ЭМГЭНЭЛ - ЧОГСОМЖАВЫН ТӨМӨРБААТАР /1939-2021/

By: Admin
2021-01-17
0
7

Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин Чогсомжавын Төмөрбаатар нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өвчний улмаас таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр 1939 онд Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Оройн цахир” гэх газар төржээ. Бага насандаа аав ээжийнхээ дэргэд өсөж, 1949 оноос Мянгад сумын бага сургуульд элсэн суралцаж, төгсчээ. Түүнээс хойш мал аж ахуй дээр гарч ажиллаж байгаад 1959-1962 он хүртэл Сүхбаатар аймгийн Хилийн цэргийн 05 дугаар ангид эр цэргийн алба хааж эх орныхоо торгон хилийн манаанд зогсчээ. Цэргээс ирээд Мянгад сумын Давшилт нэгдэлд 7 жил адуу, 5 жил үхэр бусад хугацаанд хонь маллаж 1991 оноос ардын аж ахуйтан болсон байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаар өндрөөр үнэлж

-1995 онд Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнажээ. Мөн 8 дугаар таван жилийн гавшгайч, МУЗН-ийн Нигүүлсэл мөнгөн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, аймаг сумын ойн медалиудаар шагнажээ. Тэрээр мал маллахын зэрэгцээ сумын АХ-ын депутатаар 2 удаа сонгогдохоос гадна сум, аймгийнхаа баяр наадамд шандаст хурдан хүлэг морьдоо уяж уралдуулан 7 айраг, түрүү авч “Аймгийн алдарт уяач” цол хүртжээ. Улмаар ХАА-н салбарт ажилласан олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж 2011 онд Монгол Улсын Гавьяат малчин гэсэн эрхэм цол хүртсэн бидний бахархалт хүмүүн байлаа.

Тэрээр ухамсарт амьдралынхаа түүхэн хугацаанд ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мал маллах арга туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ ханьдаа халамжтай өрхийн тэргүүн, 10 үрдээ энэрэлтэй халамжит аав нь байж гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн, нутаг усандаа нэр хүндтэй, олонтой, сайхан буурай байлаа. Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, хүнлэг зан чанар, гэгээн сайхан дүр төрх нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

                                 ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

                                          ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 3 =

Create Account



Log In Your Account