)

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг сонжиж үзвээс

By: Admin
2020-06-19
0
27

Ард түмэн – Улс төр

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, энэ оны нэгдүгээр сард эцэслэн баталсан. Ээлжит сонгууль болохоос өмнө тухай бүрд нь УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт, шинэчлэл хийж баталдаг нь тогтсон заншил шахуу болсон. Харин энэ удаад УИХ-ын болон аймаг нийслэл, сум дүүргийн хурлын сонгуулийн тухай хуулийг хоёр тусад нь боловсруулж баталж байгаа хийгээд, он гармагц УИХ-ын сонгуулийн тухай хуулийг яаралтай шинэчлэн баталсан. Манай редакци урьдны сонгуулийн жилийн өмнө батлагдаж асан сонгуулийн тухай хуулинд ажиглалт хийж, нийтлэл бэлтгэн, уншигч олонд хүргэж байсан уламжлалынхаа дагуу энэхүү нийтлэлийг бэлтгэн толилуулж байна. Эрх бүхий хэсэг хуулийг бичиж, эрх мэдлийнхээ хүрээнд хэлэлцэж батлах нь нэг хэрэг. Харин уг батлагдсан хууль нь амьдралд хэрхэн нийцэж буй, алдаа оноо юу байгаа, эргэн харж, засаж залруулууштай зүйлүүд бий  эсэх тухайд хараа юугаа талбиж, шүүмжлэн, санал онолоо илгээж, ажил хэрэг болгох сэлт нь Үндсэн хуулинд заагдсанаар Монгол улсын иргэн бүрийн эрхийн асуудал болно. Чухам үүнд  тулгуурлан, манай редакци ийнхүү хуулийн шүүмжүүдийг бэлтгэж, олон түмэнд толилуулж байгаа юм. Шүүмж нийтлэлд энэ хуулинд шинээр тусгагдсан, эсвэл тодорхой зөрчилтэй, эргэж харууштай, тэдгээрийг нь олон түмэнд толилуулж, мэдээлэл хуваалцах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн заалтуудыг цохолборлон авч, тус бүрд нь  хийсэн ажиглалт, шүүмжийг хадмал байдлаар хамтатган оруулсан болно.

Шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8-д буй: “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтын тухайд

САНАЛ ШҮҮМЖ: Энэ талаар маргаан мэтгэлцээн өрнөсөөр ирсэн. Зарим улс төрийн нам, судлаачид, хуульчдийн төлөөллүүд энэ заалтыг Монгол улсын үндсэн хуулийн  16-р зүйлийн 16.9 дэх  заалтыг зөрчсөн, тодорхой нэр бүхий хүний нэр дэвших эрхийг хясан боогдуулахад чиглэгдсэн,  санаатай зүйл байна хэмээн эсэргүүцэл илэрхийлж, мэдэгдлүүд хийж байсан. Жишээ болгож Монгол улсын гавъяат хуульч Шаравдоржийн энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд гаргасан санал гомдлыг эш татъя. Үүнд: “УИХ сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 29-р зүйлийн  29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлд­сэн нь шүүхээр тог­тоогд­сон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулсан нь мөн Үндсэн хуулийн сонгох, сон­гог­дох эрхийг зөрчөөд зогсохгүй, Цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний 06-р дүгнэлтэд “Хууль тогтоогч УИХ-ын сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчид тавих шаардлагад ялгүй байх гэсэн заалтыг оруулс­наараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүү­гийн хуулийн тусгай ан­гид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу УИХ-ын гишүү­нээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг  агуулсан байна.”, “УИХ-ын сон­гуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэрт дэвшигч нь да­раах шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т ялгүй байх гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “ …төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч, Сонгуулийн хуулинд зааж тогтоосон хүний сонгогдох эрхийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон, мөн Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байтал үл хайхарч, Үндсэн хууль зөрчсөн заалтыг илтэд санаатайгаар дахин оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд халдсан бусармаг явдал, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна. Тиймээс Монгол Улсын гадаа­дад байгаа иргэдийнхээ Үндсэн хуулиар тогтоосон, эдлэх ёстой сонгох, сон­гогдох эрхийг Сонгуу­лийн хуульд хуульчлан тогтоогоогүй нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-р заалтыг хүчингүй болгох өргөдлийг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү" гэжээ. Энэхүү заалт нь “цаашид хэн нэгнийг, санаатайгаар хэрэгт холбогдуулан, сонгогдох эрхийг нь зориудаар боогдуулах, улс төрөөс шахан зайлуулах арга хэрэгсэл болж хэрэглэгдэх ноцтой аюулыг буй болгох  магадлалтай” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын хүмүүс сануулж байсан. Тэхээр хуулийн уг заалтыг Монгол улсын иргэний эрхийг хязгаарлаж, хясан боогдуулах хэрэгсэл болгон ашиглахаас хаа, хаанаа сэрэмжлэх нь чухал юм.     

Хуулийн 61.18-д буй: “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, хамтарсан намуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг зөвхөн цахим хэлбэрээр нэг удаа олгоно” “Сонгогчдын нэрсийн жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна” гэсэн заалт

САНАЛ ШҮҮМЖ:  Энэ заалтын тухайд сонгогчдын нэрсийг сонгуульд оролцож буй нам, эвсэлд өгнө гэсэн атлаа бие дааж нэр дэвшигчид олгох талаар тусгаагүй байгаа юм. Энэ нь уг хуулинд улс төрийн намуудын нөлөөлөлтэйгээр, тэрхүү намуудыг бусдаас дээгүүр тавих, нийгмийн хэсгүүдийг ялгавартайгаар авч үзэх зохисгүй хандлага шургалан орсныг илтгэж буй нэг илрэл гэж болох. Нэгэнт Монгол улсад улс төрийн нам гэгч бүлэглэлүүдээс төрийн тогтолцоог бүрдүүлэх явцуу заалтыг Үндсэн хуулиндаа тусган хэрэгжүүлж, төрийн дээр нам гарч суух боломжийг нь хангаж өгсний улмаас, Сонгуулийн хууль гэх мэт нэн чухал хууль тогтоомжуудад энэ мэт үл анзаарагдам хэлбэрээр намын нөлөөлөл лоббиг шургуулан батлах үйлдэл, эс үйлдэхүй хийгдсээр байгаа.

 Тиймээс Монгол улсад төрийн эрх ард түмний  мэдэлд байна  гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн, энэ хуулинд баталгаажсан намаас өөрөөр нэр дэвших цорын ганц боломж болох бие дааж нэр дэвшигчдэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг олгох тухай заалтыг сонгуулийн хуулинд нэмж тусгахыг шаардах хэрэгтэй. Нөгөө талаар сонгуулиар далимдуулан улс төрийн нам, бүлэглэлүүдэд Монгол улсын иргэдийн овог, нэр, оршин суугаа хаяг зэрэг мэдээллийг өгч байгаа нь нэн ялангуяа УИХ болон шат шатны хуралд сонгогдсон гишүүд болон төлөөлөгчид, мөн тухайн хүмүүсийг харъяалж буй улс төрийн намуудад давуу боломж олгож байгаа нэг хэлбэр болно. Юу гэвэл уг мэдээллийг ашиглан, иргэдэд янз бүрийн хэлбэрээр нөлөөлөх, өөрийн ноёрхолыг тогтоох боломжийг нь бүрдүүлж өгч буй нэг хэлбэр болж байна гэж болно. Амьдрал дээр энэ нь хангалттай ажиглагддаг. Тухайлбал УИХ-ын гишүүдийн хувьд сонгогдож, батламж авсан цагаасаа эхлээд боломжтой бүхий л үед өөрийн сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэлийг ашиглан, элдэв бэлэг өглөг тараах, далд сурталчилгаа хийх, хэд хэдээр нь буюу хэсэг бүлгээр нь ийш тийш нь гадаад, дотоодод үнэ төлбөргүй аялуулах, зугаалуулах, элдэв хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулах зэргээр сэтгэл санааг нь урвуулан татах аргыг тасралтгүй хэргэлсээр байдаг боловч, түүнийг байх ёстой зүйл мэт үздэг болчихсон. Тэгтэл энэ нь сонгуулийн хуулийн 67 дугаар зүйлд заасан нам эвсэл, сонгуульд оролцогчдын мөрийн хөтөлбөрт болон цаашдын үйл ажиллагаанд нь хориглохоор журамласан заалтуудыг зөрчиж байгаа хэрэг. Түүнээс гадна сонгуулийн хуулинд  зөвхөн сонгууль явуулах жилийн эхний сараас хойш дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглоод, бусад цагт чөлөөтэй тавьж байгаа нь бас л илтэд зохисгүй зүйл гэдгийг уншигчид анзаарч байгаа байх.  

Хуулийн 39.1-д буй: “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэсэн заалт.

САНАЛ ШҮҮМЖ: Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаа нь тогтолцооны хувьд томсгосон 26 тойргоор явагдах тул сурталчилгааны хугацаа хаа очиж тохиромжтой болсон гэж болохоор. Тэгэхдээ энэ нь нэгэнт хуулиндаа ийм тогтолцоогоор сонгууль явуулахаар заасан учраас л гэж буй болохоос цаагуураа, амьдралын үнэнтэй нийцэж байна гэсэн санаа биш юм. Үндсэн хуулин дахь хууль тогтоох байгууллагын тогтолцооны хэлбэрийг өөрчилж, улсын дээд, доод хуралтай болгож, аймаг, дүүрэг, сум болгонд амьдарч буй  иргэдийн дундаас төлөөллийг нь сонгох замаар бодит үнэнд ойртуулахыг хүссэн ард олны санаа зоригийг өнөөгийн эрх барьж буй хэсэг үл ойшоож, түүнээс зайлан бултах замаар өөрсдөд ашигтай байдлыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд тусган баталгаажуулсан. Тэгээд үүндээ тохируулан, мөнөөх нам, бүлэглэлүүдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлогын үүднээс гол төлөв Улаанбаатар хотод амьдардаг, бэл хөрөнгө, эрх ямба өндөртэй, арга заль ихтэй нөхдүүдийг үгсэн хамсах замаар нэр дэвшүүлэн, тэднийг сонгуулахаар сонгогч олныг ятгахын тулд үнэн худал нь үл мэдэгдэх хоосон цэцэрхэл, цаасан  магтаалын компанит ажлыг /сонгуулийн сурталчилгаа/ өрнүүлж, түүнд зарцуулах асар их хэмжээний хөрөнгийг хуульчилан баталж, гарын салаагаар урсгаж байна гэж харж болохоор. Хэдийгээр энэ мөнгийг төсвөөс гаргадаггүй, нам эвслээс эсвэл нэр дэвшигч халааснаасаа гаргадаг гэж ойлгогдож байгаа ч сонгуульд санал авахын төлөө, бараг хэрэгцээгүй зүйлд тавиад туучихсан мөнгөө эргүүлж нөхөж авах гэж дараа нь улайрцгаадаг нь нууц биш ! Хэрвээ ард олны дунд нь амьдардаг, байнга хамт байдаг хүмүүсийг нэр дэвшүүлэх аваас ийнхүү олон хоногоор таниулах, сурталчилах гэгч далан долоон, эрээн мяраанаар зэвсэг хийсэн зохиомол жүжгийг өрнүүлэх шаардлага бараг үгүй. Зайлшгүй өрнүүлэхэд хүрлээ гэхэд хоног хугацаа, зардал чирэгдэлийг нь харьцангуй багаар тогтоож, чирэгдлийг хязгаарлах давуу талтай байх ёстойсон.    

Хуулийн 54.1-д заасан: Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна” гэсэн заалтын тухайд.

САНАЛ ШҮҮМЖ: Сонгуулийн сурталчилгаа хийхэд иргэн хуулийн этгээдээс нэр дэвшигчид хандив өргөх, нэр дэвшигч тэдгээрээс хандив авах боломжийг нь ийнхүү олгож, мөнгөн дүнгийн босгыг улам нэмэгдүүлжээ. Үүнээс үзэхэд уг нэр дэвшигч нь хэрвээ сонгогдвол бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа хандивлагчдын хариу нэхэл, барьцаанд ямар нэг байдлаар орж, аливаа хэлбэрээр тэдэнд давуу байдал олгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэх баталгаа алга байна. Хэд, хэдэн иргэд, хуулийн этгээдүүд үгсэх замаар хоршин хамтарч, ахиу хэмжээний хандив өгөөд, дараа нь хариу нэхэлд оруулахыг үгүйсгэх газаргүй. Нам, эвсэл болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон байдлыг харж байхад арай л хэтэрхий их тоо мэт санагдах нь бий. Тиймээс эрх бүхий байгууллагаас энэхүү сурталчилгаанд зарцуулах зардлын хэмжээг тогтоохдоо ямар хэм, хэмжээ /норматив/, итгэлцүүрт үндэслэж, хэрхэн тооцоолсон болохыг нийт сонгогчид, ард түмэнд нээлтттэй мэдээлдэг байх нь чухал юм. Өнөөг хүртэл эрх бүхий байгууллагаас энэ талаар сонгогч, олон түмэнд хандаж тодорхой тайлбар, мэдээлэл хийж байгааг олж үзээгүй билээ.     

Хуулийн 47 дугаар зүйлд буй:Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах” тухай бүлэг заалтыг шинээр оруулсан нь:  

47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:

47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;

47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;

47.1.3.бусад цахим хуудас.

47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

47.3.Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.

47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.

47.5.Энэ хуулийн 47.1.3-т заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

47.6.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

47.7.Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:

47.7.1.энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;

47.7.2.энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.

47.8.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.

47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.

47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

47.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно” гэх заалтууд юм.

САНАЛ ШҮҮМЖ: Эдгээр заалтуудын хувьд урьд нь зохицуулагдаагүй байсан цахим орчны сурталчилгааны асуудлыг зохицуулж өгснөөрөө чухал ач холбогдолтой байхаар санагдаж байна. Гэвч “цахим хуудасны нийтлэлийн дор сэтгэгдэл бичдэггүй тохиргоотой байна” гэсэн нь нийгэм, улс төр мөн тухайн сонгуулийн үйл явц, нэр дэвшигчийн талаар иргэд, сонгогчид хоорондоо санаа бодлоо солилцох, нийтийн хүрээнд илэрхийлэх боломжийг нь хаагдуулж, мөн л үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-ын 16, 16-ын 17 дахь заалтуудыг зөрчиж байгаа хэлбэр. Дээрх заалтанд сэтгэгдэл бичихгүй тохиргоотой байна гэхийн оронд тухайн талбарт гүтгэх доромжлох зэрэг хууль бус зүйлийг илэрхийлсэн, бичсэн, тэр нь нотлогдсон тохиолдолд, тухайн хандагчийг хааж, хязгаарлах талаар тусгасан бол зохистой болох байв.    

Хуулийн 29-ын 4-т буй: “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;   

29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал” гэсэн заалтын тухайд:

САНАЛ ШҮҮМЖ: Ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр хуульчилагдсан дээрх хүмүүсийн эгнээнд төрийн улс  төрийн албан тушаалтнуудыг оруулдаггүй нь зүй ёсоор сонирхол татдаг. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд сонгуульд нэр дэвших бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэдгийн гол үндэслэл нь гэвэл, мэдээжээр тэдгээрийг өөрийн эрхлэж буй албан тушаалаа давуу байдал болгон ашиглахаас сэргийлэхэд оршиж буй гэж бодно. Тэгвэл чухамхүү өөрийн эрхлэж буй албан тушаалаа сонгуульд өрсөлдөх давуу байдал болгон ашиглах өндөр магадлалтай, амьдрал дээр /урьдны сонгуулиудад/ үүнийгээ завшаанчаар хэрэгжүүлсээр ирсэн нөхөд бол төрийн улс төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гэдгийг хэн ч байсан гадарлана. Тэгэхээр хэрвээ ийм хориг арга хэмжээг юуны өмнө  улс төрийн албан тушаалтнуудад /тухайлбал нийслэл, аймаг, дүүрэг, сум, хорооны засаг дарга, орлогч дарга нар яам агентлагийн албан тушаалтнууд г/м/ хамаатуулах нь зүйд нийцэх ёстой.   

Хуулийн 48-ын 4-т буй: ”Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно” гэсэн заалтын тухайд:

САНАЛ ШҮҮМЖ: Энэ нь  мөн л дээрхтэй адил төрийн улс төрийн албан хаагчид буюу албан тушаалтнуудын эрх тушаал, нэр нөлөөг сонгуульд ашиглахад чиглэгдсэн шудрага бус заалт гэж үзэж болохоор. Учир нь төрийн жинхэнэ албанд болон үйлчилгээний албанд ажилладаг хүмүүсийг сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглосон атлаа улс төрийн албан тушаалтнууд бол болно гэж байгаа нь тухайн үедээ эрх барьж буй, эсвэл тодорхой хэмжээнд УИХ-д болон орон нутгийн хурлуудад сандал суудал эзэмшиж буй нам бүлэглэлүүд өөрсдийн төлөөлөл дундаас эрх  мэдэл, албан тушаалтай байгаа нөхдийг сонгуульд нөлөөлүүлэх гэсэн далд зорилгыг нэвт үнэртүүлж байна.

Хуулийн 25-ын 1-д буй: “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэсэн заалтын тухайд: 

САНАЛ ШҮҮМЖ: Энэ нь сонгуульд оролцогч улс төрийн нам бүлэглэлүүдийн явуулдаг бурангуй ажиллагаанаас сэргийлсэн гэдгээрээ заавал байх ёстой, чухал заалт. Гэхдээ сонгуультай холбоотойгоор ийнхүү иргэдийн эрхийг хязгаарлахаас илүү, ийм шаардлага тулгарахад хүргэж буй цаад шалтгаан, мөн энэ байдлыг арилгах арга замыг эрж олох нь илүү чухал байх учиртай. Бидний үзэж байгаагаар үүний цаад урхаг нь нөгөө л улс төрийн нам бүлэглэлүүд гэгч, эрх ашиг хийгээд хожоо, хонжооны төлөө улангасан зүтгэгчдийг буй болгож буй улс төр, нийгмийн тогтолцооны арга, хэлбэр, зарим хуулин дахь заалтуудтай, /тухайлбал Үндсэн хуулийн арван ес дүгээр зүйлийн 19-ын 1, 2, 3 дахь заалт/ холбоотой ! Мөн Энэхүү сонгуулийн хуулинд гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй байхаар зохицуулалт хийж баталжээ.

САНАЛ ШҮҮМЖ: Уг нь өмнөх хуулиудад гадаадад байгаа хүмүүсийн саналыг авдаг байсан. Гэтэл энэ удаад яагаад ийм зохицуулалт хийх болов. Ингэснээр дахиад л Үндсэн хуулинд буй Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийн тухай заалтыг зөрчиж байгаа бус уу? гэсэн асуулт зүй ёсоор гарах бөгөөд уг хууль батлагдсанаас хойш энэхүү зохицуулалттай холбоотой шүүмжлэл, санал гомдолууд ч өрнөсөөр ирлээ.

 Гавьяат хуульч Ц.Шаравдорж мөн энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан өргөдөл хийгээд тайлбартаа: “Үнд­сэн хуулийн 3-р зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож бай­гуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн  байгууллагаараа уламжлан энэ­хүү эрхээ эдэлнэ”, Үнд­сэн хуулийн 16-р зүй­лийн 16.9-д “шууд болон тө­лөө­лөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарласан чухал заалтууд. Гэтэл  УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахдаа, Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдран сууж байгаа, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ сонгуульд санал өгөх эрхийг хан­гаж зохицуулаагүй орхиг­дуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна. “СЕХ-ны дарга Ч.Содном­цэрэн “Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг энэ удаад авахгүй. Холимог тогтолцоогоор явуулсан бол боломжтой байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээж авах ямар ч боломжгүй. Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг авах эсэх нь хууль тогтоогчийн болон төрийн аль нэг байгууллагын дурын асуудал биш, харин санал өгөх боломжийг хангах хууль эрх зүйн зохи­цуу­лалтыг заавал шийд­вэр­лэх үүрэгтэй. Гадаадад байгаа иргэдийн сон­гуульд оролцох эрхийг хассанаараа УИХ нь Монгол Улсын иргэдийнхээ халдашгүй эрхэд халдсан, нөгөө талаар Үндсэн хуу­лийг ноцтой зөрчиж байгаа асуудал. Үүнийг засч залруулах, Үндсэн хуулиа хамгаалах, түүнийг зөрчсөн зөрчлийг арилгах үүрэг Цэцэд ногдож байна” гэсэн байна.

Түүнээс гадна шинээр батлагдсан энэхүү УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5-ын 5-д “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно”, мөн  7-ын 1-д “Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ”, гэсэн заалтууд байгаа нь дээр үгүүлсэн “Үнд­сэн хуулийн 3-р зүйлийн 3.1-д, 16-рт зүй­лийн 16.9-дэх заалтуудыг үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болох нь тодорхой зүйл атал, гадаад улс оронд ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй иргэдийнхээ тухайд эдгээр заалтын эсрэг зохицуулалт хийсэн нь уг хуулийнхаа үнэ хүндийг хөсөр гишгэсэн хэрэг болж байна.

Гэтэл бас юу болов эрх баригчид, төр эзэгнэж буй улс төрийн бүлэглэлүүд маань хүн төрөлхтөнд тохиолдсон, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийг (дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хэрхэх юу болохыг) тооцох нь байтугай, зүүдлээ ч үгүй болохоор УИХ-ын сонгуулийн хуулинд оруулсан дээрх зохицуулалтынхаа төлөө одоо амаа асуулгах болчихоод байна. Юу гэвэл цар тахлын улмаас, аргагүйн эрхэнд гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн хүн тээврээр авч ирсээр, өдгөө магад хэдэн мянгаар тоологдох иргэд эх орондоо ирсэн атлаа, сонгуулийн хуулиар хязгаарласан учраас саналаа өгөх эрхгүй, үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүй болчихоод байгаа. Хууль тогтоогчдын маань сэдсэн сэдэл ёстой л нөгөө “БУЗАР САНАА БИЕЭ ОТНО”, эсвэл “МЭХ МЭХЭНДЭЭ” гэгч болох нь тэр !

Хуулийн 37 дугаар зүйлийн 37-ын 7-д буй “Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулахыг хориглоно” гэсэн заалтын тухайд:

САНАЛ ШҮҮМЖ: Энэ хуулинд бүлэглэлүүд буюу сонгуульд оролцож буй нам, эвсэл сонгууль эрхлэсэн байгууллага байгуулан ажиллахыг хуульчилаад, 37 дугаар зүйлийн 37-ын 2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 100 хүртэл, нийслэлд 20 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно” гэж заасан. Гэтэл “бие даагчид нэгдэж тийм байгууллага байгуулж болохгүй” гэж байгаагийн үндэслэл нь юу вэ? Хараажаар энэ нь ер зохистой үндэслэл бүхий гэж үзэхээргүй, нам бүлэглэлээрээ хүч түрж, бие даагчдыг “бөөрөлхөсөн”, тэднийг хүч, боломжоо нэгтгэхийг нь хясан боогдуулсан, хүчирхийллийн шинжтэй санаа агуулж байна хэмээн дүгнэхээр байгаа тул хууль тогтоогчид энэ заалтынхаа үндэслэлийг тайлбарлах, тэр нь зохистой тайлбар болж чадахгүй бол уг заалтаа өөрчилж, бие даагчдын эрхийг хясан боогдуулахаа зогсоох нь зүйд нийцнэ гэж үзэхээр байна.   

Хуулийн 41 дүгээр зүлийн 41- ийн 9-д буй “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэх заалтын тухайд:

САНАЛ ШҮҮМЖ: Хуулийг хэлэлцэж баталсан УИХ-ын гишүүд маань эрх мэдлээ ашиглаж, өөрсдөдөө давуу байдал олгох боломжийг “ичгүүргүйгээр” тусган хуульчилжээ гэдэг нь хэнд ч илэрхий харагдахаар байна. Тэрбээр энэ заалтаа ашиглан, он гарснаас хойш сонгогч иргэдэд тараалгасаар буй УИХ-ын гишүүдийн “ажлын тайлан” гэх зүйлүүдийн нэг бустай танилцахад, эдгээр нь яаж ч бодсон цэвэр сурталчилгаа байгаа юм. Тэрбээр энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48-ын 1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд, эдгээрт:

“48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах” зэргийг хамруулсан байна. Тэгтэл УИХ-ын гишүүд маань сонгогдож, батламж авсан цагаасаа л сонгуулийн жилд хориглохоор заасан дээрх арга, ажиллагаануудыг толгой дараалан ашигласаар, өөрсдийн сонгогчдын сэтгэл санааг цаашид өөртэй улам баттай татаж наалдуулахад чиглэгдсэн арга, башираа хэрэгжүүлсээр байдаг нь нууц биш ! Ялангуяа өөрт нь санал өгч сонгосон тойргийнхоноо баг, сумаар нь, сонирхлын бүлгээр нь, насны онцлогоор нь, нийгмийн байдлаар нь, ажил мэргэжлээр нь гэх мэтээр ангилан, хэсэг, хэсгээр багцалж, цаашид ашиглахад болохуйц “найдвартай” гэсэн хэсгийг ялган, төрөл бүрийн байдлаар сэтгэл санааг нь урвуулан татах ажиллагаануудаа хэрэгжүүлсээр ирсэн баримтуудыг хэдэн зуугаар нь тоочиж болно. Харин шинээр нэр дэвшиж буй хүмүүст тийм боломж нь байгаагүй, сонгуулийн үеэр бүүр ч боломжгүй болчихож байна. Мэдээжийн хэрэг дээр үгүүлсэнчилэн одоо УИХ-ын гишүүн байгаа нөхдүүд маань өөрсдөдөө ашигтай заалтыг хуулинд тусган баталж, өөрсдийнхөө давуу байдлыг ёс бусаар дахин баталгаажуулж, өөрөөр бол “маш цадиггүй” аашилж байгаа явдал гэдгийг сонгогчид эрхбиш анзаарах л учиртай байх.        

Хуулийн 44 дүгээр зүйлийн 44-ын 6-д заасан “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэх заалтын тухайд:

САНАЛ ШҮҮМЖ: Дээр үгүүлсэнчилэн энэ заалт бол бас л “улаан цайм” эрх мэдэл, давуу байдлаа ашигласан, шудрага бус үйл болно. Сонгуулийн жилд тэр тусмаа нэр дэвшүүлэх ажиллагаа дөхчихсөн тийм үед сонгогчидтой уулзаж байгаа гишүүд, төлөөлөгчид маань сурталчилгааний өнгө аяс огтхон ч цухалзуулахгүй юм шигээр, ийм заалт оруулж баталсан нь нэг талаасаа инээдтэй зүйл. Дээр нь нэмж үгүүлэхэд УИХ-ын гишүүдийн ажлын тайлан гэдэг чинь нарийндаа сурталчилгаа л юм шүү дээ ! Залгуулаад албан ёсны сурталчилгааны хугацаа эхэлсэний дараа дахин нэр дэвшсэн гишүүд маань өнөөх л тайлан гэж ярьж байсан зүйлээ лавшруулаад, сурталчилаад явах нь ойлгомжтой. Энд бас нэг зүйлийг онцлон дурьдахад тайлан ч байна уу, сурталчилгаа ч байна уу, ялгаагүй УИХ-ын гишүүд, аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчид, улс төрийн албан тушаалтнуудын хаа газарт ярьж, хэлж, тайлагнаж, сурталчилж байгаа зүйлүүдийг харахад санаа зовмоор, өмнөөс нь яс хавтаймаар зүйлүүд нэг бус ажиглагдахын нэг нь, сонгогдсон тойрогт нь хийгдсэн бүх ажил, баригдсан барилга, дэд бүтцийн ч юм уу байгууламжууд, зохиогдсон аливаа арга хэмжээ, бүүр малчдын суурьт өсөж үржиж буй малын тоо толгойн өсөлт, тариланчдын хурааж авсан ургац хүртэл бүгд нөгөөх “монцгорууд”-ын маань хийсэн ажил болж хувирна. Аливаа асуудлыг шийдэх, төсөв хөрөнгө оруулалтыг батлах, төлөвлөгдөж батлагдсаныг гүйцэтгэх гээд шат дамжлагтай бүх ажил ард түмний санаа бодолд тулгуурлаж, тэдний хяналтан доор, шат, шатны засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, олон нийт, хамт олны хамтын хүчин зүтгэлийн үрээр бий болж, хэрэгжиж, үр шим нь дэлгэрч байх учиртай, тийм ёс, зарчим, хуультай биш билүү гэсэн бодлын үүднээс мөнөөх тайлан, таниулга, сурталчилгаануудыг харж, сонсож, үзэхийн цагт үнэнхүү санаа зовмоор болдог тал бий !         

Хуулийн 48 дугаар зүйлийн 48-ын 2-т буй “Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй” гэсэн заалтын тухайд:

САНАЛ ШҮҮМЖ: Энэ мөн дээрхийн адил улс төрийн намууд өөрсдийн нийгэмд тогтоосон давуу байдлаа ашиглаж байгаа хэрэг. Бие даагчидад ийм боломж байхгүй гээд бодохоор сонгуульд өрсөлдөгч хэсгүүдийн заримд нь зориудаар давуу боломж олгох гэсэн санаагаа хуульчилсан болох нь төвөггүй ойлгогдоно. 

Хуулийн 48 дугаар зүйлийн 48-ын 6-д буй “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй” гэсэн заалтын тухайд:

САНАЛ ШҮҮМЖ: “Шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлал нь нэгэнт бий болж тогтсон, төр, улсын оюуны баримтлал, үзэл бодлогын асуудал хийгээд энэ тухайд сонгуульд өрсөлдөгч, улс төрийн хүчнүүд, эсвэл нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үед ард нийтэд таниулана гэсэн байдлаар хуульчилах нь тун зохимжгүй мэт харагдаж байна. Харин сонгуульд оролцогчид төрийн тогтсон баримтлал дахь энэ чиглэлийн үзэл санаа, бодлогын тухайд шинээр тийм өнгө аяс оруулна, тийм зохицуулалт хийнэ гэсэн санаагаа мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлэх боломжийг нь нээлттэй байлгана гэж байгаа бол үүнд үндэсний оюун санаа, ухамсар, сэтгэлэг, аюулгүй байдалд үл харшлахуйц байх гэх мэт, зайлшгүй байвал зохих анхааруулгыг агуулсан, хэм хэмжээний зохицуулалт мөн шаардлагатай байхаар харагдаж байгаа юм.

Хуулийн 46 дугаар зүйлийн 46-ын 17-д буй “Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна” гэсний тухайд:

САНАЛ ШҮҮМЖ: Нэрт түүхлээч, зохиолч, судлаач Н.Нагаанбуу агсан үгүүлэхдээ “УЛС, ТӨР-ийн хэрэг бол аливаа улсын ард түмэнд, тухайлбал иргэн бүрт нь хамаатай, хүн бүхний амин чухал үйл хэрэг болохоос, эрх тушаалд очсон хэсэг, бүлэг нөхдийн асуудал бус. Өдгөө энэ үүднээс асуудалд хандсан хэн нэгнийг “чи улс төржлөө” хэмээн уг үгийн үнэ цэнийг мушгин, завхруулах маягаар дайран, давшлах нь бишгүй болжээ. Угтаа гэвэл “улс төржих” нь улсынхаа эрх ашгийн, ирээдүй хойчийн үүднээс хэн бүхэнд байх ёстой зүйл. Яагаад гэвэл улс төр гэдэг ойлголтыг буй болгож, үр үндсийг тавигчид нь ард түмэн, хүн бүхэн юм” гэсэн санааг өөрийн нэгэн бүтээлдээ тунхагласан байдаг. Бодоод үзэхэд чухам хөдөлбөргүй үнэн зүйл. Гэтэл өдгөө манайд улс төрийн хэрэг бол улс төрчид “гэгдэгчид-ийн л асуудал гээд ойлгочихсон, жишээлэхэд хуулийн дээрх заалтанд туссанчилан улс төрийн мэтгэлцээнд улс төрийн нам, хүчин, эсвэл нэр дэвшигчид л оролцох ёстой. “Улс төр гэдэг бол тэр мэт тусгай хүмүүсийн үйл хэрэг” гэсэн санааг цухалзуулсан юм шигээр олон нийт, ард түмэн, сонгогчидын хувьд ийм чиглэлийн нэвтрүүлэг, яриа мэтгэлцээнд оролцох ёсгүй юм шигээр, орхигдуулж тусгасан нь харамсалтай хийгээд ихээхэн таагүй нөлөөтэй юм. Тиймээс хэдий анзаарагдамгүй, аар, саар зүйл мэт санагдаж байвч, дээрх заалтад иргэд, олон түмэн, сонгогчид, эсвэл иргэд, олон түмэн, сонгогчдын төлөөлөл гэсэн утгатай үгийг заавал нэмж тусгах шаардлагатай !

ЖИЧ: Энэхүү хуулийн шүүмжийг бэлтгэхдээ бид гагцхүү алдааг нь түүвэрлэх замаар, муутган шүүмжилэх гэсэн санааг агуулаагүй, хуулийг бүхэлд нь хүндэтгэж, тахимдуу хандаж байгаа авч, олон нийтийн санал бодол, оролцоог дамжуулах, олж хараагүйг нь сануулж, харилцан бодол санаагаа хуваалцах, хамт, нийтийн зарчмыг, ард түмний язгуур эрхийг дээдлэх утга санааны үүднээс асуудалд хандсан болохоо илэрхийлэхийг хүсэв.

                                                                                                 “Ховдын толь” сонин, “монголгараг” сайтын редакцид бэлтгэв.

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 1 =

Create Account



Log In Your Account



)