Хараат бус шинжилгээний дүгнэлт, санал зөвлөмжийг толилуулж байна

By: Admin
2020-05-01
0
8

“Хариуцлагатай төсөв” төсөл

“Ховдын толь сонин” төрийн бус байгууллага нь Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Ховд аймгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, зарим хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүн, Жаргалант сумын хөгжлийн сангийн санхүүжилтээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад олгогдсон зээлийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, эргэн төлөлтийн байдал, мөн аймгийн ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилт үр дүнд хөндлөнгийн, хараат бус шинжилгээ хийсэн билээ. Уг хяналт шинжилгээний урьдчилсан дүгнэлт, үр дүнгийн тухай мэдээллийг бид 2019 оны сүүлчийн дугааруудад хэсэгчилэн толилуулсан бол энэ удаад уг хараат бус шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан САНАЛ ЗӨЛӨМЖ-ийг толилуулж байна. Энэхүү санал зөвлөмжийн дагуу шинжилгээнд хамрагдсан дээрх төрлийн үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авахыг Жаргалант сум болон аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газарт мөн нэгдсэн дүгнэлт, санал зөвлөмжийг аймгийн Засаг даргын зөвлөл болон ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж тодорхой шийдвэр гаргахыг санал болгож, аймгийн Засаг дарга, ИТХ-ын хурлын дарга нарт хандсан болохыг дурьдаж байна.       

                                                                                                                      Нэг:  ДҮГНЭЛТ

1.1. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг төлөвлөх үйл явцын талаар дүгнэлт

Мониторингийн ажлын хүрээнд Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харъялах төсвийг төлөвлөх, батлах, гүйцэтгэх буюу хэрэгжүүлэх мөн хяналт тавих үйл явц дахь зарим хуулийн хэрэгжилт, 2019 онд батлагдсан худалдан авах ажиллагаануудын тодорхой хэсгийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл түүний үр дүнд хараат бус ажиглалт,  шинжилгээ хийв. 

Цугларсан мэдээллийн хүрээнд урьд жилүүдийнхтэй харьцуулан, дүгнэж үзэхэд 2019 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санал сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгүүлэх /тендер/ хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийг төлөвлөхдөө зориулалт, хэрэгцээний хувьд харьцангуй бодитой байлгахыг хичээсэн  зүйл ажиглагдаж байгаа ч, зайлшгүй анхаарвал зохих дараах зүйлүүд байна. Үүнд:

1.1.1. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг  төлөвлөхдөө ОНХС-гийн журмын 5 дугаар зүйлийн 5.1-д заасан /урьдчилсан танилцуулгыг орон нутгийн ХМХ-ээр олон нийтэд мэдээлэх/  5.5-д заасан /цахимаар санал асуулга авах ажлыг давхар зохион байгуулах/ журмын 6.9-д заасан /иргэдээс гаргасан санал хэрхэн тусгагдсан, хэрэв тусгагдаагүй бол түүний шалтгааныг эргэж мэдэгдэх/, журмын 7-5 –д заасан 7 дугаар сард багтааж, 2-оос доошгүй удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах/  гэсэн заалтууд хэрэгждэггүй.

1.1.2. Төлөвлөлтөнд хөндлөнгийн болон мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлтийг сонсдог зүйл байхгүй. Их төлөв эдийн засгийн үр өгөөж багатай зүйлд, өндөр дүнтэй хөрөнгө оруулалт төлөвлөж батлаж байгаагаас хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийн тэнцвэрт байдал алдагдсан, /Тодруулбал 2019 онд Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 49,2 тэрбум төгрөг бүхий 48 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсанаас магад 40.0-өөд тэрбумын өртөг бүхий мөнхүү 40 орчим төсөл арга хэмжээ нь эдийн засгийн хувьд эргэж нөхөгдөх үр өгөөжтэй зүйлийг бий болгох боломжгүй, төрийн байгууллагуудын конторын барилгууд, сургууль, цэцэрлэгүүд, багийн төв, төв суурины дэд бүтэц гэх мэт үл хөдлөх хөрөнгөнд зориулагдаж байгаа/ 

1.1.3. Зарим талаар шаардлагагүй, үр өгөөжгүй зүйлд төсөв хөрөнгө баталсан /”Соёмбот цамхаг” гэх мэт/

1.1.4. Эдийн засгийн үр ашиг авчирахгүйгээс гадна, зайлшгүй, амин чухал хэрэгцээтэй бус, ач холбогдол багатай зүйлд /Хүүхдийн парк/ асар их хөрөнгө баталж, улмаар дараа дараачийн удаад түүний засвар, шинэчлэл зэрэгт бас л үлэмж хэмжээний мөнгө төсөвлөдөг байдал үргэлжилсээр байгаа.

1.1.5. Хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгийг төлөвлөж батлахдаа ТЭЗҮ болон зураг төсөлд нь үндэслэсэн нарийвчилсан тооцооллоор бус, бүдүүн тоймоор тооцдог байдалд дорвитой өөрчлөлт гарах боломж бүрдээгүй, ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 48.3-т заасан заалт бүрэн хэрэгждэггүй, тухайн заалтын хэрэгжилтэнд хяналт тавих тодорхой арга, зүйлчилэл байхгүйгээс төсөвт өртөгийн нэлээд хэсэг нь бүдүүн тоймоор батлагдаж, хөрөнгө оруулалтын хэмжээг зохиомлоор /ихэнхдээ, нэлээд хэмжээгээр/ өсгөж харагдуулдаг. Улмаар хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ бүрийн батлагдсан төсөв болон гэрээний үнийн дүн хоёрын хооронд үлэмж хэмжээний зөрүү үүсдэг ч, уг зөрүүгээс хэмнэгдсэн дүнг орон нутагт нь эргэж зарцуулах боломжгүй. /аймгийн СХТС-гийн хэлтсийн даргын хэлснээр үүнийг хэмнэлт гэж үздэггүй/                

1.1.6. Хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээнүүдийн ТЭЗҮ, зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар нь хийгдэлгүй удаан хугацаагаар хүлээгддэгээс болж худалдан авалтыг гүйцэтгүүлэх санал /тендер/ сонгон шалгаруулалт нь төлөвлөгдсөн хугацаанаасаа хэтэрхий хойшилж, удааширдаг. “Хариуцлагатай төсөв” төслийн хүрээнд 25 төсөл ажиллагааг сонгон судалж үзэхэд тэдгээрийн 90 хувийнх нь тендер зарлагдах хугацаа хэтэрсэн /хамгийн ихдээ 180 хоног, багадаа 8 хоног, дунджаар нэг тендер 66 хоногоор зарлагдах хугацаа нь хойшлогдсон/    

1.1.7. Ховд хотын болон сумуудын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээнүүдийн хувьд тэрхүү сум багийн оршин суугчид иргэдийн дунд хэлэлцүүлж, ач холбогдолоор нь эрэмбэлэх маягаар сонгож батлах зарчим /ОНХС-гийн журмын 5, 6 дугаар зүйлд заасан/ хэрэгжиж байгаа нь төсвийн үйл явц дахь нэгэн дэвшилттэй зүйл боловч, хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдийн хувьд тухайн сэдэв асуудлаар ихэнхдээ мэдээлэл дутмаг байдаг. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд өөрсдийн санал нь шийдвэрт тусгагдаж байгаа эсэхэд эргэж хяналт тавих боломж хомс.

2018 оноос Тогтвортой амжиргаа -3 төслийн хүрээнд, Жаргалант сумын орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хэрэгжилтэнд иргэд бие даан хяналт тавих боломж бүрдүүлэхийг зорьж, иргэдийг сургаж, мэдээлэлжүүлэх ажлууд хийгдсэн ч, баг тус бүрт байгуулагдсан иргэдийн бүлгүүд уг сангийн төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалт, тайлагналтанд хяналт, шинжилгээ хийж, хараат бус, бие даасан дүгнэлт гаргаж, олон нийтэд таниулах, түүнчилэн мөрөөр нь арга хэмжээ авахад чиглэгдсэн ямар нэг алхам хийгдэхгүй хэвээр байна.  

Төсвийн төлөвлөлтийн талаар зөвлөмж болгох нь

1.2.1. Төсвийн тухай хуулийн 67.3-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна” гэж, мөн хуулийн 68.3-т ”Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн төсвийг ил тод, олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх” тухай, мөн Орон нутгийн хөгжлийн сангийн журамд тухайн сангийн төсвийг төлөвлөхдөө анхны төслийг баг, сум, аймгийн төвшинд иргэдэд танилцуулан, засаг захиргааны нэгж бүрийн түвшинд 2-оос доошгүй удаа олон нийтийн өргөн хэлэлцүүлэг хийж, төсвийн төсөл танилцуулгыг тухай бүрд нь орон нутгийн мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэж, нийтэд түгээж байх тухай заасан авч зарим нэг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын санаачлага, хөөцөлдлөгөөр батлагдсан төсвийн аль нэг хэсгийг нь л (хөрөнгө оруулалт төсөл ажиллагааны жагсаалт төлөвлөгөө төдийг) хэвлэн нийтлэж, олонд толилуулахаас цаашгүй байна.

1.2.2. Иймээс цаашид төсвийн хуулийн 67.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг жил бүр зохимжтой хугацаанд нь цогц байдлаар зохион байгуулах, мөнхүү 68.3 дахь заалтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүрийн батлагдсан төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар тухайн байгууллагын болон мэдээллийн цахим сайт, мөн орон нутгийн хэвлэлээр олон нийтэд хүргэж хэвших шаардлагатай байна.

1.2.3. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг  төлөвлөхдөө ОНХС-гийн журмын 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу урьдчилсан танилцуулгыг  орон нутгийн ХМХ-ээр албан ёсоор нийтэд мэдээлэх, иргэдээс санал авах ажиллагааг засаг захиргааны нэгж бүрт иргэдийн оролцох боломжийг сайтар хангахуйц байдлаар идэвхжүүлж, зохион байгуулах,  тухайлбал журмын 5.5-д заасны дагуу цахимаар санал асуулга авах ажлыг давхар зохион байгуулж хэвших, журмын 6.9-д заасны дагуу иргэдээс гаргасан санал хэрхэн тусгагдсан, хэрэв тусгагдаагүй бол түүний шалтгааныг заавал эргэж мэдэгдэх, журмын 7.1 –д заасан ажлын хэсгийг байгуулахдаа иргэд иргэний нийгмийн төлөөллийг тэдний дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулах замаар сонгож байх, мөн журмын 7-5-д заасны дагуу 7 дугаар сард багтаан, аймгийн хэмжээнд 2-оос доошгүй удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэснийг хэрэгжүүлж хэвших

1.2.4. ОНХС-гийн журмын 6 дугаар зүйлийн 6.9-д заасны дагуу төсвийн төсөлд иргэдийн өгсөн саналыг хэрхэн тусгасан, мөн тэдгээр саналууд нь төсвийн төсөлд багтсан болон багтаагүй шалтгааныг иргэдэд заавал мэдэгдэж хэвших

1.2.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төсөвт өртөгийг төлөвлөхдөө ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-дах заалтыг хэрэгжүүлж, төсвийн саналыг худалдан авах ажиллагааны  мэргэжлийн байгууллагад хүргүүлэхээс өмнө ТЭЗҮ, зураг төсөл ажлын даалгаврыг нь нэг бүрчлэн боловсруулж, тэдгээрт үндэслэн, төсөвт өртөгийг нь тооцдог болох ажлыг боломж нөхцөлдөө тулгууран заавал хэрэгжүүлэх. Үүнтэй холбоотойгоор зарим шаардлагатай арга хэмжээ авах. Тухайлбал орон нутагт зураг төсөл зохиох мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүдийг сургаж, бэлтгэн чадавхийг нь сайжруулах замаар албан ёсны эрхтэй хуулийн этгээдүүдийг хангалттай хэмжээгээр бий болгох.

1.2.6. Гүйцэтгэлийн болон бүх шатны хяналтыг хөндлөнгийн хараат бус мэргэшсэн байгууллагаар (төрийн бус, иргэний нийгмийн байгууллага) хийлгэх ажлыг зохион байгуулах

 Хоёр: Дүгнэлт

2.1. Төсвийн гүйцэтгэлийн үйл явц

2.1.1. Хяналт үнэлгээ хийх явцад бид аймгийн ЗДТГ-ын Өмчийн харилцааны газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, ГХБХБ-ын газар, Төрийн сан дээр байгаа тендер шалгаруулалтын материал, гэрээ, гэрээний гүйцэтгэлийн тухай мэдээллүүд, тендерээр гүйцэтгэсэн бараа,, ажил, үйлчилгээг хүлээж авсан акт, дүгнэлт зэрэг баримт материалууд дээр судалгаа хийж үзэв. Ингэхэд хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ бүрийн гүйцэтгэл, түүний үр дүнгийн асуудлыг бүхэлд нь хариуцаж зохион байгуулах үүрэг хүлээж буй ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст төсөл арга хэмжээ бүрийн хавтаст материал буюу хувийн хэрэг нь бүрэн хэмжээгээр хавтаслагдаж, хадгалагдахгүйгээр, дээр дурьдсан байгууллага бүр дээр хэсэг, хэсгээрээ бүрдэл болж, ихэнхдээ зөвхөн төрийн сан дээр үндсэн материалууд нь архивлагдаж байна. Энэ байдал нь гүйцэтгэлийн явц үр дүнг хариуцсан байгууллага тухайн үйл ажиллагаандаа нэг бүрчилэн болон бүхлээр нь үнэлэлт дүгнэлт хийх бололцоог тодорхой хэмжээгээр хязгаарлаж байна гэж үзэж болохоор байна.

2.1.2. Ололттой талыг нь авч үзвэл Ховд аймагт 2019 онд тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа төсөвт өртөгийн 5 хувийг гүйцэтгэлийн баталгаанд барьцаа болгон авч үлдээд, гүйцэтгэлийн чанар үр дүнгээс хамааруулан буцааж олгох асуудлыг гэрээнд тусгадаг болсон мөн барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавихад ахмад мэргэжилтнүүдийг оролцуулан ажиллуулдаг болсон зэрэг шинэлэг, дэвшилттэй зүйлүүд бий болжээ. 

Анхаарвал зохих зүйлүүдийн тухайд: 

2.1.3. Улс орон нутгийн төсвөөр тухайн онд гүйцэтгэж буй төсөл, арга хэмжээ бүрийн гэрээнд заагдсан гүйцэтгэлийн хугацаа ихэнхдээ хэтэрч, сунжирдаг явдал 2019 онд урьдын адил үргэлжилжээ. (судалгаанд хамрагдсан тендерүүдийн 60 гаруй хувийнх нь гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн ба дунджаар нь авч үзвэл нэг төсөл арга хэмжээ 35 хоногоор, гэрээнд заагдсан хугацаанаасаа хойшлогдож сунжирсан) 

ТБОНӨХБАҮХА тухай хуулийн дагуу тендерт шалгаран, гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж, бараа нийлүүлж буй компани, аж ахуйн нэгжүүд нь тухайн компаний товч танилцуулга, харилцах утас, гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээний гэрээний үнийн дүн, санхүүжилтийн хуваарь, ажил эхлэх, дуусах хугацаа болон авто зам, инженерийн шугам сүлжээний хувьд дайран өнгөрөх маршрут зэргийг багтаасан самбарыг төв суурин бүрийн олон нийтэд харууцтай газарт заавал байрлуулах үүрэгтэй байдаг ч хуулийн энэ заалт ер хэрэгждэггүй хэвээр байсаар байна. 2019 онд бидний сонгож хяналт шинжилгээ хийсэн төсөл арга хэмжээнүүдээс ганц нь ч энэ заалтыг хэрэгжүүлсэнгүй.

2.1.4. Гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлж, олон хоногоор сунжруулсан гүйцэтгэгчид гэрээнд заасны дагуу /алданги бодож, төлүүлэх гэх мэт/ хариуцлага тооцож буй эсэх нь тодорхойгүй, энэ тухай болон бусад мэдээллээ ил тод нээлттэй мэдээлж буй зүйл алга байна.

2.1.5. Урьд жилүүдэд гэрээлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэрээний үүргээ муу биелүүлж байсан аж ахуйн нэгж компани дараа жил нь дахин тендерт шалгарсан ба гэрээт ажлаа хугацаанд нь гүйцэтгэхгүй хэт сунжруулж, захиалагчид хүндрэл учруулсан явдал байгаа ба ТБОНӨХБАҮХАТ хуулинд зааснаар (хуулийн 14.4 болон 52.2.1 дэх заалт) улсын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн дүгнэлтийг үндэслэн, мөнхүү ажилдаа хариуцлагагүй хандсан аж ахуйн нэгж, компанид арга хэмжээ авахаар зохицуулсан. Гэвч амьдрал дээр улсын байцаагчид ийм асуудал дээр шудрага, эрс шулуун дүгнэлт  гаргадаг тохиолдол ховор байгаа нь ажиглагдаж байна.  

2.1.6. Тэрчилэн улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэлийн явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагааг өнөөгийн нөхцөлд зөвхөн тухайн бараа, ажил, үйлчилгээний захиалагч нь хариуцан хэрэгжүүлж, Захиалагчийн хяналтын зардалд үлэмж хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж байгаа ч, бидний сонгож судалсан тендер, төсөл арга хэмжээнүүдийн хүрээнд авч үзэхэд хууль, журам дүрмүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой тавигдвал зохих шаардлагууд маш сул тавигдаж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. (Жишээлэхэд төслийн хүрээнд шинжилж үзсэн тендерүүдийн 70 илүү хувийнх нь хувийн хэрэг дэх баримт материалуудад гүйцэтгэлийн явцын хяналт хийсэн тухай баримт мэдээлэл, тэмдэглэл, илтгэх хуудас байхгүй байснаас гадна дээр дурьдсан ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 46,1,9 дэх заалтыг нэг ч гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй байхад энэ тал дээр шаардлага тавьсан зүйл огт байхгүй, мөн тус хуулийн 14.4, 52.2.1 дэх заалттай холбоотой асуудал үүсгэсэн гүйцэтгэгчийн тухайд бас л ямар нэг зөвлөмж, шаардлага өгөгдөөгүй байх жишээтэй)

2.1.7. Бидний судалгаанаас үзэхэд нэг төсөл арга хэмжээний захиалагчийн хяналтын зардалд дунджаар 5,6 сая төгрөг зарцуулж байгааг нийт төсөл арга хэмжээгээр үржүүлбэл нэлээн өндөр зардал гарах ба үүний зарцуулалтын үр дүнг сайжруулах, үр өгөөжтэй болгох талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэв. Тухайлбал гүйцэтгэлийн хяналтыг хөндлөнгийн үнэлгээний багаар гүйцэтгүүлэх гэх мэт /энэ тухай тодорхой саналыг зөвлөмж хэсэгт тусгав/

2.2. Төсвийн гүйцэтгэлийн талаар зөвлөмж болгох нь

2.2.1. Хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ бүрийн гүйцэтгэл, түүний үр дүнгийн асуудлыг бүхэлд нь хариуцаж зохион байгуулах үүрэг хүлээж буй ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст улс орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ бүрийн хавтаст материал буюу хувийн хэргийг иж бүрнээр нь бүрдүүлэн архивлаж хэвших

2.2.2. Улс орон нутгийн төсвөөр тухайн онд гүйцэтгэж буй төсөл, арга хэмжээ бүрийн гүйцэтгэлийг гэрээнд заагдсан хугацаанд нь  дуусгах, мөн ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 46.1.8 болон 46.1.9 дэх заалтуудыг хэрэгжүүлж хэвших талаар оны эхнээс тодорхой арга хэмжээ авч ажиллан, үр дүнг нь тооцох

2.2.3. Гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлж, олон хоногоор сунжруулсан гүйцэтгэгчид гэрээнд заасны дагуу /алданги бодож, төлүүлэх гэх мэт/ хариуцлага тооцож буй эсэхийг ил тод нээлттэй мэдээлж байх.

2.2.4. Тендерийн гүйцэтгэлийн явцын хяналтыг тогтмолжуулахаас гадна, ажлын явцын талаар нэн ялангуяа холбогдох хууль журмуудын хэрэгжилтийн талаар бодитой дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчид хандах зэргээр арга хэмжээ авч хэвших, тухайн чиглэлийн чиг үүргийн зарим хэсгийг мэргэжлийн ТББ болон хувийн хэвшилтэй гэрээ хийж (захиалагчийн хяналтын зардлыг тухайн байгууллагад олгох замаар) гүйцэтгүүлэх боломж нөхцлийг судлаж хэрэгжүүлэх /ТБОНӨБАҮХАТ хуулийн 53.7/

2.2.5. Явцын хяналтыг хэрэгжүүлэгч нь гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагааны тухайд (тендерийн гүйцэтгэгч) ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.4 болон 52.2.1-д заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт гаргах шаардлага бий эсэхийг тухай бүр нягтлаж байх шаардлагатай хийгээд, улсын байцаагч дүгнэлтээ бодитоо гаргаж буй эсэхэд мөн байнга хяналт тавьж, хэрвээ асуудал үүсвэл, шаардлагатай арга хэмжээ авч байх.     

2.2.6. Гүйцэтгэгчид гэрээний үүргээ дутуу биелүүлсэн нөхцөлд биелэлтийг заавал хангуулж байх талаар анхаарч, арга хэмжээ авч байх. Техник технологийн нарийн шалгуур үзүүлэлт шаардсан ажил, үйлчилгээг хүлээж авах комисст тухайн чиглэлийн мэргэжилтнийг заавал оруулдаг байх. Төсөв, хөрөнгө оруулалт, төр, орон нутгийн худалдан авах ажиллагааны үр дүн, хариуцлагыг дээшлүүлэхийн тулд аймаг орон нутгаасаа зохион байгуулан, мэргэжлийн төрийн бус байгууллагаар жил бүр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж хэвших (хуулийн 52.3)

Гурав: Ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцооны тухайд

Монгол улсын төсвийн тухай хуулийн  6.5-д.Энэ хуулийн 5.1.4-т заасан төсвийн ил тод байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ гээд,

6.5.1-д: төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

6.5.2-т төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

6.5.3-т төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.4-д төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.5-д: .хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;

6.5.6-д: төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх хэмээн заасан байдаг.

Хуулийн энэхүү заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд зөвлөмж болгох нь :

Төсөв хэлэлцэх батлах үйл явцын тухай олон нийтэд ойлголт мэдээлэл өгөх ажлыг жил бүр урьдаас зохион байгуулж, тэднийг мэдээлэл авах, оролцох боломжоор хангах, үйл явцыг хэвлэл мэдээлэлээр болон байгууллагуудын цахим сайт бусад боломжтой сувгуудаар тухай бүр мэдээлэх

Төсвийн бүх шатанд олон нийтийн оролцоог хангахын тулд төсвийн хууль, шилэн дансны тухай хууль төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам болон холбогдох бусад хууль, журмуудыг судлаж, энэ талаар системтэй төлөвлөгөө гаргаж ажиллах, үүнд мэргэшсэн Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооноос зөвлөгөө авах

Төсвийн хэлэлцүүлэгт оролцсон иргэд өөрсдийн санал нь шийдвэрт тусгагдаж байгаа эсэхэд эргэж хяналт тавих боломж бүрдүүлэх

Төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангахын тулд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, мэргэжлийн төрийн бус байгууллагаар жил бүр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж хэвших (хуулийн 52.3) иргэдийн хяналтын бүлэг ажиллуулах,

Төсвийн асуудлаар иргэд болон иргэний нийгэм төрийн бус байгууллагаас гаргасан томоохон цогц шинж чанартай санал дүгнэлтийг тухай бүрд нь Засаг даргын зөвлөл, ИТХ-аар, хэсэгчилсэн зөвлөмжүүдийг тухайн асуудлыг хариуцсан газар хэлтсүүдийн хүрээнд хэлэлцэж, гарсан шийдлийг тэр дариуд нь эргэж мэдэгдэж хэвших, энэ тухай тайлангаа улирал жилээр ИТХ-д тайлагнах, хэвлэл мэдээллээр мэдээлэх

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч, энэ талаар хөндлөнгийн хяналт үнэлгээ, мониторингийг жил бүр хийлгэдэг байх

Түүнчилэн гүйцэтгэгч компани бараа, ажил, үйлчилгээнийхээ гүйцэтгэлийн явцын мэдээллийг ил тод байлгах, /ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 49.1.9 дэх заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой/ асуудлыг гэрээнд тусгах арга хэмжээ авч, хэрэгжилтэнд нь хяналт тавих

 “ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВ” ТӨСЛИЙН БАГ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 8 =

Create Account



Log In Your Account