)

Б. Сандагсүрэн: "Иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгнө гэж найдаж байна"

By: Admin
2020-05-22
0
34

Монгол Улсын Их хурлын сонгууль 06 сарын 24-ний өдөр орон даяар явагдана. Ховд аймгийн 16-р тойрогт нэр дэвшиж буй МАН, АН, Та бидний эвсэл, Зон олны нам, Зөв хүн электрот эвсэл, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Шинэ эвслийн төлөөллүүд, мөн бие даан нэр дэвшигч 18 хүн урьдчилсан байдлаар тодроод байна. Ингээд Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэнтэй бэлтгэл ажил, холбогдох хуулийн талаар ярилцлаа.

- Энэ удаагийн сонгууль нэлээд онцлогтой болно. Бэлтгэл ажил хэр явагдаж байна?

- 2020 оны сонгууль өмнөх жилүүдээс нэлээд онцлог болж байгаа. Цар тахлын үеийн хөл хориотой үед сонгууль зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга, хэмжээ үйл ажиллагаа нь нэлээд хязгаарлагдмал байгаа. Тиймээс Улсын онцгой комисс, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан заавар, зөвлөмжийг аймаг, сум, хэсгийн сонгуулийн хороод чанд баримталж ажиллаж байна. Нэр дэвшигчдийн хувьд урьдчилсан байдлаар Ховд аймагт 18 гаруй хүн нэр дэвших таамаг байна. Албан ёсны мэдээлэл Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргана. Сонгуулийн сурталчилгаа ирэх 06 сарын 02-ны өдрөөс эхэлнэ. Сурталчилгаа эхэлсний дараа иргэд, сонгогчидтой хийх уулзалт, арга хэмжээг хэрхэн хийх талаар Улсын онцгой комиссын шийдвэр гарна. Ингэснээр бүх зүйл тодорхой болно гэсэн үг.

- Энэ удаагийн сонгуульд хичнээн сонгогч саналаа өгөх вэ? Шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

- Ховд аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалт гарсан. Энэ удаа 56078 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн. Сонгуулийн ирц өмнөх жилүүдэд 70-75 хувь байсан. Шилжилт хөдөлгөөн 02 сарын 01-нээс зогсоосон. Сонгогчид маань тухайн хэсэг дээрээ өөрийнхөө нэр бий эсэхийг шалгах хэрэгтэй. 05 сарын 30 гэхэд бүх хэсгийн хороонд сонгогчдын нэрсийг хүргүүлнэ. Иргэд ч гэсэн хэсгийн хороондоо өөрсдөө очоод нэрээ шалгуулах боломжтой. Яг санал авах өдөр сонгогчдын нэрсийн жагсаалтад ороогүй байх, гомдол маргаан гарах эрсдэл бий учраас иргэд маань санаачилгатай байхыг уриалж байна.

- Сонгуулийн сурталчилгааны талаар ярихгүй юу? Энэ удаагийн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ямар онцлог өөрчлөлтүүд орсон бэ? 

- Нам, эвсэл, бие даагчид сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. Хуульд сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт орсон. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд тодорхой хяналт, хязгаарлалт хийх талаар заасан. Үүний дагуу технологийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. Харин зөрчил гарсан тохиолдолд цагдаа, тагнуулын байгууллага, мэргэжлийн хяналт хариуцлага тооцож ажиллана. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Хуулийн дагуу хэрвээ санал хураалтын ирц 50 хувьдаа хүрэхгүй бол ирц хүрээгүй тойргийн тухайн хэсгүүд дээр нь нэмэлт санал хураалт явуулдаг журамтай.

- Сонгуулийн хороонд хичнээн хүн ажиллаж байгаа вэ? Хууль сурталчлах, танин мэдүүлэх ажил ямар шатандаа явагдаж байна?

- Ховд аймгийн сонгуулийн хэсгийн хороодод 683, сумдын сонгуулийн хороонд 80, аймгийн хороонд 9 төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн сонгуулийн хорооноос сумдад ажиллаж буй сонгуулийн хорооны гишүүдэд сургалт, хийж заавар зөвлөмж өгсөн. Мөн сумдын сонгуулийн хорооныхон тухайн сумынхаа хэсгийн хороодод сургалт хийсэн. Хууль маань шинээр батлагдсан учраас хууль сурталчлах, танин мэдүүлэх ажил чухал. Иргэдэд хууль сурталчлах ажлыг шат шатандаа хийж байна. Хуульд зааснаар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2 сарын 01-ний өдрөөс хойш зогсоосон. Зөвхөн сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагч, цагдаа, эмч мэргэжилтэн л тухайн ажиллаж буй баг, хэсгийн хороон дээрээ санал өгөхөөр тусгасан байгаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевизүүд сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой зохицуулалтын талаар яривал, сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нэг хоногт гарах нийт хугацаа /60 минут/, түүний 25-аас илүүгүй хувь /15 минут/ нь аль нэг нам, эвсэлд болон бие даан нэр дэвшигчдэд ногдоно. Түүнчлэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчидтэй тэгш зарчмыг баримтлан хамтран ажиллах үүрэгтэй. Радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн талаарх мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг сонгуулийн хуулинд тусгасан нь бий.

- Сонгуулийн хороонд ирсэн гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Гомдол, маргааныг Цагдаагийн газар болон холбогдох байгууллагууд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ. Аймгийн Сонгуулийн хороонд гомдол, маргаан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Цахим орчинтой холбоотой гомдол, маргааныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт мониторинг хийж шийдвэрлэхээр хуульд заасан байгаа.

- Сонгуулийн хугацаанд цахим орчинд хийгдэх зохицуулалтын талаар ярихгүй юу?

- Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд нарийвчлан зааж өгсөн. Тодруулбал, нэг нам, эвсэл, бие даан нэр дэвшигч өөрийн тус бүр нэг цахим хуудастай байна. Цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах бол нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Мөн энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотой нийтэлнэ. Хуурамч хаягнаас нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглосон, мөн энэ төрлийн мэдээллийг тараасан бусад цахим хуудас, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд ашиглахаар бүртгүүлээгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн үр дүн гарч дуустал хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээг авахаар зохицуулалт хийсэн байгаа. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.    

- Хууль бус сурталчилгаа гэж чухам юуг хэлэх вэ, ямар асуудлууд онцгойлон хамаарах вэ?

- Ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор үйлдэл, үйл ажиллагаанууд явуулахыг хориглосон байгаа. Тодруулбал, мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тэмцээнд зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялуулах, амралт сувилалд амраах, сувилуулах гээд олон зүйлийг хориглосон. Хуулийн 48 дугаар зүйл бүхэлдээ хууль бус сурталчилгаа гэж юуг хэлэх вэ гэдгийг зааж өгсөн.

- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд улс төрийн чансаа тогтоох шалгаруулалтууд явуулдаг байсан. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

- Энэ үйл ажиллагааг хуулийн 48.1.7-ийн дагуу хориглосон. Ямар нэгэн чансаа тогтоох санал асуулга, шалгаруулалт явуулах нь хууль зөрчсөн үйлдэл юм.

- Туршилтын санал хураалт хэзээ явагдах вэ?

- Бидний санаа зовж буй зүйл бол цахим орчин. Сонгууль болдгоороо болно, дуусна. Тиймээс нэгнээ харлуулах, гүтгэх, доромжлох зүйлийг битгий хийгээрэй гэж улс төрийн намуудаас уриалж байгаа. Аймгийн сонгуулийн хороо, аймгийн Онцгой комисс, бусад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана. Намуудын төлөөлөлтэй уулзаж, хуулиа баримтлан шударга өрсөлдөхийг уриалж байгаа. Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд мэдээлэл технологийн 114 ажилтанд сургалт хийнэ. Олон хүн нэг дор цуглуулж болохгүй тул 20 хүнд амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутгуулан халдвар хамгааллын дэглэмд нийцүүлэн сургалтаа хийхээр төлөвлөсөн. Мөн туршилтын санал хураалтыг 06 сарын 19-нд явуулаад,  06 сарын 20-нд саналын хуудсаа хэсгийн хорооддоо хүргүүлнэ. Сонгуулийн дүн мэдээг нэн даруй дамжуулна гэж хуульд заасан. Манай аймгийн хэмжээнд 20 орчим хэсгийн хороод 30-60 км-ийн зайд байгаа. Тиймээс хүн хүч, машин техникийн бүрэн бүтэн байдал, бэлтгэл ажлаа сайтар хангаж байна.

- Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар ямар тохиолдолд санал авах вэ?

- Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа 06 сарын 23-нд болно. Ийм байдлаар санал авахдаа тухайн сонгогч эмчийн магадлагаа, багийн даргын тодорхойлолт, өөрийн хүсэлтээ хэсгийн хороонд урьдчилан гаргана.  

- Санал авах байруудыг хэрхэн бэлтгэж байна? Зай талбай, хүрэлцээ хангамжийн асуудал жил бүр яригддаг. Энэ удаад нэр дэвшигч бүр 4 хүнийг ажиглагчаар оролцуулна гээд хуульд заасан. Хэрхэн зохицуулалт хийх вэ?

- Хуульд зааснаар сонгуулийн санал авах байрыг тухайн шатны Засаг дарга хариуцан бэлтгэнэ. Онцгой нөхцөл байдалтай холбогдуулан, аль болох том талбайтай санал авах байруудыг бэлтгэхийг холбогдох хүмүүст даалгасан. Нэг нэр дэвшигч дөрвөн ажиглагчтай байхаар хуульд заасан. Жишээлбэл, Ховд аймгийн хувьд 18 хүн нэр дэвшлээ гэхэд нэг танхимд 72 хүн байна гэж бодохоор зай талбай хүрэлцэхээргүй байгаа учраас аль болох том биеийн тамирын заал, танхимуудыг ашиглахаар судалж байна. Нөгөө талаар сумдын санал авахад гэр ашигладаг. Олон ажиглагчийг нэг дор байлгахад хүндрэл учирч байна. Иргэд сонгогчдын олон байх газар нь бид хэсгийн хороогоо байгуулахаар ярилцаад шийдвэрлэж байна.

- Ярилцсанд баярлалаа.

                                                                                                                                                                             Г. Энхжаргал


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 5 =

Create Account



Log In Your Account



)