Д.Дэлгэрбаяр: Шинжлэх ухаанд суурилсан, өгөөжтэй санаа, сэдлийг тэргүүнд нь, нүд хуурах хөшөө, баримал сэлтийг удаад нь авч үзэх хэрэгтэй

By: Admin
2020-08-31
1
154

Өнөө бидний амнаас уятай шахам байдаг болсон нэг зүйл гэвэл хийж бүтээхийг зорьж байгаагаа дэмжих, замаар урагшлах тухай санаа. Төр засгийн бодлогод ч энэ санаа тусгалаа олсон хэмээгээд, жижиг, дунд үйлдвэрлэлийг, хөдөлмөр эрхлэлтийг, шинэ санаа сэдлийг, бүтээл туурвилыг, гарааны бизнесийг дэмжих сангууд үүсгэн, багагүй төсөв  мөнгийг баталж хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байдаг. Гэвч түүний үр өгөөж нь яг хүсч буй эзэддээ очдог эсэхийг тодорхойлоход бэрхтэй. Хийж бүтээхийг зорьж буй ч дэмжлэг авч чадахгүй завсардан, орхигдсоор байгаа нь цөөн бус гэдэг ч ажиглагддаг. Энэ санааны үүднээс бид бүтээлч сэдэл, зорилгыг тээгч нэгэн залуу эрхэмтэй ярилцсан ярилцлагыг толилуулж байна.

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Доржийн Дэлгэрбаяр гэдэг. Гэргий, хүүхдийн хамтаар амьдардаг. Энэ жил 35 настай болж байна. Программ хангамжийн инженер мэргэжилтэй. Мэдээлэл технологийн салбарт 10 гаран жил ажиллаа.

Өөрийн чинь зохион бүтээсэн загварын дүрс зургийг харлаа л даа. Магад тэр чиглэлийн авъяастай байж таарна гэж бодож байна. Танай удамд гарын уртай, дархан ч юм уу хийж асан, хэн нэгэн байсан болов уу гэж бас бодогдож байна?.
Миний аав гарын ур дүйтэй хүн байсан. 1990 оны үед би 5 орчим настай байсан. Айлуудын захиалгаар хос  арслангийн зурагтай авдар, бас шүүгээ зэргийг хийж өгдөг, модон эдлэлүүд дээр угалз болон алхан хээ тавьдаг, хээ дүрсний хулдаасан, цаасан хайчилбартай байсныг санадаг юм. Хээ зурна гэдэг шугам, харандаа, гортиг хослуулсан шугам зургийн салбар шүү дээ. Мөн Монгол дээлийн сайхан бөөрөнхий мөнгөн товч, гэр ахуйн хэрэглэл, Монгол цоож гэх мэтийг төмрөөр гагнаж, хадаж хийнэ. Хувийн аж ахуй хаалттай нийгэмд нутгийн ард иргэдийн нууц захиалгаар хийдэг байсан санагддаг юм. Би Улаанбаатарт хотод төрсөн хүн юм. Тухайн үед ээж маань ХААИС-д нягтлангийн ангид суралцаж, аав минь Атарын сангийн аж ахуйд механик, трактор комбайнчаар ажилладаг байж. Аав минь тэндээсээ Ховд аймгийн Мөнххайрхан суманд томилолтоор очоод, сумын техник засвар, мөн сумыг цахилгаанаар хангадаг моторчин буюу монтер, гагнуур зэрэг ажил хийдэг байлаа. 1990 он гараад улс орон зах зээлийн нийгэмд шилжих хөл толгойгоо алдсан үед манайх сумаас аймгийн төв рүү нүүсэн. Аймагт очоод аав, ээж эрхэлсэн ажилгүй болсон болохоор мал хувьчлах үед хувьчлалаар авсан хэдэн малаа өсгөж эхэлсэн. Төлөв түвшин сайхан амьдарч мал ахуйгаа өсгөн малын хишиг буянаар хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн хүн байсан юм.  

Чиний зохиосон энэ бууны загвараа бодит бүтээл болгосон уу?
Монгол улс болон бусад улс орны хуулинд, хууль бусаар галт зэвсэг хийх, худалдаалахыг хориглосон байдаг юм билээ. Хэрэв галт зэвсэг хийхээр бол заавал хуулийн дагуу эрх авах ёстой. Тийм болохоор одоо инженерийн зураг төдий байгаа. Мэдээж хэрэг манай улс туурга тусгаар улс болохоор биеэ даасан байдал, аюулгүй байдлаа хангахад хэрэглэх зэвсэг технологио дотоодоо хийвэл цаашид зохистой баймаар. Төр засгаас маань ийм бодлого явуулж, сэдэж санаж байгаа хүмүүсээ дэмжих аваас эрх олдох боломжтой л гэж боддог. Бүтэн нэг жилийн судалгаа мөн ажил хийгдэж байж энэ зэрэгт хүрч байгаа юм.

Зураг шиг л харагдаж байна.
Хүмүүс үүнийг хараад зураг зурчихсан байна гэж ойлгож магадгүй, инженерийн программд бүх хэмжээс, зураас нь хадгалагдсан байгаа тул үндсэндээ энэ зургийн дагуу, токарын машинаар, уг хэмжээснүүдийг нь өгөөд, зороод гаргаад ирэхэд бэлэн болсон гэсэн үг юм. Сумны тэсрэлтийн хүчээр замаг хойшоо буцаж пүршыг түлхээд эргэж харихдаа дахин сумлагдах стандарт ажиллагаатай юм. Бууны түүх бол маш эрт дээр үеэс 1300 оноос эхлэлтэй гэж үздэг ажиллагааны хувьд одоо бараг стандарт болсон байдаг. Гол ялгаа нь хийц, хэлбэр, дүрс, ажиллагааны механизмаараа ялгарч байдаг. Гарт барьдаг бууны анхны эхлэлийг Монголын Юань гүрний үед хийгдсэн гэдэг олдвор байдаг.

Ангийн буу хийх боломжтой юу?
Ангийн буу хийх хүсэл тэмүүлэл ч, боломж ч бий. Хийдэг дээрээ тулахаар мөнөөх эрх зөвшөөрөл нь хэрэгтэй болох учраас тэр асуудлыг ажиглаж, судлаад байж байна.  Зөвшөөрөл авчихвал асуудалгүй. Монголын малчид 100 жилийн өмнөх үеийн винтов, вердан, карбин гэх мэт байлдааны зориулалттай буу, цэргийн автомат буу, хуучирсан буу, мөн сум нь үйлдвэрлэгдэхгүй болсон буунуудыг голчлон хэрэглэж байгаа шүү дээ.

За тэгээд хэрвээ буу хийлээ гэхэд ажлын бүдүүвч зураг нь ямаршуу байдлаар зурагдах бол ?
Үйлдвэрлэлийн хувьд ерөнхийдөө тогтсон стандарт аргачлалууд байдаг. Эхлээд хэрэгцээ шаардлага (санаа сэдэл) байдаг. Санаа сэдлийг инженерийн шугам зургаар дүрс хэлбэрт оруулна. Туршилт судалгаа хийгдэнэ. Хэрэв туршилт, судалгаа амжилттай болбол үйлдвэрлэх явцад оруулна. Гарсан бүтээгдэхүүнээ хэрэглээний явцад нь ажиглаж, туршина. Хэрэв алдааг гарвал засаад, улам сайжруулах ажил мэдээж хийгдэнэ. “Ярих амархан, хийх хэцүү” гэдэг болохоор ямар ч ажил ялгаагүй ар, араасаа асуудлууд ургуулж, тэвчээр, зүтгэл шаардах нь магад.

Зохион бүтээгч болохыг хүсвэл чухам ямар, ямар салбар шинжлэх ухааныг үзэж, судлах хэрэгтэй вэ ?
Яг гоцолж онцлох хичээлүүд гэвэл шугам зураг зүй, байгаль физикийн ухаан, олон талаас буюу олон хэмжээнээс төсөөлөх чадвар, тооцоолол гэх мэтийг хэлнэ. Гэхдээ ер нь бол бүх л салбар шинжлэх ухааны мэдлэг хэрэгтэй л дээ.

Таны дурьдсан салбар шинжлэх ухаануудын талаар дорвитой мэдлэг эзэмшиж, үргэлжлүүлэн судлахад дунд сургуулиас эхлээд, шат шатанд үздэг хичээлүүд чухал суурь болно биз?
Тэгэлгүй яахав. Арван жилийн сурагч байхдаа энэ хичээлүүд яг юунд хэрэгтэй юм бэ? гэж бодож, залхдаг л  байж. Хожим нь амьдрал дээр ямар нэгэн зүйл хийгээд ирэхээр, суурь шинжлэх ухааны мэдлэг гарцаагүй хэрэгтэй болдог. 10 жилийн ном эргүүлж үзэх тохиолдог ч гардаг. Тэгэхээр залуу хойч үеийн тухайд, энэ хичээлийг үзсэнээр ийм зүйл бүтээхэд хэрэглэж болно гэсэн сэдлийг нь өдөөж, сонирхлыг нь төрүүлэх талаас манай багш, сурган хүмүүжүүлэгчид анхаарч, сургалтын хөтөлбөртөө ч ийм агуулгыг бодолцож тусгах нь зүйтэй юм шиг. Энэ бууны минь загвар зураг олон залууст бүтээх, сэтгэх сэдэл өгөх болов уу гэж найдаж байна. Заавал буу бүтээх шаардлагагүй л дээ, бидний эргэн тойронд наад захын бал, үзэг, телевизор, машин юу эс билээ хийж бүтээх, хэрэгцээт зүйл тоо томшгүй олон бий.  

Таны энэ зохион бүтээх санаачилгатай холбогдуулаад сонирхоход Монгол улсад маань шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдаа, хөгжил цаашдаа ямар байгаасаа гэж боддог вэ?
“Химийн хичээлдээ сайн байсан бол эмч, эсвэл багш болдог. Математикийн хичээлдээ сайн байсан бол багш болдог” гэх мэтийн хандлагыг халж, аль ч салбарт ялгаагүй, шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүдийг бодит үйл хэрэг болгохын төлөө ажиллах хэрэгтэй байна гэж бодож явдаг. Мөн өсвөр үе,  залуучууд, сурагчид оюутнуудад төрөл бүрийн салбар шинжлэх ухааны онолын мэдэгдэхүүн олгохын зэрэгцээ, түүнийгээ өөрт дадуулах, дадлагын бодит ажлыг заавал хийлгэдэг арга барилыг сургалтын хөтөлбөрт суулгаж өгөх нь чухал болов уу гэж бодож явдаг. Шинжлэх ухаан хөгжсөн гадаад орнуудын туршлагаас харахад ерөнхийдөө тиймэрхүү чиг хандлагатай байх шиг. Томас Эдисон гэрлийн чийдэн бүтээх гэж 1500 орчим гэдэг байхаа, бүтэлгүй оролдлого хийсэн гэдэг. Тэгээд сүүлийн оролдлого нь бүтэлтэй болсон. Тэгэхээр онол, оролдлого, дадал, эрэл хайгуул хосолж байж, аливаа санаа сая биеллээ олно. Та магадгүй чийдэн хийх гэж байгаа бол Томас Эдисон онолыг судлахгүй эхэлбэл 1500 удаагийн буруу оролдлого хийж хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч үлдэнэ.

Ингэхэд өөрийн тань үндсэн мэргэжил чухам юу, юунд хэрэглэгддэг мэргэжил юм бэ?
Миний мэргэжил бол хэдэн жилийн өмнө Монголд шинэхэн мэргэжил болж байсан. Харин одоо олон сургуулиуд энэ мэргэжлийн талаар сургалт явуулаад, олон чадвартай залуус эх орондоо хэрэгтэй бүтээл, бүтээгдэхүүн хийж байна. Маш эрэлт хэрэгцээтэй мэргэжил гэж боддог. Бид суудлын машиныхаа бүхээгт суулган, дуу хөгжим зэргийг сонсдог MP3 төхөөрөмж хүртэл програмчлагдана. Аливаа нэг зүйлийг хийхэд зөвхөн нэг төрлийн мэргэжил хангалтгүй, маш олон тооны мэргэжилтнүүд тал бүрээс оролцож байж хийгддэг.

Программ хангамжийн инженерчлэл гэдэг мэргэжил энэ зэвсэг технологийн салбартай хэрхэн холбогдож байна вэ?
Америкийн нэгдсэн улс, Хятад, Иран гэх өндөр хөгжилтэй улсууд нисгэгчгүй дрон гэдэг алсын удирдлагатай онгоц програмчлаад нисгэж байна. Сүүлийн үеийн зэвсэг технологиуд маш ихээр автоматчилагдан, программчлалын шинэ шинэ сэдэл, шинж төлөвүүдийг өөртөө шингээдэг болж байна. Пуужин гэхэд л шууд чигээрээ явдаг биш, хуурах үйлдэл хийх, байрлалаа сольж араас довтлох гэх мэтээр өөр бусад салбарын сансрын хиймэл дагуулаасаа дэмжлэг хүртэл авч байна. Алсын зайнаас удирддаг тэсрэх бөмбөг салгадаг роботууд хүртэл хөгжсөн орны цэрэг зэвсгийн хүчинд ашиглагдаж байна.

Манай улс оронд шинжлэх ухаан технологийн хөгжил энэ хэмжээнд хүрэхэд юу дутагдаж байна гэж та боддог вэ? Бусдын хийж чадаж буйг хийх боломж баймаар л юм.
Хөгжсөн орнууд бие, биетэйгээ хамтарч юм хийх дадлыг маш ихээр төлөвшүүлж чадсан байдаг гэж би үзээд байгаа. Хийхийг зорьж, тэмүүлж буй, хийж чадаж буй хүмүүсээ шаардлагатай зүйлүүдээр нь бодлогын журмаар дэмжиж чаддаг, зарим зүйл дээр нь “ногоон гэрэл” асааж өгдөг. Мөн боловсролын хөтөлбөрт энэ бүхний анхдагч түлхүүрийг шингээж өгсөн, хувь хүмүүсийн авъяасыг хөгжүүлж, хэрэгтэй зүйл бүтээхэд ихээхэн анхаардаг нь зарим мэдээллээс харагддаг юм билээ. Монгол улсад хэдэн зуун сая, хэдэн тэрбумын өртөг, төсөв зарцуулж, “угтах хаалга”, хөшөө, баримал барьж, амьгүй, өгөөж багатай зүйлд хөрөнгө оруулан, үрэн таран хийх нь элбэг байгааг бид бүгд анзаарч байгаа. Бодлоготойгоор хөгжихийг хүсэж байгаа бол ойр, хэтдээ өгөөжөө өгөх шинжлэх ухааны салбарууд дахь аливаа дэвшилттэй, бодитой санаачилга, хөтөлбөрүүдэд төсөв,  мөнгөө түлхүү суулгаж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдаанд түшиглэсэн ажлын байр бий болгох зэргийг тэргүүлэх зэрэгт авч үзэх ёстой л доо. Ингээд үр шимийг нь үзэж, чадал чансаатай болсныхоо дараа харин хөшөө дурсгал, “угтах, үдэх хаалга” сүм, суварга мэтэд анхаарал тавьж болно гэж боддог юм.

Энэ ч бодитой байгаа асуудал шүү. Өөрөөр, манайд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тухайд, яг чиглэсэн бодлого, арга барилын хувьд юуг анхаармаар санагддаг вэ?
Өндөр хөгжсөн орнууд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ бүтээгдэхүүний нэр төрлөөр нь төрөлжүүлэн хөгжүүлдэг юм билээ. Жишээ нь би нэг санаа олоод, тэр санаагаа бойжуулан, бүтээгдэхүүн болгож, үйлдвэрлэх дээр тултал хамгийн наад зах нь шрупнууд хэрэгтэй боллоо гэж үзье. Манай улсад олон төрлийн шрупыг чадварлаг хийдэг үйлдвэр байхад би өөрөө заавал түүнийг үйлдвэрлэж, цаг, хүч гарздах шаардлагагүй болох жишээтэй. Хэн, хэнийхээ бүтээгдэхүүнийг харилцан хэрэглээд, бие, биенээ дэмжээд хамтдаа хөгжиж байгаа юм. Том, том машин үйлдвэрлэдэг дэлхийн компаниуд л гэхэд тухайлбал “Оюу-толгой” компани шиг олон жижиг нийлүүлэгчидтэй байдаг гэх мэт.

Тэгэхээр одоо өөрийн чинь хувьд энэ санаагаа буюу зохиож гаргасан загвараа бүтээгдэхүүн болгоход юу дутагдаж байна вэ?
Ямар ч санаа, сэдлийг бодитой болгоход, нэн ялангуяа бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэхэд санхүү тулгамдсан асуудал болж байна. Хийе, бүтээе гэсэн санаа сэдэлтэй олон хүмүүс ийм бэрхшээлтэй тулгарч байгаа болов уу гэж бодож байна. Би зөвхөн галт зэвсэг л хийх гээд улайраад байгаа ч юм биш. Өөр төрлийн сэдэл санаанууд ч цөөнгүй байна. Жишээ нь гэр ахуйн хэрэглээний зүйлс, автомашины сэлбэг хэрэгсэл гэх мэт. Өнөө бид өөрсдийн хэрэгцээнд хэрэглэж буй зүйлүүдийнхээ ихэнхийг гадаадаас худалдаж авч байна. Монгол улсад төмөрлөгийн үйлдвэр байгаа нь манай улс дахь зохион бүтээгч, инженерүүдийн хувьд нэг боломж гэж хардаг. Надад бол одоо олон үйлдэлтэй токарын машинууд хэрэгтэй байна. Боломжийн дунд түвшиний хэрэгцээний токарын машин 20,000 $-ын үнэтэй байна. Сүүлийн үеийн токарын машинууд программчлан автоматжуулсан, олон үйлдэлтэй болсон. Олон үйлдэлт ийм автомат CNC машинууд 60,000$ үнээс дээш доош хэлбэлздэг юм. Угтаа бол төрийн байгууллагын авдаг нэг Lexus 570 машины үнэ юм. Юуны өмнө эдгээр тоног төхөөрөмжийн санхүүжилт надад хэрэгтэй болж байгаа юм.

Тэгэхээр, бидний ярилцлагыг хүмүүс уншаад, өөрийн чинь хийх гэж байгааг дэмжихийг хүсэж болно. Хөшөө, баримал барих гэх мэтэд олноороо хувь хандив оруулдаг юм чинь, ийм өгөөжтэй санаа сэдэлд ч дэмжлэг хөрөнгө оруулалт хийж болно гэж бодож байна. Та харилцах хаяг, бусад шаардлагатай мэдээллээ манай сайтад байршуулж болно шүү дээ?
Баярлалаа. Болохгүй нь юу байхав муу нуухаар сайн илчил гэдэг дээ өнөөдрийн ихэнх Монгол залуучуудын амьдрал зээл өрөнд явж байна. Хэрэв буу бүтэхгүй бол Монгол хүнд тохирсон Монгол мотоцикл гаргаж ирье гэж боддог тэгэхээр ядаж нэг механик цехтэй байж таарах гээд байна. Хүнд гайхуулах гэж ярилцлага хийж байгаа биш хөгжихийн төлөө тусламж хүсэж байгаа болохоор энд өөрийн дансаа үлдээе таньд боломж байвал улсаа хөгжүүлэхийн төлөө бие биеэ дэмжье надад туслаарай гэж хүсэж мөн зохион бүтээх захиалга авч байна.

Ярилцсан сэтгүүлч Г.Төрмөнх


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 2 =

Create Account



Log In Your Account