юуг ч хийж болно гэсэн заавраар явдаг байсан хэрэг.

Эрүү шүүлтэндээ ашигладаг (хэрэглэдэг) байсан зарим аргыг дурьдвал: Нэг зүгт харуулан, өчүүхэн ч хөдөлгөөнгүйгээр суулгаж залхаах, хөлийн хуруунуудыг нь харандаагаар чагтлаж, бас хуруунуудых нь унгаар олсоор холбоод эргүүлэх, хамар, ам руу нь зэрэг ус цутгах, нуруун дээр нь хөлөөрөө гишгээд суниалгах, хавирга болон хөлийн шагай руу нь өшиглөж дэвсэх, намхан ханзны доогуур, суулгахгүйгээр бөхийлгөн зогсоож залхаах зэрэг агаад хэрвээ эрүүдэн байцаалтын улмаас  гэмтэж бэртэн, шархлаж, босож явж чадахгүй мөлхөж байлаа ч, ер хайхардаггүй байсан аж.  

Энэ бүхэн бол Квантуны армийн эрүүдэн шүүх ажиллагаанд хэрэглэгддэг анхан шатны хамгийн энгийн залхаалтууд байв. Хэрэв хүндээр бэртэж гэмтэх юм бол шийдвэрлэх арга хэмжээ гэгчийг авах бөгөөд нь энэ нь үхэл гэсэн үг. Тэрбээр ийм тохиолдолд мэдээж өнөөх 731 дүгээр отряд руу илгээнэ. Энэ бүхэн ямар нэг батлагдсан дүрэм зааврын дагуу явагддаг байсан ч, эрүү шүүлтийн үйл явцын талаар хэн ч мэдэх ёсгүй байв. Зөвхөн залхаагч, залхаагдагчын хооронд л мэдээлэл үлдэнэ гэсэн хэрэг. Бас нэг хамгийн чухал зүйл нь тарчлан зовж буй шүүгчдэгчийн орилоон хашгираан огт сонсогдохгүй байх ёстой. Тиймийн тулд эрүүдэн тулгалт явагдах байх үед тэдний амыг нь битүүлдэг байсан байгаа юм. Цаашилбал эрүүдэн шүүлт явагдаж байх үед шүүгдэгчийн нүүрний өнгө, хувирал, нүүрний янз байдал (хуурамч дүр эсгэж буй эсэх), нүдний харцны шилжилт, дууны өнгө өөрчлөгдөж буй байдал, уруулийн хөдөлгөөн, өөр бусад юу ч юм, дөнгөн данган, мэдэгдэх төдийхөн янз байдлыг огтхон ч хараанаасаа салгахгүй анхааралтай ажиглах ёстой. Өөрөөр хэлбэл өчиг мэдүүлгийг зөвхөн амнаас унагасан (хэлсэн) үгнээс нь авахаар зогсохгүй, санаа бодлынх нь илрэлээс тандах гэсэн зарчим бол басхүү үндсэн дүрмийнх нь нэг хэсэг. Баярлах, уурлах, гуниглах, сэтгэл ханах, хангалуун байдалтай байх, ичих, айх, зовинох, шаналах гэх мэт сэтгэл хөдлөлийн бүх илэрлүүдийг алдахгүй хянах ёстой гэдэг байжээ. Хатаж, харангадахын эрхэнд балга ус уухыг хүсэхэд нь өгөхгүй байх тэр агшинд өөрийн эрхгүй гоморхол төрөх зэргийг л ихэнхдээ энэхүү ажиглалтынхаа үр дүнд ашигладаг байсан гэдэг. Эрүү шүүлтийн үйлдлүүдэд шүүгдэгчийн хариу гаргаж буй ааш аягийн илрэлийн үр холбогдлыг нь таамаглах, гаргалгаа гаргахад зөвлөмж болгох зориулалт бүхий зааварчилга ашигладаг байсан хэмээн бичсэний үнэн худлыг эс мэдэх. Олзогдогч үнэн мэдүүлэг өглөө гэдгийг нь шинжин нотлох, түүнийг нарийвчлан задлаж тодруулах маш баялаг туршлага Квантуны армид байсан гэсэн нь ч бий.

Тэр үеийн Японы ням гараг тутмын “Акахата” сонинд (Японы коммунист намын төв хэвлэл) “Үхлийн чингэлэг” романы зохиолчын Манжуурын 731 дүгээр отрядад алба хааж байсан олон хүмүүстэй уулзсан тухай, японы арми бактериологийн дайнд бэлтгэж байсан  тухай нийтлэгдсэн. Энэ отрядад бүх Японоос томилогдон очсон хамгийн чадалтай гэгдэх эрдэмтэд эмч нарыг цуглуулсан байсан ба гурван зуун мянган олзлогдогчыг бактерлогийн зэвсэг үйлдвэрлэх туршилтын золиос болгоход тэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Өнөө цагт тэр технологийг АНУ-ын армид өргөнөөр хэрэглэдэг ба химийн зэвсэглэл, бактериологийн зэвсэгийн үйлдвэрлэлийн үндсэн ажилдаа ашиглаж байна. Дашрамд хэлэхэд дайны дараа АНУ, Япон хоёр микробиолиогийн чиглэлд хамтрагч байсныг Азийн нэг орны цэргийн тагнуулчид илрүүлсэн. Тэд бүүр 1950 онд Солонгосын хойг дээр вирусын туршилт явуулах станц ажиллуулж байсан нь илэрхий болсон. Тэр үйл ажиллагааг эрхлэгсэд нь солонгос хүмүүс дээр бузар муухай туршилтаа явуулдаг байсныг хятадын цэргийн тагнуулчид мөн илрүүлсэн билээ. Дайны төгсгөл үеэр тэд 731 дүгээр отрядтай холбоотой баримт материалуудыг устгасан бололтой. Энэ нь түүхэнд цагаан толбо болон үлдсэн хэдий ч, нууцлаж дарсан зүйлс нь аажимдаа илэрч мэдэгдсээр байна. Тэд зөвхөн биологийн болон эмнэлгийн салбар дахь ололтыг хувирган өөрчилснөөр зогсохгүй олон улсын эрхийн үүднээс хориотой зүйл болох бактериологийн зэвсэгийн үйлдврлэлт, туршилтыг явуулсаар байгаа. Харин урьдын тэр отряд нь өөрийн түүх намтраасаа үүнтэй холбоотой баримтуудыг тас нуухыг хичээсэн байдаг. Тэдэнд хүмүүст мэдэгдүүлэхгүйгээр нууцлаж, дарагдуулах гэсэн олон зүйл бий. Тодруулбал өөрсдийн үйлдэж байсан харгислал, ажиллаж байсан хүмүүсийн тухай мэдээлэл, хориотой бактериологийн дайн, бактериологийн зэвсэглэл, хүний ёсноос гажсан туршилт гээд.

Гэвч өдгөө даравч, далдайна, булавч бултайна гэгчээр нуусан хаасан нь аажим, аажимаар илэрч байна. Энэ бүхний дараа тэдний хувьд үргэлжлүүлэн амьдрана гэдэг үнэхээр хүнд зүйл болно. Мэдээж энэ бол хүн төрөлхтний эсрэг чимээгүй гэмт үйлдэл хийгээд зохиогчийн зүгээс мэдээллүүдийг олж илрүүлэхийн төлөө шаргуу зүтгэж, олон хэцүү бэрхийг ч туулжээ. Юуны өмнө “Үхлийн чингэлэг” романыг авч үзэх ёстой гэж бодно. Энэ номонд 731 дүгээр отряд гэгчийн тухай чухам үнэнийг гаргаж тавихын тулд аливаад баригдаж, хашигдалгүй, гоёж чимж, өнгө будгаар халхлалгүй, хоосон таамагт дулдуйдалгүй, бүгдийг өөрийн нүд чихээр болгоосны үндсэн дээр баримтанд тулгуурлан үгүүлсэн нь үнэ цэнэтэй. Тэрбээр уг романд цахилгаан гүйдэл бүхий өргөст төмөр торон доторхи харгислал, хүн бус яргалал, цэргийн олзлогдогсод, жирийн иргэд, хүмүүс японы харгис цэргийн гарт хэрхэн тарчилж байсан тухай, тэсрэх бөмбөг турших бүлэглэлийн (групп) тухай болоод нохой бөөсний тахал тараах, 20-иос 1000 хэмийн халуун чингэлэгт хүүхэд хөгшидийг хорин, амьдаар нь шатааж, халуунд амьтүйрүүлж хороож байсан баримт, Энэ бүх итгэмээргүй зүйлүүдийг шаналал халшралыг үл ажран судлаж, ажиглаж баримтжуулан сэтгүүлд нийтлүүлж, кино хальсанд буулгаж чаджээ.

731 дүгээр отрядын нууц лабораторид янз бүрийн хорнуудыг туршдаг байв. Түүнчлэн хүмүүст хортой мөөгийг албадан идүүлэх, мөн могойн хорын үйлчлэлийг хүмүүсийн организмд турших, халдвар авсан хархаар хазуулах зэргээр түүнийгээ гүйцэлдүүлдэг байсан байна. Хамгийн аймшигтай нь алуурчин эмч нарын үйлдэж байсан вирустсан хачигаар дамжуулан, халдвар тараах үйлдэл байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 731 дүгээр отрядыг устгагдсан ч, явуулж байсан хорлонт ажиллагаа нь нууц байдалд шилжин, алс дорнодын ой тайга руу шурган ороод, мөнөөх алуурч эмч нарын тусламжтайгаар орон нутгийн хүн амд халдварт эмгэг өвчин тарааж эхэлсэн байдаг.

Харин зөвлөлтийн эрдэмтэд хорын ерөндөгийг олж, тэрхүү өвчин тараагч хорхой шавьжийг нь устган, өвчнийг эсэргүүцэх вакциныг гаргаж авч чадсан. Ийнхүү үхэл, сэхэл хоёр тэмцэлдсэн он жилүүдэд мянга мянган хүн шавьжаар дамжуулан тараасан мэдрэлийн төв системийн эмгэг халдвараар өвдөж, амиа алдсан юм. “Алуурчин вирус” хэмээн нэрийдсэн тэрхүү өвчин тараагчийг судалсан судалгааны хавтаст материал мөнөөх 731 дүгээр тусгай отрядад байсан. 1949 онд болсон Хабаровскийн шүүх ажиллагаан дээр японы цэргийн эрдэмтэд бактерологийн зэвсэгийн хүчин чадлыг (хөнөөх чадвар) өсгөх, бузар үйл ажиллагаа хэрхэн цааш үргэлжлүүлэхээр ажиллаж байсан тухай өчиг мэдүүлгээ өгсөн байдаг. Тэр үед японы цэргийн эрдэмтэд алуурч вирусыг хүн дээр турших сорил, туршилтан дээрээ алдаа гаргасан бөгөөд, үүний улмаас янз бүрийн хорт вирус, хавдарын өвчлөл үүсгэгч бий болж тэдгээр нь цаашдынх нь харгис туршилтанд ашиглагдах болсон аж. Үйлдвэрлэлийн туршилтанд нь  Орос, Украйн, Солонгос, Вьетнам, Хятадийн өсвөр насныхан өртөж байсан агаад үхлийн тарилгын эсрэг хэрхэн ямар хариу шинж тэмдэг (реакци) үзүүлж буйг нь кино хальс болон бусад баримтанд буулган авч байжээ. Бузар туршилтандаа зөвхөн хүмүүсийг золиослоод зогссонгүй, мал амьтныг ч ашиглаж байсан  Тухайлбал японы туршуулууд Тувагийн нутаг дэвсгэрт нэвтэрч, мөнөөх вирусээрээ мал амьтныг халдварлуулан, хэрхэн өвчилж үхэхийг нь ажиглаж судалдаг байсан байна. 731 дүгээр отрядын гишүүн байгаад амьд үлдэгсэдийн зарим нь олон жилийн хойно жуулчидтай цуг Тувад очсон ба тэндхийн бэлчээр уснаас мөн мал амьтнаас сорил авч үзсэн байдаг. Тэгэхэд мал амьтны биеийн бүтцээс мөнөөх “алуурч эмч” нарын заавраар тараасан хорны ул мөр илэрч байсан тухай тэрхэн үедээ шуугиад, гэв гэнэт нам жим болсон байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад самурай нарын хойч үе өөрийн дээд үеийнхний зэвсэгийг өвлөн залгамжилахыг огтхон ч хүсэхгүй байгаагаа шаргуу илэрхийлж, харин ч бүүр Засгийн газраасаа татгалзаж байгаагаа мэдэгдэв. Тэгээд СССР Японы хооронд энхийн гэрээ байгуулагдсан. Энэхүү энхийн гэрээг байгуулахад СССР-ийн тал Японд өөрийн санаагаа хүчээр тулгасан уу гэвэл хэрхэвч тийм биш. Энхийн гэрээнд Японы хууль эрх зүйн зарчимыг сайтар харгалзан үзэж, Куриллын арлын эзэмшлийн асуудал ч мөн л энэхүү хууль гэрээний дагуу шийдэгдсэн.

Цаг хугацаа хэзээ ч элэгдэж алга болдоггүй. Ази , Номхон далайн талбар дээр ноёрхож асан Квантуны армийг тэрхүү талбар дээр нь, мөн жигшүүрт хорлон бусниулагч 731 дүгээр отрядыг Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд бүрэн бут цохисноос хойш нэгэнтээ 74 жил өнгөрч байгаа ч тэдгээртэй холбоотой нотолгоо баримтыг үгүйсгэх аргагүй. Өнөө үед Япон улс иргэншлийн дээд түвшинд очиж, дэлхийн зах зээл дээр цахим арга зүй (технологи), автомашины үйлдвэрлэл зэргээр ноёлох болсон. Гэвч үүний нөгөө талд өнгөрсний гутамшигт үзэл санааны сүүдэр хургаж буй гэдгийг нуун далдлах, түүнээс зугтаах аргагүй. Өнөө үеийн японы залуу үе өвөг үеийнхнийхээ гэмт санаархал, гэмт үйлдлийг нүднийхээ цөцгийнөөс гудиг ч үгүй арчиж орхино гэжүү? Тэд бусад улс үндэстэний жирийн (энгийн номхон) иргэдийг хэрхэн нядалгааны мал шиг хороож байсныг, “Номхон далай дээрх энэ агуу хаант улс” бусдын хот, балгадыг устган гишигчиж, Хятад, Монгол, Казак, Вьетнам, Солонгос, Орос, Тува, бас өөр бусад улс үндэстний төлөөллийг ямар ч өрөвдөх сэтгэлгүй, хүн ёсны ухаан бодолгүйгээр устган эзэрхийлэхээр улангасч байсныг зүгээр л мартчихаж огт боломгүй.  Хэрэв тэгэх юм бол энэ маш хүнд эмгэг болж хувирна.

Монголын цэргийн түүхч Ганболд 2014 онд Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулсан эрдэм шинижлгээний бага хурал дээр илтгэхдээ: Японы цэргийн 731 дүгээр тусгай отряд гэгчийн явуулж байсан үйл ажиллгааг хэрхэвч зөвтгөх зүйл байж болохгүй. Дэлхийн хү төрөлхтнийг сөнөөн устгах зорилготой дайны эсрэг хийсэн тэмцлийн ялалтыг ерөөс үнэлж барамгүй юм. 731 дүгээр отрядын хийсэн хэрэг бол аймшигт хомроглон устгалт /геноцид/ байсан юм.  1939, 1945 байлдаанд Зөвлөлт Монголын цэрэг болон командлагчидын гаргасан эрэлхэг зориг, байгуулсан гавъяаг нотлох асар баялаг баримт, материалууд Монголын судлаачидад бий. Японы цэргийн эрхтэнүүдийн олон жилийн нууц судалгаа, тамлан туршилтын тухай баримтыг өдгөө мушгин гуйвуулж, Зөвлөлтийн цэрэг хими бактериологийн зэвсэг туршиж байсан мэтээр гүтгэх аяс цухалзаж буй нь хөл, толгой хоёр солигдсонтой адилтгаж болох зүйл. Энэ бол түүхийн гуйвуулга. Тиймээс үүнийг хамтаараа эсэргүүцэн тэмцэж, түүхийн үнэн мөнийг хамгаалах хэрэгтэй хэмээсэн байдаг.

Бэлтгэсэн Дмитрий РУСЛАНОВ

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ    

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд