Нэрт найрагч Лу.Дагваодоржийн хөшөөг Буянт сумын төвд бүтээн заллаа

By: Admin
2020-10-22
0
51

2020 оны 10 сарын 21-нд Буянт суманд баригдан ашиглалтанд орж буй шинэ соёлын төвийн нээлтийн ёслолтой давхцан, нэгэн чухал үйл явдал болсон нь тус сумаас төрж гарсан Монголын ард олны дунд “дууны шүлгийн хаан” гэж хэлэгддэг, нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөө баримлыг бүтээж, шинэ соёлын төвийн үүдэнд суурилуулан, босгосны нээлтийн үйл ажиллагаа юм. Соёлын төвийн шинэ барилгыг 2020 оны төсөвт тусган баталсан улс, орон нутгийн төсвийн санхүүжилтээр, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу барьж байгуулсан бол нэрт найрагчийн дурсгалд зориулсан хөшөө баримлыг чухам соёл, утга зохиолыг хүндэлдэг, түүний төлөөнөө сэтгэл үйлсээ зориулдаг хүмүүс санаачилан, Л.Дагвадорж сангийн ивээн тэтгэлгээр бүтээн босгосон байна.

Нээлтийн ёслолд хөшөөг бүтээн босгох ажлыг санаанчлагч Лувсангийн Дагвадорж сангийн тэргүүн Л.Цэрэндулам, мөн санаачлагч хамтран зүтгэгч Буянт сумын Залуучуудын холбооны тэрггүүн, соёлын төвийн захирал Б.Магсаржав, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын удирдлага төлөөллүүд, бусад уран бүтээлчид, хөшөөг урлан бүтээсэн зураач барималч Б.Аюурзана нарын хүмүүс оролцсоны зэрэгцээ, Ховд аймгийн болон Буянт сумын удирдлагууд үг хэлж хүндэтгэл үзүүлсэн юм.

“Лувсангийн Дагвадорж” сангийн тэргүүн Л.Цэрэндулам хэлэхдээ найрагч, зохиолч агсаны дурсгалыг мөнхжүүлэх тухай санааг олон жилийн өмнөөс дотроо бодож, төлөвлөж ирсэн ба 2016 оноос Дагвадорж санг үүсгэн байгуулж, найрагчийн уран бүтээлд /шүлгээр нь бүтсэн дуунуудад/ зориулсан хэд, хэдэн хөшөө дурсгалыг босгосноос гадна уран бүтээлээр нь концерт бэлтгэж тавих, мөн бүтээлүүдийг нь болон найрагчийн тухай ном хэвлүүлж олны хүртээл болгох гэх мэт олон чиглэлийн ажлыг өрнүүлэхэд санаачилагчид болох Б.Магсаржав, Буянт сумын Залуучуудын холбоо, МЗЭ-ийн Ховд аймаг дахь “Алтай” салбарынхан хамтран, дэмжиж ирсэнийг онцолж байв. Ийнхүү Ховд аймагт анх удаа зохиолч уран бүтээлчийн дурсгалд зориулсан хөшөө баримлыг босгон, дурсгалыг нь мөнхжүүлж байгаа юм.  

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 3 =

Create Account



Log In Your Account