Ази болон өмнөд Монголд өрнөсөн Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн үйл явц

By: Admin
2020-08-20
0
15

Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойд                   

Стратегийн давшилт, довтолгоо эсвэл алс дорнодын нэгдсэн ажиллагаа хэмээн нэрлэгдсэн Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн үйл явц нь хүн төрлөхтөнд хэзээ ч бага гэж хэлж болохгүй гамшиг зовлонг тээж авч ирсэн нь маргашгүй. 75 жилийн өмнө Монголын ардын армийн Манжуур руу хийсэн давшилт нь түүхийн хуудаснаа нэгэн чухал үйл хэрэг болон үлдсэн юм. Зөвлөлт холбоот улс 1945 оны наймдугаар сарын 9-нд Японд дайн зарласан нь холбоотнуудынхаа өмнө зайлшгүй биелүүүлэх ёстой үүрэг, Японы түрэмгийлэгчдийн алс дорнодод хийсэн түрэмгийллийнх нь төлөөсийг үүрүүлэхэд чиглэгдсэн үйл хэрэг байлаа. 1945 оны наймдугаар сарын 10-нд БНМАУ-аас японд дайн зарлах тухай Улсын бага хурлын тэргүүлэгчид болон сайд нарын зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор тунхагласан байдаг. Японд зарласан дайны талаар энэ цаг үед ямар нэг буруутгасан, шүүмжлэлтэй үг яриа огтхон ч гараагүй, итгэл алдсан тухай ойлголт ер яригдаагүй, бүх зүйл олон улсын эрхийн дагуу хариуцлагатай хийгдсэн бөгөөд Москвад байгуулагдсан харилцан үл довтлох гэрээ нь дайн зарлахаас 4 зарын өмнө нэгэнт дуусгавар болсон байсан юм. “... чөлөөлөх дайны үйл ажиллагааг эхлүүлсэн өвөр байгалийн /чанадын/ фронт нь давшилт эхлэх тэр үед 648.000 цэрэг 9038 их буу, миномент, 2359 танк болон өөрөө явагч артелерийн зэвсэгтэй байв.  Харин морин механикжсан хорооны бүрэлдэхүүнд Монгол ардын хувьсгалт цэргийн морин болон агаарын цэргийн хүчин нь дөрвөн дивиз, мотохуягтбригад, танк артеллерийн хорооны нийтдээ 23584 хүн /цэрэг/, 128 их буу, миномент, 32 хөнгөн танктайгаар нэгдэн оржээ.

Энэ дайнд дэд командлагчаар оролцсон Х.Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 7 дугаар хуягт бригад, их бууны 3 дугаар хороог бүхэлд нь захирч байв. Тэрээр энэхүү бүрэлдэхүүн нь ЗХУ-ын маршал Р.Я. Малиновскийн ерөнхий удирдлаган доор өвөр байгалийн фронттой хамтдаа, Байшинт, Замын үүдийн чиглэлээр давшилтаа эхэлсэн байдаг. Байлдааны эхний долоо хоногт Монгол ардын хувьсгалт цэрэг хоёр замаар давшин, Долнуур, Чжанбей болон олон тосгон, суурингуудыг чөлөөлсөн мэдээ авчээ. Улмаар 11 хоногийн дотор 950 км урагшлан, Жэхэ хотыг довтолсон хийгээд Монгол ардын армийн шаргуу, ширүүн давшилтын үр дүнд Чуулалт хаалгын даваан дээрх Япончуудын олон жилийн турш ихээхэн хүч хаян байж байгуулсан бэхлэлт нуран унав. Монгол ардын цэргийн хүчин ган халуун, элсэн цөл, шавар намаг, уул, хад, асга, өндөр даваа бүгдийг туулан давшсаар Хятадын их хэрэм цайзанд тулж очжээ.  1945 оны 9 дүгээр сарын 2-нд япончууд бууж өгч, чөлөөлөх дайны үйл ажиллагаа дуусав. Манжуурын гэгдэх энэхүү цэрэг стртаегийн үйл явцын шинж байдлын талаар цэргийн түүх судаач доктор С.Ганболд тэмдэглэн бичихдээ “...цэргийн нэрт жанжид, удирдагч нарын командлан удирдсан энэхүү ажиллагааг түүхэнд дайн хэмээн нэрийдэх нь зүй ёсны бөгөөд харин Монголд “чөлөөлөх дайн” гэж нэршсэн.  Бүх цэргийн командлагч, өрлөг жанжин  маршал Х.Чойбалсан 1945 оны наймдугаар сарын 10-нд үндэсний радиогоор Монголын ард түмэнд болон Монгол ардын армийн нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “...өнөөдөр та Засгийн газрын даалгавраар улсынхаа тусгаар тогтнолын төлөө улсын хилийг алхаж, манай улсын нэгэн тасархай, ахан дүүс маань болох өмнөд Монгол болон Баргын нутаг дэвсгэр дээр хөл тавьж байна. Та өнөөдөр бүх Монгол үндэстнээ нэгтгэх, харийн дарлалаас чөлөөлөх ариун шудрага үйл хэргийн төлөө, бүрэн эрхэт, эрх чөлөөт улс үндэснийхээ төлөө энэхүү чөлөөлөх дайнд оролцож буй...” гэсэн бол Монгол улсын Засгийн газрын гишүүн цэргийн яамны сайд Ц.Цолмон:  Улаанбаатар хотод болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын хурал дээр цохон тэмдэглэж хэлэхдээ: Чөлөөлөх дайны ялалт бол зөвхөн Монголын хувьд ч бус бүхэл бүтэн Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд болсон түүхэн нэн чухал үйл хэрэг. Чөлөөлөх дайны ялалтын үр дүнд олон улс орон эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан. Тодруулбаас Манжуур, Зүүн хойд Хятад, өвөр Монголыг чөлөөлж, БНХАУ-ыг бүрэлдэн тогтоход нь томоохон нөлөө үзүүлж чадсан юм. 1949 онд БНХАУ тусгаар тогтнолоо зарласан. Харин АНУ-ын хувьд Ази номхон далайн бүс дэх дэлхийн хоёрдугаар дайны шувтрагын үйл явц хэмээн нэрийдсэн энэ дайнд Японы эсрэг Зөвлөлт, Монголын цэргийг дэмжиж байлаа. Японы эсрэг Зөвлөлт Монголын өрнүүлсэн энэ дайн нь шудрага ёсны төлөөх тэмцлийн шинж чанартайгаар барахгүй, Ази, номхон далайн бүсийн ард олныг японы олон жилийн дарлал талхигдлаас ангижруулан салгасан билээ. Энэ дайны үед Зөвлөлтийн холбоотнууд Москвагийн манлайлал доор нэгэн бүлд нэгдэн, Зөвлөлтийн нутаг дэвсгэрийг үлэмж өргөжүүлснээр барахгүй, 1875 онд Курилын арлыг найр тавьж өгсөн, 1905 оноос японыхон өмнөд Сахалиныг тасдан эзэмших гэж санаархах болсон зэргээс эрс татгалзсан юм.

БНМАУ-ын хувьд энэхүү чөлөөлөх дайнд улс төрийн тодорхой зорилготой оролцсон болох нь түүхэн баримтаас илэрхий харагддаг. Энэ зорилго нь өвөр Монгол болон баргыг Японы эзэрхийллээс чөлөөлж, өөртэй нэгтгэх явдал байлаа. Үүний тулд ухуулга хуудас, радио нэвтрүүлгүүдийг бэлтгэн, суртал ухуулгын ажлыг төлөвлөсний дагуу өрнүүлж, эхэлсэн байдаг. Гэвч нэг харамсалтай зүйл нь маршал Х.Чойбалсан хийгээд Засгийн газрын төлөөлөгчид чухам энэ зорилгоор удаа дараа хилээр алхаж, өвөр Монголд очсон хэр нь энэ тухайгаа дуугаралгүй өнгөрөөжээ. Энэ нь магадгүй том гүрнүүдийн улс төрийн нөлөөнөөс бэргэж болгоомжилсноос болсон биз. Генераль Радван хожим нь энэ асуудлыг дэлгэхдээ “...БНМАУ-ын Коммунист намын төв хорооноос өвөр Монголын ард түмэнд хүргүүлэхээр бэлтгээд байсан ухуулах хуудсыг цаашид олшруулах, тараахыг командлагч И.А.Плиев хориглосон. Тэр үед Москвад Зөвлөлт, Хятадын хооронд хэлэлцээр явагдаж байсан. Өвөр Монгол, Баргын дотоодод БНМАУ-д буцаж нэгдэх хөдөлгөөн хүчтэй өрнөж, Улаанбаатар руу төлөөлөгчөө илгээж байсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд өвөр Монголыг өөртэй тогтнуулах /өөртэй засах/ хөдөлгөөнийг мөн өрнүүлж, 1945 оны 9 дүгээр сарын 15-нд Сөнөд баруун хошуун дахь Королевийн ордонд Ардын чөлөөлөх хөдөлгөөний гишүүдийн цуглаан болсон. Энэ цуглаанаас тунхаг бичиг, мэдэгдэл гаргаж, БНМАУ, болон ЗХУ-д илгээсэн байдаг. Баргад мөн БНМАУ-руу нэгдэх хөдөлгөөн өрнөж, найман сарын 28-ны өдөр Барга Монголын төлөөлөгчдийн хуралдааныг зохион байгуулан, уг хуралдаанаар БНМАУ-д нэгдэх тухай шийдвэрээ тунхаглан, Улаанбаатар луу төлөөлөгчөө илгээсэн байна.  Тэгтэл 1945 оны есдүгээр сарын 15-нд ЗХУ болон Хятадын хооронд өрнөсөн хэлэлцээрийн үр дүнд, тусгаар БНМАУ болон Хятадын хоорондох хилийн заагийг хэлэлцэн тогтсон нь Өвөр Монгол, Баргын ард түмний хүсэл эрмэлзлэлийг талаар болгов.

БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн нар БНМАУ-ын Засгийн газрын томилолтоор өвөр Монгол, Баргад очиж ажилласан байдаг. Тэдний үндсэн даалгавар, зорилго нь өвөр Монголын чөлөөлөгдсөн нутаг дэвсгэр дэх ард түмний байр байдал, Засаг захиргааны шинэтгэлийг хэрхэн явуулах тухайд нь ажиглалт хийх,  мөн зөвлөлт монголын цэргийн хоол хүнс, тээврийн хангамжын асуудлыг зохицуулж, зохион байгуулах явдал байв. Б.Ламжав өвөр Монголд байхдаа Шилийн гол, Цахар, Баянтал 3 аймгийн Засаг захиргааг сэргээн байгуулах хуралд оролцож, тэдгээрийн болон басхүү 19 хошууны төлөөлөгчдийн хурлыг товлон зарлах ажлыг зохион байгуулалцаж байв. Монголын Засгийн газраас мэргэжлийн ухуулагч нарыг зохион байгуулан ажиллуулж, тэд өвөр Монгол, Баргын айл өрхүүд, сүм хийд, хот тосгодоор хэрэн явж, Монгол, Зөвлөлтийн цэргийн чөлөөлөх тэмцлийн зорилго, Монголын үндэсний тусгаар тогтнолын үнэ цэнэ, ач холбогдол, ирээдүйн хөгжлийн хувь заяаны талаар тайлбарлан, идэвхтэй ухуулан сурталчилж байсан байна. Өвөр Монгол, Баргын төлөөлөгчид ч БНМАУ-ын Засгийн газартай харилцаа тогтоон, уулзаж, БНМАУ-д нэгдэн орох нөхцөл боломж бий эсэх талаар ярилцаж, нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Генерал Равдангийн бичсэнээр “БНМАУ-ын Засгийн газрын зүгээс үүнд хэрхэн хандаж буй талаар хариулт өгөхдөө “...бид та нарыг Японы савраас чөлөөллөө. Харин та бүхэн цаашид хэрхэн ямар байдлаар амьдарч оршин тогтнох, цаашдын хөгжил хувь заяагаа аль чигт залах талаар өөрсдөө эхэлж шийдэх нь зөв гэсэн байр суурь илэрхийлсэн байна.  

Чөлөөлөгдсөн нутаг орны ард олон Зөвлөлт, Монголын цэргийг халуун дотноор хүлээн авч, зүйл бүрээр туслаж дэмжихийг хичээж байв. Тухайлахад чөлөөлөх дайны тухай дурсамжинд Шилийн гол аймгийн Авга хошууны 76 настай өвгөн, 60 настай эмгэн нар үнэнхүү халуун сэтгэлийн үгээ зориулсан байдаг. Түүнчилэн Янду сүмийн лам нар Монгол ардын хувьсгалт цэргийнхэнд 1500 адуу, 1000 хонь, хүнсний зүйлсийг хандивлан нийлүүлсэн, өвөр Монгол баргын ард олноос цугларсан тусламж хандивын зүйлс мал, ахуйг Цахар аймгийн Шулуун хөх хошуунд байсан хээрийн дөрвөн баазад төвлөрүүлэн цуглуулж байсан байна. Мөн Монгол Ардын хувьсгалт цэрэгт Луньхай хотын удирдлагаас 15000 юань /мөнгөн тусламж/, Ван Суй Пу групп, ноён Ли, Харчин Монгол ноён Ёндонжамц нараас 140 толгой мал, 1164 тахиа, хүнсний ногоо 1120 жин, мантуу 5000 жин, шар будаа 240 жинг бэлэглэсэн бол Луй хуйгийн хятад ажилчид 352 дайчны үсийг үнэ төлбөргүй засаж өгсөн, бас 745 цэрэг, офицерт халуун сэтгэлийн тусламж үзүүлжээ. Монгол цэргүүдийг Долнуур, Жэхэ, Луньхуа хотуудад очих үед хотын оршин суугчид улаан цамц, даашинзтай, мөн баруун гартаа улаан бөс зангидан, гудамжиндаа гарч ирээд, цэргүүдийг цай, мантуу, жимс, ногоогоор дайлж баяр ёслолын байдалтай мэндчилж байв. Чөлөөлөгдсөн хот, тосгон, сууриныхан Зөвлөлт Монголын цэргүүдэд чадах ядахаараа туслахыг эрмэлзэн, 20-30 км явганаар явж цэргийн хэсэг, нэгтгэлүүдэд элсэн орж байсны зэрэгцээ газарчилан замчилж, артеллерийн хүнд зэвсэг техникүүдийг уул даваагаар давуулах, шавар намаг, бартаа саад туулахад нь зүтгэх хүч болон тусалцгааж байв. Долнуур, Жэхэ хотуудад Монгол, Зөвлөлтийн цэргүүдэд зориулсан нөхөрсөг уулзалт, баярын жагсаал, ёслолын арга хэмжээг ч зохион байгуулж байв.   

Монгол, Зөвлөлтийн морин механикжсан группын командлагч И.А.Плиев өөрийн дурьтатгал номондоо: “...Долнуур дахь Квантуны арми татан буугдсан, тэнд нөхөрсөг /найрамдлын/ уулзалт болсон, Монгол, ЗХУ, Хятадын харилцааны шинэ хуудас нээгдсэн, Зөвлөлт, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан чухал үйл явдлуудын талаар үгүүлсэн бий. Монгол, Зөвлөлтийн арми Японы эсрэг давшиж эхлэх тэр үед Хятадын зүүн хойт болон төвийн хэсгээр, Хятадын дөрөвдүгээр армийн өмнөд салбар, мөн наймдугаар армиуд хүч хавсран давшсан юм. “Монгол, Зөвлөлтийн цэрэг Зүүн хойд хятад, Манжуур, Өвөр Монголыг чөлөөлсөн явдал нь бүх Хятад улсыг харийн дарлал, талхигдалын савраас нь салгаж, тусгаар тогтнол, сэргэн мандалтанд нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн Өвөр Монголын улс төр, нийгмийн байдлыг шийдвэрлэх боломжийг авч ирсэн нь /уул нь тухайн ард түмэн өөрсдөө шийдэх бололцоо нээгдсэн/ бодитой хэрэг явдал юм.

Энэ бүхэнд үндэслэн бидний зүгээс дараах дүгнэлтэнд хүрч байна.

Үүнд: Юуны өмнө яг энэ үед чөлөөлөгдсөн өвөр Монгол, Баргын ард түмэн, нутаг дэвсгэрийн хамт БНМАУ-д нэгдэх чинхүү эрмэлзлэл, горьдлого найдлагыг тээж байсан боловч уг асуудлыг БНМАУ дангаар шийдэх бололцоо байсангүй. Хятадын зүгээс өвөр Монгол, баргын тусгаарлах хөдөлгөөнийг дэмжихгүйгээр өөрийн захиргаанд байлгаж, өөртэй засах муж буюу салбар болгох бодлоготой байсан нь үүнд голлох нөлөө үзүүлэв.  Түүнчилэн 1947 онд өвөр Монголын автономит муж байгуулагдсан нь Хятадын зорилго биелэгдэхэд чухал нөлөөтэй хүчин зүйл болов. Энэхүү чөлөөлөх дайныг явуулахын тулд Монгол, Зөвлөлтийн цэргийн дээд командлал байлдааны тактикыг асар богино хугацаанд, шуурхай боловсруулж, амжилттай хэрэгжүүлэн ялалт байгуулж чадсан нь цэргийн шинжлэх ухааны түүхэнд онцгойлон тэмдэглэгдэх ховор үзэгдэл хийгээд, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийг сунжруулалгүй цэг тавихад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Мөнхүү ЗХУ алс дорнодын энэ дайнд оролцсоноороо зуун мянгаар тоологдох холбоотнууд мөн саяаар тоологдох япончуудын амь амьдралыг авран хамгаалсан хэрэг билээ.

Японы эсрэг довтлох тэрхүү төлөвлөгөөг боловсруулах үйл явцыг барууны холбоотнууд маань цаасан дээрх төдийгөөр төсөөлдөг болохоос яг үнэндээ бол хагас сая цэргийн албан хаагчийн амиар үнэлэгдэх шийдвэрлэх ажиллагаа байсан юм. Тэрээр энэ ажиллагаа нь арлын улсын 10 сая илүү цэрэг дайчид, бусад хүмүүсийг бөхийлгөн дарснаар, тэд өмнөд тэнгис, хойд далайн зүгт хаа сайгүй, ум хумгүй зугатан зайлж байлаа. Үр дүнд нь Вьетнам (БНВУ), Хятад (БНХАУ), Индонез гэсэн зүүн өмнөд азийн олон орон японы дарлалаас ангижран, үндэсний тусгаар тогтнолоо эргээн сэргээх хөдөлгөөн өрнөж, улмаар тусгаар тогтнолоо зарлацгаасан юм.  Ийнхүү Японы эсрэг ариун шудрага дайнд БНМАУ-ийн хувьсгалт цэргийн хүчин, Зөвлөлтийн армитай мөр зэрэгцэн давшиж, Японы болон Квантуны армийн гол хүч болох хуурай замын цэргийг нь бут ниргэснээр дайны сүүлчийн галыг унтрааж, Ази тивд энх тайвныг тогтоон, дорно дахины ард түмнийг гаднын аюул заналаас аварч, эрх чөлөөний тэмцэлд нь үлэмж дэм тус үзүүлсэн билээ.

Ази номхон далайн бүс нутгийн улс түмнүүдэд олон жилийн турш заналхийлэл, гай, зовлонг хурааж байсан Японы дарангуйлал эцэс болов. Зөвлөлтийн холбоотнууд Москвагийн манлайлал доор нэгэн бүлд нэгдэн зөвлөлтийн нутаг дэвсгэрийг үлэмж өргөжүүлсний зэрэгцээ 1875 он, 1904-1905 оны дайны үеэр Оросод алдсан өмнөд Сахалин  мөн Курилын арлыг буцааж, булаан эзэмших гэгч санаархалаасаа Япон улс татгалзав.

Төгсгөлд үгүүлэхэд: Дэлхийн хоёрдугаар дайнд 75 жилийн өмнө ийнхүү цэг тавигдсан юм. Дайны төгсгөл болон ялалтын үеийн баримт нотолгоонуудыг эл явдлыг хангалттай гэрчилнэ. Гэвч сүүлийн хэдэн арван жилийн турш япон гэх мэт улс орнууд өөрийн түүхийг зөвтгөж, гэмээ нуух гэсэн санаархалдаа хөтлөглөн, ялангуяа Японы түүхийн салбар, түүх бичлэгт янз бүрийн хуурамч зүйлс, “үлгэр домог” зохион хэрэглэх нь газар авах шинжтэй болов. Зарим судлаачид Курилын аралд дээр десант буулгаснаар Наран ургах улсын хаант Засаг бууж өгөх шийдвэрт хүрэх гол шалтгаан болсон тухайд нотолдог. Гэвч тушаал шийдвэр, цэргийн ажиллагаа хоёрыг зөрүүлэн төөрөлдүүлж, Япончуудыг бууж өгсөн хэмээн итгэсэн Оросын цэргүүдийг гэнэдүүлэн тэдний цусыг урсгах ажиллгааг үргэлжлүүлсэн. Хаа сайгүй тараан хаясан цагаан туг, далбааг хэн ч хураан цуглуулж аваагүй гэдэг. 1945 оны зун Япончууд өөрсдийгөө хангалттай нөөцтэй, цэрэг дайныг дахиад хэдэн жилийн туршид үргэлжлүүлэх боломжтой хэмээн таамаглаж байв. АНУ-ын зүгээс дөрвөн жилийн турш ажиглан тандаж байснаараа Арлын улсын цэрэг эдийн засгийн хүчин чадал бүрэн дуусах болоогүй гэж үзээд, цэрэг дайны үйл ажиллагаа идэвхтэй явагдах нутаг дэвсгэр, томоохон хотуудын тоо нэмэгдэх хандлагатай тухай тооцон мэдэгдэж байв. Сүүлч рүүгээ Америкийн цэрэгт хүлээн авах боломжгүй гарз хохирол ихээр хуримтлагдаж, Токиогийн стратегийн нөхцөл байдал мухардалд орох үед Москвад хандаж, зуучлан туслах хэлэлцээр үүсгэх, ингэснээр СССР тухайн нутаг дэвсгэр дээр ухралт хийж, өөрийн үүргээ Вашингтонтой хуваалцах болно гэж тооцоолж байлаа. Барууны холбоотнууд нь ч үүнийг сайтар ойлгож, СССР тэдний тусламжгүйгээр Японы эсрэг дайныхаа ард гарч, чадахгүй гэж үзэж байсан хэрэг. Дайныг адаглаад 1947 он хүртэл үргэлжилэхүйцээр унжирч, сунжирсан байдалтай болгох тэрхүү төлөвлөгөө нь АНУ-ын цэргийн командлалын үзэл хандлагад ихэд нийцэж байв. ЗХУ БНМАУ-тай хамтран, хуурай замын чиглэлд дайнд орох болсон эл үйл явдал нь чухамхүү АНУ-ын цэргийн хүчнийг хөдөлгөөнд оруулах нөхцөл болсон нь магад.

Японы үзэл суртлын машинд өнөөдөр ер санаа зовох, ичих зүйл гэж үгүй болжээ. Зарим судлаачид 2014 онд Крымыг авсан үйл явдлыг 1945 онд Курилын хамрыг чөлөөлсөнтэй төстэй гэж үзэж байна. Тэрчилэн Зөвлөлтийн цэрэг Манжуурт Японы хүн амын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үлгэр зохион ярьцгаах. Тэр дайнд зөвлөлтийн цэрэг хоногт 50-60 км замыг эвхэн довтолгож, чухам цахилгаан дайныг хэрэгжүүлэн, чөлөөлөгдсөн ард түмэнд Засгийн эрхийг тайван замаар шилжүүлсэн өгч байсан нь урьд, хожид дэлхийн түүхэнд бараг давтагдаагүй маш амжилттай чөлөөлөх үйл явц болсон юм. Түүнчилэн Япон судлаачид Зөвлөлтийн лагерьт япон цэргийн олзлогдогсдыг устгасан тухай энэ нь түүхийн зөрчилт асуудал болох талаар батлахыг оролдон хэвлэл мэдээллээр бичицгээх. Харин тэр үед Хятад, Флиппин, Номхон далайн арал дээр цэргийн олзлогдогсдыг хорьж байсан японы хорих лагерийн нөхцөл байдал хавьгүй сайн байсан мэтээр сурталдах ажээ. 

Ази-Номхон далайн бүс нутагт дуусгавар болсон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойн босгон дээр  буюу энэ наймдугаар сарын үесэд, ойд зориулагдсан олон улсын эрдэм шинжилгээний ведио бага хурал (ведиоконференц) зохион байгуулагдах юм. Уг хуралдаанд Монгол, ОХУ, Казакстаны нэртэй эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид оролцохоор болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үеийн тухай (Монголд үүнийг чөлөөлөх дайн гэж нэрийддэг) энэхүү эчнээ хурал, хэлэлцүүлэгт оролцох зарим эрхэмүүдийг энд дурьдваас: Монголын үндэсний их сургуулийн профессор Х.Цэдэв, тус сургуулийн олон улсын харилцааны сургуулийн захирал А.Пүрэв, тэнхимийн эрхлэгч Н.Шарав, түүхч, монгол судлаач Д.Мөнхбат, Улаанбаатар дахь багшийн коллежийн эрдэмтэн, түүхч В.Терентьев, олон улсын сэтгүүлч, “Ховдын толь” сонины ерөнхий редактор Г.Төрмөнх, Монгол улсын Баян-Өлгий аймгийн олон нийтийн телевизийн ерөнхий редактор Н.Оспан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын туслах М.Баглан, түүхч, эрдэмтэн ОХУ-ын АБНУ-ын Горний Алтайн Улсын их сургуулийн хүндэт профессор Н.Модоров, Дорнод Казакстаны “Городок Инфо” сонины ерөнхий редактор В.Крушинский нарын хүмүүс байгаа болно.

ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын нэрт сэтгүүлч Алексей Сергеевич Ивашкин Дэлхийн хоёрдугаар дайн хийгээд түүнтэй холбоотой ах дүү орнуудын ард түмний харилцаа, түүхэн үйл явдлуудын тухай Монголын халуун наран дор (Под жарким солнцев Монголиа) хэмээх 4 дэвтэр цуврал номыг бүтээн хэвлүүлсний сүүлчийн 4 дэх цуврал нь бэлэн болоод байгаа бөгөөд ведиоконференцын үед энэхүү номын дэлгэрэнгүй танилцуулга нээлтийг хийж, оролцогсод номын талаар тунгаан ярилцах юм. Энэ тухай мэдээллийг www.mongolgarag.mn цахим сайтаас үзэх боломжтой.

Хэвлэлд бэлтгэсэн Яков БЛИНОВ

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ                    


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 8 =

Create Account



Log In Your Account