Улс төрийн нам гэгч “самууны үүр”-ээс салцгаая !

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Зам талбайд хүмүүсийн залхтлаа харсан гурван нэр дэвшигчдийн фото зургийг том томоор хэвлүүлж самбарт хадаад, гудамжаар улаан алаг сэтгүүл барьсан хүмүүс дүүрчээ. Нэг голд тоглож өссөн "хөгшин хонины насгүй шахам" хоёр өвгөн муудалцаж буруу харах нь инээдтэй.

  • "Манай нам та нарын тавьсан тэр их өрийг дарах гэж зовж байна" гэхэд, нөгөөдөх нь
  • "Та нар бид нарыг л муу хэлж хоолоо олж иддэг шүү дээ. Манайхан муу нэр зүүж байгаа ч ажил хийсэн юм шүү. Өнгөрсөн дөрвөн жилд ихэнх аймгуудыг хатуу хучилттай замаар холбож чадсан. Энэ чинь түүхэнд байгаагүй ажил" гэж байна.

Мэтгэлцэгч нь ч хариу барихаа мартсангүй.

  • "Тэр ажлыг чинь анх манай нам бүүр ерэн хэдэн онд санаачилж, төлөвлөөд 2012 он хүртэл бүх асуудлыг нь шийдэж бэлтгэсэн юм шүү дээ. Харин танайх өнгөрсөн жилүүдэд зам барьж байна гэж цээжээ дэлдсээр Монголыг өрний хүүдий, өтний хоол болгож, гутаасан. Гаднаас өндөр хүүтэй зээл гуйж, гувшиж авч ирчихээд, түүгээрээ зам бариад сууж байдаг улс гэж байдаггүй юм гэсэн. Зам барьж буй нэрээр ихэнхийг нь хулгайлж, залгичхаад бас замаар халхавч хийх"
  • "Ха ха үхсэнээ, та нарт худал ярьж, манайхыг доош хийхээс өөр юу байдгийн. Одоо дутуу үлдсэн хэсэгхэн замыг энэ дөрвөн жилд барьчихаад та бүхнийг өөрөө хийсэн юм шиг ханхалзах биз"
  • "Танайх иддэг шүү дээ"
  • "Тэгж ярих юм бол танайх хамгийн их иддэг мэдэв үү !"

Хоёр өвгөн сүүлдээ бүүр удам судар руугаа ороод явчихлаа. Оросын их сэтгэгч Герцен “хийсвэр ухагдахууны төлөө амьд хүнийг алж талж, тахил өргөдөг нам, анги, эвсэл, үндэстэн зэрэг шинэ үзэгдэл бий болсон тухай бичиж байжээ. Нээрээ л үзэл суртал, ангийн тэмцлийн золиос болж хичнээн хүн амиа алдсаныг тоолшгүй.

Нөгөө хоёрын маргаан мөд зогсохгүй нь бололтой. Гэтэл хажуугаас нь гурав дахь өвөө орж

  • "Юун намсаг юм та хоёр. Ингэж хэрэлдэж байхын оронд амандаа хэд гурван маань уншиж, ард үлдэх үр хүүхэд, ач зээг маань тайван сайхан амьдруулж өгөөч гэж залбирцгаа. Өнөөдөр Монголд үнэн юм байна уу. Та хоёрын амиа тавих гээд байгаа нам гэдгийг чинь зайдалсан луйварчид бүгд хамсаад эх орныхоо баялгийг гадагш барьцаалж, баахан зээл авчраад хувааж идэхээс өөр ямар гавьяа байгуулаав. "Хар хэрээнүүд биенээ гайхав" гэгчээр та хоёрын ингэж хийрхэж суух ч гэж нохой долоо хэмээн загнаснаар маргаан түр намжив.

Нээрээ манай улс чинь хичнээн хужаатай юм бэ? Ерөнхийлөгч байсан хүмүүсийн тухайд гэхэд гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас бусад нь энэ "нэр томъё"-той холбогдож яригддаг байсныг бид мэднэ. Аливаа их үндэстний цус жижиг үндэстний хүн амын 30-аас дээш хувьд нь нэвчсэн тохиолдолд уусах магадлал хамгийн өндөр болж ирдэг гэнэ лээ. 1970-аад оны дундуур намайг оюутан байхад багш маань Сингапур улсаар жишээ авч, “хүн амын 33 хувь нь хятад буюу хятадын эрлийз болсон. Энэ хурдаар явбал 2000 он гэхэд иргэдийнх нь 90 хувь хятад болно” хэмээн лекц уншиж байсан. Үнэхээр 1990 он гэхэд Сингапурын хүн амын 93 хувь нь хятад буюу хятадын эрлийз болсныг хэвлэлээр зарласан.  

“Хавхан дээр тавьсан өгөөш үнэгүй мэт харагддаг боловч, амины үнэтэй байдаг” гэсэн мэргэн үг бий. Бидэнд найр тавьж, зээл тусламж өгөөд байгаа хөрөнгөтөн орнууд хожим юу авахыгаа тооцоолсон л байгаа. 1990 оны ардчилагчид маань гарч ирээд, “Нийгмийн хөгжлийн үе шатыг харайж гарч болохгүй, бид капитализмыг заавал туулах ёстой хэмээн цэцэрхэн номлох болсон. Гэтэл өнгөрсөн зун болсон “Асем”-ийн иргэний нийгмйин чуулганд оролцогсод “Капиталист нийгэм хүн төрлөхтнийг гарах гарцгүй, нүхэн ангалд унагаж байна. Одоо өөр гарц хайх хэрэгтэй боллоо” гэж ам нэгдэцгээж байсан нь бодитой болсон зүйл.

Социализмийн үед манай үзэл сурталчид хөрөнгөтөн нийгмийн үзэл суртал нь садар самуун, хулгай, луйвар, аллага таллагыг хэвийн үзэгдэл мэтээр үздэг хэмээн номлодог байсныг санаад өөрсдийнхөө одоогийн дүр төрхийг харьцуулж үзэхэд яг л таараад байх шиг санагддагаа энд илэрхийлж байгаа даа өршөөл эрье. Капитализм дэлгэрснээс хойш Монголчууд ном уншихыг таягдан хаяж, эрээн мяраанд шимтэх нь хувь илүү болов. Шат шатанд удирдах ажил хийж буй хүмүүс маань үүнийг ихэд дэмжиж ном, сонин бол үеэ өнгрөөөсөн зүйл шүү дээ гэсэн хандлагатай бодлого барина. Манай дарга нар чинь тэнэг биш, ухаантай хүмүүс л дээ. Миний таних сэтгэцийн өвчтэй шахам нөхөр “Алтан гадас” одонгоор, бас нэг худал явдалт нэгэн хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсныг дуулаад гайхаш төрөх мэт жишээ бараг л хэвийн үзэгдэл болжээ.      

Иймэрхүү нөхдийн энгэрт гялайх гялтайх юм зүүгээд өгчихөөр ёстой л “дөр хамагчгүй, өмбүү хаахай” шиг аашилж, нам гэгч хийсвэр ойлголтын төлөө “Балдан гуайн хөх хайнаг” шиг л зүтгэцгээнэ. Сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшигчдийг дэмжих баахан эвсэл холбоо байгуулагдана. Эвлэлдэн нэгдэх нь иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх гэдгийг ашиглан, цаагуур нь өнөөх нам гэгчийг зайдлаж буй нөхөд нь иймэрхүү зүйлийг зохион байгуулдаг хэрэг. Ард түмэн хуулинд заагдсан эрхийнхээ дагуу тайван жагсаал хийж байхад, нөгөө намын нөхдүүд түүнийг бусниулах зорилгоор эсрэг жагсаал, цуглааныг зориудаар зохион байгуулах нь энүүхэнд. Энэ чинь л цус урсгахын эхлэлийг тавих аюултай гэдгийг сануулах ёстой гэж бодно.

Ард түмнийг хагаралдуулах гэсэн иймэрхүү бодлогыг нам гэгч хий үзэгдлийг "зайдлагчид" маань зохион байгуулан гүйлддэг ч, цаагуураа үүнийг сэдэлжлүүж, удирдаж буй нь мөнөөх тампуу тампуугаар мөнгө шидэж, зээл өгөөд цаана нь нууц тооцоогоо бодоод сууж буй харийнхний явуулга юм биш үү гэсэн бодол ч төрнө. 

Тамхины эсрэг хууль гэгчийг санаачилсан УИХ-н гишүүн асан нэг авгай өөрөө архи ууж, тамхи татаж, секс яриад мансуурч суухыг жилийн өмнө та бид зурагтаар харж байсан. төрд шургалсан   овилогогүй баячуудын үнэн дүр төрх энэ. “Сэртэндэхийг үл мэдэх тариачин эмс” гэж “Үүлэн зардас” зохиолд гардаг даа. Сэртэндэх гэдэг нь сээтэгнэх, аальгүйтэх гэсэн үг бололтой. Хоногийн хоолныхоо төлөө, хэдэн хүүхдийнхээ төлөө хөлсөө урсгаж яваа эгэл боргил ард түмэн юун "сэртэндэх" манатай. Харин мөнгөтэй, албан тушаалтай эрхэмүүд иймэрхүү юмыг төрийн албанаас дээгүүр тавьж явдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Мэдлээ гээд ч яах вэ. Дөрвөн жилд ганц л болдог сонгуулиар нөгөө хэдийнхээ улаан цайм худал яриад байхад дахин, дахин хууртаж сонгочихоод л амаа барьж үлдэх. Амлаж дуусдаггүй амлалт, хууртаж хаширдаггүй ард түмэн хоорондын “шоу” тоглот дөрвөн жилийн үечлэлтэйгээр үргэлжилнэ.

Цөөхөн Монголчууд маань хориод намд хуваагдан талцаж, дөрвөн жилд, гурван удаа сонгуулийн “шезо” өвчинөөр өвчилж байна.

Энэ байдлаас гарах гарц байж л байна. Тэр нь юу гэвэл улс төрийн бүх намууд гишүүнчлэлгүй болох арга зам. Энэ нь ээлжлэн эрх барьж ард түмнийг мунхруулан мөлжиж сурсан том намуудад хүндээр тусч, гишүүн гэгдэх нөгөө олон "утсан хүүхэлдэйнүүд"-ээсээ хагацах аюултай ч, ард түмэнд бол харин ач тусаа үзүүлнэ. Манайхны бишрэн шүтэж, дагаж далдаганаад байдаг ардчилал хөгжсөн гэгдэх зарим орнуудад улс төрийн намууд нь байнгын гишүүнчлэл байдаггүй. Сонгууль дөхөөд ирэхээр улс  төрийн үзэл, шийдэл, хөтөлбөрөө танилцуулж, гишүүнчлэлийнхээ хүрээг тэлдэг юм байна. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тухай болоод Хархоринийг жишиг нийслэл болгох гэх мэт сайхан үлгэрүүдийг ярьж хүмүүст итгүүлээд, өндөр сууринд гарч сууснаасаа хойш тэр тухай ам ангайхаа больсон.

Монгол төрийн өндөр сэнтийд заларч цатгалдаад ирэхээрээ мартамхай болдог байж болох юм.

Одоо сонгогдох ерөнхийлөгч энэ мэт мэдээжийн асуудлуудыг мартаж манараад, тойрч дөлж булзааруулаад байлгүй улаан гараараа барьж авч, олигтойхон ажиллаасай гэдгийг л ард түмэн хүсэн хүлээж байна.

Манай байгаа тогтолцоогоор улсын Ерөнхийөгчийг их хуралд суудалтай гэгдэх "дарангуйлагч" намуудын бүлэглэлээс нэр дэвшүүлж бусдаар ард түмний эвслээс болон бие дааж нэр дэвших эрхийг хясан боогдуулж байгаа, түүнчлэн намын гмшүүд гэгдэх нөгөө олон "тархийг нь боолчилчихсон утсан хүүхэлдэйнүүд" нь зөвхөн намынхаа талд, намынхаа нэр дэвшигчид санал өгөх ёстой гэсэн албан үүргээ биелүүлдэг байдалд хүргэн, "нам"-аар мунхруулах замаар санал авч, сонгогдож байгаа нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчиж байгаа нэг хэлбэр. Ер нь бүгдээрээ намын дарангуйллыг зориг гарган эсэргүүцэж, өөрсдийнхөө үнэн сэтгэлээр ганц удаа ч болов саналаа өгөцгөөе л дээ.          

А.Жаргалсайхан (зохиолч, нийтлэлч)       

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд