)

КАРАКОЛИЙН ХӨНДИЙГӨӨС ХЭНИЙ ХАЛААС РУУ МӨНГӨ УРСАЖ БАЙНА ВЭ?

By: Admin
2020-05-26
0
19

Газрын зураг дээр Алтайн Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрийн эзлэх талбай тун бага. Гэтэл XXI зуун эхэлснээс хойш, хаа газрынхны анхааралд өртөх нь үлэмж болов. Уулын Алтайн үзэсгэлэнт байгаль, хосгүй, давтагдашгүй төрх нь жуулчдаар ч зогсохгүй, янз бүрийн шугамаар энд зочилсон гадаадынхан болоод тэдгээр гадаад улс орнуудын нийгэм, улс  төрийн зүтгэлтнүүд, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийг эрхгүй татна. АБНУ-тай шууд хиллэдэг Хятад, Монгол, Казакстан улсуудаас хүмүүс зочлох нь элбэг хийгээд бүс нутгийн улс орнуудаас /хил залгаа улсуудын/ тус нутагт хөл тавьсан зочид эндээс чухамхүү хожим нь ажил болгон өрнүүлж болох хичнээн бизнес, ажил хэргийн санааг бодож санаж явааг тааварлашгүй.

Оросын хил орчмын бүс нутаг энэхүү нөхцөл байдлыг ашиглан аялал жуулчиллыг хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллаж буй хийгээд байгалийн хосгүй сайханд татагдсан гадаадын янз бүрийн бизнесменүүд, бизнес бүлэглэлүүд ч зүгээр хараад өнгөрөхгүй нь магад. Юу гэвэл тэдгээрийн зарим нь энэ бүс нутагт тогтоосон өөрийн бизнес харилцаагаа ашиглан, итгэлтэй хөрөнгө оруулагчийн дүр эсгэх замаар явцуу сонирхолоо шургуулах, сөргөөр ашиглах оролдлогууд харагдах болов. Нэр бүхий бизнесмен оруулсан хөрөнгө оруулалтаараа түрээ барин, тус бүс нутагт экологид сөрөг нөлөө бүхий, хайгуул өрөмдөлгийн үйл ажиллагаа явуулах болсон талаар Оросын холбооны сувгаар болон ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Ийм үйл ажиллагааг ямар арга замаар нэвтрүүлж байна вэ гэвэл өөрийн бизнесийг болон энд үйл ажиллагаа явуулах олон нийтийн байгууллагыг зэрэгцүүлэн оруулж ирж санал болгох замаар аль алинийг нь албан ёсны бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулах эрхтэй болгон, үндэс сууриа тогтоож авдаг юм байна. Ингэсний дараагаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхгүйгээр түр орхино. Яагаад гэвэл санасан зорьсоноо үргэлжлүүлэн хийх аваас энэ нь илэрч, хэл ам гарахаас болгоомжилж, тийн олны нүд чихийг өөр дээрээсээ зайлуулж  мартагнуулах шаардлагатай болдог аж. Харин зарим нь хүний эрхийн байгууллагатай сүлбэлдэх замаар ов мэх зохионо.

Ийм жишээг алсаас эрэх ч шаардлага гарахгүй. Тухайлахад АБНУ-ын Онгудайскийн район дахь Экологийн /Хүрээлэн байгаа орчины хамгаалал/ бизнес эрхлэгч Даниле Мамыевийн овсгоо, сүйхээний тухай хэдийнээс яригдах болсон. Тэр саяхныг хүртэл “Уч - Энмек” гэх, 1995 оноос бий болсон байгалийн хүрээлэнгийн /цэцэрлэгт хүрээлэн/ захирлаар, басхүү “Тэнгэр - амьд байгаль – Сургууль” олон нийтийн байгууллагын тэргүүнээр ажиллаж байв. Амьдрал байдал нь мэдээж тун дажгүй. Дашрамд дуулгахад тэр цэцэрлэгт хүрээлэнг бүрэн байгуулагдаагүй байхад Орос дахь Америкийн элчингийн хоёрдугаар нарийн бичгийн дарга Бэрон Лобстейн тэр газарт очоод, Мамыевийг “бахдам үйлстэн” болгон өргөмжилж байсан юм. Тэрчилэн мөнөөх зочин маань нэгэн номонд энэ талаар дэндүү зусардсан нэгэн бичвэр оруулсан байдаг. Зарим эх сурвалжийн  мэдээллээр бол анарын төрлийн ховор ашигт малтмал бүхий энэхүү экологийн бүсийн мэдээллийг дамжуулсны төлөө сард нэг сая рублийн санхүүгийн дэмжлэг авдаг гэх. Зөвхөн орон нутагт /хөдөөд/ ч бус, хот сууринд ч энэ байдал газар авсан. Тэрбээр жилд 10-12 сая рублийг гадагш гаргадаг бололтой. Ойлгомжтой, Мамыев зочдыг хүлээн авч, өөрийн эзэмшил газрыг үзүүлэн, тэднийг Караколийн хөндий рүү аваачиж, энэ нутгийнхны ой санаанд хадгалагдан ирсэн анагаагч чадал бүхий эрдэнэсийн тухай, түүнтэй холбоотой нүсэр төлөвлөгөөний тухай ам цуурч, үнэт мэдээлэл өгснийхөө төлөө авч буй шан харамж байж таарна. Энэ явдал зөвхөн Уулын Алтайгаар зогсохгүй, уурхайнууд бас Монгол Алтайд ч шургалан нэвтэрч буй бололтой. Тэрбээр албан ёсны судалгаа шиинжилгээний мэдээллээс гадна, ам дамжсан домог, хууч ярианд буй тодорхой баримт мэдээллүүдийг нягтлан, мөрөөр нь “самнах” бас нэг чухал арга зам нь болдог аж. Алтайн уулан дахь эрднэсийн сан хийгээд тоо томшгүй баялгийн тухай үгүүлсэн товхимол хүртэл хэвлэн гаргажээ. Баялгийн тухай, түүний хэтийн төлвийн тухай эдгээр мэдээлэл нь зочид, хөрөнгө оруулагчдад нь урам зориг төрүүлж, баяр хөөрийг өгдөг байх.

Данил Мамыев зүгээр л хөрөнгө оруулагчдаа мэхлэн, тэднээс тэтгэлэг авч, өөрийн хувийн эрх ашгаа хангах, бартаа туулагч машин, орон байшин, илүү ашигтай газрыг өөртэй буй болгож, үүгээрээ ойрын төрөл төрөгсдийнхөө байр суурь нөлөөг өсгөх, хөрөнгөжүүлэхэд бүхнийг зориулж байна. Ойрын төрөл төрөгсдийнх нь нэг болох Артем Пиянтинова гэх залуу зүгээр олдсон мөнгөн дунд туйлж, шуналандаа дийлдэх болсон тухай эртнээс яригдсаар буй юм. Энэ жаалхүү хожим чухам яаж “нүгэл нь нүдээрээ гарах”-ыг хэн  мэдэх. Тэрбээр цагтаа Томскийн их сургуулийг дүүргэсэн ба улмаар АБНУ-ын Ойн аж ахуйн яаманд зөвшөөрөл олгох болон экологийн хяналт шинжилгээ, оногдол, хэмжигдэхүүн /норм, норматив/ эрхлэсэн тасагт ажилласан. Онцгой хамгаалалттай бүс болон газар нутгийн хамгаалалтын асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад нэг бус удаа оролцож байсан байх юм.  Тэдгээр үйл ажиллагааны явцад экологийн талбар дахь гаднын үзэл хандлагыг тусган авч, хожим нь тэрээр гадаадын санхүүгийн дэмжлэгээр тэтгүүлэх болсон байна. Ёстой нөгөө “тосоор гулгина” гэдэг л болсон юм шиг. Гэлээ ч тийм амар юм гэж юу байхав. “Тэнгэр” амьд байгалийн сургууль” /Школа экологий души “Тенгри”/ арилжааны бус орон нутгийн олон нийтийн байгууллага нь гадаадын төлөөлөгчийн газраас /АНУ/ их хэмжээний мөнгөн тэтгэлэг хүлээн авсан нь тогтоогдсоны учир Онгудайскийн районы шүүхээс уг байгууллагыг татан буулгах шийдвэр гаргасан байна. Гэтэл Данил Мамыев, Артёмом Пиянтиновтайгаа хамсан, “АруСвати” гэгч байгууллагыг дахин шинээр үүсгэн байгуулж, хуурамч хөрөнгө оруулалтын схемээ цааш үргэлжлүүлж эхэлсэн. Мөнгөн тэтгэмжээр чухам ямар чухал үйл ажиллагаа өрнүүлээд байгааг лавлаж үзвээс ердөө л сургуульд арга зүйн зөвлөгөө өгөх төдийхөн. Тэгэхээр тэд хангалттай их мөнгийг гартаа атгаж үлддэг нь тодорхой байгаа юм. Толгойлогч Артем Пиянтиновагийн хувьд өөр чиглэл рүү бас “гал өгч” орхижээ. Тэрээр прокурорын шаардлагаар, районы зөвлөлийн депутатын бүрэн эрхэнд хамаарах асуудлын хүрээнд өөрийн орлогоо мэдүүлэхдээ 2.2 сая гэснийгээ дахин 320 мянга болгож, хоёр өөр дүнгээр мэдүүлсэн байгаа юм. Өөрийн явуулж буй үйл ажиллагаагаа унтрааж зогсоохгүй байх, бас нэгэн цагт өөрийн шуналт, сувдаг үйлдлээ ямар нэгэн сэжмээр зөвтгөж, цагаатгахын тулд ингэсэн нь магад. Орон нутгийн болон бүсийн Захиргааны байгууллагыг ер тоохгүй, авч хэлцэхгүй явж ирсэн, Данил Мамыев, Артём Пиянтинов нарын бүх зүйл баларч, харин яг холбогдох ажилтнууд хяналт мөрдлөг явуулж гаргаж ирсэн юм шигээр илэрч, сүйрэн унасан. Харин бидний зүгээс үүнийг нэг л тийм “памбайсан цагаан хөөс” болчихлоо гэж харж байгаа юм. Учир нь экологийн салбарт ийм үйл ажиллагаа цаашид үргэлжлэхийг нь таслан хааж чадаагүй.

Тэгвэл дөнгөж жилийн өмнө “Караколийн хөндийн зөвлөл” хэмээх угсаатанд тулгуурласан хүрээлэн буй орчны чиглэлийн /этно экологический/ төрийн бус байгууллага бий болсон. Түүний толгойлогч нь мөнөөх 33 настай Артем Пиянтинов гэдэг нь илэрхий болов. Түүгээрч зогсохгүй тэр РОО “Трезвый Алтай” гэх бас нэгэн төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд удирдлагын бүрэлдэхүүнд нь түүний үй зайгүй хамсаатан, ойрын садан Данил Мамыев орсон байна. Гайхмаар нэг зүйл байгаа нь юу гэвэл тэд эдгээр байгууллагын албан ёсны бичиг баримт сэлтийг яаж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь сонин. Эсвэл өөр төрөл садныхаа хүнийг баярлуулж, ийм зүйл хийсэн байж болох уу гэхэд боломжгүй мэт. Бүгдийн нарийн ажигласан гэх хуулийнхны ярьж байгаагаар бол ямар нэг өөнтөглөх зүйл гарч ирээгүй гэх. “Трезвый Алтай”, буюу “Эрүүл (саруул) Алтай” гэсэн энэ нэр Үндэсний соёлын эсвэл эрүүлийг хамгаалах байгууллагад зохилдохууц баймаар. Түүнээс гадна Артем Пиянтинова яагаад заавал хоёрын, хоёр ижил төрлийн байгууллагыг шинээр үүсгэн байгуулах хэрэгтэй болдог билээ? Үзвээс энэ нь сонирхогч гадаадын хөрөнгө оруулагчдын далбаан дор, тэдний даатгал, хамгаалалттайгаар гаргасан шийдвэр байх  магадлалтай. Нэг байгууллага нь асуудал үүсэж хаагдлаа гэхэд үлдсэн бүх мөнгөө нөгөө байгууллагаараа дамжуулан зохицуулахаар төлөвлөгдсөн хэрэг. Яг нөгөө “Змея –Горыныча” киноны гол дүр шиг, нэг толгойг нь тас цавчаад хаяхад нөгөөх толгой нь галаар амьсгалж байдаг шиг.

Дашрамд дурьдахад гадаадын сангуудад эдгээр байгууллагад нийлүүлэгдсэн мөнгөний тооцоо бүртгэлтэй байж байгаа нь  магад. Экологийн хууль бус, хуурамч бизнесээс жил тутам 10 сая рубль. Артём Пиянтинов болон түүний нөхдийн халаасанд Гаднын хөрөнгө оруулагчын овоохон хэмжээний мөнгө ийнхүү “хар нүхэн”-д унаж байна гэсэн үг. Тэрхүү хар нүх нь “Караколийн хөндийн зөвлөлдөх баг“. Дашрамд үгүүлэхэд нь энэ аар саархан явдал Туркийн “хар нуур”-ын “муруй, хазгай” явдалтай хөг нэгтэй юм шиг санагдах.

Ийм л нөхдүүд манай дахин давтагдашгүй, гайхамшигт байгалийн маань экосистемийг хамгаалан, манаж байна. Данил Мамыев, Артём Пиянтинов нарын энэ жишээг хэрхэвч өөгшүүлж болохгүй зүйл. Ийнхүү гадаадыни хөрөнгө оруулагчидтай сүлбэлдэж, хөнгөн хийсвэр аргаар амьдрахыг сонирхогчдын бас нэгэн тод жишээ гэвэл Татьяна Яшина. Түүний тухай өмнө хэвлэлээр хангалттай мэдээлэгдсэнийг уншигчид санаж байгаа. Эдгээр нөхдүүд “бидний экологи хамгаалах яахав, тэргүүн зэрэгт тавих асуудал биш, харин гадаадын баян сангуудаас мөнгө салгах нь чухал шүү дээ” гэсэн үзэл хандлагыг өмнөө бариад байгаа нь тун тоогүй. Гадаадын тэрхүү баян сангуудыг нь нэрлэвэл ганц хоёроор зогсохгүй Globalgringrants /Даяарын ногоон цэцэрлэг/, Disney, Altaiproject /Алтай төсөл/, SnowleopardConservancy /Цасны барсыг хамгаалая/, Ekoirbis гэх мэтчилэн хөврөнө. Тэд өөрсдийн асрамж, ивээлийн шаардлагаас шалтгаалан, эдгээрээс ондоо сангуудтай ч ажиллах нь бий. Ер нь нарийн арга чаргатай. Заримдаа ямар ч экологийн хамааралгүй зүйлээр оролдох нь ч бий. Ийм байдлын улмаас “экологи” гэдэг тэр ойлголт маань гадаадын этгээдүүдийн захиалгад үйлчилэх, орон нутгийн байгаль орчны байгууллага, байгаль хамгаалах үйл ажиллагаагаар халхлан, эдвийн семинар лекцийн нэрээр мөнгө зувчуулах /ийш тийш нь нуувраар зөөх, шилжүүлэх/, нутгийн хүн амын бодол санааг улсын нэн чухал бодлого зорилтынх нь эсрэг хандуулахад хэрэглэгдэх хэрэглүүр болох нь холгүй байна.

Түүний зэрэгцээ манай оюутнууд байгаль хамгааллын чиглэлээр сурч, дадлагажих, зарим нь ажиллахаар АНУ болон барууны орнуудыг зорих нь элбэг болсон. Ухаан бодол, үзэл хандлага нь бүрэн төлөвшиж бэхжээгүй тэдгээр хүүхэд залуус уг газраасаа ямар бодол тээж ирж байна вэ гэдэгт анхаарах нь тун чухал болжээ. Мэдээж тэд эх орныхоо төлөө сурж, боловсорч байгаа. Өөрөөр хэлбэл тэр сайхан шижигнэсэн хүүхэд, залуусыг өөрийн орных нь үйл ажиллагаанд чөдөр тушаа үүсгэх бодолтон болгон, толгойг нь эргүүлэх вий дээ ! Ямар ч цагт бэлтгэгдсэн боловсон хүчнүүд маань байгаль хамгаалах, хүн амд экологийн боловсрол олгоход чиглэгдсэн улсын бодлого, эрх ашигтайгаа нэгдэж ажиллах учиртай билээ.

Бэлтгэсэн Сергей ВАСИЛЬЕВ /Интернет дэх эх сурвалжийг ашиглав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account



)