“ИЧИНГҮЙРЭХҮЙ ХЭМЭЭХ НУУЦ ЗҮРХЭН ТАРНИ БОЛОЙ”

                                                Борлууд Бэлэгийн  Норов- (Зохиолч, сэтгүүлч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн)

                                                                                                                                                          (Увс аймгийн Малчин сумын уугуул)

  1. Тамхи, авилга өгч авалцахад ам чанга гэж гэрчээр  оролцсондоо хөөрч шал  мал согтоод өөрийгөө шатааж дуусгажээ.
  2. Үнэнээс айсан хүнийг Худлынх гэртээ нууж хонуулан салам дайлжээ. Гаргаад явуулчихвал Үнэнд алуулчихна гэж болгоомжилжээ.
  3. Алтан бөгжтэй хуруу хамгийн баян нь учраас бусад  муусайн хуруугаа үнэ хөлсгүй зарцлах эрхтэй.
  4. Хамгийн зоригтойгоор худал хэлснийг хамгийн үнэн мэргэ боллоо хэмээн тодруулжээ.
  5. Монгол ёс журам гуай айл айлаас хөөгдөж хөлдөж үхэхдээ тулж явтал нэг буянтан хашаатай хоньтойгоо хамт хонуулж амийг нь аварчээ.
  6. Манайхаар шүүмжлүүлж авах иргэн, байгууллага сонгуулийн санал хураалтаас урьтаж яаралтай захиалгаа өгнө үү. (Гүжир компани)
  7. Хашин морь, улам чанга ташуурдуулахын тулд гөжүүдэлж хашигнадаг.
  8. Хувьчлагдсан мал бол Өршөөлийн зарлигаар суллагдсан гэмтнүүд мөн. Өршөөлөөр суллагдсан хэрэгтэн бол эзэнгүй орхигдсон “мал” мөн.
  9. Тогоо шанага бол эхнэр хүний хамгийн найдвартай түнш мөн. Сүү цай бол өтгөсийн халамжит хань болой.
  10. Архи, хөөрхий номхон, даруу сүүнд байж тэсэх бэрх болтол агсам тавьж гутаан  доромжилжээ.
  11. Өөрөө өөрийгөө голж чадахгүй бол бусдаар хэзээ ч мартагдахгүйгээр голуулж авбал зохимой.
  12. Цатгалан хүнээс, цатгалан өлссөн хүнээс өлөн инээд тодорму.
  13. Булхай олонтой өтөлсөн нь журамтай өтөлснийгөө “арчаагүй хөгшин зөнөг”  хэмээн гутаажээ.
  14. Муу дарга, сайд нь шүүмжлэлийн үнэт түүхий эд мөн тул ариг гамтай зарцуулагтун.
  15. Ядуурлын эцэг нь Залхуурал гуай бөгөөд түүний нууц хүүхэд нь олон айлд цатгалан эрх танхи өсчээ.
  16. Авьяаслаг худалчийн чамин үг нь баримт султай нөхрийнхөө үнэн үгийг сайхан үхүүлж  бахаа хангаж  үнс болгожээ.
  17. Чих бол дотор тамиртай муу санаатан юм. Сонссон бүхнээ чимэглэж байгаад амаар яриулчхаад өөрөө сонсоогүй царайлна.
  18. Эхлээд бэлгээ өгөөрэй. За юу? Дараа нь гуйх юмаа хэл. Энэ дарааллаар явахгүй бол  цаад хүн чинь ичиж үхнэ шүү дээ.
  19. Тэнэг хүн хэтэрхий магтаалд хөөрөхөөрөө улам зугаатай тэнэгээр баярладаг ажээ.
  20. Хашин морь унасан Хүн, явган явж байснаа мартаад морио аль муу үгээр адсага, шир хэмээн хараажээ.
  21. Архины нэр хаяг нь хэчнээн хээнцэр болох тусмаа санаа нь төчнөөн хорлонтой болдог ажээ.
  22. Гэдэс өлсөх бүрийд буруутан нь цатгалан хүмүүс болж уурыг нь буцалгана.
  23. Юм үзэж нүд тайлж сэтгэлээ уужраая гэвэл Нарантуул зах руу очицгоогтун.
  24. Нууцалж хэлсэн үг хэл загатнуулаад өчүүхэн ч үл амраана.
  25. Толгойноос хямд малгай гэж байхгүй, толгой шүүрсэн хулгайч хаана ч байдаггүй.
  26. Албан тушаалтны эцсийн эрхэм ганц  зорилго бол цалингаа бүрэн авах...
  27. Хоолны хордлого бол ховдог хүн дээр туршсан тогоочийн сорилго мөн.
  28. Шагналын сураг сонссон хүн, бүх гоморхлоо нэг мөсөн тайчин гөвж уужирдаг.
  29. Харамч айлын идээ зоог, хаалга дуугарах тоолонгоор цочиж бэмбэгнэж, нуугдах газар эрнэ.
  30. Залхуугийн гэрт зуд, ган, хэрүүл гурав өвөл зунгүй нүүрлэж байдаг байжээ.
  31. Хандив хүртэгсдийн Их холбоо байгуулагдсан тул манайд арвин хандивтайгаа ирж өргөнөөр элсэнэ үү. (“Хонжоо” холбоо)
  32. Эхнэр бол анхандаа дадлагын оюутан, дараа нь анги удирдсан багш, хамгийн сүүлд дүнчүүр маань  тоологч.
  33. Хоосон толгой дээрх үнэтэй  малгай бол баян хүнд богтлогдсон дэгжин хүүхэн мөн.
  34. Ширээгээ шинээр солих нь өмнөх даргын дэвшилт  туршлагыг баяжуулж байгаа нь тэр болой.
  35. Согтуудаа үнэнийг нь дэлгэж илчилж хэлчихээд дараа нь  айж цөхрөхдөө миний хэлсэн бүхэн худал хэмээн зарлаж, нандин чанараа  үзүүлжээ. 
  36. Шуналын суганд шургалчихаад байнга гижигдэж зугаацдаг даажинтай этгээд бол МӨНГӨ болой.
  37. Бусдыг голж гоочилж суух шиг амттай хоол гэж үгүй. Өөрөө бусдад шордуулах шиг муухай амттай хоол гэж бас үгүй.
  38. Залхууд дийлэгдсэн хөл ямар ч эрдэмтэй  толгойд үл захирагдана.
  39. Үнэнийг үнэгүй олж авч чадахгүй бол Худлыг дуудлага худалдаагаар үнээр цохиж авбал гоё болно.
  40. Гар үг хэлдэг болчихлвол ам айл бүхнээс хөөгдөж таарна.
  41. Хамгийн аймхай хулчгар хөөрхийг хамгийн шилдэг даруу хүнээр тодруулж шагнажээ.
  42. Илрээгүй нууц бол хэнд ч хэрэггүй, ямар ч амтгүй  нууц болно.
  43. Миний түүх гэж байсан адууг Манж новш түрүүлээд хулгайлчихаж, сайхан шийтгээрэй.
  44. Юм элбэг болох тусам ядуу хүн олширдог нь 21-р  зууны  хамгийн өрөвдмөөр  хошигнол ажээ.
  45. Чийрэг худал, бие султай үнэнийг нам дэлсэж унагачихаад түмэн олны хайрыг хүртжээ.
  46. Магтаал, гоёл хоёр нь зөвхөн найр цэнгэл, ой баярын үеэр үнээ хадааж нэр хүндээ өсгөж  догдолдог.
  47. Маргааш гэдэг нь Залхуу назгай хүний нууц амрагийн нууц нэр мөн.
  48. Очсон газар, орсон айл бүхэндээ ширээний эхэнд сууж баясгалантайяа инээмсэглэж сайхан амлалтаар цатгаж  орхидог  Хүнийг дарга, сайд гэнэ.
  49. Харалган хүн, арван хар нүглийг сайн үйл, сайхан нөхөр хэмээн ташааран дагуулсаар явж түүндээ хорлогдож дуусдаг.
  50. Далдуур чадлаараа муулах нь мөс сайтай хүний хайлган чанар ажээ.. Мөс муутай хүмүүс л хүнийг ил тодоор шүүмжилж  хэлээд даралтыг нь  хэзээ ч  буурахгүйгээр ихэсгэдэг ажээ.
  51. Ямар хүнийг тэжээж буйгаа мэддэггүй, тоодоггүй учраас ходоод бол хамгийн хүнлэг буянтай эрхтэн мөн.
  52. Хүмүүсийн хэл бол шуудайнд хадгалж яваа олон зүү тэвнэ, шөвөг хадаас  юм.
  53. Албаны контор нь “Ард түмнийг би удирдаж байна” хэмээн бодож дүнсийж суугаад дуугарч ядмой.
  54. Сайн хүний нэрийг гуравхан удаа худалдаж идсэнээс ядуу хүний нэрийг 30 удаа худалдаж идсэн нь амттай чиг, ашигтай чиг...
  55. Эцэггүй хүүхдэд эцэг тогтооё гэвэл түүнийг санаачлагчид өөрөөсөө эхэлж хайвал  ажил хөнгөрнө.
  56. Арга залиар сайхан амьдарч болох боловч арга залиар үхлээс сугарч үлдэж болдоггүй ажээ.
  57. Сайн эхнэр зочноо сайхан хүндлэхсэн гэж хичээдэг бол самуурсан эхнэр бэлэг өхийг  тэвчиж ядан  хүлээж хөлөрдөг ажээ.
  58. Хэлний ганц зорилго бол ямагт эзнээ өмөөрөх, чихний чин эрмэлзээ бол эзнийхээ тухай магтаал сонсох, ам бол амттан бүхний дээжийг эзэндээ хүртээх хүслэнт болой.
  59. Онц сурлагатан хүүхэд бол багшийн нууц хүүхэд нь, оюутан бол нууц амраг нь гэв.
  60. Дүлий хүн рүү хэлсэн ямар хараал зүхэл нь өөрөө өөрийгөө хараасантай адил болж эзэндээ үлдэнэ.
  61. Эхнэр бол давуу эрхээр хувьчилж авсан миний цорын ганц өмч хэмээн нөхөр нь бардамнав.
  62. Даргынхаа цалинг нэмье гэж сайн гүйгээд байвал дараагийн ээлжинд чиний цалин заавал нэмэгдэнэ гэдгийг бүү мартаарай.
  63. Хулгайлагдсан мал бол шоронгоос оргосон онц хүнд гэмт хэрэгтнүүд болой.
  64. Гэдэс ихээр өлссөн үед Бурхан ч уур хүргэж тээр болж болно.
  65. Мөнгө шунал хоёр хэзээ ч нэг нэгнээ үл мартаж орхиж үл чадах янаг амрагууд ажээ.
  66. Эмнэлэг байгаа юм чинь би өвчнөөс айхгүй юу!

Эхнэр байгаа юм чинь би өлсөхөөс айхгүй за юу!

  1. Гар, мах огтолж байхдаа инээд цацруулна

Гараад нүх ухах болохоор нулимс бөмбөрүүлнэ.

  1. Шүдээ гээсэн хүн байна уу, нэг ширхэг нь шүд олж авлаа. Шагналаа өвөртлөөд ирж авна уу гэж шударга иргэн зарлал тараажээ.
  2. Муухай өмсвөөс сайхан хувцас гэж ер байхгүй

Муухай ааштай болбол сайхан ааштай хүн огт олдохгүй.

  1. Яс хэмэлдэг нохой- хоцрогдсон нохой

Ном уншдаг дарга- халагдсан  дарга

  1. Хууль олшрох тусам будилах нь олон

Хулгайч олшрох тусам баригдах нь цөөхөн

  1. Өрөнд баригдсан компани олон болов

Өтөнд баригдсан ямаа нэг ч олдохгүй болов.

  1. Цаг цагт нэг тасарна

Цалин буухаар  хоёр тасарна

Цагаан сараар бүтэн сар тасарна.

  1. Архидалтай тэмцэх зөвлөл ажлаа дүгнэв

Амжилтаа тэмдэглэж  салам найрлав

  1. Амьд үхсэн нь хамаагүй

Алдарт хүний нэрийг өндөр  үнээр худалдаж авна...

  1. Төрийн нэрээр “гал хамууд” буйлна

Төсвийн мөнгөөр бүл хамууд туйлна

  1. Мах харсан ховдогийг цатгаж болно

Мөнгөнд  шунасан ховдогийг цатгаж үл дийлнэ

  1. Зөв намба ухаанаар гоёно

Буруу ямба ширээгээр гоёно

  1. Ав гэхийг сонсмогц алга загатнана

Өгөх өрөө сонсмогц өрц нь шархирна

  1. Нүд цадаагүй цагт сэтгэл үл цадах...

 Сэтгэл цадаагүй шунал  улам өлсөх...

  1. Хэлээгүй байхдаа үг чинь Таны эрх хүүхэд

Хэлсэн хойноо үг чинь Таныг буудах  жанжин

  1. Банкны зээл, айлын хоол хоёр идэхэд амттай нь сайхан, идсэн хойноо шингэх нь  үргэлжийн зовиуртай.
  2. Санаа муут өчүүхэн Хүн, санамсаргүй инээчихээд  түүнээсээ айж шаналжээ.
  3. Булхайтай үйл бүхэн нуугдаж дарагдаж  хэвтсээр  “үнэр орсон” хойноо илэрч, орчин тойрондоо муухай үнэр ханхуулна.
  4. Огт мөнгөгүй нь зах дэлгүүр хоёроор эцэтлээ хэсэж байж, сэтгэлийн  таашаал  авч амарму .
  5. Магтаал хэмжээнээсээ хэтрэхээрээ матаас хэлсэнтэй адил наргиантай үлгэр үүсгэмү.
  6. Ам ходоод хоёрыг юугаар баярлуулахаа ганцхан ажилсаг гар л шийддэг  ажээ.
  7. Уурын омог бол Оюун ухааны хэт халаалттай хүний өөрийгөө хамгаалах ганц сайн зэвсэг нь болжхуй.
  8. Шунал, шулам хоёр хөрөнгөө хоршиж “Шуудай” нэртэй хоршоо байгуулжээ.
  9. Сайн ховдог гал түлж гүйдэг

Шалихгүй ховдог тогоо сахиж  өлбөрдөг.

  1. Чи муу, өөрийгөө голоогүй байж намайг голоод байхдаа  яадгийн гэж гологдогч  гомдолжээ.
  2. Чадахгүй гэхээс ондоо найрсаг хариулт залхууд байхгүй,

Байхгүй гэхээс ондоо бэлэг өглөг гэж харамчид байхгүй.

Мэдэхгүй гэхээс өөр “хөөрхөн” хариулт  мулгууд  олдохгүй

  1. Муу хүний нэр бол борлодоггүй бараа л гэсэн үг. Үүнийг нь хэчнээн хямдруулаад ч худалдан авагчид тоохгүй.
  2. Юмны үнэ гаараад ирэхэд шуналын нүд гялалзаж, борчуулын нүд харанхуйлна.
  3. Айлд нохой   шиг орсон  хүн  бол тэндээс нохой шиг л гарч таарна.
  4. Архи шилэн дотроо дандаа гуниглах атлаа ам руу оронгуутаа хөөрч хашгирдаг сагсуу этгээд  мөн.
  5. Өмчтэй хүн өмчөөрөө дулаацму

Хоосон хүн, гуйлгандаа халууцму

  1. Хурал нь гурил болсон гэв. Хэчнээн олон  хуралдвал төчнөөн их гурилтай болно.
  2. Гэрийн даалгавар бол сурагч хүний багшдаа заавал барих авилга юм.
  3. Орон нутгийн сонин бол хотын сонины холын ядуу хамаатан мөн.
  4. Зохиолчийн тэмдэглэлийн дэвтэр бол галзуу хүний өдрийн тэмдэглэл мөн.
  5. Байнга ноолорч номхорч суудаг хүнээс байнга хэрүүл өдөж бусдыг үймүүлж явдаг хүн илүү алдартан болж зарлагдму.
  6. Мөнгөнд цадаж ханасан хүн гэж байдаг бол тэр нь тэвчихийн аргагүй гэмтэн байвал яах  вэ?
  7. Үг бол зохиолч, сэтгүүлч, чалчигч нарын ямар ч үнэ хөлсгүй дуулгавартай зарц нар нь болой.
  8. Гэрийн эд  хогшил бол хог  руу  хэзээ ачигдахаа  бодож  гунигт дарагддаг ажээ.
  9. Гар хөдөлвөл ам тосдоно гэдэг худал болох нь нотлогдов. Амаа үргэлж ажиллуулсаар байж амттан бүхнийг эдэлсэн хүн  олон болов.
  10. Өөрөө завгүй гэж үргэлж үглэгч  хүн, өрөөл бусдын цаг завыг сүйтгэж явдаг ажээ.
  11. Хурдан сайхан нойрсуулж өгдөгөөрөө муу ном бол нойрны сайн эмийн  тэнцэх үйлчилгээ  үзүүлж чаддаг ажээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд